Эх орны хоймор нутгаар аялсан аян замын тэмдэглэл #2
Хөвсгөл нуурыг 2 сая гаруй жилийн настай, дэлхийн 17 эртний нуурын нэг гэдгийг сонсоод өөрийн эрхгүй хүндлэх, бишрэх сэтгэл төрсөн юм. Асар эртний газар нутаг дээгүүр алхахыг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ... Эхийнхээ өвөр дээр дэгэн дэрвэх хүү нь бол юу би. Цэнгэг усны нөөцөөр дэлхийд 2т ордог энэ ариухан атлаа нүд алдам их нуурыг машинаар, мориор, явганаар, усан онгоцоор тойрно гэж сонсоод сүрдмээр ч юм шиг санагдсан шүү. Гэхдээ би тойрсон юмаа. Тойрохдоо, ой тойнд хийгээд сэтгэл зүрхэнд буусан мөчөө хуваалцъя гэж бодлоо.
Гурав дахь өдөр буюу “Бүтэн сар тэнгэр мөрлөнө”
Өглөө эртийн цагаан манан үүгээр, түүгээр хурган, майхныг, моддыг, цэцэгсийг, морьдыг бас намайг ч гэсэн тойрон эрхэлнэ. Тэнгэр газар тэврэлдсэн тэр савслагад зогсож байна уу гэмээр санагдсан.
Далай ээжийн ус үнэхээр ариун тунгалаг ажээ. Тэртээх ёроолын чулууг, загас жараахайтай нь цуг тоолоход болохоор юм билээ. Зарим нутгийн далай ёроолдоо хамаг нүгэл хилэнцээ нуучихдаг бол монгол нутгийн энэ нуур нуух ёстойгоо ч нуудаггүй аж. Зүйрлэвэл хамгийн цайлган бүсгүйн гэнэн сэтгэл гэлтэй...
Бидний аялал нуурын баруун захыг хөвөөлөн явсаар Их хар усны рашаан дээр түр саатав. Урд нь Харз усны рашаан гэж нэрийддэг байсан ч, одоо Хар усны рашаан гэх болжээ.
Нутгийн ардын яриагаар бол энэ хоёр нэр хоёул зохихоор ажээ. Өвөлдөө харзалдаг тул хун шувуу өвөлждөг гэнэ!
414 км эргийн урттай, 2760 км кв усны гадаргын талбайтай, хамгийн уртдаа 136 км, хамгийн өргөндөө 36,5 км хүрдэг ийм том нуур тэс хөлдөөд, дээгүүр нь машин давхидаг байхад ердөө 500-хан м зайд орших энэ харз хөлддөггүй.
Хавар цөн түрэхээс өмнөхөн энэ харзны усыг харлатал загас орж ирдэг. Түрсээ шахах гэж тэр гэнэ. Тиймээс хар усны рашаан гэх аж. Ундарга бүрээс өвчин анагаах увдистай рашаан оргих тул жил бүрийн хавар хүн, хөл ихтэй гэнэ. Аян замд бага зэрэг ядравч “ийм онгон дагшин нутгаар явган аялах боломж тэр бүр олдохгүй шүү дээ” гэсэн бодол маань ядаргааг мартах шалтгаан болж байв. Надтай зэрэгцэж явсан залуу хажуугаар өнгөрөх бүсгүйн араас “Хайран цэцэг гишгэчихлээ” гэж харуусахад нь “Үгүй дээ, тэд гишгэж байгаа юм биш тэдний гишгэсэн газраас цэцэг дэлгэрч байгаа юм” гэсэн бодол төрсөн ч, хэлээгүй. Магадгүй тэр үнэн голоосоо харамссан байж болно шүү дээ.
Бид явсаар Жиглэгийн ам хэмээх газар буудаллав. Хөвсгөл нуурын яг голд “Модон хүй” хэмээх ногоон модоор бүрхэгдсэн арал тогтжээ. Энэ арал бидний буусан Жиглэгийн амны харалдаа байж таарав. Энэ арлыг Хөвсгөл нуурын “хүйс” гэх нь ч бий. Ер нь Хөвсгөл нууранд Модон хүй (дан мод ургасан), Хадан хүй (дан хаднаас тогтсон) хэмээх 2 арал бий.
Хэсэгхэн амраад л залуус маань түрүүний өнгөцхөн гишгүүлээд өндийсөн цэцэг адил сэргэцгээж, төдхөн галын наадам, тоглоом наргиан болцгоов. Угаасаа залуу нас гэдэг өөрөө ертөнцийн чимэг юм даа. Оройхон “Модон хүй” арлын цаанаас ерөөс зөвхөн бидэнд л харуулах гэсэн мэт бүтэн сар тэнгэр мөрлөн өндийх нь тэр. Бүр тэг дугараг шүү. Санаанд оромгүй үзэсгэлэн төгөлдөр гэж тэр л байх.
Дөрөв дэх өдөр буюу “Адуу тургилна”
Маргааш өглөө нь би шүүдэр өшиглөн, сэм сэмхэн гишгэлсээр нуурын эрэгт ирж жаал суулаа. Надаас өөр хүн сэрээгүй бололтой. Өнгөрсөн шөнө бороогүй хоносон ч, өнөөх униар будан хэвээрээ. Саран мандаж байсан “Модон хүй” арлын цаанаас одоо наран ургаж харагдана. Яг л нэг сайхан бүсгүй инээж буй мэт. Салхи ч үгүй тогтуун болохоор нуурын мандал огтхон ч хөдөлгөөнгүй. Өнгө өнгийн цэцэгс дохих ч үгүй нэг янзаараа.
Цаг хугацаа хүртэл тэр чигтээ зогссон юм шиг нам жим. Модны захад унааны хэдэн морьд л үүрэглэх зуураа сүүлээ шарваж, хаа нэг тургилах нь намайг гарцаагүй амьд байгааг мэдрүүлэх мэт. “Анир үргээж адуу тургилна” гэсэн дууны үг санаанд орно. . .Төдөлгүй манай тогооч нар дүнгэнэлдэж, зарим нь усанд явж, нуурын мандлыг хөдөлгөв.
Зарим нь түлээ хагалж, шувуудыг сэрээв. Зарим нь гал түлж, утаагаар нь уран бийрийн татлага татав. Өнөөдөр бид нуураасаа холдож, олон олон даваа гүвээг даван 2 хоног яваад эргэн нуурынхаа хөвөөнд ирэх учиртай. Хүнд хүчир зам харгуй биднийг угтаж байлаа. Бид цайлж дуусаад Жиглэгийн амаа өгсөн Шар зүрхний даваа өөд мацаж эхэллээ. Бараг 2 цаг гишгэж байж даваан дээрээ гарсан.
Уул нурууд маань оройгоосоо эхлээд л намагтай байх нь хачин. Шар зүрхний даваагаас Гичирийн шавагтай намгаар уруудсаар Хачимын голыг гаталтал цаана нь дахиад Хэц даваа хэмээх даваа биднийг хүлээж байх нь тэр. Өвдгөөр татсан шавар намаг, мөрөөр татсан бургасан дундуур чиг мөргүй зүтгэнэ гэдэг тийм ч амар биш бололтой.
Уулс өндөрсөх тусам надад эх орныхоо хоймор өөд яваа гэсэн нэгэн сонин мэдрэмж төрж эхэлсэн. Яг л монгол хүн гэрийнхээ хоймор өөд зүглэхдээ ямар бардамхан байдаг билээ тийм нэг итгэл төрөх мэт бодогдож байлаа. Газар сэндийчсэн ормыг харж, энэ ч ёстой гахайн орон юм даа тийм үү гэж хөтчөөсөө асуухад “Гахайгаар зогсохгүй ээ баавгай, буга хандгайнаас авахуулаад ан ав ихтэй баян нутаг даа” гэж сэтгэл нь бүр нэг бялхсан аятай инээмсэглэн хэллээ.
Тэмээн хүзүүний голыг арайхийж ардаа хийсэн бид Өлийн давааны өвөрт хоноглов.
Майхнаа үнэн босгосон уу, худал босгов уу ямартай ч гэсэн шургаж ороод хоёр нүднийхээ зовхийг хамгийн хурднаараа аньцгаасан. Үнэнээ хэлье. Өдөр ядарсандаа болоод “өглөө хурдан болоосой” гэж анхны орой шиг бодсонгүй. Гэхдээ маргааш болох нь тодорхой...
Т.Бум-Эрдэнэ
Үргэлжлэл бий ...
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас