АНУ-ын Миннесота мужийн Макалестер коллежийн угсаатны зүй болон хүн судлаач профессор Ж.Уэтерфорд 2004 онд анх хэвлүүлсэн “Чингис хаан ба өнөөгийн ертөнцийг бүтээсэн нь“ (Chinggis Khan and making of the modern world) номондоо монголчууд XIII зуунд Ази, Европын соёл иргэншлийг холбосон анхны гүүрийг байгуулсан гэж өгүүлжээ. Харин европчууд түүнээс хойш 200-гаад жилийн дараа Чингисийн үр удмынхны байгуулсан өндөр ашигтай улс хоорондын худалдааг сэргээхийг оролдсон гэж бичсэн байдаг.
Тус номонд Чингис хаан улс түмний хооронд цоо шинэ журам тогтоон, чанд сахиулж чадсан гэжээ. Бусдын шашныг тэвчин хүндлэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байх, нутгийн соёл, заншлыг хүндлэх, авьяас чадварыг урамшуулан дэмжих, хуулийн засаглалыг дээдлэх, улс хоорондын худалдааг хөгжүүлэх, худалдааны зам барих, бүгдийг бичиг үсэгтэй болгох, шуудангийн анхны сүлжээ байгуулах, цаасан мөнгийг өргөнөөр хэрэглэх, хүнийг шийтгэхдээ тамлахгүй байх, элч төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хүндэлж хамгаалах зэрэг нь энэ журмын гол заалтууд байсан аж.
Чингис хааны дээрх журмыг ‘’сэргээх’’ тухай 800-гаад жилийн дараа Ази, Европ тивийн тавиад орны элч төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо чуулан хуралдаж, монгол гэрт тойрон суугаад ярьчих шиг санагдав. Үнэхээр л Чингис хааны эл журмыг хүн төрөлхтөн сахин мөрдөж ирсэн бол дэлхий ертөнц эдүгээ дайн дажингүй амьдрах байсан шүү дээ. Лав л АСЕМ-ын өдрүүдэд болсон Францын Ницца хотод тунис гаралтай эр олон арван хүний амийг ачааны машинаар дайрч бүрэлгэхгүй, Туркт ардчилсан сонгуулиар ялсан төр засгаа цэрэг зэвсгийн хүчээр зайлуулахыг оролдохгүй ч байж болох.
УЛААНБААТАРЫН АСЕМ ГЭЖ ЮУ БОЛООД ӨНГӨРӨВ
Aзи, Европын дээд түвшний 11 дэх уулзалт Улаанбаатар хотноо долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв. Энэ уулзалтад 10 орны төрийн тэргүүн, 23 орны Засгийн газрын тэргүүн, 17 орны Гадаад хэргийн сайд болон тусгай элч нар, 4000 гаруй зочид, төлөөлөгч оролцлоо. “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдэвтэй энэ арга хэмжээг гадаад, дотоодын 700 гаруй сэтгүүлчид сурвалжлан, дэлхий даяар мэдээлэв. Дэлхийн хүн амын 63 хувь нь амьдарч, ДНБ-ий 50 хувийг бүтээн, худалдааны эргэлтийн 60 хувийг гүйцэтгэж буй хоёр тивийг холбосон энэ байгууллагад Монгол Улс 2008 онд элсчээ.
Дээд түвшний уулзалтаас өмнө АСЕМ-ын 10-аад сэдэвчилсэн уулзалт Улаанбаатарт болж, 51 гишүүн орны төр засаг, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл олон удаа хуран цуглав. Тэд иргэдийн шилжин суурьшилт, байгаль орчны хамгаалал, хүнсний аюулгүй байдал, сэргээгдэх эрчим хүч, иргэний нийгэм, залуучууд болон хууль тогтоогчид, худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой олон асуудлыг дүгнэн хэлэлцжээ. Эдгээр уулзалтын дүнг нэгтгээд, дээр нь хоёр тивийн өмнө тулгараад буй бусад асуудлыг онилсон “Улаанбаатарын тунхаглал”-ыг энэхүү дээд түвшний уулзалтаас гаргав.
МОНГОЛ УЛСАД ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮМ БЭ
АСЕМ-ын энэ уулзалтын улс төрийн ач холбогдол нь хамгийн их. Учир нь дэлхий ертөнц улс төр, эдийн засгийн харилцааны олон төвтэй болж, ялангуяа Орос, Хятадын харилцаа бүх талаар нэгдэн, өндөр хурдаар ойртож байгаа энэ цаг үед, тус тусдаа олон асуудалтай Ази, Европын улс орнуудын төр засаг, иргэд, бизнесийн төлөөллүүд албан бусаар уулзан, санал бодлоо солилцож байгаа нь өөрөө тун чухал үйл явдал. Ялангуяа Орос, Хятад болон энэ хоёр улсаар дамжуулан Ази, Европыг холбосон, цорын ганц улс-Монголд энэ уулзалт болсон нь түүхэн ач холбогдолтой.
Манайх шиг улс төрийн жин бага оронд бараг л ахадсан гэмээр том арга хэмжээ болсон ч, хамгийн гол нь Монгол Улс төвийг сахисан гадаад бодлогоо таниулсан, түүхээ сануулсан, соёл заншлаа харуулсан, амар амгалан, аль ч улсын төр засгийн удирдлага, хүн ард нь цуглан уулзаж болох орон гэдгээ баталгаажуулсан, эх орноо даян дэлхийд сурталчилж чадсан өвөрмөц сайхан өдрүүд байлаа.
Эдийн засгийн хувьд аялал жуулчлалыг, ялангуяа түүний нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг, Монголын хувьд хамгийн их ирээдүйтэй байж болох ажил хэргийн (хурал цуглааны) аялал жуулчлалыг (convention tourism) хөгжүүлэхэд томоохон алхам хийв. Энэ төрлийн аялал жуулчлалд спорт, урлагийн наадмууд, тодорхой үйлдвэрлэлийн болон мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагуудын хурал, тэмцээн, концерт зэрэг арга хэмжээнүүд багтдаг.
Эдгээрийг харилцаа холбоо, зочид буудал, тээврийн дэд бүтэц сайн хөгжсөн, тайван, аюулгүй байдал хангагдсан, хоол унд, цэнгээний газрын үйлчилгээ сайн, хүн ард нь найрсаг хот, оронд зохион байгуулдаг бөгөөд харьцангуй их орлоготой аялал жуулчлалын бизнес юм.
Монголчууд сайн төлөвлөж, бэлдээд, нэгдэн хоршиж чадвал өдөрт 5000 хүн хүлээн авч чадахаа харуулав. Өндөр дээд хэмжээний зочид байрлуулах хотхон байгуулж, зочид буудлуудыг бэлтгэн чадавхжуулж, хотын дэд бүтцийг сайжруулан тохижуулах, мэргэжилтэй ажилчид болон сайн дурынханыг бэлтгэх зэрэг олон ажил хийлээ. 4400 хүнийг мэргэшүүлсэн сургалтад хамруулснаас үйлчилгээний чиглэлээр 620 хүн Монголдоо, зочид буудлын менежментийн чиглэлээр 15 хүн БНСУ-д, хурлын менежерээр 50 хүнийг гадаадын бусад оронд сургав.
Олон улсын хурлын орчуулагчаар Энэтхэгт 14, Европын холбооны зардлаар зургаан хүнийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, сайн дурын 1100 гаруй оюутан, залуусыг сургалтад хамруулжээ. Аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, тагнуулын 500 орчим хүнийг тусгайлан бэлтгэсэн байна.
АСЕМ-ын төлөөлөгчдийн нислэг, зочид буудал, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үйлчилгээ зэргээс 8-10 сая ам.доллар орж буй тооцоо гарчээ. Энэ уулзалтуудыг зохион байгуулах байр танхим, зочид төлөөлөгчдийн унаа, хот тохижилт, дэд бүтэц, аюулгүй байдлын хамгаалалтад ашиглагдах автомашин, тоног төхөөрөмж зэрэгт зориулан улсын төсвөөс зөвхөн 2016 онд 21 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Гэхдээ төсвөөс гадна хувийн хэвшлийн оролцоо, хандив, мөн олон зочид буудал, үйлчилгээний компаниуд олгосон хөнгөлөлттэй зээлийг тооцвол хэдэн зуун тэрбум төгрөгийн зардал, хөрөнгө оруулалт болсныг төр засаг нэгтгэн тооцож, нийтэд удалгүй тайлагнах учиртай.
АСЕМ-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛСНЫ СУРГАМЖ
Олон улсын ийм том арга хэмжээг, ялангуяа гадаадын төр засгийн дээд түвшний удирдлагууд оролцсон чуулга уулзалтыг аль болох УИХ-ын сонгуультай давхцуулахгүй зохион байгуулах хэрэгтэй аж. Энэ удаа шинэ Ерөнхий сайд, долоо хонохгүй солигдох хуучин сайд нартайгаа олон арван уулзалт хийж, түүнээс олон гэрээнд гарын үсэг зурлаа.
Мөн ийм том арга хэмжээг аялал жуулчлалын хамгийн өндөр ачаалалтай үе буюу зуны сартай давхцуулан ердийн жуулчид олон улсын нислэг, зочид буудал захиалах боломжийг хязгаарлаж байхын оронд, есдүгээр сарын дундаас хойш зохион байгуулбал аялал жуулчлалын улирлаа сунгаж, жил тойрон авах жуулчны тоо, олох орлогоо өсгөж болох юм.
Наадмын үеэр 2-3 орны дээд түвшний зочин хүлээн авах, тухайн улсын жуулчдыг бас татах, ирсэн хойно нь Монголын хүн ардад хандсан албан бус яриа өрнүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ер нь ардын дипломат харилцаанд (Public diplomacy) бас анхаарах шаардлагатай юм. Саяын АСЕМ-ын уулзалтын үеэр гадаадын төрийн удирдлагуудтай хэвлэл, мэдээллийнхэн уулзах боломж хомс байлаа.
Монголчууд хичээвэл маш сайхан, цэвэрхэн, соёлтой байж, зочдодоо үйлчилж чаддаг гэдэг нь энэ хурлын үеэр харагдав. Хот маш цэмцгэр, хоггүй, бүх такси цэвэрхэн, суудал нь шинэ, жолооч нь цагаан бээлийтэй байсан үйлчилгээний энэ стандартаа цаашид ч хадгалах хэрэгтэй. Мөн шаардлагатай бол дотоод холбоогоороо орчуулга хийдэг байж болох юм.
Хотын гудамж, авто замын хөдөлгөөний тэмдэглэл, автобусны зогсоол, барилга байшингийн хаягаа хоёр хэлээр (англи, монгол) болгох шаардлага зүй ёсоор тавигдаж буй. Ер нь болж өгвөл иргэд нь, төр засгийн дээд удирдлага заавал хоёр хэлтэй байх нь хүмүүний харилцааг сонирхолтой, өгөөжтэй болно.
Ази, Европ хоёр тивийн хүн ард улам бүр уялдаа холбоотой, сайн андууд байх болтугай. Монголын энэхүү сэргээсэн гүүрээр улам олон анд зорчих болтугай.
Та бүхэн Д.Жаргалсайханы вэбсайтад зочлохыг хүсвэл jargaldefacto.com хаягаар орно уу.