Улсын дээд шүүх (УДШ)-ээс Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл,
заалтыг тайлбарласан тогтоол гаргаснаар УИХ-д болон сонин хэвлэлээр янз бүрийн
санал, шүүмжлэл гарах боллоо.
Энэ талаар тодорхой мэдээлэл авах зорилгоор УДШ-ийн Иргэний хэргийн танхимын
тэргүүн Ц.Амарсайхантай ярилцлаа.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг
тайлбарлах ямар шалтгаан, үндэслэл байсан юм бэ?
-Үндсэн хуулиас бусад хуулийн заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар
албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхийг УДШ-д Үндсэн хууль, болон Шүүхийн тухай
хуулиар олгосон юм.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд СЕХ сонгуулийн хууль тогтоомжийг
хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах саналыг УДШ-д оруулах бүрэн эрхтэй
гэж заасны дагуу СЕХ-ноос манайд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай
хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлуулах хүсэлт гаргасан юм.
Уг нь СЕХ энэ тухай хүсэлтээ 2007 онд анх гаргасан юм. УДШ энэ хуулийн тайлбарыг
2007 оны хоёрдугаар улиралд гаргахаар төлөвлөсөн боловч хуулийн тодорхой зүйл,
заалтуудын талаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэж, хянан хэлэлцэх
ажиллагаа явагдсанаас гадна хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон учир тайлбарыг
2007 онд гаргах боломжгүй болсон юм. Улмаар хуульд 2007 оны арванхоёрдугаар
сарын 26-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, хүчин төгөлдөр болсноос хойш тун
удалгүй УДШ уг хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тогтоолын төслийг
боловсруулж, нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд 2008 оны гуравдугаар
сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан.
-Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч
хүн ялгүй байна гэсэн хуулийн заалтыг УДШ буруу тайлбарласан гэж зарим хүн үзэж
байгаа. Энэ талаар тодруулна уу?
-Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар УИХ-ын гишүүнд
нэр дэвшигч нь 25 насанд хүрсэн бөгөөд сонгуулийн эрх бүхий иргэн байхаас
гадна шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хугацаа хэтэрсэн өргүй, татварын өр төлбөргүй,
мөн “ялгүй байх” шаардлагыг хангасан байх учиртай.
“Ялгүй байх” гэдгийг УДШ “өмнө нь огт ял шийтгүүлж байгаагүй” гэж ойлгон
хэрэглэхээр тайлбарласан юм. Энэ тайлбарыг буруу гэж үзэж байгаа хүмүүс “ялгүй
байх” гэдгийг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан “ялгүй болох”, “ялгүйд тооцох”
гэсэн хоёр ойлголттой адилтган үзэж байгаа бололтой.
Дээд шүүхийн тогтоолд эдгээр ойлголтыг адилтгаж үзэх үндэслэлгүй гэж тодорхой
заасан байгаа. Эрх зүйн хувьд нарийн учир агуулгатай асуудал учир УДШ-ийн шүүгчид
энэ талаар өөр өөр санал дэвшүүлж, дэлгэрэнгүй хэлэлцэж, тогтоолыг олонхийн
саналаар баталсан.
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигч “ялгүй
байх” гэдэг нь “ял шийтгүүлж байгаагүй” гэж ойлгох үндэслэлүүдийг товч
тайлбарлаж өгнө үү?
-Нэгдүгээрт, үгийн шууд утгыг анхаарах нь чухал юм. “Ялгүй байх” гэдэг
ойлголт цаг хугацаа, учир шалтгааны хязгаар, эхлэл, төгсгөлийг өөртөө агуулаагүй
байна. Өөрөөр хэлбэл, хүн төрснөөсөө ялтай байна гэж байхгүй, заавал ял шийтгүүлж,
ялтай байх учиргүй тул ял шийтгүүлээгүй л бол хүн бүр “ялгүй байх” гэсэн шинжийг
өөртөө агуулдаг.
Харин ял шийтгүүлсэн хүн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон
өдрөөс эхлэн түүнийг “ялгүйд тооцох” буюу “ялгүй болох” хүртэл хугацаанд
ялтайд тооцогддог бөгөөд үүнийг “ялтай байдал” гэж Эрүүгийн хуульд нэрлэжээ. Тийм
ч учраас Эрүүгийн хуульд заасан “ялтай байдал” дуусгавар болохтой
холбоотойгоор “ялгүйд тооцох”, “ялгүй болох” гэсэн хоёр ойлголт бий болдог бөгөөд
тэдгээр нь цаг хугацаа, нөхцөл шалтгааны хязгаартай, “ялгүй байх” гэсэн
ойлголтоос огт өөр агуулгатай юм. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн
этгээд тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх
тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, эсхүл
хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн
дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй, эсхүл хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн
этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт
хэрэг шинээр үйлдээгүй, эсхүл хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба
нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй,
эсхүл онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд буюу онц аюултай гэмт
хэрэгтэн үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш арван жилийн дотор
гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол “ялгүй болдог” байна.
Ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа зан байдал,
засрал хүмүүжлээрээ үлгэр жишээч байвал шүүх хугацаанаас нь өмнө “ялгүйд
тооцож” болдог.
Дээрх хоёр ойлголтыг УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид тавигдаж буй “ялгүй байх”
шаардлагатай адилтгаж үзэх үндэслэлгүй гэж үзсэн юм.
Товчдоо “ялгүй байх” гэсэн хуулийн заалтыг “ял шийтгүүлж байгаагүй” гэж ойлгох үндэслэлүүдийг
ингэж тайлбарлахад ойлгомжтой болов уу.
-Энэ заалтын талаар ямар ч хүсэлт ирээгүй
байхад УДШ дураараа тайлбарласан гэх яриа ч бас гарсан шүү дээ?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг тайлбарлахдаа СЕХ-ноос санал тавиагүй
зарим зүйл, заалтын талаар УДШ шаардлагатай гэж үзэж, зарим хүний хэлж
байгаагаар “дураараа” тайлбар гаргасан нь үнэн. Тухайлбал, сонгуулийн үйл
ажиллагааны талаар гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх, захиргааны зөрчлийг
хянан шалгах болон хянан шийдвэрлэх асуудлыг зохицуулсан зүйл, заалтыг нэг мөр
ойлгоход тус болох тайлбарыг тогтоолд оруулсан юм. Сонгуультай холбоотой урьд
жилүүдэд гарч байсан маргаан, шүүхийн практикийг судалж үзэхэд хуулийн энэ
талаархи зохицуулалтыг эхнээс нь нэг мөр ойлгож, зөв хэрэглэх шаардлагатай юм
байна лээ. Энэ бол “дураараа” хийсэн хууль бус ажиллагаа биш юм. Шүүхийн тухай хуульд
зааснаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж, нийт шүүхийг
мэргэжлийн удирдлагаар хангах УДШ-ийн бүрэн эрхэд хамааралтай асуудал юм.
Харин “ялгүй байх” гэсэн ойлголтыг тайлбарлуулах санал СЕХ-ны хүсэлтэд байсан.
Тайлбар гаргуулах тухай хүсэлтээ тодорхой болгож, тухайн зүйл, заалтыг хэрэглэхэд
хүндрэлтэй, эргэлзээтэй байгаа асуудлаа тодруулж ирүүлэх талаар тайлбарын төсөл
боловсруулах явцад УДШ СЕХ-ноос хүссэн, хороо саналаа тодруулж ирүүлсэн. УИХ-ын
сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “хүндээр өвчилсөн,
гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан” гэх ойлголтуудыг, мөн хуулийн 27.4.3-т
заасантай хэрхэн уялдуулж хэрэглэх талаар тайлбар хүссэн байсан.
“Хүндээр өвчилсөн”, “гэмт хэрэгт яллагдагчаар татагдах” гэдэг тодорхой
ойлголтод уг нь УДШ-ийн тайлбар шаардагдахгүй баймаар гэж анх бодогдсон боловч
тайлбарын төсөлд оруулсан. Харин нэр дэвшигч “ялгүй байх” шаардлага болон
нэр дэвшүүлснээс хойш түүний яллагдагчаар татагдах хоорондоо төдийлөн
хамааралгүй асуудлыг холбож асууснаас харахад “ялгүй байх” гэсэн ойлголтыг сайн
ойлгохгүй байгаагаас үүдэлтэй гэж үзэж, аль аль ойлголтыг тус тусад нь
тайлбарласан.
-УИХ-ын сонгуулийн тухай хуулиас энэ
заалтыг хасах талаар гишүүд ярилцаж байгаа гэж дуулдлаа?
-Ер нь нэг их ойлгомжтой, тодорхой заасан зүйлийг хоёр өөрөөр ойлгоод
байгаа юм биш шүү. Тухайн зохицуулалтад чухам ямар санаа оруулах гэснээ
тодорхой зааж чадаагүй бол ямар ч тайлбараар түүнийг гаргах боломжгүй шүү
дээ.
Хууль тогтоогч “хар” гэж бодсон атлаа “цагаан” гэж бичсэн бол Дээд шүүх “цагаан”
гэж тайлбарлах учиртай. Үнэхээр парламентын гишүүн улс төрийн албан тушаалтан
гэдэг утгаар ял шийтгүүлсэн ч байсан болно, гагцхүү ялгүй болох эсхүл тооцогдох
хугацаа өнгөрч, нөхцөл нь бүрдсэн байх шаардлагатай гэж хууль тогтоогч үзэж
байгаа бол энэ заалтаа тодорхой болгож залруулах нь зүйтэй байх. Ерөнхийлөгчийн
сонгуулийн тухай хуулийг үзвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг намуудаас дэвшүүлдэг
учир өндөр шаардлагад нийцсэн хүнийг санал болгох нь ойлгомжтой боловч нарийн
зохицуулалтыг нь үзвэл ял шийтгэлтэй байтугай, ялгүйд тооцогдоогүй, ялгүй
болоогүй, ялтай байдал нь хэвээр байгаа хүнийг ч дэвшүүлэх боломжтой харагдаж
байгаа. Ялгүй болох, ялгүйд тооцогдох асуудлыг заасан Эрүүгийн хуулийн
зохицуулалтыг хамааруулах гэж байгаа бол энэ хуулиас ишлэл авах, хуулийн
талаар заалт хийх зэргээр тусгах боломжтой байтал өөр нэр томъёо хэрэглэчихээд
энэ бол нөгөө л ойлголт юм гэж тайлбарлах нь буруу.
УДШ-ийн тайлбарын энэ хэсгийг зөв болж гэж үзэж байгаа иргэд, ялангуяа хуульчид
олон байгааг энэ дашрамд дурдах нь зүйтэй болов уу. Хуулийн тайлбарыг Монгол
Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага
дагаж мөрдөнө гэж Шүүхийн тухай хуульд заасан байдгийг ч санах хэрэгтэй.
-Сонгогч санал өгөхдөө хоосон хуудас ч өгч
болно гэж Дээд шүүхийн тайлбарт оруулсан нь зөв үү?
-Монгол Улсын иргэд сонгуульд нэр дэвшигчид саналаа өгнө гэдэг нь сонгох
эрхээ эдэлж байгаа хэрэг гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх. Сонгомооргүй байгаа хүнийг
заавал сонгох үүргийг хэнд ч оногдуулж болохгүй шүү дээ. Тийм ч учраас УДШ-ийн
тайлбарт “...сонгогч нь нэр дэвшигч нараас хэнийг ч сонгохыг хүсээгүй бол
аль ч дугаарыг дугуйлахгүй байх эрхтэй...” гэж заасан юм. Энэ тайлбараас болж
будлиан маргаан гарах, нэр дэвшигчид сонгогчдын 25-аас дээш хувийн санал авч
чадахгүйд хүрч, сонгууль хүчингүй болох магадлал үүснэ гэж зарим сонинд
бичсэн байна лээ.
УДШ тухайн зохицуулалтын эрх зүйн үндсийг нь тайлбарласан болохоос Их Хурлын
сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “саналын хуудсанд огт тэмдэглэл
хийгээгүй... саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцож, хэнийг ч дэмжээгүй
санал гэж үзнэ” гэж заасан байгаа шүү дээ. УДШ хуулиас гадуур, түүнтэй зөрчилдсөн
тайлбар гаргаагүй.
Энэ утгаараа нэр дэвшсэн хүмүүсийн дундаас сонгогчийн сонгохыг хүсч буй хүний
тоо тухайн тойрогт ногдсон мандатын тооноос цөөн байвал сонгох хүнийхээ төлөө л
саналаа өгөх нь сонгогчийн эрхийн асуудал юм. Саналынхаа хуудсыг хүчингүй
болгуулахгүйн тулд сонгомооргүй байгаа хүний төлөө заавал саналаа өгөх нь
ардчилсан сонгуулийн шинж биш биз ээ.
Харин тухайн тойрогт ногдсон мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө
саналаа өгвөл хэнийг хасах, үлдээх нь ойлгомжгүй буюу хэний төлөө саналаа өгсөн
гэж тооцох, тодорхойлох боломжгүй болох учир саналын хуудас хүчингүй болно гэж
хуульд ойлгомжтой заасан байгаа.
Үүнээс гадна саналаа өгөх хуулиар тогтоосон арга нь нэр дэвшигчийн нэрийн өмнөх
дугаарыг дугуйлах байтал үүнээс өөрөөр тэмдэглэгээ үйлдсэн бол яах вэ гэдгийг
хууль өөрөө тодорхойлохдоо энэхүү хуульд зааснаас өөрөөр хийсэн тэмдэглэгээгээр
хэний төлөө санал өгч буйг тодорхойлох боломжгүй бол саналын хуудас хүчингүй
болохоор заажээ. УДШ-ийн тайлбарт “энэ хуульд зааснаас өөр тэмдэглэл” гэж юуг
ойлгох талаар л СЕХ-ноос хүссэний дагуу тайлбар өгсөн. Харин эдгээр өөр
тэмдэглэлтэй саналын хуудас хүчинтэй, эсхүл хүчингүй байх талаар Дээд шүүхийн
тогтоолд ямар нэг заалт байхгүй байхад “...бүх нэр дэвшигчийн нэрийг дарсан
саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцож, хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ”
гэсэн хуулийн заалтыг Дээд шүүхийн тогтоол зөрчсөн гээд л сонинд шүүмжилсэн
байна лээ. Хуульд заасан санал өгөх тэмдэглэл буюу дугаарыг дугуйлахаас өөрөөр
ямар нэг тэмдэглэл хийх нь буруу. Гэхдээ буруу хийсэн тэмдэглэлтэй хуудас
болгон хүчингүй болохгүй, харин хэний төлөө санал өгснийг тодорхойлох боломжгүй
хуудас л хүчингүй болно гэдгийг хуульд тодорхой заасан учир УДШ энэ
зохицуулалтыг тайлбарлах шаардлагагүй гэж үзсэн юм. Бүх нэр дэвшигчдийн
нэрийг дарсан буюу буруу тэмдэглэлтэй саналын хуудас хүчинтэй үлдэх учир нь
хоосон саналын хуудсын адил хэний ч төлөө саналаа өгөөгүй гэдэг нь тодорхой
байгаатай холбоотой. Ямар тохиолдолд саналыг тодорхой, эсхүл тодорхой бус гэж үзэхийг
УДШ урдчилан таамаглаж, гараагүй байгаа маргааныг урдаас шийдвэрлэж,
сонгуулийн хороодын эрхэд халдах үндэсгүй болохоор тайлбарт энэ талаар ямар нэг
заалт ороогүй байгаа. Маргаан үүсэх магадлал хамгийн өндөр зохицуулалтын нэг
энэ юм. Тийм ч учраас иргэн бүр сонгуульд оролцож, саналаа өгөхдөө саналын
хуудсанд хуульд заасан журмын дагуу тэмдэглэлээ зөв, ойлгомжтой хийх хэрэгтэй
гэдгийг анхаарах нь чухал юм.
-Хэний ч нэрийг дугуйлаагүй хоосон
саналын хуудас хүчингүй байх талаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай
хуульд өөрчлөлт оруулсан гэж дуулсан юм. Энэ зөв үү?
-Энэ талаар сайн мэдэхгүй. Сонин хэвлэлд гарсан хэмжээний мэдээлэлтэй байна.
Нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг ёсчилж, “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлж,
хүчин төгөлдөр болсны дараа л ямар нэг зүйл хэлэх боломжтой байх. Үндсэн хуулиар
тус улсын иргэдэд олгосон үндсэн эрхийн нэг болох сонгох эрхийг зөрчсөн хууль
гараагүй гэдэгт итгэж байна.
Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн тайлбарыг энэ оны хоёрдугаар улиралд
гаргахаар УДШ-ийн ажлын төлөвлөгөөнд тусгасан байгаа.
Б.Батбилиг