Ихэр судар буюу босоо төрсөн номын унага
Бясалгаж суух нь байтугай, бодохын ч завгүй нисэн өнгөрөх энэ цаг мөчид зузаан
ном унших хүн ховорджээ. Эрээн цаасанд дуртай бид мэт ч бас сүүлийн хэдэн жил
тийм судар бариагүй санагдана.
Харин саяхан гэрэл гэгээтэй нэгэн сайхан хөлгөн судар мэндэлвэй. Ер нь төрөх,
мэндлэх, гийх гэдэг гурван үгийн утга гүн боловч бид хольж солих нь их болжээ.
Бодвоос, эгэл бидэн эхээс “төрсөн” өдрөө тэмдэглэдэг. Зарим хэвлэлд их хурлын
эрхэм гишүүн “мэндэлсэн” өдөр гэж зулгуйдах болов. Уг нь Монголын болон дэлхийн
соён гэгээрүүлэгчдийн “мэндэлсэн” өдөр гэсэн хүндэтгэлийн утгатай үг. Чингэс
хааны төрсөн өдрийг “гийсэн өдөр” гэвээс илүү зохистой юм. Ном судар ч түүн лүгээ
адил.
Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, билиг авьяаст бичгийн хүн Гомбожавын Мэнд-Ооёогийн
туурвисан “Алтан-Овоо” судар чухамдаа “мэндлэв”.
Монгол, англи хэлээр зэрэг хэвлэгдсэн ихэр хоёр судрыг зүйрлэвээс “босоо төрсөн
номын унага” гэмээр санагдав. Тэр номон хүлэг наран ургах дорнын Алтан-Овооны
уужим талын энгээс бөмбөрцөгийн чихийг сортосхийлгэх яруу дуугаар үүрсэн
янцгаах мэт ээ.
Хорвоогийн жам ба Хүмүүний зам
Гүехэн ухаанаа бага зэрэг хөвөргөн бодвоос энэ Замлин хорвоогийн бүх юмс, эд эс,
сав шимийн ертөнц бүгд “жам ба зам” гэдэг бодитой бас шидэт хуулинд захирагдах
авай.
Түүнээс ангид байх юм гэж нэгээхэн ч үгүй.
Алив амьтны нэг толгой дээр дахин нэгийг нэмж болохгүй, хүмүүний есөн сүвийг
найм ч юм уу, арав болгож хэрхэвч болохгүйтэй адил болой.
Байгаль, хүн-дэлхий ертөнц, од эрхэс, хүмүүний далд мэдрэхүй, зөн билиг зэргийг
он цагийн хязгаар хярхаггүй орон зайд чөлөөтэй сэтгэж, уран яруу үгээр мэтгэсэн
“Алтан-Овоо” шиг ийм номыг миний бие тун ховор уншсан гэхэд хилс үл болно.
Аливаа аугаа бүхэн ихэд энгийн байдгийн нэгэн адил энэхүү номын зохиомж нь үлгэр
домог мэт, яруу сайхан шүлэг сэтгэлд уянгалах дуу мэт, найраг хийгээд хүүрнэл,
бясалгал, эссэ, тууж, өгүүллэг бүгд нэгэн дээвэр дор зохист аялгуу төгс
зэрэгцэн орших нь гайхалтай сонин агаад содон ажээ.
Жишээ нь “Жам, зам” хоёрыг зохиолч хэрхэн сийлж, ухааны цараар сэрж хуурын хос
чавхдас лугаа адил хөглөн урласныг авч үзье.
….Сүлдэн тахилгат ууландаа мацан цацан өгсөж, басхүү уужим бэл, тэртээх алс
руу уруудан гулсан буусан замын зааг дээр би зогсож байна.
Мушгиран ташгиран одоод их талын дундуур цувьсан зэс шиг сунайсан энэ улаан
халзан зам альхан тийш одно вэ? Үүний учрыг би долоон настайдаа ааваасаа асууж
билээ,
- Аав аа, энэ замаар явбал аль хүрэх бэ?
- Сумын төв орно оо, миний хүү!
-Аав аа, тэгвэл аймгийн төв орох зам хаана вэ?
-Бас л энэ замаар явна. Миний хүү сумынхаа сургуульд суугаад эрдэм сурч, дараа
нь аймгийн төв орно шүү дээ.
-Улаанбаатар орох зам хаана байна вэ, аав аа?
-Энэ л замаар Улаанбаатар ордог юм аа.
- Аа, мэдлээ. Бурхны орон руу энэ замаар явна, тийм ээ! Аав хүд хүд инээж,
- Миний хүү юмны учрыг зөв ухаарч байна. Бүх зам хүрээ орно гэсэн үгтэй юм. Энэ
замаар миний хүү дэлхийн хаяанд ч хүрч болно ...
Үнэхээр би Замын худаг хэмээх дэрстэй хоолойн дээд биеэр гарсан тэрхүү замаар
сумын төв орж, сургуульд суугаад мөнөөх замаар аймаг, Улаанбаатар, түүнээс цааш
өөр бусад улс орон руу аялан явсан билээ. Насан туршдаа хийх миний аяны урт зам
анхны тэр нарийн жимээс цааш үргэлжилсэн агаад өглөөн нарнаас үдшийн сар хүртэлх
зам ч тэр, балчир наснаас идэр нас хүртэлх оюун бодлын зам ч тэр, ер бүх зам
ганц эхлэлтэй ажгуу.
Одоо би нутгийнхаа уулын тэртээ бэл рүү бууж одох замын үзүүр дээр зогсож
байна. Энэ зам дэлхий ертөнцтэй намайг холбох цаг мөнхийн судас болон түмний хөлөөр
хөдөлж, түүхийн агшнуудаар лугшин цохилж байна… гэсэн эдгээр мөрийг уншихад
надад ч чамд ч хүн бүхэнд нэгэн адил жам зам харагдаж, бодогдох буй заа.
Зам хөвөрнө.
Жам хөтөлнө.
Нум мэт
Нугаран тахийна,
Сум мэт
Сугаран талийна…
Ээдрээтэй,
Адармаатай,
Эл замууд
Ил замууд
Бага замууд
Балархай жимүүд
Түүхийн буданг
Зүү шиг мэтгэж
Он жилүүдийг
Олс шиг хэлхэнэ.
Ужид эртний
Улбаа,
Заяа тавилангийн
Зангилаа
Анхны мөр
Алсын мөр
Үүрдийн гарам
Үлдэх ором.
Зам хөвөрнө,
Жам хөтөлнө.
Тал дундуур
Гал дундуур
Зам хөвөрнө.
Жам хөтөлнө.
Хаадын ч зам.
Харцын ч зам
Харанхуйд хань
Төөрсөнд төрөл
Хэдэн түмэн
Тавилан заяа
Хэлхсэн эрхи шиг
Тасрахгүй цуваа...
гэж зохиолч маань яруу найргаар яруусган, ухаан санаа улам тэлэн дүрсэлжээ.
Буурал түүхэн улбааг нэхэн цааш нь өгүүлэхдээ:
…Чингэс хаан үүгээр явж өнгөрсөн юм гэнэ. Хадан дээр морин туурайн мөр байна.
Чингэсийн морь гишгэсэн юм гэнэ. Тэнгэрээс унасан тэвнэ шиг хоёр мөнгөн хад
байна. Чингэсийн гүүн зэлний гадас юм гэнэ.
Тэнгэрээс буулгаж, газарт суулгасан цар таваг шиг их хүрээ байна. Энд Чингэс
хаан агтаа хурааж байсан юм гэнэ.
Гурван зээрдийн нуруу гэж байна. Чингэсийн зээрд морьд гүйж өнгөрсөн юм гэнэ.
Давхар гэж газар байна. Чингэсийн бэр бие давхар болсон юм гэнэ. Хүүт гэж газар
байна. Чингэсийн ач хүү төрсөн юм гэнэ.
Дөш гэж дөрвөлжин бор уул байна. Гангын цагаан овоо гэж сандал шиг түшлэгтэй
уул байна. Чингэс хаан Гангын цагаан овоон дээр сандайлаад Дөш ууланд дээр
сэлмээ давтаж суусан юм гэнэ. Төмрөө улайсгаад Ганга нууранд дүрж хатаагаад ган
болд сэлмээ өргөн мөрдөж байсан юм гэнэ. Тэгээд Гангын ус цагаан болчихсон юм
гэнэ.
Онгон, Молцог хэмээх хоёр их элс Дарьгангад буй. Чингэсийн хоёр хар бух мөргөлдөхөөр
хэрсээр байгаад түүнээс энэ их элс тогтсон юм гэнэ.
Шилийн Богдын ар руу оройг нь тайрчихсан юм шиг оготор хөх уул бий. Хажууд нь гүцний
таг шиг шовгор толгой бий. Шилийн Богдоос өндөр харагдаад байна гээд Чингэс
хаан өшиглөчихсөн нь тэр юм гэнэ...
Чингэс хааны нутаглаагүй, явж өнгөрөөгүй газар, ус алга аа. Ингэхээр бид чинь
мордоод давхихдаа Чингэсийн замаар гарч, буцахдаа Чингэсийн замаар ирж байна.
…гэжээ. Зохиолчийн төрж өссөн нутаг ус болох Дарьганга гэхэд л Чингэс хаантай
холбоотой ийм олон газар байгаа нь монгол хүн бүхний хувь заяаны зам их эзэн
Чингэс хаантайгаа мөнхийн барилдлагатайг энгийн сайхан жишээгээр энгүүн тод өгүүлжээ.
Гэхдээ бас …. харийн хөл нүцгэн хүмүүс өртөө дамжуулан дэрсэн шаахай хүлэглэж
Ар Монголын баян хошуугаар жаал тэнэж байгаад буцдаг байжээ.
- Буцахдаа тэд нэг нэг алтан шаахай өмсөж буцдаг байсан юм шүү хэмээн нутгийн өвгөн
баагиулж байсан тамхиныхаа цэнхэр манан дунд эгдүүтэйхэн болоод эргэцүүлмээр үг
хэлсэн нь цээжинд хоногшин үлджээ гэж бичсэн нь түүхийн гашуун мөр, дэрсэн
шаахайн мөр давтагдах вий гэсэн сэрэмжлүүлэг цагаа олсон мэт сонсогдоно.
“Өнгөрснийг өнөөдрөөс салгаж үл болно. Түрүүчийн явж өнгөрсөн замыг өнөөгийн
яваа замаас, ирээдүйд хүрэх замаас салгаж үл болно” гэсэн зохиолчийн дүгнэлт
нэгийг бодогдуулж, олныг хөтлөх ажээ.
Зохист аЯлгуу нь урлахуйн тӨгсийг илтгэнэ
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо номоо “Хөлгөн судар” гэсний доод талд
“зохист аялгуу” хэмээн тодотгожээ.
Хөлгөн судар гэдэг нь аливаа сэдвийн өргөн цар хүрээ, гүн гүнзгий утга санааг
нэгэн бүтэн цогц болгон илтгэх ном бичгийн дээд соёлын илэрхийлэл юм.
Энэ бүхэн эл номд бүрэн багтжээ. Тухайлбал, Номын өрнөл үйл явдал нь Монголын
тал нутгийн нэгэн чулуунаас эхлээд дэлхий ертөнцийн газар шороо, уул ус, од
гариг, нар сар хүртэл амьд сэрүүн оршиж, хүнтэй адил сэрж сэргэж, элтэрч
эмтэрч, гуньж баярлаж байдгийг тун гярхай нээн харуулжээ.
“Тоотой хэдэн уул усны цаана тоогүй олон домог түүх байгаа юм. Нүдний үзүүрт
торох уул усны цаана сэтгэлийн үзүүрт тэмтрэгдэж харагдах их юм бий” гэж сэтгэл
цэлмээж, ухаан тэлсэн байна.
Тэгээд “Бүх зам хоорондоо нийлдэг шиг мөрөн голоор хотол дэлхий газар
холбогддог шиг хорвоогийн юм бүхний учир шалтгаан нэгэн утсаар сүвлэгдсэн мэт
санагдахын учир юун?
... Бодлын харгуй бүдгэрэн,
Судрын мөрүүд тодормуй ...
гэж дэлгэр утгаа зангиджээ.
“Хөвүүн миний сэтгэлд ер хэлж үл мэдэгдэх, барьж үл тэмтрэгдэх, холын цагаан
манан сүүмэлзэн татвай. Түүх манантай, түүний улбаа манан дунд бүртэлзэж алс
чанадын цагаан манан улам бүр гүн бодлогошрон улам бүр нойрсон оршмуй…
“Тогоон Төмөр хаан эртний хаадын зуслан Шандуугийн шар талаа, эрдэнийн зүйлээр
бүтсэн Дайду хотоо орхиж хаан эзний хасбуу тамгаа ханцуйлан гарч зугтсаар
одоогийн Дарьгангын нутаг болох Цагаан нуурын хөвөөнд ирж саатсан юмсанж. Хун
шувууд чуулж, бургас зэгс найгасан энэ сайхан бүрдийн хөвөөнд гэр барьж, зэл
татан адуу мал хураагаад Уянга хэмээх нэртэй нутгийн сайхан хүүхнээр аяга сөн түшүүлсэн
юм гэнэ. Цаглашгүй их гэмшлээр гансарч явсан эзнийг тайтгаруулах нь уулын
цагаан мананаас ус утгаж цай чанаж болохгүйн үлгэр нэгэн авч, уран гоо, ухаан
билгүүн төгс Уянга нэрт хүүхнээр цээж амирлуулах цээл сайхан уртын дуу
дуулуулж, цэн хун гангануулан ухаа зэгс, улаан бургасыг уялзуулан туялзуулан
элгэн монгол ахан дүү нар хүндлэн угтсанд хаан эзэн харь газрын тоосыг сэгсэрч,
хамаг алжаал юугаа тайлан цагаан нуурын усаар гунигаа гурав угааж, гурвантаа
мишээсэн юм гэдэг ээ. “
Ёстой л хээр талаасаа алсарч, хэрмэн сууцанд түгжигдмэл суусан хаан нутаг усаа
зорин ирж сэтгэлийн жаргал эдэлж байгааг юутай уран цэцэн зураглана вэ! Үүнийг
л чухам зохист аялгуу хэмээн судар бичигт, номлосон байдаг бус уу!
Төгсөх ялдар монгол англи хоёр хүний үгсийг энд эш татсу, би.
Яруу тансаг монгол хэлний ид шид, гайхамшгийг бүрэн цогцлоосон “Алтан-Овоо”
хэмээх хөлгөн судрыг англи хэлээр хөрвүүлж дуун буулгаж. Монголын өвөрмөц
сэтгэлгээний шим цогцолсон ийм номыг англи хэлнээ орчуулна гэдэг үнэхээр хэцүү
даваа юм. Монгол амьдрал, монгол оюуны олон мянган жилийн үүцийг нээж ойлгоод
харь хэлний уншигчдад сэтгэлийн жаргал эдлүүлнэ гэдэг хэр баргийн хүний хийх
ажил биш билээ. Английн орчуулагч Саймон Вэккхам-Смит харин үүнийг маш
олзуурхууштай туулж чадсаны анхны алхам нь Ноён хутагт Данзанравжаагийн яруу
найраг болох 15000 мөр шүлгийг иж бүтнээр нь англи уншигчдад хүргэсэн туршлага
байв. Монголын сонгодог уран зохиолыг дэлхийн дэвжээнд гаргахад эгэл нэгэн
даруухан англи залуу ямархуу их хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулсныг
одоохондоо бид зүй ёсоор үнэлж чадахгүй байгаа билээ. Түүний чин зориг, мэдлэг
боловсролын өргөн цар хүрээ, монгол англи хэлний төгс мэдлэгийн ачаар манай бөмбөрцөгийн
англи хэлтэн ертөнц Монголын нэрт соён гэгээрүүлэгч Г.Мэнд-Ооёогийн Алтан-Овоог
дэлхийн Алтан-Овооны зиндаанд хүргэснийг онцлон тэмдэглэхэд таатай байна. Ийнхүү
англи хэлнээ дуун хөрвүүлэгчийн “Алтан Овоо” хөлгөн сударт бичсэн оршил үгийг
сонирхъё.
…Мэнд-Ооёогийн өгүүлэмж бидэнд жигүүрт хүлэг морьдын ертөнц, дуучин хуурчид,
шилийн сайн эрсийн явдал, хайр сэтгэлт хосууд, тэдний нандин үгсийг өгүүлнэ.
Тэгснээ цааш нь хүмүүний ертөнцийн эгэл түүхийг тод томруун хийгээд далд гүнзгий
санаагаар өгүүлэмж зүйрлэлийг хослуулан байж зугуухан дэлгэх болно.
Энэ номны бичилт хэлэх гэснээ аяндаа хэлсэн байх, эсвэл огт юу ч хэлэхгүй
байх... Орчуулагчийн хувьд надад монгол, англи хоёр хэлний гэхээсээ, монгол,
англи хоёр соёлыг шууд утгаар нь холбон дүрсжүүлэх явдал байсан бөгөөд
илэрхийлэх үгээр хомсдох явдал тохиолдож, түүнийгээ давах гэж ихээхэн чармайх
хэрэгтэй болж байлаа. Гэхдээ Мэнд-Ооёотой шууд харилцан ярилцаж, дэмжлэг авдаг
байсан маань үнэхээр их тус болсон. Түүний тайлбар нь өрөөний нэг булангаас над
руу тавих шидэт сум мэт, хүссэн бай нь намайг Монголын одон орны нууц дундуур
дагуулан залж, үлгэр домгийн оньсогот нэгэн хэсэгт аваачихаар аль байдаг аргаа
хэрэглэн чармайн зүтгэх мэт байдаг.
Гадаадын уншигч ийнхүү үзсэн бол, монгол бичгийн мэргэд юу айлдсаныг үзье.
“Г.Мэнд-Ооёогийн бэлгэ билгүүний хэвд цутгагдсан сэтгэхүйн гольдрол, урлах,
найруулах авьяас нь монгол мэргэдийн сонгодог бичгийн хэлний гайхамшигт өвөөс хөхсөн
шим шимүүсээс эх ундаргатай нь харагдах ч тэрбээр өөрөө өнөөдөр эртний мэргэд
тэдэнтэйгээ эн зэрэгцэн уншигдах, түүхийн хойтод, эсэргэн цагийн номын
хайвуудад өв уламжлал болж дамжих түвшинд монгол хэлээр дуун өгүүлэх эрдэмд
боловсорсон нь Монголын ахмад, залуу аль аль үеийн зохиолчдыг ихэд баярлуулах
боллоо.
“Алтан Овоо” ном сонгодог бичгийн хэлний ур чадварын “сурах бичиг” болохуйц
тансаг, эрхэмсэг найруулга хийцтэйг туйлаас бахдууштай….” хэмээн монгол соёлын
цойлж гарсан их сэтгэгч, зохиолч, дэлхийн урлаг соёлын академийн доктор
Д.Урианхайн онож хэлснийг молхи би бээр талархан дэмжиж, өрлөг түүхээ мэдэх
гэсэн, эх орон юугаа ахин дахин нээх гэсэн монгол хүн бүхний “заавал” унших
ёстой “сурах бичиг” болжээ хэмээн мунхагланам.
Сумъяагийн Жамбалдорж (Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, философийн
доктор, профессор)