Улаанбаатар хотоос 130 км зайд, Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Гүн Галуутай хэмээх түүх соёлын дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газар оршдог билээ. Эл газрыг шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн төрсөн нутаг гэдгээр нь манайхан андахгүй биз ээ.
Энэ л сайхан нутагт эзэн болсон С.Ариунцэцэг хэмээх бүсгүйтэй уулзаж ярилцахаар зорилоо. Гүн Галуутайн орон нутгийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч хэмээх энэ бүсгүй их л завгүй байдаг юм билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Байгалийн болон түүх соёлын дурсгалт Гүн Галуутай нутгийнхаа талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт орших Гүн Галуутайг их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг гэдгээр нь хүмүүс сайн мэддэг. Байгалийн болон түүх соёлын дурсгалт Гүн Галуутайг 2003 онд орон нутгийн тусгай хамгаалалттай бүс болгон хамгаалалтад авсан.
Үүнээс хойш 11 жил өнгөрсөн байна. Энэ 11 жилийн наймд нь би энд байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Эл газрыг 2003 онд нутгийн иргэдийн санаачилгаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан.
-Ер нь байгаль хамгаалагчийн ажилд тулгардаг хүндрэлтэй зүйлүүд их байдаг байх. Тэр болгоноосоо хуваалцахгүй юу?
-Бэрхшээл саад маш их гардаг. Манай Гүн Галуутай Багануур дүүргээс 10 орчим км, төв замаас 17 км зайд, ерөнхийдөө төвтэй ойрхон байдаг. Тийм учраас байгаль орчны гэмт хэрэг гарах магадлал өндөртэй.
Аялагчид, амрагчид ихтэй болохоор заримдаа гутармаар, сэтгэл зовоосон асуудал их тулгардаг. Заримдаа ч шантрах үе бий шүү. Гэхдээ өөрийнхөө дуртай ажлаа хийж байгаа болохоор тийм ч амар шантрахгүй шүү дээ.
-Монголд эмэгтэй байгаль хамгаалагч их цөөхөн байдаг юм билээ. Энд найман жил ажилласан гэж байна. Ер нь яагаад энэ газрыг сонгож суурьших болов?
-Энд ирсэн түүх бий бий. Найман жилийн өмнө нөхрийн маань бие өвдөөд Улаанбаатар хотод эмчлүүлж байсан, бид хоёр. Тэгээд хоттой ойрхон агаар салхинд гаръя, байгальтай газар очихын зэрэгцээ мэргэжлээрээ ажиллая гэж бодож байтал “Гүн Галуутайд байгаль хамгаалагч авна” гэсэн зар гарсан.
Ингээд л зарын дагуу холбогдож, энд ирж суурьшсан даа. Гүн Галуутайг тусгай хамгаалалтад авдаг жил сэтгэлээрээ нэгдсэн нутгийн олон “Гүн Галуут орон нутгийн иргэдийн холбоо” хэмээх ТББ-ыг байгуулсан. 15 гишүүнтэй, нэг байгаль хамгаалагчтай. Энэ байгууллага маань өөрсдийн хандиваар санхүүжилтээ босгон байгалиа хамгаалах ажил хийдэг.
Анх 2007 онд ирэхдээ 100 мянган төгрөгийн цалин авдаг байсан. Харин 2011 оноос хойш 200 мянган төгрөгийн цалин авч байгаа. Би ч эд нарынхаа өгсөн цалин мөнгийг голоод байдаггүй. Ер нь экологич хүн гэдэг бол эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэрэгтэй адил байх ёстой. Байгаль орчноо хамгаална гэсэн тангарагтай учраас сайн дураараа байгаль хамгаалах ажлаа хийдэг.
-Байгаль хамгаалагчийн ажил эмэгтэй хүнд ахдахгүй юу. Унаа малаас эхлүүлээд ярвигтай зүйл их гарна биз?
-Байгаль хамгаалагчид хариуцсан бүс нутгаа эргэж,тойроход унаа хэрэгтэй. Манай төрийн бус байгууллагад ажилладаг малчид маань надад хоёр морь өгсөн. Өвлийн цагт хоёр морио ээлжилж унаад л ажлаа гүйцэтгэнэ. Мөн манай нутагт жуулчны баазаа ажиллуулдаг “Селена травел” компаниас энэ найман жилийн хугацаанд хоёр удаа мотоцикль өгсөн.
Унааны хувьд яах вэ, болж л байна. Гэхдээ сүүлийн үед байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс олшрох болсон. Учир нь байгаль орчноо хамгаалаад, хамгаалалт сайжраад ирэхээр тарвага зурам өсдөг, загас үржиж байна. Ингээд байгаль сайхан сэргээд ирэхээр гаднаас хүмүүс олноороо ирж, зөрчил их гардаг. Тэр хүмүүс хурдан машинтай, буутай байдаг. Үүнд байгаль хамгаалагчдын мотоцикль хаана нь ч хүрдэггүй. Энэ мэтчилэн бэрхшээлтэй зүйл бий бий.
-Гүн Галуутайд ховор ан амьтан элбэг байдаг гэсэн. Байгаль хамгаалагчийн хувьд ан амьтныхаа тоо толгой, өсч үржиж байгааг андахгүй мэддэг байх даа?
-Манай улсад талхлагдаагүй үлдсэн цөөн хэдэн онгон дагшин газар байдгийн нэг нь манай Гүн Галуутай. Хэрлэн гол манай 20 мянган га газар нутагт 37 км урттай урсдаг. Хэрлэн гол 38 зүйлийн загастай, тул загас элбэг байдаг. Тиймээс хүмүүс спорт агнуур хийх, зураг авах зэрэг сонирхолтой байдаг.
30 орчим насны монгол залуучуудын тухайд бол маш зөв аялдаг болсон. Хог новшоо түүж авна, заавал газар ухаж өгөөш барьж авахгүй, өгөөшөө худалдаад аваад ирж байна.
Энэ жилийн тухайд найман тул загас барьж зургаа авахуулсан тоо баримт бий. Өнгөрсөн долдугаар сарын 26-нд 20 гаруй тулбаа /тул загасны үр төл/ байхыг би өөрийн нүдээр харсан. Ер нь Хэрлэн гол тул загастай. Аргаль угалзын хувьд 2007 онд намайг энд ирэхэд 86 байсан бол одоо 200 хол давсан. Зургаан аргаль угалз нь байршил, шилжилт хөдөлгөөний мэдээлэл дамжуулдаг хүзүүвч зүүсэн байгаа.
-Байгалиа хамгаалахын зэрэгцээ хажуугаар нь аж ахуй эрхэлж, ажил төрөл хийх боломж байдаг уу?
-Ямар нэгэн аж ахуй эрхэлдэггүй. Зуны улиралд 5-10 сард аялал жуулчлалд оролцдог.
-Танай гэр бүлийнхэн чинь таныг дагаад байгаль хамгаалагчид болчихсон уу?
-Манай гэрийнхэн чинь бүгдээрээ байгаль хамгаалагчид шүү. Би бас энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй байх. Манай нөхөр чинь ан их хийдэг, анчин хүн байсан. Ан хийж байх хугацаандаа мотоциклиосоо унах гэх зэрэг шалтгаанаар бие их муутай болсон.
Нэг айхтар өвдсөнөөсөө хойш надтай хамт байгаль хамгаалагч хийгээд, хууль бусаар ан хийж байгаа, хавх тавьж байгаа, буу аваад явж байгаа хүмүүстэй тэмцэх болсон. Миний хувьд нэг ч гэсэн ан хийдэг анчин хүнийг засч авсан шүү /инээв/.
-Хууль бусаар ан хийдэг хүмүүс хэр их байна вэ?
-Хууль бусаар ховор ан амьтныг агнах тохиолдол мэр сэр гардаг. Тарвага агнах тохиолдол их байдаг. Аргаль, угалз агнасан тохиолдол нэг гарсан. Өөрөөр хууль бус ан нэг их хийгдээд байдаггүй. Харин Хэрлэн голд загас агнуурын зөвшөөрөлгүйгээр загас барих тохиолдол их байдаг.
-Загас барих эрхийн бичгийг хаанаас олгодог вэ. Ямар үнэ ханштай байдаг юм. Тогтоосон тоо байдаг уу?
-Сумын байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, манай ТББ-аас эрхийн бичиг олгодог. Гэхдээ иргэд зарим нь мэдэхгүйгээсээ юм уу, эсвэл санаатайгаар эрхийн бичиг авахгүй, зөвшөөрөлгүйгээр загас барих тохиолдол байдаг. Эрхийн бичиг 8-10 мянган төгрөг байдаг. Гурав хоногийн хугацаанд 10 ширхэг загас барих эрхтэй байдаг юм.
-Байгалиа эргэхдээ ганцаараа л явах уу?
-Ганцаараа л явна, айх эмээх зүйл байхгүй. Үргээлэг хийсний дараах хэд хоногт ганцаараа явахаас айдаг. Учир нь шархадсан чоно шархандаа халуураад байж байдаг болохоор гэнэт дайрах тохиолдол гардаг. Бусад тохиолдолд байнга эргэж тойрч байдаг. Манай энд чинь бас цэн тогоруу их байдаг. Нэг удаа сонирхолтой явдал тохиолдсон юм.
Бусад тогорууны үүрийг сандаагаад байдаг нэг зөрүүд тогоруу байсан юм. Тэгсэн нэг удаа хоёр дэгдээхийгээ дагуулчихсан явж байхаар нь мориороо хөөгөөд дэгдээхийг нь бариад авсан чинь хоёулангийнх нь толгой яршчихсан байсан. Яагаад хоёр дэгдээхийний толгой ийм болчихсон юм бол гэсэн чинь эх тогоруу нь бусдынхаа үүр өндгийг сандаачаад байхаар өшөөгөө аваад хоёр дэгдээхийг нь тоншоод хаячихсан байсан.
-Найман жил байгаль хамгаалагч хийх хугацаанд аймшигтай зүйл тохиолдож байв уу?
-Галзуурсан үнэг, хярстай их таарч байсан. Нэг удаа угалз үхчихсэн байхаар нь толгойг нь аваад ирсэн. Угалзны толгойг манайх “Аргаль” төв рүү явуулдаг юм. Тэгсэн нөгөө угалзыг галзуурсан чоно барьсан болох нь тогтоогдсон. Тэгээд намайг галзуугийн вакцин хийлгэхгүй бол болохгүй гээд нэг хэсэг л вакцин хийлгэж байлаа.
Бас өнгөрсөн аравдугаар сард байх аа, нэг хүнд боолгоод үхэх шахсан. Саяхан бас нэг залуугийн бууг хураагаад мотоцикльдоо мордох гэж байсан чинь бууныхаа бөгсөөр цохичихоод булааж аваад зугтах гэж оролдсон. Тэр 20 орчим настай залууд бол би юу ч биш шүү дээ. Гэхдээ л буугаа тавихгүй чаргууцалдсаар байгаад л нэг юм салгасан.
-Хүүхдүүдээ сургууль соёлд нь яаж явуулдаг вэ?
-Энэ жил манай зургаан настай охин сургуульд орсон, сумын дотуур байранд байгаа. Том нь 12 дугаар ангид сурдаг болохоор Багануур дүүрэгт амьдардаг.
-Байгаль хамгаалагч нар ямар тусламж дэмжлэг үзүүлээсэй гэж та боддог вэ?
-Байгаль хамгаалагч нар бүгдээрээ л зовлон нэгтэй байдаг байх. Байгаль хамгаалагч нар ихэвчлэн мотоцикльтой байдаг. Гэтэл түлш нь байдаггүй. Манайх ТББ-аасаа сарын 15 мянган төгрөгийн түлш гаргаж өгдөг. Яг үнэндээ хулгайн анчин хурдан машиндаа суугаад зугтахад мотоциклийн шатахуун дуусаад хөөж гүйцэхгүй зогсох тохиолдол ч байдаг.
-Жилд энд хэчнээн жуулчин ирдэг вэ?
-Жилд 1000 гаруй жуулчин ирдэг. Анх намайг энд ирж байхад жуулчид цөөхөөн ирдэг байсан. Одоо бол 1500-1600 орчим жуулчид ирж байна. Дотоодын аялагч нар бас их ирж байна.
-Таныг нутгийнхаа иргэдийг дагуулаад Гүн галуутайн хогийг цэвэрлэдэг гэж сонссон юм байна. Аяллаар ирсэн хүмүүс энд хэр хог тарьж байна?
-Энд найман жил ажиллах хугацаандаа би нэг л зүйлийг сайн ойлгосон. 30 орчим насны монгол залуучуудын тухайд бол маш зөв аялдаг болсон. Хог новшоо түүж авна, заавал газар ухаж өгөөш барьж авахгүй, өгөөшөө худалдаад аваад ирж байна.
За тэгээд барьсан загасаа шарж иднэ гээд ил гал түлэхгүй, шарагч дээр шараад идчихэж байна. Маш сайхан соёлтой боловсон харьцдаг болсон байна. Харин 35-аас дээш насныхан бол тийм биш. Учир нь биднийг бага байхад зуны даалгаварт янз бүрийн хатаамал, зурамны арьс авчир гээд л даалгавар өгдөг байсан шүү дээ.
Үүнтэй холбоотой байдаг юм уу, бидний үеийнхэн байгальтай хандах хандлага нь их өөр, учир дутагдалттай байдаг. Орон нутгийн хамгаалалттай газрын тасалбарын хураамж 500 төгрөг төлөөрэй гэхээр их дургүй өгдөг. Харин манай залуу үеийнхэн ёстой соёлтой боловсон, байгалиа хайрлаж мэддэг, мундаг болсон гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй байх аа.
-Байгаль хамгаалагчийн хувьд зөрчил гаргасан этгээдэд торгууль ногдуулах, хариуцлага хүлээлгэх эрх бий юу?
-Байхгүй. Янз бүрийн зөрчил илрүүлсэн тохиолдолд сумын болон Багануурын цагдаагийн хэлтэст мэдээлэл өгдөг. Саяхан ойрын хэд хоногт Хэрлэн голын зүүн талд Хэнтий аймгийн Цэнхэрмандалын нутагт хайгуулын ангийнхан ямар нэг зүйл угаагаад байсан. Тэдгээр хүмүүсийг Багануурын цагдаагийн хэлтэст өгсөн.
Ерөнхийдөө ойрын цагдаагийн байгууллагатай л хамтарч ажилладаг. Гэхдээ хууль бусаар ан хийсэн хүмүүсийг шууд л торгоно, хураана гэхээсээ илүү байгаль орчныхоо тухай мэдээлэл өгдөг, өөрийнх нь буруутай үйлдлийг ойлгуулдаг, буцаад яаж хамтран ажиллах талаараа ярилцах нь илүү үр дүнд хүргэнэ.
Ингэж ойлголцохгүй шууд хураагаад, торгоод хууль журмын дагуу арга хэмжээ авахаар буцаад дайснаа бэлдэж байгаагаас ялгаагүй шүү дээ. Тиймээс байгаль орчныг хамгаалах талаар маш сайн ойлголцох л хэрэгтэй. Ерөнхийдөө сүүлдээ хүмүүсийг хараад л мэддэг болчихдог юм. Энэ нь шинээр ирсэн хүн байна, энэ нь хууль бус ан хийх гэж байгаа хүн байна гэдэг нь анзаарагддаг болчихдог юм байна билээ.
Э.Туул