УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүүтэй уран бүтээлийн тухай ярихаа түр хойш тавиад “Жинхэнэ эр хүн гэж хэн бэ” гэдэг сэдвээр ярилцлаа.
-Хоёулаа “Жинхэнэ эр хүн”-ий тухай
ярилцъя?
-Болж байна. Сонирхолтой сэдэв байна шүү. Жинхэнэ эр хүн хэн бэ гэдгийг
тодорхойлох хүн, хүний бодол өөр л дөө. Миний хувьд бие хүн талаасаа нийгэмд
өөрийн гэсэн байр суурь эзэлсэн, хувь хүн талаасаа хоёр гурван нүүдлийн
цаадахыг өөрийн ухааны цараар олоод харчихдаг, амьдралын ухаантай, алсын
бодолтой хүнийг энэ тодорхойлолтод ойртож очно гэж бодож байна.
-Та амьдрал дээр ямар хүн бэ гэдгээ
үнэнээр нь тодорхойлооч?
-Амьдралыг фронт гэж бодвол би түүний жирийн л нэг цэрэг. Бодоод байхад эр хүн
байхад мөн чанарын тухай асуудал томоохон байр суурь эзэлдэг юм шиг санагддаг.
Эр хүн ямар ч байж болно. Харин хүн шиг хүн байх л хэцүү.
-Таныг харахад ихэмсэг, бардам
зантай хүн байх гэдэг бодол төрөөд байдаг юм?
-Хүнд харагдах нэг өөр, бодогдох ч бас өөр. Анх харсан хүнд бол бардам, яравгар
дүр төрхтэй хүн шиг санагддаг байж магадгүй ээ, би. Надтай нөхөрлөөд зан
араншинг маань таньсан нэгэнд тийм ч муу хүн биш л байх. Түвшингийн
дотоод сэтгэл рүү нь өнгийгөөд харвал ч харин эсрэгээрээ их зөөлөн уян хүн дээ.
-Эр хүн бардам байх хэрэгтэй юу?
-Хэт бардам байх дэмий. Энэ байдлаасаа болж амьдралдаа алдаж, онохыг
алийг тэр гэх вэ. Ихэмсэг сэхүүн зан амжилтад хүргэж байсан тухай би лав
сонсоогүй юм байна. Харин ухаанаараа хүн бүхнийг давж, өөрийгөө ялсан байдаг юм
билээ.
-Хүнд бурууг нь түс тас хэлчихдэг
зангаасаа болоод та ааш муутай гэж шүүмжлүүлдэг юм биш үү?
-Дутагдлыг нь хараад дуугүй өнгөрч
чаддаггүй зангаасаа болоод олон ч удаа адлуулж шүүмжлүүллээ. Энэ утгаар яривал
хүний зэвүү, дургүйг хүргэчихдэг хүн ч юм шиг. Гэхдээ цаг хугацааны явцад
Түвшингийн үнэн байжээ гэдэг нь харагддаг болохоор зарим нэг нь буруугаа
ойлгоод уучлал гуйдаг тал бий.
-Хүнд хатуу үг хэлчихдэг хүн бусдын хэлснийг
ч гэсэн даадаг л биз дээ?
-Би үг дааж сурсан хүн. Миний амьдрал жинхэнэ эрчүүдийн дунд өнгөрсөн. Аав, ээж
маань цэргийн улс байсан болохоор хатуу үг сонсч, найз нөхдийн хатуу зан чанар
дор хүмүүжиж хүн болсон.
-Сэтгэлийн тэнхээгээр хэр вэ?
-Үзэж өнгөрүүлсэн амьдралаа эргээд санахад харамсч, сэтгэлээр унах үе бишгүй л
тохиолдож байсан. Тэр болгонд сөхөрч байгаагүй. Сэтгэлийн хат надад
байгаагүйсэн бол өдий зэрэгтэй амьдраад явж чадахгүй л байсан болов уу.
Урлагийн хүн болоод ч тэрүү баярлаж, гомдох амархан. Энэ бүхнийг сэтгэлийнхээ
тэнхээгээр давж туулж чаддаг, гардаг чанар надад байдаг.
-Бусадтай үзэл бодол нийлэхгүй
байгаагаа яаж илэрхийлдэг вэ?
-Хүнд үнэнийг нь би харамгүй хэлдэг. Нөгөө л түс тас зангаараа хэлээд дуусна.
Өөрийнх нь буруу байтал улайм цайм өмөөрөөд байвал дуугүй л хаяад гардаг.
-Хэн нэгэн таны шарыг малтаад,
“даапаалаад” байвал яадаг вэ?
-Болж өгвөл тайван хүлээцтэй байхыг хичээдэг. Үүнийг давж чадах тэвчээр надад
бий.
-Бусдад бууж өгөхгүй хор шартай
зантай байх аа?
-Надад ийм зан бараг байдаггүй. Ажаа жөтөө бол бүр ч байхгүй. Би л хүнд бууж
өгөхгүй юмсан гэж боддог хүн. Тэр хүн бол би өөрөө. Өөрөө өөртөө бууж өгөхгүй
байна гэдэг чинь том амжилт, бас ялалт.
-Үүнийг өөрийн тань давуу чанар гэж ойлгож болох уу?
-Болох байх. Гэхдээ надаас биш найзуудаас минь асуувал үнэнд ойр хариултыг өгөх
байх шүү. Яах вэ, хүнд итгэдэг, хэлсэндээ хүрдэг, өөртөө эзэн болдог, цайлган
зан маань миний давуу чанар байж болох. Сайны хажуугаар саар ч бий. Жаахан
хэнэггүй зантай. Энэ зантайгаа эвлэрэхгүй гэж их үздэг ч хааяа буугаад өгчихсөн
тохиолдол бас байна.
-Найз нөхдөөр нь хүнийг шинж гэдэг
үг байдаг даа. Сайн найз байж чаддаг уу, та?
-Хариулахад хэцүү л асуулт байна. Сайн найз гээд заавал ядарсан цагт нь туслах
ёстой биш шүү дээ. Хамгийн гол нь дэргэд нь дэм болж, санаа бодлыг нь хуваалцаж
чаддаг байх хэрэгтэй. Сайхан нөхөд надад бий. Гэхдээ гарын таван хуруунд л
багтана. Миний найзууд даварсан цагт намайг дарж, зовсон цагт түшиж
чаддаг нөхөд.
-Итгэлийг тань алдаж байсан найз бий
юу?
-Байгаа. Хүн чинь нөхөрлөхдөө “Би муу хүн” гэж хэлдэггүй биз дээ. Муу
найзын балгаар алдаж байсан тохиолдол ч байдаг.
-Уучлал гуйж ирсэн үү?
-Ирж байсан. Эхний удаа өршөөдөг, дараагийн удаа “баяртай” гэж хэлдэг. Үнэнийг
хэлэхэд би эргэж буцаж, нялцганаад байдаггүй хүн.
-Найзууддаа “Үгүй” гэж хэлсэн удаа
олон уу?
-Тийм ээ. Чадахгүй байж амлаад яах юм бэ. Зарим нэг нь гомдсон, бас зарим
нь ойлгосон л байдаг. Итгэл алдана гэдэг их хэцүү. Найдаж хүлээсэн хүн сүүлдээ
цөхөрдөг биз дээ. Хүнийг ийм байдалд оруулах дургүй.
-Анд дуртай юу?
-Дуртай гээд хэлчихвэл анчин гээд бодчих вий дээ. Миний ганц дуртай зүйл бол
загасчлах. Өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт “Үхэж үл болох Чингис хаан” киноны зураг
авалтын үеэр Баруун бургалтайн нэг жижиг голын бүх загасыг түүгээд идчихсэн
байх аа.
-Хөлбөмбөг, бэйсбол, биллъяард гээд
эрчүүдийн дуртай спортод та хэр вэ?
-Хөлбөмбөг бэйсболоос илүү үндэснийхээ спортыг илүү сонирхдог. Бөхийн барилдаан
үзэх дуртай. Хобби бол биш шүү.
-Өөрийн тань тоглосон дүрүүдийг
ажиглаад байхад ихэвчлэн залуусын амьдралыг харуулсан хайр сэтгэл, атаа хорсол,
зөрчил тэмцлийн сэдэвтэй жүжгүүд байх юм?
-Тийм ээ. Миний тоглосон дүрүүдийн
ихэнх нь эсрэг дүр байдаг. Анх удаа эерэг дүрд тоглосон. “Манайд амьдаръя”
жүжгийн гол дүр Димадаа их хайртай. Уран бүтээлч нөхөд маань үзчихээд
Түвшингээс ахиж ийм дүр гарахгүй байх аа гэж хэлж байсан удаатай. Цаашлаад
яривал “Жаргах гэж дурладаг уу” жүжгийн Гаадангийн дүр байна. Энэ дүрийг би
театрын жүжигчин болоод удаагүй байхдаа бүтээж байсан. Хэдийгээр харгис,
хэрцгий зэвүүн залуугийн дүр ч гэлээ үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшиж
үлдсэн байна билээ.
-Таны тоглосон түүхэн кинонуудыг
үзэж байхад эртний баатарлаг эрчүүд ийм л байсан болов уу гэдэг бодол төрөөд
байдаг юм?
-Түүхэн киноны дүрүүд маань янз бүр л дээ. Дүрүүдээ хооронд нь зан араншингаар
ямар хүн бэ гэдэг талаас ялгаж салгахыг их боддог. Ямар ч байсан
бодож байсан бодол маань зөв байсан болоод л хүмүүст ийм сэтгэгдэл үлдээсэн юм
болов уу даа.
-”Үхэж үл болох Чингис хаан” кинонд
та ямар дүр бүтээв?
-Жамуха эзний үнэнч боол Хантөмөрийн дүрийг бүтээсэн.
-Драмд хоёр Түвшин байдаг. Асуухаар
аль нь вэ гэдэг. Таныг нэрийнхээ өмнөх “Өндөр” хэмээх тодотголоор чинь
сайн таньдаг юм билээ?
-Магадгүй. Монголд надаас өөр өндөр биетэй жүжигчин байдаггүй биз. Эхэндээ
ингэж дуудахад эвгүй санагддаг байлаа. Одоо ч энэ нэрэндээ дасчихжээ.
-Эрчүүдийн ухаалаг, сэргэлэн,
овсгоотой зангийн аль нь амьдралыг илүү авч явдаг юм бэ?
-Овсгоотой нь. Сэргэлэн гээд буруу, будлиу байвал яах вэ.
-Энэ чанаруудаас танд байдаг уу?
-Сэргэлэнтэх үе байна аа. Заль ч
гаргаж чаддаг. Одоо бодоод байхад надад энэ чанарууд бүгд байгаа юм байна.
-Хэр дурламтгай залуу вэ?
-Дурлахгүйгээр амьдарна гэдэг уйтгартай. Гэхдээ ганцхан утгаар нь ойлгож
болохгүй шүү. Энэ чинь их өргөн хүрээг хамарсан ойлголт.
-Сайхан бүсгүй зөрөөд өнгөрвөл эргэж
хардаг уу?
-Хар гэж нүд заяасан юм чинь харахгүй өнгөрч яаж чадах юм бэ. Хэрвээ харахгүй
өнгөрөөж байгаа бол хамгийн тэнэг хүн байж магадгүй.
-Бүсгүйчүүдийн юуг нь хамгийн
түрүүнд хардаг вэ?
-Нүд, харцыг нь. Харцнаас нь ямар хүн бэ гэдэг нь андашгүй харагддаг.
-Мөнгөнд та хэр тооцоотой ханддаг
вэ?
-Маш үрэлгэн. Мөнгийг олж чаддаг ч түүнийхээ хэрээр найз нөхдөдөө,
таалагдсан зүйлдээ гээд баруун солгойгүй цацчихна. Гэхдээ хэдий үрэлгэн ч гэлээ
хэрэглээндээ л зарцуулсан байдаг юм.
-Сархад гэгч идээг хэрхэн ойлгож
хүлээж авдаг вэ. Зарим нэг нь сэтгэл нээж өгдөг гэж ч ярьдаг шүү дээ?
-Сархад муухай идээ биш ээ. Зөв тохируулж хэрэглэдэг хүнд бол сайхан л идээ.
Ааш авир гаргаж хэрэглэдэг хүнд бол муухай л идээ байх.
-Амьдралдаа сэтгэл хангалуун байж
чаддаг уу?
-Өөрөө өөртөө кайфтай амьдарч
чаддагтаа би сэтгэл хангалуун явдаг.
Г.Батцэцэг