Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнгийн талаар Монгол улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболдоос цөөн асуултад хариулт авлаа.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ. Төлөвлөсөн айлчлал байв уу? Гэнэтийн айлчлал байв уу?
-Энэ удаа манайхаас дээд хэмжээнд айлчлах ээлжтэй, эртнээс төлөвлөж хэрэгжүүлсэн арга хэмжээ байсан. Ерөнхийлөгчийг айлчлуулах асуудлыг 2014 онд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бен Сэ Монгол Улсад айлчлах үеэрээ санаачлан тавьсан бөгөөд улмаар өнгөрсөн оны сүүлээр Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад айлчилж, хугацаа болон агуулгыг нь тохирч бэлтгэл ажлыг эхлүүлсэн.
-Айлчлалын үр дүн, ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Айлчлалыг маш амжилттай болсон гэж Элчин сайдын хувьд ч, суугаа оронд ч дүгнэж байна. Юуны өмнө манай Ерөнхийлөгчийн айлчлалд Солонгосын тал өндөр ач холбогдол өгч, айлчлалыг бэлтгэхэд болон зохион байгуулахад ихээхэн анхаарсныг тэмдэглэе. Энэ нь мэдээж хэрэг Монгол, БНСУ-ын харилцааны онцлог, аль аль талаас түүнд өгч байгаа ач холбогдлын илэрхийлэл мөн. Нөгөө талаас БНСУ өөрөө Ерөнхийлөгчийн засаглалтай, манай Ерөнхийлөгчийн хувьд гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаар ихээхэн үүрэгтэй байдаг учраас Солонгосын тал айлчлалаар хоёр талын харилцааны болон бүс нутгийн чиглэлд санал солилцож шийдэх олон асуудал, боломж байгааг ашиглах гэсэн санаа байсан болов уу.
-Хувь хүний хүчин зүйл нөлөөлсөн үү?
-Нөлөөлөлгүй яах вэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Пак Гын Хэ нар бие биенээ дээр үеэс сайн мэддэг, олон улсын арга хэмжээний үеэр олон удаа тааралдаж, хамтын ажиллагааны тодорхой асуудалд анхаарал хандуулж байсан хэдий ч ийнхүү айлчилж, өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцох ихээхэн хүлээлт үүссэн байсан нь ажиглагдсан.
-Айлчлалын үеэр ярианы гол сэдэв юу байв?
-Энэ удаагийн айлчлалаар гол нь манай гуравдагч хөрш БНСУ-тай хөгжүүлж буй “иж бүрэн түншлэл”-ийн харилцааны ач холбогдлыг нотолж, хаа хаанаа эдийн засаг сайнгүй байгаа өнөөгийн нөхцөлд хоёр орны бодит нөөц бололцоонд тулгуурлан хамтын ажиллагааны чиглэлийг шинээр тогтоож, зарим чиглэлд түлхэц өгснөөрөө чухал ач холбогдолтой болов. Мөн хоёр орны харилцааг өргөжүүлэхэд иргэдийн солилцоо чухал болохыг онцолж, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар цаашид ч анхаарч хамтран ажиллахаар боллоо. Тиймээс айлчлал цагаа олсон, нэн хэрэгтэй арга хэмжээ болсон гэж үзэж байна.
Яриа хэлэлцээний үеэр дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, хот байгуулалт, боловсрол, мэдээлэл технологи, ногоон хөгжлийн салбарыг цаашдын хамтын ажиллагааны чиглэл хэмээн тодотгож, эрчим хүч, барилга хот байгуулалт, хот хоорондын тээвэр, эрхзүйн шинэчлэлийн хэд хэдэн томоохон төслийг БНСУ-ын урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тохирч холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан. Мөн хот байгуулалт, мэргэжлийн хяналтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь бодит үр дүнгээ өгөх болно.
Айлчлалын үр дүн, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг цаашид уялдуулан чиглүүлэхэд 2015 онд байгуулагдсан хоёр орны Засгийн газар хоорондын Хамтарсан хороо чухал үүрэг гүйцэтгэхийг дээд хэмжээнд тэмдэглэсэн болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцсон KBS телевизийн нэвтрүүлэг үзэгчийн тоогоор дээд рекорд тогтоожээ
-Айлчлалын үеэр ямар арга хэмжээнүүд болов, тэдгээрийн онцлог, ач холбогдлоос сонирхуулна уу?
-Ерөнхийлөгч БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй хэлэлцээ хийж, Үндэсний Ассамблейн дарга Жон Ы Хватай уулзсан. Сөүл хотын захиргаанд зочилж, Сөүл хотын дарга Пак Вон Сүний хамтаар БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдтэйгээ уулзаж, тэдний санаа бодлыг сонсож, тавьж буй асуудлуудыг нь хоёр талд хэрхэн шийдвэрлэж болох талаар ярилцсан нь ихээхэн шинэлэг, ач холбогдолтой арга хэмжээ болсон. Энэ үеэр Сөүл хотын зүгээс Ерөнхийлөгчийг хотынхоо Хүндэт иргэнээр өргөмжилж батламж гардуулсан.
-Ерөнхийлөгч KBS телевизэд ярилцлага өгсөн юм уу?
-Ерөнхийлөгч мөн БНСУ-ын хамгийн том мэдээллийн агентлаг болох KBS телевизэд ярилцлага өгсөн нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Ярилцлагыг тус телевиз “Ирё жиндан” буюу “Долоо хоногийг шинжих нь” нэртэй хамгийн нэр хүндтэй нэвтрүүлэгтээ оруулсан. “Ирё Жиндан” нэвтрүүлэг нь тус улсын бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчдад зориулсан гол нэвтрүүлэг юм.
Жишээлбэл, АНУ-ын CBS телевизийн “Face the Nation”, ABC-гийн “Meet the Press” нэвтрүүлэгтэй төстэй. Нэвтрүүлгийн дараа тус телевизээс утасдаж, Ерөнхийлөгчиийн ярилцлагыг маш олон хүн үзлээ, сүүлийн нэг жилийн хамгийн дээд үзүүлэлт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн оролцсон энэхүү нэврүүлгийг өчигдрийн байдлаар 12 сая 250 мянган хүн үзсэн гэсэн статистик гарсан. Энэ нь манай Монгол Улсыг сонирхох сонирхол маш их байгааг харууллаа гэж байсан.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Умард Солонгосын Ким Ир Сений их сургуульд уншсан лекц түүнийг БНСУ-д эчнээ их алдаршуулсан гэдэг
-Ерөнхийлөгчийн БНАСАУ-д уншсан лекц БНСУ-д их алдартай болсон гэдэг үнэн үү?
-2013 онд Солонгосын Гадаад судлалын их сургууль Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүндэт докторын цол олгох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, урилга явуулж, лекц уншихыг урьсан юм. ГСИС нь 22 мянган оюутантай, тус улсын гадаад харилцааны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг гол сургууль юм. Ерөнхийлөгч тус сургуульд зочилж, “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд” сэдвээр тусгай лекц уншсан.
Тэрбээр өмнө нь 2013 онд Умард Солонгост айлчлах үеэрээ Ким Ир Сений их сургуульд лекц уншиж, “аливаа дарангуйлал мөнхөд оршихгүй, хүний эрх чөлөөтэй амьдрах хүсэл угаас заяагдмал” гэж мэдэгдсэн нь энд олон нийтийн анхаарлыг маш их татаж Ерөнхийлөгчийг эчнээ ихээхэн “алдаршуулсан” гэж хэлж болно. Тиймээс KBS телевизэд ярилцлага өгөхөд ч тэр, их сургуульд лекц уншихад ч тэр, мөн бусад уулзалт арга хэмжээний үеэр энэ тухай их асууж байсан. Гадаад судлалын их сургуульд Ерөнхийлөгчид Хүндэт докторын цол хэргэмийг нь гардуулах ёслол болсон.
Ерөнхийлөгчийн ГСИС–д зочилсон арга хэмжээ бүхэлдээ Монгол Улсыг сурталчлах, Солонгос дахь монгол судлалыг дэмжих талаасаа чухал арга хэмжээ болов
-Гадаад судлалын их сургууль монгол хэлний тэнхимтэй, оюутны тоо хэд байна, солонгос залуучууд монгол хэл сурах сонирхол хэр их байна?
-Ерөнхийлөгч Гадаад судлалын их сургуульд зочлох үеэрээ Монгол хэлний тэнхимийн багш, оюутнуудтай уулзсан. Тус тэнхим 2009 онд байгуулагдсан нь эдүгээ зуу гаруй оюутантай болсон байна. Ер нь БНСУ-д хоёр их сургууль монгол хэлний тэнхимтэй. Нөгөөх нь Данкукийн их сургууль. Тэнд мөн зуу гаруй оюутан монгол хэл сурч байна. ГСИС-ийн Монгол хэлний ангид элсэх сонирхол буурахгүй байна. Жилд 300 орчим материал хүлээн авч, 30-ийг нь шалгаруулж авдаг гэж удирдлагууд нь хэлж байв.
Ерөнхийлөгч арга хэмжээний үеэр хоёр оюутанд Монгол Улсад нэг жил суралцах Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгосон гэрчилгээг гардуулж, монгол хэлний зарим багш профессор, эрдэмтдэд төрийн дээд одон медаль гардуулсан. Энэхүү уулзалтад мөн Данкук их сургуулийн монгол хэлний багш, оюутнууд ирж оролцсон бөгөөд арга хэмжээг маш баяртайгаар хүлээн авсан. Тиймээс Ерөнхийлөгчийн ГСИС–д зочилсон арга хэмжээ бүхэлдээ Монгол Улсыг сурталчлах талаасаа ч Солонгос дахь монгол судлалыг дэмжих утгаараа ч их аятайхан арга хэмжээ болсон.
БНСУ-д байгаа монгол иргэд тэнд төрж тус улсын иргэн болсон хүүхдээ Монгол Улсын иргэнээр бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлсэн
-БНСУ-д манай олон иргэн ажиллаж амьдардаг. Ерөнхийлөгч иргэдтэйгээ уулзахад ямар асуудлуудыг хөндөж байв. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх ёстой байна вэ?
-БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо сүүлийн хоёр жил эрчимтэй нэмэгдсэн. Одоо 30 гаруй мянган иргэн байнга оршин сууж байна. Ерөнхийлөгч иргэдтэйгээ уулзах үеэр гэрээгээр ажиллаж байгаа иргэд гэр бүлээ урьж авчрах боломжгүй байна гэж байсан бол зарим иргэн нийгмийн даатгалын асуудал, хөнгөлөлттэй нөхцлөөр эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах, энд сурч эзэмшсэн техникийн мэргэшлийн батламж олгодог болох зэрэг бидний байнга анхаарал тавьж буй асуудлуудыг хөндөж ярьсан.
Оюутнуудын хувьд төрийн зүгээс гадаадад сурч буй оюутнуудыг дэмжих талаар асуусан бол олон иргэн бага дунд насны хүүхдүүдээ монгол хэлний сургалтанд хамруулах, БНСУ-д төрж, тус улсын иргэн болсон хүүхдээ Монгол Улсын иргэнээр бүртгүүлэх зэрэгт төр засгийн зүгээс анхаарахыг хүсэж байв. Ерөнхийлөгч өөрийн санаачилсан “Хөх үнэмлэх” олгодог болох хуулийн талаар тайлбарлаж, хүүхдүүдэд зориулж амралтын өдрүүдэд ажиллах “Мongolian Weekend School” байгуулах боломж байгааг хөндөж ярьсан.
Хамгийн гол нь манай иргэдийн дээрх асуудлуудыг Сөүл хотын дарга, холбогдох албаны хүмүүс сонссон, солонгосын талаас авах арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлж байсан нь цаашид асуудлуудыг шийдвэрлэхэд тус дөхөм болно гэж үзэж байна.
Ерөнхийлөгчийн айлчлал Солонгосын ардчиллын түүхэн өдөртэй таарсан нь бэлгэшээлтэй юм
-Манай Ерөнхийлөгчийг Солонгосын ардчиллын түүхэн өдрийг сонгож тус улсад айлчиллаа гэж дотоодынх нь нэг интернэт сонинд бичсэн байсан. Энэ ямар учиртай юм бол оо?
-Манай Ерөнхийлөгчийн айлчлал 5 дугаар сарын 18-нд эхэлсэн. Гэтэл энэ өдөр нь тус улсын түүхэнд 1980 оны Кванжу-гийн бослого буюу ардчилсан хөдөлгөөний өдөр хэмээн тэмдэглэгдсэн чухал өдөр юм байна. Айлчлалын үеэр уулзсан зарим улс төрчид, удирдагчид үүнийг онцгойлон дурдаж, бүр асууж байсан. Үнэн хэрэгтээ айлчлалын өдөр, хугацааг аль нэг талаас зориуд ингэж тааруулаагүй. Хоёр талаас дипломат шугамаар ярьж байгаад тохирсон байсан нь ингэж таарсан нь сонирхолтой, бас ч билгэшээлтэй санагдсан.
Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсад 1990 оны ардчилсан хувьсгалыг тайван замаар хийхэд манлайлагч нь байсан хэмээн олон уулзалт, арга хэмжээний үеэр тэмдэглэж байсан нь түүнийг хувь улс төрчийнх нь хувьд хүндэтгэн хүлээж авч байгаагийн зэрэгцээ манай ард түмний тэмцлийн энэхүү түүх солонгосчуудын хувьд ч бахархах зүйл мөн болохыг харуулсан хэрэг юм. Өөрөөр хэлбэл, ардчиллын үйл явцыг гүнзгийрүүлэх, улам боловсронгуй болгох нь БНСУ-д ч тулгамдсан асуудлуудын нэг мөн.
Уулзсан хүмүүс засаглалын хэв шинжийн тухай, манайх Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалаар солих ёстой гэсэн дуу хоолой их гарч байгаа гээд манай туршлага, Ерөнхийлөгчийн санаа бодлыг ч асууж байгаа тааралдсан. Ерөнхийлөгчийн хувьд засаглалын загварыг өөрчлөхдөө биш, одоо байгаагаа “тордоод” явах нь зөв болов уу гэсэн хариулт өгч байв.
Улаанбаатар-Пусаны хооронд ирэх сараас шууд нислэг хийж эхэлнэ
-Айлчлалын мөрөөр эхний ээлжинд ямар асуудалд анхаарах вэ? Ямар өөрчлөлт гарна гэж та үзэж байна вэ?
-Ер нь аливаа дээд хэмжээний айлчлал нь харилцааны томоохон асуудлуудыг шийддэг нэг чухал арга хэмжээ болохоос гадна дараагийн жилүүдийн хамтын ажиллагааны уур амьсгалыг ихээхэн тааламжтай болгож өгдөг. Удирдагчдын харилцан ойлголцол ямар байх нь улс хоорондын хамтын ажиллагаанд төдийгүй энгийн иргэдийн ахуй амьдралд ч шууд нөлөөлдөг. БНСУ нь манай иргэд хамгийн ихээр оршин суудаг, зорчдог, харилцдаг орон шүү дээ. Энэ удаа хоёр Ерөнхийлөгчийн хооронд маш итгэмжилсэн, өндөр түвшний харилцан ойлголцол бий болж чадсан.
-Айлчлалын үеэр яригдсан асуудлууд хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Юуны өмнө Улаанбаатар хотод БНСУ-ын урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээр солонгосын хамгийн орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий эрүүл мэндийн оношлогооны төв удахгүй баригдаж эхэлнэ. Мөн Солонгосын хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт дулааны станц барина. Дунд сургуулиуд хичээл заах, интернэтттэй холбогдсон ухаалаг самбартай болно, Улаанбаатарын “Харгиа” цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжинэ. Улаанбаатар-Пусаны хооронд ирэх сараас шууд нислэг хийж эхэлнэ. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал үр өгөөжөө шууд өгч эхэлнэ.
-Айлчлалын үеэр өөр гол бодлогууд хөндөж ярьсан бэ?
-Ерөнхийлөгч мөн айлчлалынхаа үеэр Кёнги мужийн Панге технологийн хөндий дэх Бүтээлч эдийн засаг, инновацийн төвд зочилсон. Кенги муж нь манай хамгийн олон иргэн ажиллаж амьдардаг мужаас гадна шинэ технологийн төв, ялангуяа гарааны бизнесийн компаниудыг төрөөс болон хувийн хэвшлийн зүгээс хэрхэн дэмжиж ажиллаж байгаагийн томоохон үлгэр жишээ юм. Тиймээс Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр хөндөж ярьсан гол сэдвийн нэг нь манай улсад нэн шаардлагатай байгаа инженер техникийн мэргэжилтнүүдийг БНСУ-д бэлтгэх, хамтарсан IT сургууль байгуулах санал байв. Үүнийг ажил хэрэг болгох талаар хоёр талын байгууллагууд ажиллана.
-АСЕМ-ийн уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ оролцох юм уу?
-Улаанбаатарт эхлэх АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Ерөнхийлөгч Пак Гын Хэ оролцох төлөвтэй байгаа бөгөөд олон улс бүс нутгийн асуудлуудаар яриа хэлэлцээ, харилцан ойлголцол улам гүнзгийрнэ. АСЕМ-ийн уулзалттай холбогдуулан БНСУ-ын Засгийн газраас 2 сая ам.долларын тоног төхөөрөмжийг манайд буцалтгүй тусламжаар олгож байгаа.
Хоёр тал харилцан бие биенээ нөхөж хамтран ажиллах боломжтой санаачилгууд дэвшүүлсэн
-Айлчлалын үеэр Умард Солонгосын асуудлаар ярилцсан уу?
-Айлчлалын үеэр хоёр тал бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын асуудлаар нухацтай ярилцсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Пак Гын Хэ нар 2013 онд Зүүн Хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, итгэлцлийг бий болгоход чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ”, “NAPCI” санал санаачилга, мөн бүс нутгийн зам тээврийн дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн “Талын зам”, “Евроазийн санаачилга” төслүүдийг дэвшүүлсэн. Эдгээр нь харилцан бие биенээ нөхөж хамтран ажиллах боломжтой санаачилгууд юм.
Тухайлбал, өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотноо Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт, хотуудын дарга нарын уулзалт, эрчим хүч болон аюулгүй байдлын бага хурлуудад Умард Солонгосоос төлөөлөгч ирж оролцсон нь энэ чиглэлээр манай талаас оруулж чадах чухал хувь нэмэр гэдэг нь харагдсан. Үүнийг БНСУ-ын тал ойлгож байгаа бөгөөд хамтран ашиглах боломж бүрдэнэ гэж найдаж байна.
-Умард Солонгосын асуудал мөн хөндөгдсөн гэсэн. Ямар асуудал ярилцсан бэ?
Яриа хэлэлцээний үеэр хоёр тал Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөөх тууштай байр сууриа харилцан нотолж, Умард Солонгос цөмийн туршилтаа зогсоох, алсын тусгалт пуужин хөөргөхгүй байх тухай НҮБ-ын АЗ-ийн холбогдох тогтоолуудыг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг харилцан нотолсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Умард Солонгос “олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн байх ёстой” гэдгийг мөн уулзалт, хэлэлцээний үеэр онцолсон болно.
А.ШАРАВ