Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос хөөрч цонхоор Цамбагарав хайрханыг ёстой л алган дээрээ тавьсан мэт тойруулан тольдон бахадсаар байх зуур Hunnu Air компанийн агаарын хөлөг доошлон Ховд аймгийн нийслэлд ороод ирлээ. Цонхоор харахад Ховд хот нил утаан дунд дуниартан үл харагдах аж. Төв, суурин газрын жинхэнэ харанга болоод буй өнөөх утаа, агаарын бохирдол Ховд хотыг ч бас тэр чигээр нь залгиж орхиж.
Утаандаа дарлуулаад олон жил болж байгаа Улаанбаатарт ядаж Зайсан зэрэг утаа нь арай бага хэдэн дүүрэг байдаг бол, 70 гаруй хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзэлдэг Жаргалант сум (Ховд хот)-д тийм юм алга, хот, хорооллууд нь тэр чигээрээ утаанд дарлагджээ. Гэхдээ л хотын баруун хаяан дахь Буянт гол дээр очиход Алтайн сүрлэг өндөр уулсын цэвэр агаар цээж дүүргэж, час хийсэн чангахан жавар нь хацар алгадах нь сайхан. Ховд хот утаатай ч хэдхэн алхаад захлахад цэвэр агаар угтдаг нь хөдөө орон нутгийн нэг давуу тал гэлтэй.
ЭГЭЛ, ЭРЭЛХЭГ МАЛЧИД Л МОНГОЛЫН ЖИНХЭНЭ БАЯЛАГ
Баруун бүсийн тулгуур, олон ястны өлгий, миний л ээжийн төрөлх нутаг Ховд аймаг дахь томилолт эхэлж буй нь энэ. Аймгийн Иргэдийн хурлын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн биднийг найрсгаар хүлээн авч, бүх талаар дэмжин ажилласанд талархал илэрхийлье. Аймгийн төв Алтай сумын хооронд хоёр жилийн өмнө тавигдсан засмалаар цаг орчим давхиад л Манхан. Ховд хотод буугаад Манханы тал, Ботгоны хавцал, Тавтын гуанз, Бага Улаан даваа, Бодончийн хавцал гээд шороон замаар донсолгонхон явдаг байсан санаанд орохуйд “Засмал, хатуу хучилттай зам гэж үнэхээр гоё, хэрэгтэй эд шүү, энэ ч ёстой янзын сайхан зам даа” хэмээн бахдалтайяа өгүүлэх” жолооч Ө.Далантай ахын үг таатай сонсогдоно.
Захчин түмний өлгий Манхан суманд ирэхэд Засаг дарга П.Мөнхбат мөн л гараа алдлан угтаж, сэтгэл гаргаснаар Жаргалант хайрханы өвөр талын Зэрэг гол бригад, Дуутын буланд намаржиж буй аймгийн тэргүүний малчин Баадайн Эрдэнэцогт гуайнхыг зорилоо. Ховдоос нийслэл хүрээ рүү довтолгодог төв харгуй, Мянганы замд байдаг дэрс, элс, сайр, дов сондуул ихтэй Дуутын буланд байгаа айлыг олж очно гэдэг нутгийн хүний, чадварлаг жолоочийн л чадах ажил аж. Намаржиж буй гэсний хувьд, хэдийгээр ес эхлэхэд хэдхэн хоног дутуу байсан ч тэр хавиар налайж, ёстой л намраараа өвөлжилж байсан юм. Ховд аймгийн ихэнх нутгаар өнтэй сайхан өвөл болж байгаа ч урд талын Алтай, Үенч, Булган суманд цас их орж малчид ихээхэн зутарч байгаа дуулдав.
Дашрамд сонирхуулахад, орон нутгийн сонгуулиар тус аймгийн Манхан, Үенч, Зэрэг, Буянт суманд Ардчилсан нам ялсан аж. Жолооч ахын хамтаар ганц нэг айлаас асууж сураглаж явсаар дэрс, сондуул дундуур сүрлэг сайхан буурыг хөөж яваа залууг алсаас харан баясаж явсан нь Б.Эрдэнэцогт гуайн хүргэн Д.Мягмаржав байсан билээ. Ерөнхийдөө өвөл өнтэй сайхан болж байгаа ч урд сумдаар цас их орж байдал хүндэрчээ.
Жаргалант хайрханы өвөр талаар тун ч ээлтэй, дэрс, ногоо нь бараг л намраараа, айлууд нь ингэний айргаа уусан шигээ л налайна. Б.Эрдэнэцогт гуай 1976-77 онд Дорнодод тракторын курс төгсөөд Эрдэнэтийн ГОК-т гурван жил, дараа нь Сүхбаатар аймагт ажиллаж байгаад Жаргалант, Баатар хайрхан, Дуутын буландаа ирж эцэг өвгөдөөс заяасан ариун гал голомтоо сахин сууж байна. Ямаа голдуу малладгаараа нутагтаа алдартай, цагтаа ямаагаа мянга таван зууд хүргэж 2007 онд аймаг, сумынхаа шилдэг малчин болж байжээ. 1982 онд цэргээс халагдаж ирээд, нутгийн бүсгүй Л.Үржинхандтай ханилж таван хүүхэдтэй болсноос нэг охин нь малчин уламжлалаа дагахаар шийдсэн аж. Гэргий нь идээ унд, цай хоол болон бөндөгнөж байх зуур бидний хооронд бяцхан яриа өрнөлөө.
- Өвөлжөө сайхан уу, тарган тавтай өвөлжиж байна уу?
- Сайхаан, тавтай сайхан өвөлжиж байна.
- Малчин хүний амьдрал сайхан биз?
- Сайхан байлгүй яахав дээ. Гэхдээ нас ахиад ирэхээр түүртэж ядрах л юм.
- Залуус мал маллах дургүй болчихоод байна уу, үгүй юу?
- Аан, тэд ер нь дуртай биш. Гэхдээ тэдний буруу бас биш. Цаг үеэ дагаад тэр биз. Манай нэг охин малчин. Гэхдээ л төр засаг маань малчин, мал аж ахуйдаа нэг их анхаарахгүй л байх шиг байна.
- Яг юуг нь анхаарахгүй хаячихаад байна даа?
- Нэгдсэн, цэгцтэй бодлого алга. Мал маллах хүн олдохгүй байна. Малчид цөөрч байна. Монгол ахуй, малчин уламжлалыг малчид л авч явдаг. Үүнд л нэгдсэн бодлого дутагдаад байгаа санагддаг. Фермерийн аж ахуй л гээд байдаг, манай нутагт лав зохицохгүй эд. Мал сүрэг хангалттай их байна, гагцхүү чанарыг нь сайжруулах тал дээр ажил хийх хэрэгтэй. Хажуугаар нь бэлчээрийн даацын асуудал гарч ирлээ. Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн нэг өгүүллэг байдаг даа, цагийн байдал ороо бусгаа, хөдөөгийн байдал шалдар булдар гэж... Яг л тийм байх шив дээ.
Түүний ярианаас “Нээрээ л тийм шүү” гэх бодол харван орж ирэхийн зэрэгцээ Монгол орныг дэлхий дайдад товойлгож байдаг монгол ахуй, монголчуудын амьдрал гагцхүү ийм л эгэл жирийн, эцэг өвгөдийн уламжлалдаа үнэнч, хэнээр ч заалгалгүй мал сүргээ адгуулан амьдарч чаддаг эрэлхэг, цөлх малчдын ачаар л оршин тогтнож байдгийг дахин нэг ухаарч билээ. Уул уурхай, хотжилт, орчин үеийн хөгжил дэвшлээс илүүтэй монгол малчид, монгол ахуй минь үүрд хайрлан хамгаалж байх Монголын минь баялаг билээ.
Малчдын ноос, ноолуурыг нэмэгдэлтэй үнээр худалдаж авлаа, малчдын тэтгэврийн насыг наашлуулах гэж байна зэрэг яриа гарах бүрт “Энэ малчид олон мянган малтай, баян тарган дээрээ бүр даварч гүйцлээ” хэмээн унтууцах хүнээр ямар дутах биш! Маш хүнд, ёстой л хоёр нарны хооронд амралтгүй хөдөлмөрлөдөг, Б.Эрдэнэцогт гуайн тодотгож хэлснээр “Хортой бус, харин ч аюултай нөхцөлд насаа элээдэг” хүмүүс гэвэл зөвхөн малчид. Яриа үргэлжлэв.
- Цогт гуай таныг шүлэг яруу найрагт их дуртай гэж байсан. Шүлэг бичнэ биз?
- Бичиж шалиад байх юу байхав. Сүхбаатар аймагт байхдаа билиг танхай О.Дашбалбартай нөхөрлөж, хамтдаа газар хагалахаар хүртэл явж л байсан. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр тийм мундаг хүний хажууд байсан юм чинь шүлэг яруу найрагт жаахан дөртэй, дуртай болсон юм уу даа. Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлэгт их дуртай.
- Цогт гуай, та энэ сайхан Алтайн ууланд ан гөрөө хийдэг л байсан байлгүй дээ..?
- Хийлгүй яахав. Монгол малчид чинь бүгд л анчин, гөрөөчин хүмүүс байлаа. Баян Алтайн хишиг их ээ. Би ч одоо ямар ан ав хийх биш. Ан гэснээс чононы хажуугаар ирвэс гэж яаж ч болдоггүй нэг амьтан байна. -За, яаж байх юм?
- Манайх Жаргалант хайрханд бараг 3000 метрийн өндөрт өвөлжөөтэй. Ирвэс ч хэцүү амьтан шүү. Хотонд орж ирээд л мал барьчихдаг. Улаан номд орсон хориотой амьтан болохоор алж болдоггүй.
- Ирвэс их байх уу?
- Байлгүй дээ. Ирвэс хамгаалах сан, байгаль хамгаалагч нар гээд л байдаг. Гэхдээ үнэндээ ирвэсийг хамгаалж байгаа хүмүүс нь малчид л юм шүү дээ. Хээр, ууландаа өвөлжиж амьдардаг хүмүүс л тэр амьтныг харж хамгаалж байна.
Цаг даанч давчуу байсан тул Цогт гуайнд хийсэн үдшийн айлчлал өндөрлөж, аймгийн төвийн зүг жолоо эргүүлэв.
БИЛИГ ТАНХАЙ ХОВД ХОТ
Ховд хот. Хөх Сэрхийн нуруу, Рашаант, Ямаат уул гээд бүх талаараа өндөр уулсаар хүрээлэгдсэн Ховд хот яах ч аргагүй утааны баатар болжээ. Улаанбаатараас дутах юм ер алга. Урагшаа Хөшөөт (хатуу хучилттай замтай), хойшоо Хотгорын (Увсын Бөхмөрөн) гээд нүүрсний уурхайтай, аймгийн төвийнхэн нүүрсээр ч сайхан туйлах юм. Хотжилт, төвлөрлийн нэг “салшгүй дагуул” тэнд ч харин жинхэнэ утгаараа байна даа.
Сураг сонсохноо аймгийн төвүүд бараг бүгд л утаатай болсон аж. Харин хэдхэн алхаад л тэрхүү утаанаас (хотоос) гарч, Алтайн уулсын цэвэр, жаварлаг агаарыг таашааж, “Тэшүүр байвал сайхан гулган цэнгээч” гэсэн шиг толигор мөстэй Буянт гол угтах нь даанч сайхан. Таван жилийн өмнөхтэй харьцуулахад хотын утаа ихээхэн нэмэгдэж ажин түжин орших Ховд хот яг л хэвээрээ. Орчин үеийн жишгээр барилга байшин шинээр сүндэрлэж, гэр хороолол нь тэлэхгүй хаачихав!
Цагийг ашиглан Ховд хотоор тэнэв. Нутгийн удирдлагын ордны өмнөх, хэмжээгээрээ Сүхийн талбайгаас үл дутах төв талбай - Өөлдийн хороолол - Сангийн хэрэм - Улаан үзүүр - шуудан - лал шашны сүм - зах - Ховдын “Драгон”. Аймгуудын төвд байдаг шуудан, удаан ч хэрэгцээ хангачих интернэт, үдшийн наранд алтран шаргалтах бөмбөгөр оройтой казахуудын сүм, утаанд дуниартан дүнсийх гудамж, цагийн сайханд уяатай мэт л байдаг байсан Наран төв, хашаа хороо нь сарайн дүнсийж уйтгартай харагддаг ч хулгай зэлгий огт байдаггүй амгалан тайван Өөлдийн хороолол, сум орон, хөрш аймгаас ирсэн явуулын болон нутгийн эрчүүдийн ганц баясал, таашаал, уулзах цэг, болзооны газар болсон зах дээрх ёворцог тоглоом, намартаа тарвас, амтат гуагаар дүүрэн бужигнадаг зах, нэг хоноод л хот орчихдог тохилог автобус эгнэн зогсох Ховдын “Драгон” гээд монголчуудын амьдрал үргэлжилсээр.
Зах дээрх ёворцог буюу биллиард нь орчин цагийн монголчууд, монгол амьдралын толь ажээ. Залуу, хөгшин, хасаг, торгууд, хазгар, эрэмдэг, зэрэн зиндаа гээд хэнийг ч үл ялгана. “Дүүнээ гарлаа...”, “Томроод байсан чинь ийм амьтан байсан юм уу”, “Зүгээр зүгээр, гаралгүй яадаг юм, хуцалгүй цохь”, “Алив, яаж оруулдгийг яруу тодоор харуулах уу” гэх зэргээр нэгнээ “хийсэн”, хөөрхөн загнасан, гайхуулсан, инээсэн хөгжилдсэн үгсийг шидэлцэж, өвлийн зузаан, өнгөлөг дээлэндээ үл түүртэн ширээгээ тойрон данхалзаж, “морь”-ийг ч үл хэрэглэн жаргалаа эдэлнэ. Угаасаа шаардлагагүй учраас тэр “морь мал” нь тэнд байдаг ч үгүй бололтой. Бүхнийг “монголчилж”, хүсвэл юуг л бол юуг чаддаг билиг танхай монголчууд аа, гэж...
Ховд аймаг, Ховд хот нь тусгаар тогтносон Монгол улсын түүхэнд нэн чухал байр суурь эзэлдэг. Аугаа их Чингис хааны үед монголчуудын баруун хязгаарыг сахин хамгаалж байсан урианхай, торгууд нарын өлгий Ховд нутаг 1912 онд Богд хаант Монгол улсыг байгуулж дэлхий дахинд тусгаар тогтнолоо тунхаглахад эцсийн, шийдвэрлэх нөлөөг үзүүлсэн юм. Баруун хязгаарыг захиранхан суудаг байсан манж амбан, манж, хятад цэргүүдийг цус асгаруулсан тулааны эцэст хиар цохиж Монголын баруун хязгаарын улс төр, эдийн засгийн гол төв Ховд хотыг чөлөөлснөөр манжийн дарлалын сүүлчийн хана хэрмийг нураасан билээ.
Эрэлхэг өвөг дээдэс, монгол цэргүүд маань жавартай, сэрүүн цагийг ашиглан Ховд хотыг дайлаар мордон чөлөөлсөн нь Хятадаас нэмэлт хүч болон ирж манжуудад туслах гэж байсан хятад цэргүүд хүйтэн, нойтон цагаар Алтайн өндөр уулсыг давж ирж амжихгүй гэсэн байлдааны нарийн ухаан байсан гэлтэй. Халх Монголын нутаг дэвсгэр хятадманжийн эзэрхийллээс бүрэн чөлөөлөгдөж, дөнгөж мэндэлсэн тун эмзэг тусгаар тогтнолоо оросуудаар дэмжүүлэхэд шийдвэрлэх түлхэц өгсөн энэхүү байлдаан, түүхэн үйл явдлыг гэрчлэх Сангийн хэрэм, манжийн хүрээнээс нурж унах шахсан хэдхэн шавар хана л үлджээ. Түүхийн үнэт дурсгал хэмээн дотор нь айл буулгадаггүй аж. Сангийн хэрмийг сэргээх санал санаачилга өрнөж байсан гэх ч тэгсхийгээд унтарсан бололтой.
САРЛАГИЙН НҮД ХӨЛДСӨН ЗУД
Монгол орны хамгийн алс хязгаар нутаг гэвэл Ховдын Алтай, Үенч, Булган сум. Баян-Өлгийн Алтай, Цэнгэл, Улаанхус байж болох ч тэдгээр нь Өлгий хот, Казахстаны дэргэд шахуу. Ховдын Булганаас Баян-Өлгийн Булган ордог зам, даваа арваннэгэн сарын 9-нд орсон цасанд дарагдаад автомашин явах ямар ч боломжгүй болжээ. Ховдын Булганы засаг дарга овсгоо гаргаж хотод ирж хандивын аян зохион байгуулж, үнээ тугалын нэмнээ олж аваад буцжээ. Баян-Өлгийн Булганы Улаан ус, Цүнхэл бригад орчмоор маш зутруу байгаа ч сумын захиргаанаас олигтой арга хэмжээ авсангүй, авах ч боломжгүй байгаа биз.
Хоёр трактороор Улаагчны давааны цасыг хуссанаас өөрөөр зуд турханд нэрвэгдсэн малчдад тусалж буй юм алга. Хүйтнийг үл ажирдаг сарлаг хүртэл цасанд даарч зутарсаар нүд нь царцаж хөлдөн хараагүй болж байна гэхээр ямар зуд болж буй нь тодорхой. Цас удаан орж сарлагийн хөмсөг дээр нь цас тогтсоны дараа жаахан шуурахад л нүд рүү нь цас ороод хараа нь муудчихдаг аж. Хараагүй болж хашаа хороо мөргөн явж байгаа сарлагийн тугалд эм дусааж л аргацааж байна. Мөнххайрхан уулыг давж чадсан сарлаг, шийр мал л онд орох бололтой.
Утаснаас өөр харилцаа холбоо бараг л байхгүй, тракторын гаргасан замаар аймгийн төв, сумын төвийн хооронд л машин явж байна. Цас бага багаар орсоор байгаа дуулдана лээ. Ховдын Булган, Үенч, Алтай засмал замтай болсон тул тусламж дэмжлэг очоод байдаг. Харин Ховдын Булганаас Баян-Өлгийн Булган ордог зам хаагдсан, Улаагчны даваагаар ирэх машин тэрэг тэр бүр ховор, Дуутын улаанаар хувийн арилжаа наймаа хийдэг хэдэн “69”, жип л явдаг аж. Сумын төвийн ганц нэг саалийн үнээтэй айлууд метр гаруй орсон цасыг ухаж малтаж цасан хашаа хийчихээд тэндээ үхрээ тэжээж, сааж байна.
Хөдөөд, ууланд нь малын хамар хатгах өвс байхгүй болжээ. Элбэг байдаг хангал буга нь өвстэй хашаа хороо руу орж ирсэн тохиолдол ч гарчээ. Зарим зоримог малчид нь Мөнххайрхан уулыг давж Дуут руу орж ирж малаа аварч байна. Ихэнх малчид нутагтаа цасанд боогдоод үлдсэн аж. Хамгийн алс хязгаар нутгийн иргэдээ ийм хүнд хэцүү үед нь харж үзвэл нэн тустай ч өндөр Алтайн иргэд тэгж гомдоллож, гараа хумхиад суудаг хүмүүс биш аж.
БУЛГАН НУТАГ
Булган ээжийн минь нутаг билээ. Дээр үеийн улаан паспорт дээр нь Ховд аймгийн Давст сум гэж байдагсан. Нэг удаа “Яагаад Давст сум гэчихсэн юм” гэсэн чинь зургаан настайдаа хүнд асруулж нийслэлд ирсэн ээж минь “Яахав дээ, паспорт авах болоод нөгөө бүртгэлийн хүн төрсөн газар асуухаар нь ганц мэддэгээрээ “Ховд” л гэлээ. Тэгээд “Аль сум вэ” гэхээр нь мэддэггүй, санаанд орж байгаагаар нь “Давст” гэчихсэн чинь паспорт дээр ингээд биччихсэн” гэж билээ.
Хожим тэрхүү алдарт улаан паспорт иргэний үнэмлэхээр солигдоход ээж минь “Хүүхдүүдийн нэр ч байдаггүй ийм хачин юмаар яадаг юм” хэмээн ундууцсан ч төрсөн газраа Ховдын Булган хэмээн засуулсан. Урианхай, казах үндэстнүүдэд газар хуваарилахын тулд 1938 онд Ховд аймгийн Булган сумаас тасдаж Баян-Өлгийн Булган сум үүссэн гэдэг.
Ховдын Алтай, Үенч, Булган сумын сүрдэм өндөр уулс, харахад л толгой эргэмээр үзэсгэлэнтэй цавчим хавцлыг мэдэхгүй хүн байхгүй биз. Харин Баян-Өлгийн Булган руу орохоор “За, энд чинь хүн байтугай адгуус амьтад нь явж чаддаг юм уу” гэмээр уулс нь бүр өндөр, орой нь хурц цавчим бус бөмбөгөр зөөлхөн, ой модтой болоод ирнэ. Хангайн халиун буга гэдэг шиг Алтайн сайхан буга сүрэг сүргээрээ бэлчиж, аргаль угалз, янгир, ирвэс гэвэл ярих ч юм биш.
Байтаг богд, Минжит Булган гол, Цүнхээл бригад, Ендэрт гээд Монголын эзэнт гүрний үеэс л алс баруун хязгаарыг сахин хамгаалж, дайн тулаанд бол хамгийн түрүүнд дайран ордог олон эрэлхэг баатартай байсан урианхай, торгуудууд.
Ийнхүү нэг хагас өдрийн томилолт маань өндөрлөсөн ч бичих нэг сэдэв үлдэж байна. Алс хязгаар нутгаа хэрхэн хайрлан хамгаалах, бүрэн бүтнээр нь үлдээх, зуд турханы үед бэлэн байж, хэрэгтэй үед хэрэгтэй тусламжийг үзүүлж чаддаг байх, хамгийн чухал нь Баян-Өлгий дахь урианхайчуудын байдал, бэлчээр, газар нутгийн маргаан, тулгамдсан асуудал гээд анхаарахгүй, бичихгүй байж үл болом.
Н.Мөнхжин