Дархан хотын Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Атарсайхан ээжийн хамт хүүхэд асрах “Бадамлянхуа” төвд 108 ширхэг мод хандивлажээ. Энэхүү олон төрлийн жимсний модыг “Увдист цэцгийн ертөнц” клубын гишүүд болон “Банжиг” нэтийн блогч залуус хамтран тарьсан юм.
Бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан энэхүү асрамжийн газрын хашаанд мод тарих гэсэн байгууллага, хүмүүс намрын хүйтэн өдрийн салхийг эс тоон ирсэн байв. “Амьдралын тойрог” булангийн энэ дугаарт аав, ээждээ гологдон гудамжинд орхигдсон бяцхан хүүхдүүдтэй нэг өдрийг хамт өнгөрүүлснээ хүргэе.
ЧИХЭРТ ХАЦАР НЬ ХАЛТАРДАЖ, БЭЛГЭНД СЭТГЭЛ НЬ ЦАДСАН ХҮҮХДҮҮД ХӨӨР БАЯР ДҮҮРЭН БАЙВ

Мод тарихаар очсон залуус багаж хэрэгслээ буулган, сургуулийн барилгын урд газар заалгаж аваад ажилдаа оров. Харин амралтын энэ өдөр өнчин хүүхдүүдийг баярлуулахаар хэсэг хүмүүс ирсэн сургаар бид нэгэн танхимд оров. Төвийн бүх хүүхдүүдийг энд цуглуулжээ. Гадаад болон монгол хэсэг хүмүүс хүүхдүүдээр хөгжөөнт тоглоом тоглуулж, шинэ дуу зааж өгч байв. Гэтэл нэг охин “Эгч ээ наад дуу чинь Есүсийн дуу байна шүү дээ” гэв.
“Есүсийн дуунд та нар дургүй юм уу, Есүс бидний гэмийн төлөө амиа өгсөн. Хүн төрөлхтөн Есүсийг төрсөн арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхэлж цаг тооллоо тоолсон юм. Хүүхдүүдээ Есүст итгэвэл бид гэм, нүглээсээ уучлагдах болно” гэж ярихад хүүхдүүд ам амандаа “Есүст дургүй” гэлцэж байв.
Гадаадын санхүүжилттэй асрамжийн төвүүд шашны олон урсгалыг оруулж ирдэг, хүүхдүүдийг хүчээр итгэгч болгодог тухай мэдээлэл олонтаа сонсч байсан болохоор энэ төвийг ч бас Христэд итгэгчдийнх байх гэсэн хардлагатай очсон юм. Харин хүүхдүүд тэдний ярианд ач холбогдол өгөхгүй, өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бүр дургүйцэж байгаа нь олзуурхууштай санагдсан.
Хэдий өнчин, ядуу, харж хандах аав ээжгүй ч эдгээр хүүхдүүдийг гадны шашныг хүчээр шүтүүлдэггүй асрамжийн төв байгаа нь сайшаалтай. Христийн нэгэн байгууллагын төлөөлөгчид америк хүүхдүүдийн явуулсан бэлгийг энэ төвийн хүүхдүүдэд дамжуулж өгсөн нь энэ. Хайрцаг дээр хүүхдийн нас, хүйсийг бичсэн энэхүү бэлгийг америк багачууд үе тэнгийн найзууддаа зориулан илгээжээ. Хичээлийн болон гоо сайхны хэрэглэл, тоглоом, чихэр зэрэг зүйлсийг бэлгэнд боосон байв. Тэдний дараа хашаанд нь мод тарьж өгсөн “ХААН” банкны хамт олон хүүхдүүдэд бяцхан бэлэг гардуулна лээ. Чихэрт хацар нь халтардаж, бэлгэнд сэтгэл нь цадсан хүүхдүүд хөөр баяр дүүрэн байв.
ӨНДӨР ТӨЛБӨРТЭЙ ХУВИЙН СУРГУУЛИУДАД 10 ГАРУЙ ХҮҮХЭД СУРДАГ

Удалгүй хүүхдүүдийг зөвхөн хоол, орон байраар хангахаас илүү тэдний амьдралд бодитоор нөлөөлөхийн тулд 1995 онд Яармагт хуучин байшин худалдан авснаар “Бадамлянхуа” төв албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлжээ. 2004 онд Яармагийн хуучин агуулахын байрыг шинэчлэн засварлаж цэцэрлэг, бага сургуулийн байр болгожээ. Ингэснээр төвийн хүүхэд бүрт 5-р анги хүртэлх боловсролыг олж авах боломж бүрдсэн байна.
Төвийн хүүхдүүдийн ихэнхи нь төрсний гэрчилгээ бусад холбогдох бичиг баримтгүйгээс ерөнхий боловсролын сургуульд элсэх боломжгүй байжээ. Харин Гачуурт дахь шинэ байрны “Бадамлянхуа” бага сургуульд өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангид гурав, хоёрдугаар ангид хоёр, гуравдугаар ангид долоо, дөрөвдүгээр ангид 12, тавдугаар ангид зургаа, нийт 30 хүүхэд суралцаж байна. Таван багштай энэ сургуульд Ерөнхий боловсролын сургуульд орох ёстой бүх хичээл стандартын дагуу орно. Сургууль нь интернетэд холбогдсон компьютерийн танхимтай. Тус танхимыг “Энержи Ресурс” компани тохижуулж өгчээ.
Гадаадын сайн дурын ажилтнууд хүүхдүүдэд англи хэлний хичээл болон дуу бүжиг, тоглоом заах, кино үзүүлэх зэргээр тусладаг юм билээ. Энд нэг л бага насны хүүхэд байдаг. Түүнийг Гачуурт дахь 24 цагийн цэцэрлэгт явдаг аж. Харин бага сургуулиа төгссөн хүүхдүүдээ хотын төвийн сургалт сайтай хувийн сургуулиуд болон дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуульд шилжүүлнэ. Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Гёте” сургуулийн 8, 9, 11 дүгээр ангид дөрвөн охин, англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Хобби” сургуулийн наймдугаар ангид нэг охин, “Төгс дэлгэрэх” сургуулийн есдүгээр ангид хоёр охин, хятад хэлний “Хишиг” сургуулийн 8, 9 дүгээр ангид хоёр, “Орхон” дунд сургуульд нэг охины төлбөрийг төлж сургадаг юм билээ.
55 дугаар тусгай сургуульд дөрвөн хүүхэд, 85 дугаар сургуульд гурван хүүхэд сурна. Хэр баргийн дундаж айлын хүүхэд суралцах боломжгүй өндөр төлбөртэй хувийн сургуулиудад сургадаг нь Диди захирлын хүүхдүүдийнхээ боловсролд анхаардгийг харуулдаг гэж багш нар нь ярьсан. Мөн дунд ангиа төгсөөд есөн хүүхэд коллежид оржээ.
“Абука” коллежид үсчин, тогооч мэргэжлээр хоёр хүүхэд, “Хамаг Монгол” коллежид гурван охин барилгын чиглэлээр, “Донбоско” коллежид хоёр хүүхэд, “Монгол Солонгос” коллежид оёдол, барилгын мэргэжлээр хоёр охин суралцаж байна. Хүүхдүүдийг өглөөд нэгдсэн унаагаар хот руу оруулж, сургуульд нь хүргэж өгдөг байна. Автобусны буудал нь харьцангуй ойрхон тул өдөр нь хичээлээ тараад хүүхдүүд автобусаар ирнэ. Харин тэр автобусаараа өглөө оройд ажилчдаа авч, хүргэж өгдөг аж.
ЭНД 5-17 НАСНЫ 77 ХҮҮХЭД АМЬДАРЧ БАЙНА

Өнөөдрийн байдлаар энэ төвд нийт 5-17 насны 77 хүүхэд амьдарч байна. Хүүхдүүдээ улсын болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулдаг гэсэн. Тухайлбал, нэг охин бүжгийн тэмцээнд оролцохоор Япон явахаар бэлтгэж байв. Өнгөрсөн зун нэг охин Сингапурт хоолны тэмцээнд оролцоод иржээ. Хүүхдүүдийг 18 нас хүрэхэд төвөөс гаргах ёстой ч төр засгаас эдгээр хүүхдүүдийг хаашаа, яаж гаргах талаар ямар нэг хуулийн зохицуулалт байхгүй учир шууд гудамжинд гаргах болдог. Тиймээс эднийх хэд, хэдэн хүүхдийг насанд хүрэхэд нь гэр барьж өгөөд гаргажээ. Хичээлийн хэрэгсэл, хоол хүнс, хувцас хэрэглэлийг бүгдийг нь өөрсдийн боломж болон хүмүүсийн хандив тусламжаар бэлдэнэ.
Улиралд нэг удаа Эрээн явж хүүхдүүдийнхээ хувцсыг авдаг гэсэн. Гадны хүмүүсийн тусламж дэмжлэгээс гадна сүүлийн үед монголчууд эднийд хандив их өгдөг болжээ. Тухайлбал, “Алтан тариа” ХХК эдний гурил будааны хэрэгцээг хангадаг бол “МСS Кока кола” компани ч тусламжийн гараа харамгүй сунгадаг талаар тус төвийн нийгмийн ажилтан Н.Соёлмаа ярьж байв. Бидний очсон энэ өдөр “Бадамлянхуа” төвийн захирал Диди Ананда Калика ажлаар гадагшаа явсан байв. Энд 28 багш, ажилтан ажилладаг. Өдрийн найман цагаар болон 24 цагаар ажилладаг багш нар нь 300 мянга, нийгмийн ажилтан нь 350 мянган төгрөгийн цалинтай. Цалин дээр унааны мөнгө, илүү цагийн хөлс боддог гэсэн.
ЦАГААН ХООЛТОЙ ЦОРЫН ГАНЦ АСРАМЖИЙН ТӨВ

Энэ төвийн хүүхдүүд наснаасаа хамаагүй жаахан харагдаж байгаа нь хоолтой нь холбоотой байж мэдэх. Цагаан хоолонд олон сайн тал бий. Гэхдээ өсч бойжиж буй хүүхдүүдэд хэрэгцээт уургийг нь нөхөж чадахгүй, өсөлт нь удаан явагддаг юм шиг санагдсан. Өнгөрсөн жил нэг хүүхэд гүйж яваад гараа хугалчихаад Гэмтлийн эмнэлэгт очжээ. Гэтэл үзсэн эмч нь хүүг ясны сийрэгжилттэй, их нарийхан ястай хүүхэд байна гэсэн байна. Гэртээ байгаа ганц хоёр хүүхдээ өвдөхөд л эцэг эхчүүд бид сандардаг шүү дээ. Харин энэ олон хүүхэд өвчин тусахад тийм ч амаргүй нь тодорхой. Хэдийгээр өөрсдийн эмчтэй ч зайлшгүй тохиолдолд дүүргийнхээ юм уу, хувийн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлдэг байна. Зарим хүүхдүүдийг гадагшаа эмчилгээнд явуулсан ч тохиолдол бий аж.
Нас насны онцлог, зан аашнаас шалтгаалж хүүхдүүдийг 10-12-оор нь нэг байранд хуваарилна. Байр болгонд асрагч багш хонож, хүүхдүүдийн эцэг эхийн үүргийг гүйцэтгэнэ. Аав ээжтэйгээ элэг бүтэн өсч байгаа хүүхдүүдээс эндэхийн хүүхдүүд сэтгэлзүйн хувьд өөр байх нь ойлгомжтой. Хэдий энд халамж анхаарал сайтай ч хайраар цангасан хүүхдүүдийн нүд цаанаа л гунигтай. Олон жил асрах төвд амьдарсан хүүхдүүд нийгэмшээгүй байдаг дутагдалтай. Гадаад ертөнцтэй харилцаж, гэр бүлийн амьдралын хэмнэл мэдэхгүй, бэлэн байранд амьдарч, бэлэн хоол идэж өсчихөөд насанд хүрэхээрээ амьдралд хөл алдах нь элбэг. Тиймээс хүүхдийн хүмүүжил, зан төлөвшилд тустай олон төрлийн сургалт явуулдаг байна.
Тухайлбал, өнгөрсөн сард бүх хүүхдүүдээ хичээлээс нь чөлөөлж талх нарийн боовны сургалт 14 хоног явуулжээ. Асрагч багш нар нэхмэл, оёдол, зургийн хичээлүүд ч ордог байна. Зан харилцааны доголдлыг засах олон арга хэмжээ авдаг ч хүүхдүүд хүний үг авахдаа муу гэсэн. Юм асуухад сүрхий хариулах ч үнэн сэтгэлээ уудалдаг нь ховор юм шиг санагдсан. Хүүхдүүдийнхээ хичээлийг амрахаар зуны гурван сар зусланд гарна. Өнгөрсөн зун Нарсан төгөл зусланд гарч, хүүхдүүдийг монгол ёс заншил, уламжлал, ахуй амьдралтай танилцуулахаар гэрт амьдруулсан байна. Хүүхдүүд галаа түлж, үхэр мал хариулж, үнээ сааж, морь унаж хөдөөгийн амьдралтай танилцжээ.
Хурдны морь унадаг хүүхдүүд ч цөөнгүй байдаг аж. Зундаа сүү цагаан идээ идэж, агаар салхинд амардаг учир эндхийн хүүхдүүд их өлчир гэсэн. Энэ хүрээд бидний сурвалжлага өндөрлөсөн юм. Өөрийн үр хүүхдээ хог мэт хаясан эцэг, эхчүүдийн ачааг үүрч мөр бүтэн, гэдэс цатгалан өсгөж буйд нь энэ төвийнхөнд талархмаар. Халамж сайтай ч хайраар цангасан амьдралын гэрч бяцхан хүүхдүүд хотын зүүн захад амьдарч байна.
Х.Монголхатан