Монголын томоохон хуульчдын нэг УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлцэрэн өмнөх
парламентад ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа орхисон
билээ. Түүнээс хойш бараг л сураг алдарсан гэж болно.
Түүний гэргий “Монголжингоо” дээд сургуулийн захирал Ц.Байгалмаа цагтаа
олон яруу найрагч, уран бүтээлчдийн шүлэг яруу найргийг хөглөж, зохиол бүтээлийнх
нь гол дүрийг бүтээж байсан Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг. Түүнтэй хувийн
амьдралынх нь талаар хөөрөлдлөө.
-Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө
танилцуулна уу?
-Би Хэнтий аймагт арван жилийн сургуулийг дүүргээд Багшийн дээд сургуулийн
кино драмын ангид орж төгсөн сургуульдаа багшаар үлдсэн. Тэндээ 11 жил
багшилсан. СУИС-д есөн жил багшилж 1998 оноос “Монголжингоо” дээд сургуулийг
байгуулан өнөөг хүртэл ажиллаж байна даа. Аав минь 1945 оны дайнд оролцож
байсан, батальоныхоо намын хорооны дарга байсан гэдэг. Тэдний батальоноос
Аюуш, Данзанваанчиг, Дампил, Дүүдээ гээд таван баатар төрсөн. Аав минь “Би
таван баатрын эцэг” гэж хааяахан халамцахаараа онгирч хэлдэг сэн. Аавын минь
талаар Цэргийн түүхийн номонд байдаг. Дүүдээ гуай амьд сэрүүндээ надтай ирж
уулзаж байв. Би чинь хоёр ээжтэй хүн. Төрсөн ээж минь дал гаруй настай хүн
хотод аж төрж байна. Хоёр дахь ээж минь Хэнтийн Баян-Овоод амьдарч байгаа.
-Сургуулийн нэрийг сонссон чинь таны
найруулж зохиолыг нь бичсэн “Монголжингоо” кино санаанд орчихлоо.
-Бүрэн хэмжээний уран сайхны киног 35 мм-ийн хальсан дээр хийж байлаа.
Найман бүлэг бүхий хар, цагаан кино хийсэн. Төрийн соёрхолт Шаравдорж гуай тэр
кинонд минь ажиллаж, “Говийн зэрэглээ”-гийн Оюунцэцэг гол дүрд нь тоглож
байлаа. Тухайн үедээ Соёлын яамнаас шилдэг кино, шилдэг эмэгтэй дүрийн
шагналыг энэ кино маань авч байсан.
Чойном гуайн
захианд нэг ч хариу өгөөгүй
-Уучлаарай, таныг Хэнтийн чуулгад жүжигчин
байх үед яруу найрагч Р.Чойном дурлаж шүлэг найргаа зориулж байсан гэдэг.
Тантай уулзвал заавал асууя гэж бодож байлаа.
-Хүмүүс надаас Чойномыг дандаа л асуудаг. Залуу байхад хүн бүр гоё сайхан
байдаг шүү дээ.
Ялангуяа бүсгүй хүн болгон сайхан байж хараа булаах үе бий. Тийм л тохиолдлын
нэг. Чойном гуайг Хажуу-Улаанд шоронд байхад нь манай чуулгынхан очиж тоглож байсан
юм. Би тэр үед арван наймтай байсан болохоор үнэндээ юу ч анзаараагүй л дээ.
Намайг тайзан дээр тоглож байхад л харсан гэсэн. Манайхан “Чойном, Чойном” гээд
л гүйлдээд байсан санагдана. Дараа нь аймгийн “Урагшаа” сонины эрхлэгч
Хишигжаргал надад нэг захиа авчирч өглөө. Тэр захиа нь Чойном гуайгаас ирсэн
байсан. Ер нь хоёр гурван захиа хүнээр өгч явуулсан. Захианы утга нь хайрлаж
дурласан гэсэн үгтэй. “Эхний удаа шүлэглэн бичсэн захиа явуулсангүй. Дараа түүнийгээ
явуулна” гэж бичсэн байсан.
-Та хариу явуулсан уу?
-Би хариу нэг ч бичээгүй. Залуу байсан болохоор шүлгийг нь харин цээжилчихсэн.
Одоо ч цээжинд байна.
“Баяртай ч явсан гунигтай ч явсан санаанаас гардаггүй
Багын нутгийн минь унаган охин билээ л гэж
Барин тавин айлтгах зүрхнийхээ үгийг бичлээ
Байгалмаа мэнд амар байна уу” гэж эхэлж байсан.
-Ер нь уулзаж байгаагүй юу?
-Нэг хоёр удаа царайг нь харсан. Тухайлж уулзаж байгаагүй ээ. Туранхай,
сахалтай шар хүн байсан санагдаж байна. Би ганц удаа ч гэсэн хариу бичиж
уулзаж, үг хэлэхийг нь сонсдог байж гэж хааяа боддог л юм. Хүн зовж зүдэрч
байхдаа дурлаж хайрласан бүсгүйдээ захиа бичээ л биз. Би тэр хүнийг их гомдоож
гэж одоо бодогддог юм. Намайг хариу өгөхгүй болохоор сүүлдээ манай ордныхонтой
уулзаж үг дайн захиа өгдөг болсон. Дараа нь шоронгоос гарч ирээд л манай
тоглолтыг үзсэн байна лээ. Нэг өдөр урлагийн гавьяат зүтгэлтэн Дашням багш “Чойном
уулзъя гэж байна” гээд дагуулаад ороод ирсэн. Би ятга тоглоод доошоо хараад
суугаад л байсан. Тэгээд үг сольж үзээгүй. Их сайхан авьяастай хүн байсан
гэдгийг нь л мэдэж байна. Миний зургийг их томоор зурсан байдаг гэж таньдаг хүмүүс
нь 1990-ээд оны үед сонин хэвлэлд бичсэн байна лээ. Одоо тэр захиа, зургийг олж
авах юмсан. Бичиг нь их гоё, жижигхэн жирийтэл бичдэг хүн байсан санагддаг.
-Дэмбэрэлцэрэн гуай гэргийд нь яруу
найрагч шүлгээ зориулж явсныг мэдэх үү?
-Зарим захиаг нь уншиж байсан.
-“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн
хавтсан дээр таны их гоё зураг байдгийг санаж байна?
-1971 онд бүх ард түмний урлагийн наадам болж бүх аймгаас 400 гаруй уран
сайханч оролцсон. Тэр үед одоо ардын жүжигчин Цогзолмаа гуай шүүгчээр очсон
байсан. Рэнцэнноров гавьяат жүжигчин тэр үеийн бас сайхан бүсгүйчүүдийн нэг
байсан. Тэр хоёр цагаан хоолойгоор намайг нэрээр минь дуудаад “Өрөөндөө ороод
ир” гэдэг юм байна. Гүйгээд очтол тэр хоёр намайг бүх уран сайханчдыг төлөөлж
наадмыг нээж үг хэл гээд дээлний өнгө сонгож, үс зүсийг минь янзалж өгсөн. Тэр
үеийн тийм сайхан бүсгүйчүүд намайг тоож тэгж хандаж байсанд би их баярладаг
юм. Тэнд олон сэтгүүлчид очсон байснаас сурвалжлага энэ тэр авч байгаад
хотод Сүхбаатарын талбайд зургийг минь авч дараа нь “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн
нүүрэн дээр тавьсан байсан.
-Дэмбэрэлцэрэн гуай та хоёр хэзээ
танилцаж байв?
-1978 онд Багшийн сургуулиа төгсөөд л танилцаж байсан. Тэр үед Дэмбээ
маань Нийслэлийн шүүхийн орлогч дарга байсан үе. Би тэр үед хөдөөний оюутан
байсан болохоор холын хамаатныдаа суудаг байлаа. Гэтэл нөгөө айлын маань хүүхэд
үеийнхээ хүүхдүүдтэй хамт нэг хэрэгт орооцолдчихсон. Настай хүмүүс байсан
болохоор намайг хүүхдээ хөөцөлдөж өг гэж даалгаад би дуртай дургүй явсан. Тэр үед
Дэмбээтэйгээ уулзаж танилцсан. Тэр цагаас хойш дандаа хуулийнхаа ажлыг хийж
ахиж дэвшсээр Дээд шүүхийн дарга, Улсын бага хурлын анхны гишүүн, Үндсэн
хуулийн Цэцийн гишүүн, Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн гээд л ажил
алба хашиж байлаа.
“Танай нөхөр бид
хоёр дотно байгаагүй” гэж хэлэх албан тушаалтан байдаг юм билээ
-Нөхрийн тань бие ямар байгаа вэ. Нэг
хэсэг чимээ тасарсан болохоор уншигчид ч гэсэн сонирхож байгаа байх л даа.
-Тийм сайнгүй л байна. Гэртээ группт ороод байж байна даа. Бээжин, Солонгос
гээд эмчилгээнд нэлээдгүй явсан. Солонгост эмчилгээнд явах үед Засгийн газар
тусалсан. Бээжин рүү авч явахдаа М.Энхболдын Засгийн газарт хүнээр дамжуулан
хэлүүлж хэдэн төгрөг гаргуулж явсан юм. Шүүхийнхэн ч бас мөнгө төгрөгөөр тусалж
боломжоороо хандсан. Дэмбээгийн маань артерийн гол судас нь битүүрсэн гэсэн.
Гэвч шууд эмчлэгдэж эдгэх боломжгүй гэж хэлсэн болохоор гэр зуураа асаргаанд л
байж байна. Шинэ жилийн дараа хоёрдугаар эмнэлэгт хэвтүүлэх гэтэл ор байхгүй
гээд хэвтүүлж чадсангүй. Хоёрдугаар эмнэлгийн даргад нь хүртэл утсаар ярьж
хэлсэн боловч Мэдрэлийн тасагт нь хэвтүүл гэж хэлсэн.
Уг нь хүмүүсийн хэлдэг “тавин ортой” тасаг дотроо ариун цэврийн өрөөтэй болохоор
нь хэвтүүлчих санаатай хөөцөлдөөд барсангүй. Төрд өндөр албан тушаал хашиж
явсан хүнийг хэвтүүлээд ганц ор гаргаж болно шүү дээ. Уг нь ингэж өвдөхөөсөө өмнө
нэг ч удаа эмнэлэгт хэвтэж байгаагүй хүн. Биеэ бодолгүй улсын төлөө явахаар
ийм л болдог юм байна. Дэмбээгээ тэр тансаг УИХ-ын гишүүдийн хэвтэж байгаа өрөөнд
хэвтүүлье гэсэн биш. Одоо хоёрдугаар эмнэлэгт энэ ондоо багтааж ор гаргаж өгөх
байлгүй дээ. Яахыг нь хүлээж л байна.
Би хүний хань юм болохоор нөхрийгөө сайн хуульч юм чинь гайгүй байгаа дээр нь
гавьяат хуульч болгох санаатай ганц нэг хүнд хэлж үзлээ. Хэн ч мэдэхгүй хүн
гавьяат хуульч болоод байхад нөхөр маань ажлаа хийгээд явж байсан бол ингэж л
байгаа даа гээд зүрх шимширдэг. Гэтэл миний саналыг сонсоод “Дэмбэрэлцэрэн бид
хоёр тийм их дотно байгаагүй шүү дээ” гэж хэлэх том албан тушаалтан таарлаа.
Энд нэрийг нь хэлээд яахав дээ. Дотно найз нь байсан бол гавьяа шагнал өгөх
байсан юм байлгүй дээ. Дээд шүүхийг хүнд хэцүү үед нь хоёргүй сэтгэлээр ажиллаж
байсан нөхрийг минь шүүхийн ой нь болоход номондоо ч олигтой дурдаагүй байна
лээ. Манай дээгүүр алба хашиж байгаа хүмүүсийн мөс чанар байхгүй болж дээ гэж
бодогддог. Хааны алба халаатай, эзний алба ээлтэй ноён нуруутай хүний мөстэй
байгаарай л гэж үр хүүхэд, шавь нартаа хэлэх юм. Хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн
бараг мэдэж байгаа даа. Нөхрийг минь эрүүл саруул байхад долоочих шахам явсан
хүмүүс одоо танихгүй мэт л байна. Гэхдээ амьдрал баян. Амьд байхад бүхнийг
даван туулж чадаж л таараа.
-Ямар нэг найдлага байхгүй юу?
-Найдлага байдаг бол би юугаа ч зориулахад бэлэн байна.
-Ийм удаан хугацаагаар гэртээ байхаар
уйдаж хэцүү байдаг байх.
-Өөрт нь хэцүү байх шиг байдаг. Бүр давчдаад олны дунд орж ажлаа хийгээд явмаар
санагддаг юм шиг байгаа юм. Монголын том хуульч Совд, Чимид гуай хүртэл манай хүнийг
их үнэлдэг. Бид хоёрыг хуримаа хийж байхад ажлын газрын нөхөд нь ирээд намайг
“Их азтай хүүхэд байна. Дэмбэрэлцэрэн хол явна даа” гэж хэлж байж билээ.
Чадалтай том хуульч гэж би боддог. Хүмүүстэй маргаж өөрийнхөөрөө их зүтгэхээр
нь би хааяа тэгж яахнав дээ гэж хэлнэ. Манай хүн тэр үед “Би хуульч хүн.
Хуульдаа үнэнч байна” гэдэг юм. Яагаав нөгөө УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн
байж болохгүй гээд Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцэх үед шийдвэр нь эцэстээ байж
болно гэж гарахад Дэмбээ маань байж болохгүй гээд хатуу зогссон шүү дээ.
-Найз нөхдөөс нь эргэж тойрч байгаа юу?
-Бие нь өвдсөн ч амьд сэрүүн байна гэдэг өөрөө чухал шүү дээ. Зарим нэг
найз нөхөд нь ирдэг л юм.
Гэхдээ ирэхээ больсон хүмүүст гомдохгүй ээ. Зам зуурын хүмүүс тараа таниулж
холдсон нь харин ч сайн хэрэг биш үү. Хорвоогийн жамаар амьдралд бэрхшээл
зовлон тохиолдож л байдаг. Эгч нь хувь хүнийхээ хувьд бэрхшээлд бууж өгөхгүй даван
туулах ёстой гэсэн зарчим барьдаг. Эгч нь амьдралын шуургыг сөрж, давж л
явна. Тиймээс үр хүүхдүүд маань ч аавынхаа мэргэжлийг эзэмшээд сайн сайхан явж
л байна.
Бэрхшээл
туулсан ч мөрөөдөл минь биелж сургуулиа босгосон
-Дэмбэрэлцэрэн гуай бизнес энэ тэрээс
хол хүн шиг санагддаг. Таныг хувийн сургууль байгуулна гэхэд яаж хүлээж авсан
бэ?
-Анх намайг сургууль байгуулна гэхэд ёстой дэмжээгүй. Наад санаагаа орхи
гэж л хэлсэн. Эхний хоёр гурван жил ойшоохгүй байснаа сүүлдээ ойлгосон. Би ч
нэг юманд зорихоороо санаснаа хийх гээд зүтгэчихдэг хүн. Энэ арван жилийн
хугацаанд зөндөө олон сайхан оюутан төгсгөж гаргасандаа баяртай байна. Ямар
ч дэмжлэг байхгүй, хамгийн хүнд хэцүү замыг туулж байж л сургуулиа хөл дээр нь
босгосон доо. Энэ бүх бэрхшээлийг даван туулж босгосондоо сэтгэл дотроо баярлаж
явдаг. Энэ талаараа хожим нэг ном бичнээ. Мөнгө төгрөг байхгүй ч таньдаг бүх хүнээсээ
мөнгө гуйж байсан үе бий. Сайн сайхан хүмүүс энэ үед таардаг л юм билээ. Одоо
олон сайхан багш, шавь нартайгаа сургуулиа авч явна шүү дээ. Сургуулийнхаа
оюутнуудыг мэргэжил эзэмшихээсээ өмнө хүн бол гэсэн шаардлага тавьдаг. Цаг барих,
цэвэр сайхан орчинд хичээллэх хэрэгтэй гэж оюутнууддаа хэлдэг. Оюутнууд
маань хуушуурын мөнгөгүй хэрнээ хичээлээсээ хоцрохгүйн тулд таксидаад ирэх үе
ч бий. Агуу их юм жижигхэн зүйлээс ч эхэлдэг. Хичээлээс хоцрохгүй, сургууль
дотор дэг журамтай байгаад сурвал хожим ажил дээр гараад ч ийм жишгээр байна
гэж би оюутнууддаа хэлдэг юм. Сургууль маань одоо олон тэмцээн уралдаанд оролцож
гранпри, цом шилдэг тэргүүний шагнал авдаг болсон. Багш оюутангүй сургуулийн
хэмжээнд болон улсын, олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна. Манай
сургууль 13 төрлөөр мэргэжилтэн бэлтгэдэг. Гурван факультет, долоон
тэнхимтэй. Хоорондоо өрсөлдөөнтэй урлаг спорт, эрдэм шинжилгээ, ёс суртахууны
олон тэмцээн болдог.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Д.Мөнгөндалай