Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулж буй гурван ээлжээр хичээллэдэг 22 сургуулийн нэг. Тус сургууль гуравдугаар ээлжид 4, 5 дугаар ангийнхнаа явуулдаг. Эрт харанхуй болдог өвлийн хүйтэн орой ес, аравхан настай балчир хүүхдүүд гэртээ харих амаргүй. Ихэнх хүүхдийг аав, ээж, ах, эгч нь авах боловч ар гэрийн боломжгүй хүүхдүүд харанхуй гудамжаар өвдөг чичрүүлэн алхдагийг сонсоход өрөвдмөөр.
Энэ сарын 8-ны Лхагва гариг Б.Дэлгэрмаа багштай 4Б ангийнхны эрт буюу 19.20 цагт тардаг өдөр. Зургаан цагтай өдөр хичээл 20.10 цагт тарна. Энэ анги долоо хоногийн хоёр өдөр нь зургаан цагтай байдаг. Та биднийг буйдандаа шигдээд “Цагийн хүрд”-ийг үзэж суухад балчир үрс харанхуйд бүдчин сургуулиас гэр лүүгээ явж байдаг.
4Б ангийн сурагч Ж.Золжаргалын гэр сургуулиас нэлээд зайтай. Автобуснаас буугаад уул даван алхдаг. Аавынх нь ажил тараад гэртээ ирсээр байтал 22.00 цаг болдог тул хүлээх хэрэггүй. Ээж нь балчир охиндоо санаа зовсон ч дөрвөн сартайгаас зургаан настай гурван дүүг нь орхих хүн үгүй.
Тиймээс түүнийг эмээ нь сургуулиас авна. Автобуснаас буугаад алхах газар нь хол учир настай хүн ядарч, зүрхшээнэ. Айлын том учир Золжаргал охин хэрсүү. Эмээгээ ирээгүй үед ойролцоох хашаанд байдаг, ангийн хүү Золжаргалтай хамт алхана. Тэд нэг жалганы эхнээс салж, гэр гэрийн зүг явдаг бөгөөд тэндээс эмээ нь тосож авдаг гэнэ.
19.20 цагт хонх дуугарч, хичээл тарсныг тунхаглав. Хүүхдүүд ангийн хаалгаар чихцэлдэн гарч, сургуулийн пудвол дахь хувцасны өлгүүр рүү хурдаллаа. Гадаа хэдийнэ харанхуй болсныг тэд сайн мэдэх тул яаран хувцаслаад, өөрийг нь авахаар ирсэн аав, ээжүүдтэйгээ гэр гэрийн зүг одоцгооно.
19.40 цаг. Сургуулиас гараад автобусны буудал хүртэл 0.5 км зайтай. Буудал дээр тэр сургуулийн бага ангийн хэдхэн хүүхдээс өөр том хүн алга. “Буудал дээр дан хүүхдүүд байвал заримдаа автобус зогсохгүй өнгөрөөд явчихдаг. Хүүхдүүд мөнгө өгөхгүй гээд л тэгдэг юм байлгүй” гэж Золоо ярина.
Хотын захын хороолол эл хуль оргиж, замаар хааяа нэг машин зөрөх нь хэдийнэ шөнө болж хөдөлгөөн зогссоныг илтгэх агаад энэ үед буудал дээр 10-аад насны 7-8 хүүхэд автобус ирэхийг хүлээн зам руу царайчлан харж зогсоцгооно.
Биднийг 13 минут хүлээлгэсэн нийтийг тээврийн унаа ашгүй ирлээ. Үүнээс хэд дахин дор нөхцөл байдал үүсдэг учир “Бас ч гэж азтай орой байна. Автобус зогсолгүй өнгөрчихсөн бол яана! Гэр лүүгээ алхах болно шүү дээ” гэж охин ярина.
АЛХАНА гэдэг нь ямар зайны тухай ярьж байгааг сонсоход итгэмээргүй. Бид сургуулиас гарахдаа асаасан зай хэмжигчийг охины гэрийн гадаа очоод харахад 2.8 км-ийг зааж байв. Харин автобуснаас буугаад гэр лүүгээ явахад 1.2 км зайтай байсан. Тэгэхээр Золоо өдөрт дунджаар 2.5 км замыг явган туулдаг.
ХАРАНХУЙД ХҮН БАРААДААД Л АЛХЧИХДАГ
Ж.Золжаргал бид хоёр замдаа ийн ярилцлаа.
-Чи хэр удаан явж гэртээ хүрдэг вэ?
-Нэг цаг явна даа. Сургуулиас гараад автобусны буудал руу 20-иод минут явна. Унаанд суугаад хоёр буудал газар яваад алхана.
-Аав, ээж нь чамайг авдаггүй юм уу?
-Үгүй ээ, Аавын ажил орой тардаг. Манай аав орчуулагч хийдэг. Ажил нь хаана байдгийг би мэддэггүй юм аа, гэхдээ л хол гэсэн. Ээж гэртээ миний дүү нарыг харж байгаа. Би гурван дүүтэй. Бага нь дөнгөж дөрвөн сартай. Харин миний дараагийн дүү нэгдүгээр ангийнх. Дундах нь гурван настай.
-Сургууль нь ямар байна?
-Гоё л доо. Гэхдээ гурван ээлжтэй, хичээл орой тардаг нь хамгийн хэцүү. Хурдхан хоёр ээлжтэй болохгүй бол хойтон жил бид нар дахиад л шөнө явна гэсэн үг.
-Танай гудамж харин гэрэлтэй юм байна, тийм ээ?
-Наагуураа гэрэлтэй, цаашаа явахад харанхуй. Энэ хашаанаас дайрдаг нохой гарч ирдэг гээд нэг хашааг заав.
-Чи гудамжаар явахдаа айдаг уу?
-Айдаг. Нохойнууд нь аймаар дайрдаг. Тэр нэг эсгий гэртэй айл байгаа биз. Би нэгдүгээр ангид байхдаа тэр айлын нохойд уруулсан. Ээж, аав айлын хүмүүст нь хэлсэн ч тэр айл нохойгоо уядаггүй юм.
Тэгээд дээшээ явахад болоогүй ээ, бас хоёр шар нохой байгаа. Бас айлууд муу усаа гудамжиндаа хаядаг болохоор халтиргаа ихтэй гэж ярих нь гэр, сургуулийн хоорондох зам ямар адармаатай болох нь түвэггүй ойлгогдоно.
-Харанхуй гудамжаар, ийм том жалганы хажуугаар чи ганцаараа явдаг гэж үү?
-Заримдаа явна ш дээ. Хүн бараадаад л алхчихдаг. Бид ийн ярьсаар охины гэрийн гадаа ирэв.
20.30 цаг. Манай энд утаагүй байгаа биз. Гэрээс гараад айлууд руу, зам руу ойртох тусам утаа улам их болдог. Уулын орой, салхи ихтэй болохоор манай гэрийн хавьд утаа байдаггүй юм гэж охин эрүүл агаарт амьдардгаа сайрхан өгүүлнэ.
Нээрэн, Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ тулсан Зүүнсалаа орчмын уулсын дундах энэхэн хэсэгт утаа тогтдоггүй агаар цэвэр цэнгэг байх аж. Золоо болон түүний дүү нарын бяцхан уушги чөлөөтэй амьсгалдаг гэж бодоход сэтгэлд гэгээ татах шиг.
ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГӨД ӨРТСӨН ХӨӨРХИЙ БАГШ НАР
104 дүгээр сургууль 2008 оноос гурван ээлжээр хичээллэж эхэлжээ. Ангийн багш хүүхэд бүрийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгөх үүрэгтэй. Амьдрал баян, асуудлаар дүүрэн учир 42 хүүхдийн ар гэрийнхэн бүгд цагтаа ирнэ гэж үгүй. Сүүлийн хүүхдийг авах хүн иртэл хүлээнэ.
Аргагүйдвэл гэрт нь хүргэж өгөх нь ч бий. Ингээд бодоход багшийн ажил оройн ес, арван цагаас нааш тарахгүй. Багшид ч гэсэн үр хүүхэд, ар гэрийн амьдрал байдгийг Монголын төр хэдийнэ мартсан бололтой. Оройтлоо гэж багшид илүү цагаар ажилласан цалингийн нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал өгдөггүй улсын эдийн засаг хүнд байна, “тана, хас” гэхээс өөр юмгүй багш нарынхаа хөдөлмөрийг хайр найргүй мөлждөг болжээ.
Тус сургуульд хоёр дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш сарын 430 мянган төгрөгийн үндсэн цалинтай. Үүн дээр анги удирдсан багшийн нэмэгдэл гэж үндсэн цалингийн 10 хувийг нэмж олгодог. Харин таваас дээш жил ажилласан багш 550 мянган төгрөгийн цалинтай. Үүнийхээ 350 мянгыг цалингийн зээлд өгнө. Бараг бүх багш цалингийн зээлтэй.
Зээлээ төлж дуусмагц амьдралын шаардлагаар дахиад л зээл авна. Зээлээс зээлийн хооронд явдаг нь багш нарын нийтлэг амьдрал гэж тэд ярилаа.
Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн барилга 750 хүүхдийн багтаамжтай ч өдгөө 1600 хүүхэд сурч байна. Боловсролын сайд шинээр томилогдох бүртээ хамгийн түрүүнд гурван ээлжээр хичээллэдгийг болиулна гэдэг ч шийдэгдсэн нь үгүй. Сургуулийн өргөтгөлийг энэ жил бариулаад дуусчихвал ирэх жилээс хоёр ээлжинд орно гэж 104 дүгээр сургуулийн багш нь ч, сурагч нь ч хүлээж цөхсөн байдалтай ярина.
4Б ангид Золжаргалаас хол явдаг, хойшоо гэртэй хүүхэд бий. Автобусны эцсийн буудлаас цааш 3-4 км алхдаг хүүхэд золбин нохой, нохойноос ч хөнөөл ихтэй муу хүмүүсийн гарт орох эрсдэл бий. Болзошгүй эрсдэлээс сэргийлэх биш, болсон дуулиан шуугианы дараа асуудлыг шийдээд сурчихжээ, энэ төр засаг.
Сургуулийнхаа замд хүүхэд гаднын халдлагад өртсөн тухай өндрөө авч дуулиан шуугиан дэгдээгүй учир сүх далайтал үхэр амар гэгчийн үлгэрээр бид хэдий хүртэл явах вэ. "Сургууль гоё, шөнө явах л аймаар" гэх бяцхан охины яриа нэгийг бодуулахгүй байна гэж үү. Арван нас ч хүрээгүй хүүхэд шөнийн цагаар ганцаараа явж байна. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудыг даруйхан хоёр ээлжинд шилжүүл, Боловсролын сайд аа.