ЭНЭ ХАВДРЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИД АФРИКИЙН БУУРАЙ ОРНУУДТАЙ ИЖИЛ ХЭМЖЭЭНД БАЙНА
Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг БНХАУ-д болсон хорт хавдрын эсрэг олон улсын хуралд оролцоод иржээ. Уг хурлаар умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах арга туршлагаас солилцсоноос гадна ДЭМБ манай улсад хандан зөвлөмж хүргүүлсэн байна. Хурлаар яригдсан асуудал болон уг хавдрын учир шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замын талаар ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхантай ярилцлаа.
-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх олон улсын их хуралд та оролцоод ирлээ. Хэлэлцсэн гол асуудал юу байв. Ер нь дэлхий дахинд энэ өвчний эсрэг хийх тэмцэл ямар шатанд байна вэ?
-ХСҮТ-ийн долоон хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү хуралд оролцоод ирлээ. Бэлгийн замын хавдар ба халдварын чиглэлээр жил бүр болдог хурал. Сүүлийн хэдэн жилийн хурлын сэдэв үндсэндээ умайн хүзүүний хавдрыг бууруулахад чиглэж байна. Энэ нь ч учиртай.
2016 онд НҮБ-ын долоон агентлаг нэгдэж, халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт болон хяналтыг зохицуулах олон улсын хамтын ажиллагааны нэгжийг байгуулсан юм. Үүний хүрээнд умайн хүзүүний хорт хавдрыг дэлхий нийтийн өвчин биш болгоё гэсэн том зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд олон улсын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг 100 мянган хүн амд дөрвөн тохиолдол хүртэл бууруулахаар төлөвлөсөн. Монгол Улсын хувьд энэ хавдар 100 мянган хүн амд 23.5 гэсэн үзүүлэлттэй байдаг. Тэгвэл үүнийг дөрөв хүртэл бууруулах зорилго тавилаа. Энэ хамтарсан хөтөлбөрт өвчлөл өндөртэй 17 улсыг хамруулсан юм. Монгол Улс үүгээр тэргүүлж байгаа.
Одоогийн бидний мөрдөж буй удирдамжийн дагуу 30-60 насны эмэгтэйчүүд гурван жилийн давтамжтайгаар эсийн шинжилгээнд хамрагдах ёстой.
Хурал эхлэхээс өмнө биднийг ӨМӨЗО-ы ордос хотод урьсан юм. Учир нь энэ хотод умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хүний папиллома вирусийг илрүүлдэг цоо шинэ арга нэвтрүүлээд гурван жил өнгөрч байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 130 мянган хүнийг хамруулжээ. Үүнээс 13 хувь нь эерэг буюу вирустэй гэж гарсан байна. Хамгийн гол нь ордост амжилттай хэрэгжсэн энэ туршлагатай ДЭМБ-ын экспертүүд танилцаж, монголд нэвтрүүлэхийг зөвлөлөө.
Хүний папиллома вирусийг илрүүлэх шинжилгээ бол бидний урьд өмнө хийж байсан эсийн шинжилгээнээс мэдрэг чадвараар илүү хэрнээ өртөг бага. Мөн шинжилгээнд хамрагдах эмэгтэйчүүд одоогийнх шиг гурав биш, таван жилд нэг удаа хамрагдах шаардлагатай учраас өртөг зардлын хувьд ч бага тусахаар байгаа юм.
Бас нэг онцолмоор санагдсан зүйл гэвэл ордост хүрэлцэн ирсэн Хятадын талын төлөөллийн талаас илүү хувь нь эрүүл мэндийн салбарынх биш, Ордос хот болон дүүрэг, хошуудын дарга нар байсан. Ордос нь дотроо долоон хошуунд хуваагддаг юм байна. Харин энэ хөтөлбөрийн үр дүнд хошуу, дүүрэг болгонд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг 95-аас дээш хувьд хүрчээ. Яг энэ ажлын үндсэн зохион байгуулагчийг хийж, санаа тавьдаг хүмүүс нь орон нутгийн засаг захиргаа нь юм.
Шинжилгээнд хамрагдах ёстой эмэгтэйчүүдийг бүрэн хамруулж чадсан уу, өөрчлөлттэй гарсан хүмүүсийг эмчилгээнд хамруулсан уу гэдгээр дүүрэг, хошуудын дарга нарын ажлыг дүгнэдэг системтэй. Тиймдээ ч хамрагдалт нь ийм өндөр байна. Монгол Улсын тухайд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хамрагдалт улсын хэмжээнд 40 гаруй хувьтай байгаа шүү дээ. Улаанбаатарынх хамгийн бага нь буюу 30 гаруйхан хувьтай.
Тиймээс бид ард иргэдийнхээ төлөө үйлчлэх үндсэн үүрэгтэй орон нутаг, засаг захиргааны удирдлагуудыг энэ ажилд идэвхтэй оролцуулж, үүрэг хариуцлагыг нь ойлгуулж, болдог бол бүр хуульчилж өгмөөр байна. ингэж байж бидний зорьж, төлөвлөсөн ажил илүү үр дүнд хүрэх нь.
Энэ бол зөвхөн эмнэлгийн хийх ёстой ажил биш. Хүн бүрийн оролцоо, нэн ялангуяа шийдвэр гаргах түвшний хүмүүсийн ажил юм. БНХАУ хэдэн жилийн өмнө энэ өвчний үзүүлэлтээр монголтой адил байсан. Гэтэл маш богино хугацааны дотор бодитой үр дүнд хүрсэн нь харагдлаа.
Сая ордост гэхэд умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэгт зориулж эмнэлгийн нэг давхрыг тэр чигт нь гаргаж өгсөн байна. Энэ олон өрөө, тоног төхөөрөмж, лаборатори, боловсон хүчнийг хэн хангаж өгч байна, мэдээж орон нутаг нь.
-Энэ хавдраар дэлхийд тэргүүлж буй улсуудыг газрын зурагт харуулсан байна лээ. Үүнд Африкийн хэдэн орон болон Монгол тэргүүтэй цөөн хэдэн улс байгаа харагдсан…
-Хамтарсан хөтөлбөрт монголыг яагаад оруулсан бэ гэвэл манайд нас баралт өндөр байна. Уг нь монголд тохиолдож буй хорт хавдрын дотроос харьцангуй эрт илрүүлж чадаж байгаа нь умайн хүзүүний хорт хавдар. Эрт илрүүлгийн хөтөлбөр өнөөдрийг хүртэл явж л байна. Харьцангуй эрт илрүүлж байгаа учраас тав болон түүнээс дээш жил амьдрах үзүүлэлтээр мөн л дээгүүр бичигдэж байна. Үүнийг монголын нөхцөлд харьцуулж харвал ажил сайн яваа мэт. Харин олон улсын түвшинд аваад үзэхээр өвчлөл нь Африкийн орнуудын хэмжээнд л байна. Тэгэхээр бид ямар нэг ажил хийхдээ өөрсдийн дотоод нөөц бололцоог харах биш, бусад улс оронтой харьцуулж, дүр зургийг томоор харж, бодлогоо боловсруулах шаардлагатай болжээ.
-Хавдрыг бууруулж, эрт илрүүлдэг болохын тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ. Тоног төхөөрөмж, хүний нөөц хангалттай юу?
-Бодлогын түвшинд ажил хийгдэж байгааг онцлох хэрэгтэй. ДЭМБ-ын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ЭМ-ийн сайдын А82 тоот тушаал бий. Үүний хүрээнд тодорхой бүлэг ажлууд хийж байгаа. Тухайлбал, хүний папиллома вирусийг илрүүлэх туршилтын төсөл хэрэгжиж байна. Мөн манай улсад хэрэглэх вакцинжуулалтын судалгааны ажил давхар хийгдэж байна. Үүнээс гадна 2012 онд мянганы хөгжлийн сангийн санхүүжилтээр хийсэн умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгооны удирдамжийг нягталж, шинэчлэх ажил бас хэрэгжиж байгаа.
Товчхондоо бол бодлогын хэмжээний ажлууд тасралтгүй үргэлжилсээр байна. Гэхдээ хүссэн хэмжээний үр дүн гарахгүй байгаа ганц шалтгаан нь ерөөсөө л санхүүжилт. Тиймээс зорьж, төлөвлөж буйгаа хэрэгжүүлэхийн тулд тухайн аймаг, дүүргийн удирдлагууд энэ нөхцөл байдлыг ойлгож, ажлын байр бэлдэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаас авахуулаад эмч мэргэжилтнээ бэлдэх зэрэгт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах шаардлагатай байна. Мэдээж нөгөө талаас нэгдсэн нэг удирдлага, төсөв санхүү заавал байх ёстой.
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлсний ачаар олон хүн шинжилгээнд хамрагдаж, вируснээсээ саллаа. Үүн шиг үндэсний хэмжээний том хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй юм шиг санагдлаа. Ер нь ийм хөтөлбөр хэрэгжүүлэхээр бол хэр их хөрөнгө шаардлагатай вэ?
-“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн суурь ажил маш амжилттай хийгдсэн. Өөрөөр хэлбэл, элэгний хавдар үүсгэгч вирусийн шинжилгээнд хүн амын ихэнх хэсгийг хамруулж чадсан. Харин одоо хавдрыг эрт үед нь илрүүлэх буюу дараагийн шатны үйл ажиллагаа дөнгөж жигдрэх шатандаа явж байна. Энэ ажлыг дан ганц яам, ХСҮТ хийх биш, 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд онцгой анхаарч, тусалж дэмжих шаардлагатай байна.
Умайн хүзүүний хорт хавдрын тухайд эмэгтэйчүүдийн дунд тохиолддог хавдрын хоёрт бичигддэг өвчин.
Умайн хүзүүний хорт хавдрын тухайд эмэгтэйчүүдийн дунд тохиолддог хавдрын хоёрт бичигддэг өвчин. Энэ хавдар элэгний хавдартай их төстэй. Вирусгүй л бол элэгний хавдар тусах нь маш бага. Бараг байхгүйтэй адил шүү дээ. Үүнтэй адил хүний папиллома вирус авсан бол, тэр дундаа хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй 14 төрлийн хэв шинж илэрсэн тохиолдолд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх магадлалтай.
Одоогийн бидний мөрдөж буй удирдамжийн дагуу 30-60 насны эмэгтэйчүүд гурван жилийн давтамжтайгаар эсийн шинжилгээнд хамрагдах ёстой. 30 настай эмэгтэй 60 хүртлээ 11 удаа шинжилгээнд хамрагдах шаардлагатай болох нь. Нэг удаагийн эсийн шинжилгээний өртөг эрүүл мэндийн даатгалд тусгаснаар 15 мянган төгрөг. Ингээд бодохоор нэг эмэгтэй 60 хүртлээ шинжилгээ өгөхөд 165 мянган төгрөг болно.
Харин ДЭМБ-ын зөвлөснөөр 35 болон 45 насны эмэгтэйг зорилтот бүлгээ болгон авч үзэж, хүний папиллома вирусийг илрүүлэх шинжилгээ хийвэл бүх зардал нь нийлээд ердөө 53 мянган төгрөг болохоор байна. Үндсэндээ нэг хүнд зориулах зардал гурав дахин буурна гэсэн үг. Гэхдээ одоохондоо энэ шинжилгээ эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа. Туршилтын судалгаа хийгдсэний дараа бид асуудлыг сайдад танилцуулж, дэмжигдвэл ажил хэрэг болох юм.
Эрт илрүүлгийн шинжилгээ үр дүнд хүрэх гол үндэс нь өртөг зардал бага байх явдал. Хүн бүрийг компьютерийн томографын шинжилгээнд хамруулж хавдар илрүүлнэ гэвэл асар өндөр зардал гарна. Харин умайн хүзүүний хорт хавдрын тухайд хүний папиллома вирусийн шинжилгээ хамгийн тохиромжтой хувилбар болоод байна.
-Умайн хүзүүний хорт хавдар юунаас бий болдог, ямар онцлогтой өвчин бэ. Энэ хавдраас сэргийлэхийн тулд юунд анхаарах ёстой бол?
-Монголд жилд дунджаар 400 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар шинээр өвчилж, 150 орчим нь нас бардаг гэсэн үзүүлэлт сүүлийн арваад жилийн турш огт өөрчлөгдсөнгүй. 2018 онд шинээр 372 эмэгтэй оношлогдож, 163 хүн нас барлаа. Үндсэндээ өдөр бүр нэг эмэгтэй шинээр өвдөж, хоёр хоног тутам нэг хүн нас барж байна гэсэн үг.
21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд онцгой анхаарч байж ахиц гарна
Судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүдийн 80-аас дээш хувь нь амьдрах хугацаандаа хүний папиллома вирусийн халдвар авсан байдаг. Нэг ёсондоо бэлгийн харьцаанд орсон л бол энэ халдварыг авах магадлал маш өндөр. Гэхдээ ихэнх тохиолдолд хүний өөрийнх нь дархлааны тогтолцоо энэ халдварыг устгадаг. Харин цөөн тохиолдол буюу 10 орчим хувьд нь халдвар арилахгүй, хүний биед архаг хэлбэрээр оршсоор байдаг. Вирусийн халдвараа мэдэхгүй, хүндрүүлэх нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх үндсэн шалтгаан болж байна.
Тэгэхээр халдвар авахгүй байх хамгийн эхний арга бол бэлгийн харьцаанд орохгүй байх. Гэхдээ энэ бол амьдралд хэзээ ч биелэхгүй зүйл. Тэгэхээр урьдчилан сэргийлэх дараагийн арга нь вакцинжуулалт. Бэлгийн харьцаанд орохоос өмнөх буюу ойролцоогоор 13-15 насны охидыг вакцинд хамруулах нь урьдчилан сэргийлэх гол арга болсон. Харин вакцины дараах урьдчилсан сэргийлэлт нь яах аргагүй эрт илрүүлэг болдог.
Манай орны тухайд вакцинжуулалт хараахан эхлээгүй, бэлтгэлийн үе шатандаа явж байна. Ер нь дэлхий нийтийн дунджаас харахад ойролцоогоор 45 насанд хавдар үүсдэг. Тэгэхээр 15 настай охинд вакцин хийх нь 30 жилийн дараа хавдар үүсэхээс сэргийлж байна гэсэн үг. Бид өнөөдөр 15-тай охидуудаа вакцинд бүрэн хамрууллаа гэхэд үр дүн нь 30 жилийн дараа гарна гэж ойлгож болох нь. Жил бүр 14-15 настай охидод вакцин хийгээд байвал эцсийн буюу өвчнийг ор мөргүй алга болгох хэмжээний үр дүн нь 100 жилийн дараа гарна гэсэн тооцоог ДЭМБ гаргасан байна лээ.
Гэхдээ үүнээс өмнө бид яах ёстой вэ. Вакцины үр дүнг хүлээгээд 100 жил зүгээр суух болж байна уу. Тиймээс хавдар үүсэх эрсдэлтэй эмэгтэйчүүдээ шинжилгээнд хамруулж, хавдартай болохоос нь өмнө онцгой анхаарч, эмчлэх ёстой юм.
-ДЭМБ-аас зөвлөсөн өртөг багатай, үр дүнтэй шинжилгээний аргыг Монголд нэвтрүүлэхэд хэр их хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах бол?
-Бид одоохондоо туршилтын үе шатаа эхлүүлэх гэж байна. ДЭМБ-аас зөвлөсөн зорилтот бүлгийнхэн буюу 35 болон 45 насны нийт 45 мянган эмэгтэй монголд байна. Тэднийг бүгдийг нь биш юм аа гэхэд ядаж 40 мянгыг нь папиллома вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж чадвал тэрбум орчим төгрөг болно. Тэгэхээр улсын хэмжээнд хүний папиллома вирусийн шинжилгээг үр дүнтэй хийж, эмэгтэйчүүдээ хамруулья гэвэл жил бүр нэг тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай болох нь.
-Уг нь тийм ч их мөнгө биш байна даа?
-Бид янз бүрийн хэрэгтэй, хэрэггүй зүйлд хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулдаг шүү дээ. Харин арга, гаргалгаа нь тодорхой, үр дүн нь илэрхий ийм ажилд жилдээ ганц тэрбум төгрөг зарцуулна гэдэг боломжгүй зүйл биш. Монгол Улс энэ хэмжээний мөнгийг жилдээ гаргаад байхад эмэгтэйчүүдээ хэдэн зуугаар нь хорт хавдраар алдахгүй байж болно. Гэхдээ бид юуны өмнө судалгааны ажлаа дуусгаж, тодорхой саналуудаа танилцуулах ёстой. Харин эцсийн шийдвэрийг дээд түвшний удирдлагууд гаргана.
-Орон нутгийн удирдлагуудын дэмжлэг чухал гэж та ярьсан. Монголын нөхцөлд аймаг, дүүргийн Засаг дарга нар, ИТХ-ынхан та бүхний санал санаачилгыг хэр ойлгож, дэмждэг вэ?
-Та бид хоёр өнөөдөр ярилцаж суугаа шиг одоогийн нөхцөл байдлаа ярьж, ойлгуулахын хэрээр дэмжинэ гэж бодож байна. Өмнө нь асуудлыг зөвхөн нэг талаас нь хардаг байсан байж магадгүй. Өвчин гэхээр л эмнэлэг, эмч мэднэ, тэдний шийдэх асуудал гэх ойлголт байсан. Харин ордост харсан туршлагаа ярьж, олон улсын зорилго, зорилтоо тайлбарлаж, салбарын яам бодлогын хэмжээнд дэмжиж тусалж байгааг учирлавал удирдлагууд ойлгож, дэмжих байх аа.
Улсын хэмжээнд нэг жилд ердөө тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Тэгвэл энэ мөнгийг аймаг, нийслэлүүдэд хуваагаад үзвэл санхүүгийн дарамт улам багасна шүү дээ. Орон нутгийн удирдлагууд, улстөрчид, бодлого боловсруулагчид асуудлыг энэ өнцгөөс харж, хамтарч ажиллавал том үр дүнд хүрнэ гэж бодож байна.
Б.Энхжин