“...Жил бүр 12-р сарын 31 дөхөхөд сүлд модоо чимэглэх гэж догдлон хөөрдөгсөн. Хааяа бүр зуны бүгчим халуунд энэ л баярыг санан дурсахдаа гацуур модныхоо бүх тоглоомыг гаргаж, харчихаад буцаагаад далд хийдэг байж билээ...” хэмээн Улаанбаатарт төрж өссөн нэгэн найз минь надад дурсамжаа хуваалцсан юм.
Энэ хотын гудамжаар алхаж яваа ямар ч хүүхдээс хамгийн дуртай баярыг нь асуухад “Шинэ Жил” гэж инээмсэглэн хариулах биз ээ. Учир нь монголчууд “Шинэ Жил”-ийг үндэсний уламжлалт баяруудтай эн тэнцүү өргөн дэлгэр тэмдэглэдэг. Улаанбаатарчууд 1940-өөд оноос “Шинэ Жил” хэмээх баярыг тэмдэглэх болжээ.
Зул сарын баяраас ялгаатай нь Улаанбаатарт шинэ жилээр Санта Клаус бус Өвлийн өвөө цасан охидтойгоо зочилдог юм
Ингэхдээ хуучин оноо саар бүхэнтэй нь үдэж, шинэ оноо баяр хөөртэйгээр угтахыг эрхэмлэнэ. Байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө баярын нэгэн үдшийг хамт өнгөрүүлж, тухайн жилдээ хамгийн амжилттай байсан нэгнээ шалгаруулна. Харин яг он солигдох орой халуун ам бүлээрээ гэртээ баярын ширээний өмнө тухладаг юм.
Монголын 1980-аад онд бүтээсэн киног үзэхэд цал буурал өвгөн цан хүүрэг татуулсаар цас мөрний орноос хүүхэд багачуудтай уулзахаар ирж буй дүр зураг харагдах ажээ. Түүний бэлэг нь амтат чихэр, алим мандарин байх нь сонин. Гэтэл мандарин нь монголчуудын баярын ширээн дээр шинэ жилийн бялуу, оргилуун дарстай эн зэрэгцэхүйц “чухал” байр суурь эзэлдэг зоог байх юм. Энэ нь тухайн үед алим, мандарин нь зөвхөн шинэ жилээр олддог үнэтэй, ховор эд байсантай холбоотой биз ээ.
“...Би өөрөө нэлээн том, юм мэдэхтэйгээ болчихсон үе. Шинэ жилийн орой хонх дуугарангуут очиж хаалгаа тайлтал аав маань Өвлийн өвөөгийн дүрд хувирчихсан, уртаа цэнхэр нөмрөг, цагаан сахал, малгай тохчихсон таяг тулаад ороод ирдэг юм байна. Би хараад шууд л танисан. Гэхдээ дүүдээ мэдэгдэхгүй гээд таниагүй юм шиг л байсан. Бяцхан дүү минь хэчнээн их баярласан гээч..” хэмээх яриагаар найзын минь дурсамж үргэлжилнэ.
Зул сарын баяраас ялгаатай нь Улаанбаатарт шинэ жилээр Санта Клаус бус Өвлийн өвөө цасан охидтойгоо зочилдог юм. 1947 оноос эхлэн 60 орчим жил жүжигчин Г.Гомбосүрэн насан эцэслэх хүртлээ Шинэ жилийн баярын цэнгүүнд Өвлийн өвөөгийн дүрд хувирсан нь Монголчуудын сэтгэлд хоногшсон байдаг.
Ингээд цагийн зүү 12 цаг дээр яг очих үед айл бүрийн хойморт асах зурагтын дэлгэцнээ 5, 4, 3, 2, 1 хэмээх тоо дааралан гарч, зурагтын дэлгэцэнд төдийгүй гэрийн гадаа ч салютын нүргээн “эгшиглэж”, оргилуун дарс буудуулна. Өрхийн тэргүүн гэр бүлийнхэндээ ирэх жилийн ерөөлөө хайрлаж, нүүрэнд нь баярын мишээл тодорсон гэр бүлийн гишүүд хундага харшуулах
Эдгээр тогтсон уламжлалаас гадна цасан ширхэг бударч, Улаанбаатар цагаан өнгөнд хучигдахад үйлчилгээний газар, албан байгууллага бүр баярын уур амьсгал бүрдүүлнэ. “Жилийн жилд л би Улсын Их Дэлгүүрийнхээ чимэглэлийг очиж харах дуртай. Тэр хавиар явж байхдаа заавал ороод гардаг юм. Зургаан давхар барилгын голын хэсгийг тэр чигт нь шинэ жилийн чимэглэлд зориулдаг” гэж найз маань ярилаа. Түүний дурдсан Улсын Их Дэлгүүрээс гадна Сүхбаатарын талбайд сүлд мод сүндэрлүүлдэг ажээ. Жуулчид төдийгүй хотын иргэд ч сүлд модны урд зургаа авахуулан, тухайн жилийн дурсамжаа мөнхөлнө.
Сүхбаатарын талбай бол Улаанбаатарын төв цэг орших хотын хөл хөдөлгөөнт, дурсгалт газрын нэг юм. 12-р сарын 31-нд хүмүүс гэр бүл, ах дүүс, найз нөхдөөрөө тус талбайд цугладаг уламжлалтай. Зарим жилд Сүхбаатарын талбай дээр мөсөн хотхон босгох бөгөөд рок поп оддын шоу тоглолт ч зохион байгуулах ажээ. Тэдний зарим нь гэртээ оноо гаргахаар талбайг орхин явдаг ч замдаа эсвэл цахилгаан шатанд байх үед нь шинэ он аль хэдийн эхэлчихсэн хөгжилтэй түүх олныг сонсож байв.
Харин хотын залуус шинэ оноо угтсаны дараа бүжгийн клуб орж хөгжилддөг. Клубууд ч амьд хөгжим, электро зэрэг төрөл жанраар ялгарна. “Клубдэх” нас нь өнгөрсөн гэж өөрийгөө бодох зарим нь зурагтаар шинэ жилийн хөтөлбөрүүд үзэж байгаад дуг нойрондоо дугжрах нь хөгжилтэй. Учир нь зурагтын сувгууд зөвхөн “Шинэ Жил”-д л зориулж уран сайхны кино, теле шоу, зохиомж зэрэг олон хөтөлбөр толилуулдаг байна. Ингээд шинэ оны эхний өдрийг бүх нийтээр амарч өнгөрүүлнэ.
Охин сүлд модныхоо өмнө цомцойн суужээ. Модны оройд нь гялалзах таван хошуу, тэнгэрт түгсэн одод мэт анивчих шидэт гэрэл нь түүний мойл хар нүдэнд гялтганан ойно. Жилийн энэ л өдөр, энэ л үе түүнд ид шидийн ертөнцөд ирчихсэн мэт мэдрэмж төрүүлдэг билээ. Гэвч хүсэн хүлээсэн шинэ жил нь болоод өнгөрчихсөнд охин гэнэт санаа алдсанаа баяраар авсан бэлгүүдээ бодон инээмсэглэн бослоо...
Нийтлэлч Э.Оюун-Эрдэнэ
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас