Олон нийтийн радио, телевизийн хамт олны зөвлөл
Удирдах зөвлөлөө хуулийн дагуу ажиллаж чадахгүй байна гэж үзээд огцрох
шаардлага хүргүүлээд буй билээ.
“Олон нийтийн радио, телевизийн нийтлэг
зорилго нь хараат бус, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг байгуулан
төлөвшүүлэх. ОНРТ-ийн хууль гарч, мөрдөж эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд
дээр доргүй учраа олохгүй мунгинаж “гал унтраах” төдийхнөөр ажиллаж ирлээ”
хэмээн Хамт олны зөвлөл үзэж буй юм.
Нэг намын харьяалалд байж
олон жил нэг л үзэл бодлыг дамжуулдаг байсан телевизийг бага багаар өөрчилж,
орчин үеийн шаардлагад нийцсэн телевиз болгохоор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй
алба байгуулжээ. Судалгаа шинжилгээ хийж, эфирийн цагийн хэчнээн хувийг
уран сайхны, нийгэм эдийн засгийн нэвтрүүлэг эзлэх ёстой, залуучуудад
зориулсан цаг хэд байх вэ гэдгийг тооцож үзсэн байна. Үүнийгээ үндэслэн
бодит мэдээлэл, танин мэдэхүйн чиглэлийн нэвтрүүлгийн цагийг уртасгаж, өглөө,
үдшийн нэвтрүүлгийнхийг богиносгон, зөв голдиролд оруулах ажлыг хийж эхэлжээ. Гаднын
мэдээллийн хэрэгслүүд ч ийм зарчмаар ажилладаг.
Гэтэл сүүлийн үед энд
байдал эсрэгээрээ эргэсэн юм байх. Хэтэрхий нэг талыг барьсан нэвтрүүлгүүд
цацагдаж, олон нийтийн гэдэг статусаа алдаж эхэлсэн гэж шүүмжилдэг. Олон түмэн
шууд харилцаж чадахаа больж, нэг ч нэвтрүүлэгт үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй
болжээ. Иргэдээс мэдээлэл авдаг, шууд харилцдаг нэг ч утас тэнд байхгүй гэсэн.
“Олон нийтийн телевиз гэдэг
утгаараа тэнцвэртэй мэдээлэл өгөх шаардлагатай. Гэтэл илэрхий нэг талыг барьсан
нэвтрүүлэг хийгээд байна. Үүнийг болиулж, зөв урсгалаар нь хөгжүүлэх гэж л
тэмцээд байна. Өрсөлдөөн дунд оршиж байгаа шүү дээ” хэмээн Хамт олны зөвлөлийн
гишүүд ярьсан.
Ажилчдын дунд явуулсан аттестатчлал хуудуутай болсон талаар ОНРТ-ийнхэн гомдол
гаргасан. Энэ асуудлыг анхандаа ямар ч маргаангүй ном журмын дагуу болсон
мэтээр мэдээлж байсан ч сүүлдээ Хяналтын зөвлөл нь дүгнэлт гаргаж, шалгалтад
тэнцээгүй, 60-аас доош оноо авсан 95 ажилтныг давтан сургалтад хамруулж
тодорхой хугацааны дараа дахин шалгалт өгөх боломжийг хангах, үүнтэй уялдан
хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл авсан 33 хүнд өгсөн мэдэгдэл,
үйлчилгээний албыг татан буулгасан шийдвэрээ хүчингүй болгож тендерт шалгарсан
компанитай байгуулсан гэрээгээ цуцлах зэрэг хэд хэдэн даалгаврыг ерөнхий захиралдаа
үүрэг болгожээ.
“Нэг сарын дараа шалгалтын
дүнг гаргасан гэсэн гомдол 18 хүн гаргасан. 12 нь материалаа үзсэн, оноог
захирал хувийн үзэмжээрээ бууруулсан нь маргаан гарах үндэс болсон, 15 хоногийн
өмнө шалгалт авах журмыг гаргаж тавьсан, үсгийн фондыг зургаагаар бичсэн нь
тийм ч жижиг биш гэж үзэж байна” гэх зэрэг хариултыг Үндэсний зөвлөл өгсөн нь өөрсдийгөө
хаацайлах, бусад руу буруугаа чихэх гэсэн оролдлого байж мэдэх нь. Одоо манайд
хэчнээн хүн ажилладаг билээ. Тэгэхэд ийм юм ярьж байгаа нь утгагүй хэмээн” Хамт
олны зөвлөл үзэж байгаагаа хэлсэн.
ОНРТ дотор болоод байгаа
бужигнаан зөвхөн телевизид болоод байгаа юм уу, радиод байдал ямар байгаа
талаар “Аливаа байгууллагын удирдлага солигдоход хуучин хамт олон эсэргүүцдэг.
Ажлаа сайн хийгээд хамт олноо зөв удирдвал аяндаа хүндэлж эхэлдэг. Одоогийн
удирдлага хэрээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулж байгаа учраас ийм их давалгаа
үүсч байна. Уран бүтээлчид бид цаг наргүй ажилладаг. Би 09.00-18.00 цаг хүртэл
албаны утсаар ярих эрхтэй. Түүнчлэн ОНРТ-ийн жолооч нар аль тааралдсан шатахуун
түгээх станцаас шатахуунаа авдаг байлаа. Гэтэл одоо Л.Нинжжамцын даалгавраар
зөвхөн “Сод Монгол”-оос л авах болсон. Улаанбаатарт тийм станц хэдхэн байдаг.
Ядаж шатахуун авах гэж нэлээд хэдэн км газар туулах хэрэгтэй болно. Ажилд маш
их халгаатай. Хажууханд өчнөөн ШТС байна. Ганц хоёр жишээ татахад л ийм. Үүнийг
засч залруулах цаг болсон” хэмээн МҮОНР-гийн сэтгүүлч Д.Шагдарсүрэн ярилаа.
ОНРТ-ийн үйл ажиллагааг
УИХ-аас томилогдсон ажлын хэсэг шалгахаар болсон. Хамт олны зөвлөл өчигдөр
ажлын хэсгийнхэнд тайлбар бичиг уламжилжээ. Үүндээ хамт олны саналыг тусгасан
байна.
Тайлбар бичгийн зарим зүйлийг танд хүргэе. “ОНРТ бол хараат бус байгууллага
гээд үүссэн хямралт байдал нь хуулиар хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй,
удаа дараа хууль зөрчиж, тэр нь бүх шатны шүүхээр нотлогдсоор ирсэн ОНРТ-ийн
Үндэсний зөвлөлийн хариуцлагагүй, дур зоргоороо үйл ажиллагаатай шууд холбоотой
гэж манай хамт олон үзэж байна. Үүний үр дагаварт үндэсний радио, телевиз
боловсронгуй бус бүтэцтэй, хариуцлагын механизмгүй, удирдлага хэт төвлөрсөн,
хөтөлбөр төлөвлөлтийн хараат байдал даамжирсан байгууллага болж хувирав. Энэ
тухай олон удаа бичгээр сануулж байсан боловч үл хайхарлаа. Үүнд дотоод
хяналтын механизм гаж буруу тогтсоны үр дагавар голлон нөлөөлж байна” гэжээ.
“Гадаад харилцаа, хөрөнгө
оруулалтын, Удирдлага зохион байгуулалт ёс зүйн гэсэн хуульд байхгүй хоёр
хороог ОНРТ-ийн Үндэсний зөвлөл дур мэдэн байгуулж, түүнээ байгууллагын дүрмэнд
суулган батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан ч бүртгэж
аваагүй. Хяналтын зөвлөлийн гишүүдийг зөвлөл дотроосоо бүрдүүлж, нэг гишүүн
толгойлж байгаа нь тогтсон нийтлэг жишигт ч, албан ажлын ёс зүйд ч зохицохгүй асуудал,
иймд хяналтын зөвлөлдөө гаднаас төлөөлөл оруулж шинэчлэн байгуулах хэрэгтэй”
гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн
тайланд тусгасаар байхад Хамт олны зөвлөлд ирүүлсэн бичигт “ОНРТ-ийн хуулийн
28.2 дахь зүйлд Хяналтын зөвлөлийн гишүүдийг хаанаас сонгох асуудал
зохицуулагдаагүй тул Хяналтын зөвлөлийг байгуулсан нь хууль зөрчсөн явдал гэж
үзэхгүй байна” хэмээн өөрсдийгөө зөвтгөжээ.
ОНРТ-ийн хууль хэрэгжиж
эхлээд хоёр жил болж байхад тус байгууллагын стратеги төлөвлөгөө гараагүйгээр
барахгүй ажлын нэг ч тодорхой тайлан тавиагүй. Өнөөг хүртэл байгууллагын бүтэц,
зохион байгуулалт нэг мөр шийдэгдэж чадаагүй хэвээр байна. Өнөөдөр манай
байгууллагад шийдвэрлэгдээгүй, ойлгомжгүй зүйл хэтэрхий олон. Удирдлага
менежментийн төсөл алга. Техник, технологийн шинэчлэл хийгдсэнгүй. ОНРТ-ийн
тухай хуулийн 4.1-д “Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх,
бодит мэдээлэл олж авах, иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод
байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс
төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх зарчмыг
баримтална” гэж тодорхойлсон байгаа.
Харамсалтай нь хуулийн энэ
чухал заалт хэрэгжихгүй байна хэмээн нэлээд олон зүйлийг бичсэн тайлбар бичгээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэгт хүргүүлжээ.
Тайлбарынхаа төгсгөлд “Хуулийн заалтыг буруу хэрэглэн хэний ч, ямар ч
хяналтгүйгээр өөрсдийгөө дархалсан, эрх ашгийн зөрчилтэй ОНРТ-ийн Үндэсний
зөвлөл энэ байдлаараа удаан оршин тогтнох юм бол манай байгууллага төдийгүй,
улс нийгэмд ч хортой үр дагавар авчирч, хуулийн нэр хүндийг унаган, үйлчлэлийг
ч зогсоож мэдэх аюултай тул тэднийг яаралтай эгүүлэн татаж, хууль ёсыг сахин
ажиллаж чадах, шинэ, шударга, өндөр чадамжтай Үндэсний зөвлөл бүрдэж ажиллах
нөхцөлийг нэн даруй хангаж өгнө гэдэгт найдаж байна” хэмээжээ.
ОНРТ-ийн дотор болж буй үйл
явдал цаашид хэрхэн өрнөх нь өнөөдөр тодорхой болно. Тэд Үндэсний зөвлөл тэдний
шаардлагад ямар хариу өгөхийг хүлээж байгаа аж. Хэрэв шаардлагыг нь хүлээж
авахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Хамт олны зөвлөлөөс Л.Нинжжамц энд ажиллах эрхгүй хүн гэсэн саналын хуудас тарааж,
хүмүүсээс гарын үсэг цуглуулж байсан. “Манайх ойролцоогоор 1000 ажилтантай.
Үүний 80 гаруй хувь нь биднийг дэмжих гарын үсгээ зураад байгаа” хэмээн Хамт
олны зөвлөлийнхөн ярьж байлаа.
Б.Ариун