gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -11
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3546₮
Цаг агаар
 -11
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3546₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -11
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3546₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

IKEA-г үүсгэн байгуулагч Ингвар Кампрадын АМЖИЛТЫН НУУЦ

А.Наранцацрал
Дэлхийд
2018-01-30
0
Twitter logo

-Үнэтэй сайхан эд хийх амархан, харин сайхан эдийг хямд хийх гээд үз дээ-

Шведийн алдарт гэр ахуйн бараа үйлдвэрлэгч IKEA-гийн үүсгэн байгуулагч Ингвар Кампрад 91 насандаа таалал төгслөө. 

IKEA-гийн албан ёсны мэдэгдэлд Кампрадыг ХХ зууны хамгийн агуу үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн нэгээр нэрлэжээ.

"Кампрад амьдралынхаа сүүлийн мөч хүртэл ажилласаар ирсэн. Тэрбээр шаргуу хөдөлмөрч, халуун дулаан хүн байсан" хэмээн компаниас мэдээллээ.

Монголчууд бидний хэзээний танил дэлхийд алдартай энэхүү брэндийн бүтээгдэхүүнийг өдөр тутмын аж амьдралдаа хэрэглэсээр багагүй хугацаа өнгөрчээ.  Бараа бүтээгдэхүүн нь хямд хэрнээ энгийн чамин загвартай, өнгө үзэмж сайтай, хэрэглэхэд хялбар, амьдрах орчны тав тухыг бүрэн хангаж чаддаг гээд давуу тал олон.

Өдгөө IKEA дэлхий дахинд 389 дэлгүүр ажиллуулж байна. 194 мянга гаруй ажиллагсадтай бөгөөд компанийн захирлаар Петер Агнефьель ажиллаж байна.

IKEA, Кампрад хоёр Шведийн нийгэмд улс төрчдөөс илүү ихийг бүтээсэн гэж ярьцгаадаг байна.

Харин энэхүү аугаа брэндийг үүсгэн байгуулж, ийнхүү дэлхийн тавцанд гаргаж чадсан хүн бол Ингвар Кампрад юм. Түүнийг дэлхийн хамгийн баян таван эрхмийн нэгд тооцдог ч мөнгөнд маш нарийн ханддаг гэдгийг нь тэр бүр мэддэггүй.

Бизнесийн нарийн ухаантай, хөдөлмөрч, бүтээлч Шведийн төдийгүй дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн нэг Ингвар Кампрад дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс сайхан тавилга, интерьерийн эд зүйлсийг боломжийн үнээр худалдаж авах боломжтой болоосой гэж хүсч байсан гэдэг. Энэ эрмэлзэл нь ч биеллээ олжээ.

Их Британийн “Icon” сэтгүүлд “Хэрвээ IKEA байгаагүй бол ихэнх хүнд орчин үеийн дизайнтай бүтээгдэхүүн хүрэхгүй байсан” гэж бичиж байжээ. Харин Кампрадын тухай тус сэтгүүл “хэрэглэгчдийнхээ сонголт сонирхолд хамгийн хүчтэй нөлөөлж чаддаг хүн”-ээр нэрлэжээ. IKEA, Кампрад хоёр Шведийн нийгэмд улс төрчдөөс илүү ихийг бүтээсэн гэж ярьцгаадаг байна.

1897 онд өвөөгийнх нь эзэмшиж байсан пүүс дампуурлын ирмэгт тулаад байжээ. Улмаар зээлээ төлж дийлээгүй тул амиа хорлосон байна.

Ингвар Кампрад 1926 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Шведийн өмнөд хэсэгт орших Смаланд мужийн Эльмхульт хэмээх жижиг хотод төржээ. Түүхчид бизнесийн арга ухаан түүний өвөөгөөс улбаатай гэж үздэг. 1897 онд өвөөгийнх нь эзэмшиж байсан пүүс дампуурлын ирмэгт тулаад байжээ. Улмаар зээлээ төлж дийлээгүй тул амиа хорлосон байна. Харин Ингварын эмээ бүгдийг даван туулах сэтгэлийн хаттай байлаа. Тэрбээр ач хүүдээ хүнд хэцүү үеийг  шаргуу хөдөлмөр, сэтгэлийн тэнхээгээр ялан дийлж чаддаг болоход сургажээ.

“Миний эмээ Франциска, эсвэл бидний авгайлж заншсанаар Фанни зөвхөн надад бус бүхий л гэр бүлд маань томоохон нөлөө үзүүлсэн юм. Тэр маш ухаалаг эмэгтэй байсан” хэмээн Ингвар Кампрад дурсжээ.

Ингвар Кампрад багадаа /зүүн талд/

Ингвар Кампрадын ойр дотныхон нь түүнийг хэзээ ч алддаггүй маркетингийн гайхалтай чадварлаг мэргэжилтэн, хосгүй ухаантай хүн гэж нэрлэдэг. Кампрад өөрийгөө сургууль төгсөөгүй гэдэг ч дэлхий даяар бизнес эрхлэгчид түүний стратегийг судалж, түүнээс суралцаж байдаг аж. Энэ нь ч үнэн. Тэрбээр хэзээ ч дээд сургуульд суралцаж байгаагүй ба бага байхдаа ч уншиж сурах гэж тун урт хугацаа зарцуулж байсан гэдэг.

Кампрад анхны наймаагаа хүүхэд насандаа хийж байжээ. Тэрбээр харандаа, шүдэнзийг бөөнөөр нь худалдан аваад, ангийнхандаа хэд дахин үнэлж зардаг байв. Сургуульд байхдаа Ингвар загаснаас эхлээд Зул сарын ил захидал зэрэг төрөл бүрийн зүйл борлуулж байлаа. Энэ бүхэн түүнд жинхэнэ сургууль болж байсан гэдэг. Өнөөдрийн IKEA компани түүний цэвэр хувийн туршлага болон ажигч гярхай зан чанарынх нь ачаар бий болсон гэж үздэг.

Тухайн үед анхныхаа ашгийг хүртэхэд ямар сайхан мэдрэмж төрж байсныг одоо хүртэл санаж байна. Би дөнгөж таван настай байсан санагдана” гэжээ.

“Бизнесийн орчинд би бусдаас нэлээд ялгагдаж байсан. Учир нь маш эрт ажил хийж эхэлсэн болохоор тэр. Авга эгч маань Стокгольмд 88 эрегийн (Шведийн зоосон мөнгө) үнэтэй байсан анхны зуун хайрцаг шүдэнзээ худалдан авахад минь тусалсан юм. Бараа маань боодлоороо 88 эрегийн үнэтэй байснаас гадна эгч маань шуудангийн зардал ч надаас аваагүй. Дараа нь би шүдэнзээ хайрцаг бүрийг нь хоёроос гурван эрегээр борлуулж, заримыг нь бүр таван эре хүргэж байв. Тухайн үед анхныхаа ашгийг хүртэхэд ямар сайхан мэдрэмж төрж байсныг одоо хүртэл санаж байна. Би дөнгөж таван настай байсан санагдана” гэжээ.

IKEA-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН НЬ

Ирээдүйн бизнес эрхлэгч маань мөнгөө байнга хуримтлуулж байлаа. Сургуулийн нөхөд нь хөл бөмбөгийн талбайд тоглож эсвэл охидтой болзоход л цагаа зарцуулж байсан бол Кампрад зорьсон үйл хэргээ хэрхэн гүйцэлдүүлэх талаар л бодно. Ингээд 17 настайдаа (1943 онд) хуримтлуулсан хэдэн крон дээрээ аавынхаа өгсөн мөнгийг нэмээд IKEA  компаниа байгуулжээ.

Компанийн нэр дөрвөн үгний товчлол юм. Тодруулбал, эхний хоёр үсэг нэрнийх нь, гурав дахь нь өвөөгийнх нь үүсгэн байгуулсан Эльмтарюд пүүс, сүүлийнх нь төрөлх Агуннарюд хэмээх газрын нэрний эхний үсгүүд юм байна.

Сонирхолтой нь, Ингвар Кампрад бизнесийн ертөнцөд албан ёсны орон зай шаардаж байсан нийлүүлэгчидтэйгээ харьцаагаа муутгахгүйн тулд л IKEA-г байгуулсан гэдэг. Мөнгөгүйгээсээ болоод залуу Ингвар компаниа бүртгүүлэх боломжгүй байсан тул ааваасаа тусламж авчээ.

Үйлчлүүлэгчдээ дэлгүүрт цайлах энэ санаа явсаар хожмоо IKEA дэлгүүр болгонд зоогийн газар байгуулагдах үндэс болсон гэдэг.

Эхэндээ залуу Кампрад шүдэнз, оймс зэрэг жижиглэнгийн бараа борлуулдаг байв. Хамгийн өндөр эрэлттэй бүтээгдэхүүн нь Шведэд 40-өөд онд үзэг байжээ. Кампрад банкнаас 500 крон (тухайн үеийн ханшаар 63 доллар) зээлж Парисаас 500 үзэг авч зарсан байна.

Хэрэглэгчдээ татахын тулд тэрбээр дэлгүүрийн нээлтэнд ирсэн хүн бүрийг нарийн боов, кофегоор дайлна гэсэн нь энэхүү бяцхан арга хэмжээнд мянга гаруй зочид ирэхэд хүргэжээ. Ийм арга хэмжээ нь сүүлийнх нь байгаагүй  юм. Хүн бүр кофегоор дайлууллаа. Харин үйлчлүүлэгчдээ дэлгүүрт цайлах энэ санаа явсаар хожмоо IKEA дэлгүүр болгонд зоогийн газар байгуулагдах үндэс болсон гэдэг.

Удалгүй залуу бизнесмэний анхаарлыг Шведийн амьдралын онцлог татсан байна. Ихэнх хүмүүст тавилга  хэтэрхий өндөр үнэтэй байсан учраас тансаг бараанд тооцогддог байлаа. 1948 онд түүнд тавилгын худалдаа хийх сайхан санаа төрсөн нь түүний цаашдын бизнест хэчнээн том амжилтыг авчрах байсныг хэрхэн мэдэх билээ.

Хамгийн хямд тавилгыг хаанаас нийлүүлэхээ бодож оллоо. Ингвар тавилгын жижиг  үйлдвэрүүдтэй тохиролцов. Түүний дэлгүүрт кофены ширээ болон гарын тавиургүй сандал нэмэгдэв. Сандлаа тэрбээр “Рут” хэмээн нэрлэснээс хойш бараа болгон нь өөрийн гэсэн нэртэй болжээ.

Түүний зэрэгцээ Кампрадын толгойд төрөл бүрийн бизнесийн санаа орж ирж байлаа. Тэрбээр худалдан авагчдадаа “IKEA-гийн мэдээ” хэмээх танилцуулга  тарааж эхэллээ. Чухам тэрхүү танилцуулга нь өнөөдрийн IKEA-гийн барааны каталогийн нэг хэлбэр байсан юм.

Залуу бизнесмэн шууд л бага болон дунд орлоготой худалдан авагчид руу анхаарлаа хандуулжээ. Үүний тулд тэрбээр тавилгын үйлдвэрүүдээс хямд бүтээгдэхүүн захиалж байв.

“Өндөр үнээр 60 сандал зарахын оронд үнийг нь буулгаад 600-г зарах нь харьцангуй ашигтай”

Ингвар Кампрад

1950-иад оны эхээр Ингвар Кампрад Шведэд хуучны үйлдвэр худалдан авч бүр хямд тавилга үйлдвэрлэхээр болжээ. Тавилга үргэлж өндөр үнэтэйд тооцогддог байсан тус улсад цочирдом хэрэг байлаа. Түүний энэхүү эрсдэлтэй алхмыг өрсөлдөгчид нь анзааралгүй өнгөрөөж чадаагүй юм. Кампрадын эсрэг бойкот зарлалаа. Тавилга худалдаалагчдын үндэсний холбоо IKEA-гийн  дэлгүүрт тавигдсан барааны хэт хямд үнэд бухимдаж, мод бэлтгэгчдийг IKEA-тай хамтарч ажиллахаа зогсоохыг ятгажээ. Эцэст нь тэрбээр түүхий эдийг польш нийлүүлэгчдээс худалдан авдаг болов.

Тавилгын анхны IKEA  дэлгүүр 1953 онд үүдээ нээлээ. Харин таван жилийн дараа 6700 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий томоохон дэлгүүр байгуулагджээ. Харин одоогийнхтой адил үргэлж шар цэнхэр өнгөтэй байсангүй. Өмнө нь худалдааны төвүүд нь улаан цагаан байсан бол одоо бүх сүлжээ дэлгүүрүүдээ Шведийн төрийн далбааны  өнгөөр “будсан” байна.

Өмнө нь худалдааны төвүүд нь улаан цагаан байсан бол одоо бүх сүлжээ дэлгүүрүүдээ Шведийн төрийн далбааны  өнгөөр “будсан” байна.

Удалгүй Ингвар Кампрад жирийн нэг Смоландаас гаралтай хүү биш боллоо. Харин ч хэн нэгний хувьд өөртөө итгэлтэй аюултай өрсөлдөгч болсон байв.

Худалдан авагчдад өөрсдөө тавилгаа угсрах боломж олгосон бөгөөд тэд ч шүүгээ, буйдангаа бие даан угсрах дуртай байсныг Кампрад анзаарсан байна. Ялангуяа угсрах үйл явц нь хялбар бөгөөд заавар нь ойлгомжтой байх нь чухал байв.

60-аад оны эхээр Кампрад Америк руу нэн чухал аялал хийжээ. Тэнд “Cash&Carry”-гийн системээр ажилладаг дэлгүүрүүдийг анх удаа харсан байна. Түүнд аварга том дэлгүүрүүд хотын гадна байрлаж, худалдан авагчид нь тэрэг түрээд өөртөө үйлчлэн, авсан зүйлсээ машин руугаа зөөвөрлөн хийж байгаа нь их таалагджээ.

1963 онд IKEA Стокгольмд америк маягийн хэрнээ жаахан засварласан хувилбараар томоохон дэлгүүр байгууллаа.  Нэгдүгээрт хотын зах байсан тул газар харьцангуй хямд, мөн машины зогсоолтой ч байлаа. Хоёрдугаарт, тээвэрлэлтийн зардлаа хэмнэхийн тулд эд анги бүр нь тусдаа боодолтой, салангид тавилга захиалан хийлгүүлэх болжээ. Учир нь энэ нь тээвэрлэхэд авсаархан бөгөөд хямд тусаж байв. Худалдан авагчдад өөрсдөө тавилгаа угсрах боломж олгосон бөгөөд тэд ч шүүгээ, буйдангаа бие даан угсрах дуртай байсныг Кампрад анзаарсан байна. Ялангуяа угсрах үйл явц нь хялбар бөгөөд заавар нь ойлгомжтой байх нь чухал байв.

Гадна заслаараа Нью-Йоркийн Гуггенхаймын музейг санагдуулам “Kунгенс Курва” хэмээх нэртэй дэлгүүрээ нээхдээ Ингвар Кампрад тун чухал зүйл тооцоолоогүй орхижээ. Олон мянган хүн IKEA-гийн лангуун дээрх барааг хуу хамах магадлал өндөр учир бараа хүрэлцэхгүй байх эрсдэлтэй байв. Ингээд Кампрад худалдан авагчдаа агуулах руу нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна. Азаар энэ нь олон жилийн туршид IKEA-д ихээхэн ашиг авчирж, амжилтанд хүргэх гол түлхүүр болжээ.

Агуулахтай дэлгүүр бол орчин үеийн худалдан авагчдад яг тохирсон сонголт байлаа.

Агуулахтай дэлгүүр бол орчин үеийн худалдан авагчдад яг тохирсон сонголт байлаа. “Кунгенс Курва” дэлгүүрийн ажиллах хэв маягийг компани мөнхөд хадгалан авч үлджээ. Өнөөдөр IKEA дэлгүүр болгон өөрийн гэсэн үзэсгэлэнгийн төвтэй бөгөөд тэндээ зөвхөн буйдан, шүүгээ бус хөшиг, бүтээлэг алчуур, гэрэл чийдэн гээд гэр ахуйн бүхий л хэрэглээний бүтээгдэхүүн худалдаалагддаг юм.

Түүний зэрэгцээ бодит амьдрал дээр байдагтай ижил хэлбэрээр засаж тохижуулсан байдаг билээ.

IKEA ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ХӨЛ ТАВЬСАН НЬ

Эх орондоо IKEA амжилтын оргилд хүрснийхээ дараа гадны зах зээлд нэвтрэхээр шийджээ. Гэвч компанийн тэргүүн Швейцарьт дэлгүүр нээх эсэхэд эргэлзэж байв. Учир нь тус улсын хэрэглэгчид хуучинсаг үзэлтэй гэдгээрээ алдартай байлаа. Гэвч Кампрад нэг удаа Цюрихийн гудамжаар алхаж яваад залуу хосын яриаг сонсчээ. “Ямар гоё сандал вэ” хэмээн залуу бүсгүйг хэлэхэд нөхөр нь “Арай үнэтэй юм. Хоёулаа дараа жил авъя” гэснийг сонсоод эцсийн шийдвэртээ хүрчээ. 1973 онд IKEA Швейцарьт үүдээ нээлээ. Дараа нь Герман, Австри, Их Британи, АНУ-д.

Африк, Азиас бусад бүхий л газруудад үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байв. Харин өнөөдөр IKEA дэлхийн өнцөг булан бүрт дэлгүүрээ нээсэн бөгөөд борлуулалтын ихэнх хувийг Европын зах зээл бүрдүүлдэг байна.

1976 онд IKEA Канадад нээгдсэн бол 1981 онд Францын нийслэл Парис хотноо анхны дэлгүүрээ нээлээ. Өнөөдөр Францад үйл ажиллагаагаа явуулж буй IKEA-гийн салбарууд борлуулалтаараа Шведийг ардаа орхижээ.

Ингвар Кампрад аавтайгаа

Компани цаашид хэрхэн оршин тогтнох эсэх нь бүрхэг биш ч хөгжингүй орнуудын хөгширч буй хүн ам IKEA-гийн “энгийн бөгөөд орчин үеийн” дизайныг гайхан шагширч хүлээн авах нь багасчээ. Учир нь зах зээлд Италийн “Argos”, Данийн “Ilva” зэрэг ижил төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд томоохон өрсөлдөгч болоод байна.“Forbes” сэтгүүл 2008 онд Ингвар Кампрадын хөрөнгийг 23 тэрбум ам.доллараар үнэлж байсан ч 2011 онд яагаад ч юм ердөө 6 тэрбум ам.доллар гэж тэмдэглэжээ. Харин  2012 оны гуравдугаар сарын 5-нд Ингварыг Европын хамгийн чинээлэг таван эрхмийн нэгээр нэрлэсэн бөгөөд хөрөнгийг нь 40 гаруй тэрбум ам.доллараар үнэлж байлаа.

Үе тэнгийнхэн нь цаг заваа зугаа цэнгэлд өнгөрөөж байхад Ингвар гэр бүлийнхээ дэмжлэгээр идэр залуухан насандаа бизнесмэн болж чадсан.

Түүнээс гадна интернэт дэлгүүрийн үйлчилгээ тэсрэлт хийж байгаа нь өнөө цагт уламжлалт худалдаанд аюул учруулж болзошгүй байдалд хүргэжээ. Гэлээ ч IKEA-гийн цахим хуудаст 12 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг ба жил ирэх тусам үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

ИНГВАР КАМПРАДЫН ГЭР БҮЛ

Үе тэнгийнхэн нь цаг заваа зугаа цэнгэлд өнгөрөөж байхад Ингвар гэр бүлийнхээ дэмжлэгээр идэр залуухан насандаа бизнесмэн болж чадсан. Түүний анхны худалдан авагчид нь аав, ээж, эмээ, эгч гээд ойр дотныхон нь байв.

Ингвар тэдэнд итгэж найдан, тэдний туслалцаанд түшиглэн бизнесээ явуулдаг байжээ. Гэрийнхэн нь хэн нэгэнд илгээмж явуулах бол боож баглана, утасны дуудлагад хариулна, санал гомдлыг барагдуулна. Түүний гэр нь ажлын байр, ажлын байр нь гэр болон хувирчээ. Ийнхүү түүний гэр бүл компани нь болсон тул тэрбээр компанидаа ч гэр бүл шигээ ханддаг болов.

“Ээж маань даруухан баатарлаг эмэгтэй байлаа. Ээж минь хорт хавдраар өвчилж, 53-тайдаа тэнгэрт хальсан юм. Хэдэн жилийн дараа би хорт хавдрын өвчнийг судлах сан байгуулсан. Эльмхультын бизнесмэнүүд жил бүрийн Зул сараар энэ санд хандив өргөдөг”  гэжээ.

Анхны эхнэр Керстин Уодлингтайгаа Ингвар танилцаад гурван жил амьдраад хоёр тийш болжээ. Нөхөр нь хэтэрхий их цагийг ажилдаа зарцуулдаг байсан учраас эхнэр нь тэгж амьдрахыг хүсээгүй аж. Тэд дундаасаа хүүхэдгүй байсан тул хоорондын харьцаагаа дотносгохын тулд нэг охин үрчилжээ. Гэлээ ч эцсийн эцэст гэр бүлээ цуцлуулсан бөгөөд удалгүй эхнэр нь өвчнөөр өөд болов. Харин Ингвар охин Анникатайгаа уулзалгүй удсан ч олон жилийн дараа харьцаагаа дахин сэргээсэн байна.

Ингээд хэсэг хугацааны дараа Кампрад Италид аялаж байхдаа Маргарета Стеннерт хэмээх залуухан багш эмэгтэйтэй танилцаад, улмаар 1963 онд гэрлэж, гурван хүүтэй болжээ. Эхнэр Маргарета нь 2011 онд өвчний улмаас таалал төгсчээ.

Төрөлх Швед орноос тэрбээр 1976 онд зугтжээ. Шалтгаан нь тун энгийн. Швед дэлхийн хамгийн өндөр татвартай орны тоонд багтдаг байсан бөгөөд орлогын албан татвар нь 70 хүртэлх хувьтай байжээ. Тэрбээр 30 гаруй  жил Швейцарьт амьдарсан ба 2013 оны зургаадугаар сард эх орон руугаа буцна гэдгээ зарлаж байлаа.

Ингвар Кампрад охин Анникагаас гадна Петер, Йонас, Матиас хэмээх гурван хүүтэй бөгөөд тэд бүгд өв залгамжлагчид.

Мөнгөнд ариг гамтай хандах арга ухаанд Кампрад хүүхдүүдээ сургажээ. 

Одоогоор “Inter IKEA”-гийн ТУЗ-ийн даргаар түүний бага хүү Матиас, дунд хүү Йонас “IKEA Group”-ийн ТУЗ-ийн гишүүн, харин том хүү Петер гэр бүлийн хувийн хөрөнгө оруулалтын “Ikano Group” -ийн захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Мөнгөнд ариг гамтай хандах арга ухаанд Кампрад хүүхдүүдээ сургажээ. Бага хүү Матиас оюутан байхдаа амралтаараа гэрийнхээ эдлэнд мод тайрдаг байснаа дурсан санаж байв. Гэхдээ аав нь хөлсний ажилчдад төлдөг байснаасаа ч багаар цалинжуулдаг байжээ. Сургуулиа төгссөнийхөө дараа Матиас IKEA-гийн худалдааны төвд ажилд орсон байна.

“Миний анхдагч зардал хүртэл маш бага байсан. Заримдаа эхнэр бид хоёр “модоо барих”-аа дөхөж, IKEA-гийн хоолны газраас хямд хоол авч иддэг байлаа” хэмээн тэрбээр инээмсэглэн дурсжээ.

Дээд зэргийн арвич хямгач, хэмнэлт хийх чадвараараа хэнийг ч араасаа дагуулдаггүй хүн бол Ингвар Кампрад гэлцдэг.

ЕВРОПЫН ТЭРГҮҮН БАЯЧУУДЫН НЭГ Ч КАМПРАД ТУН ЭНГИЙН АМЬДРАЛТАЙ БАЙВ

Дээд зэргийн арвич хямгач, хэмнэлт хийх чадвараараа хэнийг ч араасаа дагуулдаггүй хүн бол Ингвар Кампрад гэлцдэг. Мэдээж тэрбумтнуудын дунд Амансио Ортега, Уоррен Баффет зэрэг мөнгөнд нарийн ханддаг баячууд олон байв.  

Гэхдээ Кампрад шиг хүн ховор. Тэрбээр томилолтоор явахдаа гурван одтой зочид буудалд бууж, орой хүртэл өлсөхгүйн тулд өглөөний цайгаа (ихэвчлэн өглөөний цай өрөөний тооцоонд багтдаг бол) ханатлаа ууж, идэж авна.

Хэрвээ үнэхээр хоол идэх шаардлага гарвал хямдхан хоолны газар орно эсвэл хачиртай талх авч иддэг байжээ. Гадагшаа явахдаа таксигаар явах нь ховор, нийтийн тээврээр зорчихыг илүүд үздэг нэгэн.

Мөн хэзээ ч бизнес зэрэглэлээр зорчдоггүй байсан бөгөөд хамгийн сайхан амралт бол дугуй унах гэж ярьдаг байв. Түүнчлэн тэрбээр цаасны ар өврийг бүрэн ашиглаж, дүрдэг цайг олон дахин хэрэглэдэг, зоогийн газраас ууталсан элсэн чихэр, давс амтлагчийг нь халаасалдаг бөгөөд 1993 оны Вольво машинаа арваад жил солилгүй унажээ.

“Би тав тухтай тансаг орчинд цагаа өнгөрөөгөөд байвал яаж өөрийнхөө дор ажилладаг хүмүүсээс арвич хямгач байдлыг шаардах юм бэ?”

 “Нэг  крон ч гэсэн мөнгө” гэж хэлэх дуртай тэрбээр үнэтэй хувцас өмсдөггүй, даруу хүн бөгөөд ойр тойрныхондоо ч үлгэр дуурайл болж, зааж сургадаг.

 “Мөнгө хүнийг эвддэг. Мөнгийг дур хүслээ хангах гэж биш хөрөнгө оруулалтанд зарцуулахад ашиглах ёстой”

ТҮҮНИЙ ТУХАЙ ХЭВЛЭЛД

Хүний амьдралд алдаж онох үе олон. Кампрад өөрийгөө төдийлөн “цэвэр ариун” хүн гэж үздэггүй ч сэтгүүлчид түүний тухай шуугиан дэгдээх сүйдтэй зүйл олж бичиж чаддаггүй ажээ.

Түүнийг Польшт ажиллаж байхдаа архинд орж, арван жилийн турш архинд донтох өвчнөөр шаналж байсан хэмээн сэтгүүлч Бертил Турекул Кампрадын намтрын тухай өгүүлэх өөрийн бичсэн номондоо дурджээ.

Мөн 1994 онд “Expressen” сонинд түүнийг залуудаа нацист бүлгэмийн гишүүн байсан гэх нийтлэл гарч байв. Кампрад үгүйсгэхийг хүсээгүй бөгөөд “намайг уучлаарай, хайрт ард иргэд ээ. Намайг уучлаарай, IKEA хэмээх энэ аугаа гэр бүлийн гишүүд ээ. Энэ бол тавин жилийн өмнөх миний тэнэглэл байсан юм. Манан дундах төөрөгдөл байлаа” хэмээн уучлалт гуйжээ.

IKEA ч нэг бус удаа шүүмжлэлд өртөж байв. Хэрэглэгчид тааруу үйлчилгээтэй, замбараагүй олон хүн нэг дор үйлчлүүлснээс дугаарлалт ихтэй, худалдан авагчдын хооронд бие биенээ үл хүндэтгэсэн байдал гардаг, тавилга угсрах ойлгомжгүй заавар, эрэг шургийг дутуу савлаж үйлчлүүлэгчдийг доромжилдог гэх мэтээр хэрэглэгчдийн зүгээс IKEA маш их бухимдалтай тулгардаг байв.

Түүнийг амжилтад хүргэсэн хамгийн гол хүчин зүйл бол саятан болох чин сэтгэлийн эрмэлзэл байсан гэдэг.

Мөн нэг загварын бүтээгдэхүүнийг хэтэрхий олон үйлдвэрлэдгээс ялгарах, онцгойрох зүйл байдаггүй хэмээн үздэг хүмүүс ч цөөнгүй. Түүнээс гадна 80-аад оны дундуур бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ формальдегид хэмээх хорт бодис ашигладаг гэсэн шуугиан дэгдэж байсан ч IKEA компани GREENPEACE судалгааны хөтөлбөрт 3 сая ам.доллар зарцуулснаас хойш удалгүй энэ дуулиан намжжээ.

Түүнчлэн гуравдагч орнуудын үйлдвэрүүдэд IKEA-г хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг ашигладаг гэх дуулиан хэсэг хугацаанд дэгдсэн бөгөөд Шведийн хүний эрхийнхэн Пакистанд оёдлын үйлдвэрт ажиллаж буй хүүхдүүдийн тухай баримтат кино бүтээн, захиалагчаар нь IKEA-г нэрлэжээ.

Энэ мэдээллийн дараа “IKEA-гийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг улс орнуудад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт байдаг ч, IKEA хүүхдийн хөдөлмөрийг ашигладаггүй” хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна.

ИНГВАР КАМПРАД БОЛОН IKEA КОМПАНИЙН АМЖИЛТЫН НУУЦ

Түүнийг амжилтад хүргэсэн хамгийн гол хүчин зүйл бол саятан болох чин сэтгэлийн эрмэлзэл байсан гэдэг. Нөгөөтэйгүүр хувь хүний зан араншинтай компанийн амжилт салшгүй холбоотой. Зарим нь IKEA-г зөвхөн Кампрад л авч яваа гэлцдэг. Хүүхдүүд нь хэчнээн удирдах үйл явцад гар бие оролцож яваа ч гол удирдагч байхгүй болбол компанийн онцгой сайхан чанар үгүйлэгдэх болно гэжээ. Үүнийг Кампрад өөрөө ч мэдэрдэг байжээ. Түүний хувьд албан тушаалаа шилжүүлсэн ч IKEA-гийн үйл хэрэгт урьдын адил идэвхтэй оролцдог байв.

Тэрбээр тун энгийн яриатай, ажиллагсдынхаа дунд орж, тэдэнтэйгээ үг солих, эсвэл лекц унших дуртай. Лекций нь хүн бүр чих тавин сонсоно.

Ингвар нээлтийн арга хэмжээнүүдэд оролцож, дэлгүүрүүддээ шалгалт хийж, худалдааны байгууллагаас эхлээд ажиллагсдынхаа хоолны үнийг хүртэл сонирхдог байжээ. 

Тэрбээр тун энгийн яриатай, ажиллагсдынхаа дунд орж, тэдэнтэйгээ үг солих, эсвэл лекц унших дуртай. Лекций нь хүн бүр чих тавин сонсдог байв.

Ингвар Кампрад хөдөлмөрч, махруу зантай. Залуу байхаасаа эхлээд нас хэвийсэн үедээ ч өглөөнөөс үдэш хүртэл ажилладаг байв. Тэрбээр өдөр өдрөөс өсөн дэвжиж буй энэ том гүрнийг нарийн чанд хяналтандаа байлгаж чаддаг байжээ. Хилийн чанадад ажлаар явахдаа жилд 20 орчим дэлгүүрээ шалгаад амжчихдаг гэнэ. Гэвч энэ шалгалт нь ажилчдад айдас гэхээсээ илүүтэй аз жаргал авчирдаг байв.

IKEA-гийн гэр бүл (Ингвар ажиллагсдаа тэгж нэрлэдэг) түүнийг их халамжтай хэмээн хайрлаж хүндэтгэнэ. Тэрбээр үл анзаарагдам жижиг зүйлд ч анхаарч, ажлын байр болгонд санаа тавина.

“Надаас хааяа залуу байхдаа IKEA-г одоогийнх шиг амжилтад хүрнэ гэж урьдчилан мэдэж байсан уу гэж асуудаг. Мэдээж үгүй. Залуу насны маань хүсэл мөрөөдөл хэмжээлшгүй их бас зоримог байсан ч би тааж хараагүй. Сайхан эд хэрэглэл заавал өндөр үнэтэй байх албагүй гэдгийг батлахад амьдралаа зориулах нь миний хувь заяа байсан юм. Энэ нь өнөөдөр ч шударгад тооцогдоно. Бидний өмнө маш урт зам байна. Эсвэл  миний үргэлж ярьж бичиж байснаар бид дөнгөж замынхаа эхлэлд явна. Сайхан ирээдүй харагдаж байна” хэмээн хэлж байжээ.

МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ

Кампрад “Швед хэв маяг” болсон гэр ахуйн тав тухтай, эвтэйхэн, оновчтой шийдэлтэй хямд эд хэрэглэлийг бий болгожээ. Түүнээс гадна тавилга, гоёл чимэглэл болон дизайны зөвлөгөө гээд орон гэрт зориулсан цогц үйлчилгээг худалдан авагчдад санал болгосон нь түүний суут санаа байлаа.

Хямд тавилга худалдаалдаг олон компани байдаг ч аварга том дэлгүүрт 10 мянга гаруй нэр төрлийн барааг цогцоор нь үзэсгэлэн болгон засаж янзлан тавьдаг нь зөвхөн IKEA юм. Тус компани худалдан авагчдын төрөл бүрийн сонирхол, сонголтонд анхаардгаас гадна гурван түвшний үнийн тогтолцоотой бөгөөд жил болгон нийт бүтээгдэхүүнийхээ гуравны нэгд шинэчлэлт хийдэг байна. 10 мянга гаруй нэр төрлийн барааны 10 хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг бол үлдсэнийг нь 55 улсын 2000 гаруй нийлүүлэгчээс худалдан авдаг.

Маркетингийн мэргэжилтнүүдийн дүгнэснээр дэлхий дахинд IKEA-гийн борлуулалтын 60 орчим хувийг ахуйн нэмэлт аксессуарууд эзэлж байгаа бол тавилгын борлуулалт 40 хүрэхгүй хувьтай байгаа аж.

Их Британийн эрх баригчдын зүгээс IKEA-д  хотын захад томоос том агуулах барихын оронд хот дотроо нэг чиглэлээр дагнасан жижиг дэлгүүрүүд нээх санал тавихад “Ийм зүйл хэзээ ч болохгүй. Бүгд нэгэн дээвэр доор байх нь бидний зарчим” хэмээх хариултыг өгч байв.

IKEA-д хэрэглэгчдийн гэрээр зочилж, бүс нутгийн онцлогийг судалдаг мэргэжилтнүүд ажилладаг. Америкчууд хувцсаа эвхэж хадгалахыг илүүд үздэг бол италичууд өлгүүрт өлгөх дуртай. Испаничууд скандинавчуудаас ялгаатай нь гэр орноо жаазтай зургаар чимж, том ширээ, өргөн буйдан тавих дуртай бөгөөд интерьерийн тод өнгөнд дурладаг.

“Harvard Business School”-ийн нэгэн судалгаанд IKEA худалдан авагчийг дэлгүүртээ удаан хугацаанд байлгаж чаддаг гэжээ. Үүнд худалдааны танхимын зохион байгуулалт тун чухал ач холбогдол өгдөг бөгөөд цогцолбор руу ороход амархан ч гартал уддаг байна.

IKEA энгийн худалдан авалт хийхэд цагийг зугаатай өнгөрүүлэх газар болгон хувиргаж чаджээ. Хүүхдүүдээ тоглоомын талбайд үлдээж болохоос гадна буйдан дээр тухалж, орон дээр нь унтаж амрах ч боломжтой бөгөөд сайхан тохижуулсан бараа бүтээгдэхүүн нь худалдан авагчдын сэтгэлийг үргэлж булааж чаддаг.

Мөн тохилог цайны газар түр амарч кофе ууж суух боломжтой. Худалдагчид нь үйлчлүүлэгчдийнхээ хажууд яваад байдаггүй учраас тэд авах бараагаа тайван сонгож чаддаг байна. Харин шаардлага гарвал шар цэнхэр дүрэмт хувцастай худалдааны зөвлөхийг дуудаж болдог.

Худалдан авагчийн үл анзаарам жижиг хэрэгцээг ч хангаж чаддагаараа IKEA яах аргагүй хэрэглэгчийг өөртөө татдаг юм. Зарим бараа нь цайны газарт зарагддаг халуун зайдсаас ч хямдхан учир IKEA-д “хот дог” гэж албан бусаар нэрлэдэг ажээ.

Мөн барааг нийлүүлэгч компаниуд байнга өсөн нэмэгдэж байдаг бөгөөд IKEA ямар үйлдвэрээр юу хийлгэхээ сайн мэднэ. Жишээ нь, Poang хэмээх алдартай сандлыг хийлгэхийн тулд цанын үйлдвэрт хандсан бол, чанартай буйданг супермаркетын тэрэгний үйлдвэрээр хийлгэдэг байна.

ХЭМНЭЛТ ГЭДЭГ ХЭМНЭХИЙГ Л ХЭЛДЭГ

Хэмнэлт бол зөвхөн үүсгэн байгуулагчийнх нь зан чанар бус, компанийн стратегийн нэг хэсэг. IKEA-д хэмнэлттэй ажиллах чанд хатуу зарчим үйлчилдэг. Маш нарийн стратегийн ачаар бүтээгдэхүүний үнийг барьж чаддагаараа алдартай. Тавилгаа зөвхөн хямд үйлдвэрлэх боломжтой компаниудаас л захиална.

Тухайлбал ширээг нэг улсаас, ширээний хөлийг нь өөр улсаас авдаг нь зардал багасгах маш том ач холбогдолтой гэнэ.  Дээд зэрэглэлийн тансаг байдлын тухай ойлголт IKEA-д байхгүй. Менежерүүд нь Кампрадын адил хоёрдугаар зэрэглэлээр нисч, хямд буудалд буудаллана. Мөн жил бүр гардаг IKEA-гийн каталогийн зурагт компанийн ажиллагсад нь өөрсдөө ордог ажээ.

“Бидэнд гял цал машин тэрэг, нэр сүртэй хэргэм цол хэрэггүй. Бид зөвхөн өөрсдийн хүч чадалд л найддаг” хэмээн Кампрад хэлсэн байдаг.

ХЯМД ҮНИЙН СТРАТЕГИ

Ингвар Кампрадын хэлдгээр IKEA-гийн бүтээгдэхүүний үнэ хэрэглэгчийн сэтгэлийг татдаг байх ёстой. Тус компани “бидний санал болгож буй үнэ бол өрсөлдөгчдийнхийг хоёр хуваасантай тэнцэнэ” гэж ярьдаг. Хэрэв өрсөлдөгч ижил төрлийн харьцангуй хямд үнэтэй бүтээгдэхүүн гаргавал IKEA тухайн барааны дараагийн хувилбарыг байж болох хамгийн доод үнэтэйгээр цаг алдалгүй гаргаж чаддаг байна.

“Үнэтэй сайхан эд хийх амархан, харин сайхан эдийг хямд хийх гээд үз дээ” хэмээн компанийн зүгээс хэлж байжээ. Шинэ бүтээгдэхүүн боловсруулж эхлэхэд IKEA эхлээд үнийн хамгийн дээд хязгаарыг тавьдаг бөгөөд үүний дараа л дизайнерууд бүтээгдэхүүнээ тэр хязгаараас давахгүй байхаар бодож гаргана. Боломжийн үнээр үйлдвэрлэх арга олдохгүй бол нэг ч бараа гарахгүй. Заримдаа нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хэдэн жил ч зарцуулах магадлалтай аж.

“Бид хямд төсөр материал ашиглан сайн үр дүнд хүрч болдгийг нэг бус удаа батлан харуулсан. Материал хий дэмий гарздах нь IKEA-д том нүгэл. Зардлаа тооцохгүйгээр зорилгодоо хүрэхийг урлаг гэж нэрлэхэд хэцүү.

Ямар ч дизайнер 5000 кроны үнэтэй ширээ бүтээж чадна. Харин өндөр чадвартай мэргэжилтэн л 100 кроноор үнэлэгдэх маш эвтэйхэн сайхан ширээг бий болгож чаддаг. Өөрсдийн нөөц бололцоогоо IKEA шиг ашиглаад нэг үзээрэй. Хязгаарлагдмал нөөцтэй байсан ч та сайхан үр дүнд хүрч чадна”.

КОРПОРАЦИЙН СОЁЛ

IKEA-гийн дэлхий даяар тархсан олон мянган ажилтан бүр компанийн үүсэн байгуулагдсан түүхийг сайн мэддэг бөгөөд анхны дэлгүүр нээгдэж байсан Эльмхульт мужид түүхийн чухал үеүдийг сонирхож болох музей хүртэл байдаг ажээ.

Ажилчдын дунд “Хүнд суртлын эсрэг долоо хоног” аян тогтмол зохион байгуулж, өндөр албан тушаалтан худалдааны зөвлөх эсвэл кассчин хийх зэргээр ажил үүргээ сольж хийх үзэгдэл элбэг. 

Компанийн ажиллагсад нь хөдөлмөрч хичээнгүй бас урам зоригтой. Гадны хүмүүст корпорацийн соёл тэр бүр ойлгогддоггүй. Ажилчдын дунд “Хүнд суртлын эсрэг долоо хоног” аян тогтмол зохион байгуулж, өндөр албан тушаалтан худалдааны зөвлөх эсвэл кассчин хийх зэргээр ажил үүргээ сольж хийх үзэгдэл элбэг. Тухайлбал, гүйцэтгэх захирал асан Андерс Далвиг “Саяхан би машинд ор, матрас ачаад худалдсан” гэж ярьж байв.

Ажилчдын дунд хүчтэй өрсөлдөөн явагдана. Бүгд л мундаг байхыг эрмэлзэж, компанийн ажлыг сайжруулахын тулд чадах чинээгээрээ хичээж байдаг. Хелсинборг дахь IKEA-гийн офист борлуулалтын хурд хэмжээ болон улс улс дахь зах зээлийн хамгийн сайн үзүүлэлтүүдийг долоо хоног бүр шинэчлэн тавьдаг байна. Ингэснээр компани өөртөө тодорхой зорилт тавьж ажиллах нөхцөл бүрдүүлдэг ажээ.

IKEA-ГИЙН ЗАРЧИМ

  • Худалдан авагчдад урамшуулал олгохоос бүү харамла. Худалдан авагчид үнэгүй зүйлд дуртай байдаг
  • Ажилтан бүрийг урамшуулж, зоригжуулж бай. Удирдах ажилтны нөлөөллийг багасгаж бие даах боломжийг олго. Ажилчдад гэр бүлийн дулаан уур амьсгал таалагддаг. Тийм нөхцөлд тэд компанийн хэв маяг, философийг дорхноо ойлгох болно.

Хямд үнээр хэрэглэгчдээ гайхшруул. Хямд үнээр сайхан харагдах чанартай бүтээгдэхүүн худалдаж авах боломжийг олгоход дизайнерууд бүтээлчээр хандах ёстой.

  • Худалдан авагчдын сэтгэлийг тат. Үйлчлүүлэгчийн хувьд худалдааны танхим зугаа цэнгэл, амралтын газар болон хувирах ёстой. Харандаа, метр хэмжигч мэтийн жижиг сажиг зүйлсийг үнэгүй өгөх нь бараа сонголтыг улам таатай болгодог.
  • Хямд үнээр хэрэглэгчдээ гайхшруул. Хямд үнээр сайхан харагдах чанартай бүтээгдэхүүн худалдаж авах боломжийг олгоход дизайнерууд бүтээлчээр хандах ёстой.
  • Бүх чадлаа дайчил. Олон төрлийн авьяастай хүнд ч чадахгүй зүйл гардаг. Бид бүхнийг шууд хийж чадахгүй.
  • Хариуцлагатай бай. Зорилгоо тодорхойлох нь шийдвэр гаргах, байнгын хариуцлагатай байх, алдаанаас айх айдсыг даван туулахад тусална. Давуу талаа ашигла. Та бүхний үүрэг бол зөв шийдвэр гаргаж, хариуцлагаа ухамсарлах явдал юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан