“Аавтайгаа аялахдаа замдаа тааралдсан бүхнийг сэтгэлдээ тээн, хараандаа буулгаж...”
Аялал гэрэл зурагтай холбогдвол илүү үр дүнтэй. Би хүүхэд байхдаа л аавыгаа дагаад хөдөө явдаг байлаа. Тэр үед байгалийг янз бүрээр хараад замдаа тааралдсан ургамал ногоог тоолоод л сэтгэлдээ тээн, хараандаа буулгадаг байв. Хожим Цагдаагийн академид Хууль Эрхзүйн мэргэжил эзэмшсэн ч сэтгэл зүрх минь өөрийн эрхгүй гэрэл зурагт хөтөлсөн.
“Нүүдэлчин ахуйн соёл, амьдралыг буулгасан зураг эргээд түүх болон үлдэнэ...”
Би байгалийн болон нүүдэлчин ахуйн соёл, амьдралыг гэрэл зураг болгон үлдээхийг хүсдэг. Энэ амьдралын хэв маяг хувьслаараа өөрчлөгдөж байна. Хүмүүс мотоциклоор малаа хариулж байна. Үүнийг буруутгахын аргагүй. Угаасаа нийгэм өөрчлөгдөж хүмүүс өөрт тохиромжтойг л хэрэглэнэ. Тэд өөрчлөгдөж байгаа ч гэрэл зурагт тэр нь түүх болон үлдэнэ. Энэ бүхэнд миний бие өөрийн хувь нэмрээ оруулснаар ирээдүйд эргээд уг соёл сэргэх үе гарч ирэх ч юм бил үү, хэн мэдлээ. Нөгөө талаас би хадны сүг зураг, буган чулуу, сүм хийдийн туурь гээд түүх соёлын зураг авах сонирхолтой. Эргээд хийсэн бүхэн минь баримт, түүх болон үлдэнэ.
“Намрын шар навчис зунд байдаггүй, зуны цэцэгс өвлөөс олддоггүй. Тийм учраас...”
Би бол байгалийн гэрэл зурагчин. Өдөржин, шөнөжин студид суучихвал байгалийн гэрэл зурагчин гэж өөрийгөө тодорхойлох хэцүү. Тэгэхээр байгалийг ганц зунаар төлөвлөж болохгүй. Яргуй хавар л цухуйна... Гүйлс хаврын гурван сардаа л ургана... Хавар мал төллөнө... Нүүдлийн шувуу ирнэ... Энэ бүхнийг хавраас тольдох боломжтой. Харин намартаа тариа шаргалтана... Байгаль олон өнгөд хувилна... Намрын энэ өнгө зунд байдаггүй, зуны ногоон өнгө өвлөөс олддоггүй. Тиймээс өөрийгөө байгалийн гэрэл зурагчин гэж тодорхойлж байгаа бол жилийн дөрвөн улирлыг хальснаа буулгах ёстой. Говийн зураг л авчихаад би байгалийн зураг авсан гэж хэлж болохгүй биз дээ?
“Миний эх орон үзэсгэлэнтэй учраас энэ зураг таны сэтгэлд хүрч байгаа юм гэж билээ...”
Хөх тэнгэрийн орноор гэдэг аяллыг би 2011 онд хийж дөрвөн сарын хугацаанд 25000 км зам туулж, 21 аймгаа бүтэн тойрсон. Улмаар 2013 онд “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэнгээ бүх аймагт гаргаж байв. Миний үзэсгэлэнг үзсэн гадаадынхан “Таны зургууд гоё юм аа. Монгол орныг зургаар тань дамжуулан харахад маш үзэсгэлэнтэй байна” гэж билээ. Би хариуд нь “Миний эх орон үзэсгэлэнтэй учраас энэ зураг таны сэтгэлд хүрч байгаа юм” гэж хэлсэн. Би энэ сэдвийнхээ хүрээнд хоёр фото ном гаргасан. Одоо “Хөх тэнгэрийн орноор” буюу Монгол хүний очвол зохих бүх газруудыг маш тодорхой маршрутаар нь гаргаж өгсөн аялагчдад зориулсан гарын авлага хэвлэхээр төлөвлөж байна.
“Хүссэн зургаа авахын тулд олон өдөр хүлээх шаардлага гарна...”
Зарим хүн байгалийн зураг авахыг аппаратаа чиглүүлээд л дарчихдаг гэж ойлгодог. Гэтэл зураг авах газраа очихын тулд ямар зардал гарах уу, очоод зургаа авахад ямар эрсдэл тохиолдох уу... Машин шаварт суух, онхолдох гээд ямар ч эрсдэл тохиолдож болно. Бас цас, бороотойд хүссэн зургаа авахын тулд олон өдөр хүлээх шаардлага гарна. Хэчнээн нар шарсан ч би тухайн зургийг гоё болгохын тулд хонин үүл хүлээж болно. Харин тэрхүү хүлээлтийн дараа санасандаа хүрэх бол агуу мэдрэмж.
“Хүлээлт...”
Би тэвчээр багатай хүн л дээ. Харин хүссэн зургаа авахын тулд хүйтэн, халуун гээд байгалийн ямар ч нөхцөлд өдөр шөнийг умартан хүлээж чадна. Бүр дөрвөн хоног хүлээсний эцэст зураг авсан тохиолдол бий.
“Хоёр хоног хүлээлт үүсгэж авсан зураг...”
Гурван аргалтай зураг бий. Тэр бол хоёр хоногийн ажил орсон. Хоёр хоног нуувчид суух амаргүй юм билээ. Цаг өнгөрч өгөхгүй. Аргал гагцхүү тэр булгаас л ус уухаар ирэх байсан юм л даа.
“Хамгийн чанартай хайруулын тавгаар чадварлаг тогооч л сайн хоол хийнэ...”
Би үнэндээ хоол хийж чаддаггүй хүн. Надад Японоос хамгийн сайн чанарын хайруулын таваг авчирч өгөөд ч нэмэргүй. Гэтэл хүмүүс чи хамгийн сайн аппарат барьсан юм чинь сайн зураг л авч таарна шүү дээ гэдэг. Гэтэл тэр аппаратыг мэдлэгтэй, чадвартай, мэдрэмжтэй гэрэл зурагчин л ажиллуулж байж сая сайн бүтээл хийнэ. Харин миний голоод байдаг тэр муу хайруулын тавгаар мундаг тогооч л супер хоол хийж чадна. Тэгэхээр аппарат бол зүгээр л төхөөрөмж. Ажиллуулна гэдэг зөвхөн шагайвчаар харж, товчлуур дарахын нэр биш л дээ.
“Би зураг авахдаа амьсгалдаг уу?”
“Зураг авахдаа би аппаратаа өөрийнхөө нэг хэсэг гэдгийг мэддэг. Би зураг авах үедээ амьсгалдаггүй, юу ч боддоггүй, зөвхөн мэдрэхийг хүсдэг. Тиймээс миний үйлдэл, амьсгаа, бодол зогсдог. Тэгээд зургаа авч дууссаныхаа дараа маш их амьсгаадаж, хамаг хөлс урсаж буйгаа анзаардаг.
“Хүссэн зургаа авахгүй бол сэтгэл хоосроод, гансардаг...”
Өндөр зардал, их цаг хугацаа зарцуулан байж хүссэн үр дүндээ хүрэхгүй бол сэтгэл хоосроод, гансрах мэдрэмж төрдөг.
“Мазаалайн зураг авахын тулд хэдэн хоног зарцуулахыг би үнэндээ хэлж мэдэхгүй...”
Энэ зун Увсын Олон нууруудын хотгорт вансэмбэрүү цэцэглэхийг хальснаа буулгах төлөвлөгөө байна. Мөн Ховдын булганаас Баян-Өлгий рүү явах замд таарах хавцал, Хүйтний оргил дээрээс Алтай нурууны олон оргилуудын зургийг авахаар төлөвлөж байгаа. Надад сүүлийн үед амьтны зураг авах сонирхол төрөх болсон. Зундаа багтаад мазаалайны гоё зураг авчихмаар байна. Зураг авалтад хэд хоног зарцуулахыг би үнэндээ хэлж мэдэхгүй.
“Хамгийн сайхан газар сэтгэл, зүрхэнд л байдаг...”
Би аялагч хүн. “Монголын хамгийн гоё газар бол...” гээд оноогоод хэлчихвэл тухайн хүн тэрхүү төсөөллийн дагуу л хайрцаглагдчихна. Гэтэл хамгийн гоё газар сэтгэл зүрхэнд л байдаг. Дорнодын талыг хамгийн гоё гэж бодоод очиход л чиний төсөөлөл биеллээ олж чадвал тэр хамгийн сайхан газар.
“Зураг болгоны ард дурсамж бий...”
Гэрэл зургийг тодорхойлж хэлье гэхээр ерөөсөө үг олддоггүй юм. Зураг болгоны ард дурсамж байдаг. Миний хувьд гэрэл зураг бол дурсамжийн хамгийн чухал хэрэглэгдэхүүн. Хадгалах хар хайрцаг, бодлын үргэлжлэл мэт...
“Зураг аваад л, дурлаад л... Дахин энэ үйлдэл давтагдахын учиг...”
Энэ талаар би ерөөсөө бодож байгаагүй. Хүмүүс надаас энэ тухай асуудаг. Хүсэл, мөрөөдөл, зорилгоо гүйцээх, уран бүтээл хийх гээд л олон учир утгыг агуулдаг юм болов уу. Одоог хүртэл миний толгойд “Чи энэ олон зураг аваад чамд ямар хэрэгтэй юм бэ” гэх бодол хэзээ ч орж ирж байгаагүй. Чамайг асууж эхлэх мөчид л өөрөөсөө энэ асуултыг хэзээ ч асууж байгаагүйгээ мэдлээ.
"Хаа нэгтээ аялж яваа сонирхолдоо хөтлөгдөн очиж зураг дарсан, эргээд дурсахад өөрийгөө азтайд тооцох сайхан мөч болон үлдсэн олон зургууд надад бий. Тэдгээрийн нэг бол энэ зураг. 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутгаар аялж үзэсгэлэнт сайхан Хар нуур болон уулын орой доорх Сэмжит хадыг үзчихээд оройхон сумын төв дээр нэгэн айлд жигнэсэн гурилтай шөл идээд сууж байлаа. Шинэ махаар хийсэн хар шөл болон жигнэж хэрчсэн гурил хоёрын хосолсон амт одоо ч амтагдах шиг. Хоол идэнгээ айлын хүмүүстэй хууч хөөрлөө. Тэд ч намайг ихэд сонирхон түмэн зүйлийг асууна. Гэтэл нэг нь “Нарийн гол эхийг үзсэн үү. Үнэхээр сайхан газар шүү. Үзээгүй бол энүүхэн ойрхон 15 км давхиад л элсэн дундах диваажинг харна” гэж хэлдэг юм байна. Би ч сонирхоод хоолоо ч идэж дуусгалгүй гишгэчихсэн. Тэгээд мөнөөх газар ирмэгцээ элсэн манхан өөд гүйлээ. Амьсгаадаад багтарч үхэнгээ алдаад л манхны орой дээр гартал ямар үзэсгэлэнтэй харагдсан гээч! Тэгээд л энэ зургийг нар жаргахын өмнөхөн авсан"
"Улаанбаатар хотын зургийг шөнө буулгаж байсан оролдлогуудаас хамгийн үр дүнтэй нь гэж бодож байгаа. Учир нь энэ зургийг сайн авахын тулд би залуучуудаас суралцсан юм. Шөнийн хотын зургийг маш сайн авдаг Хишигтогтох, Түшиг, Учрал зэрэг залуучуудаас намайг сургаж тус болооч гэж би гуйсан юм. Зөвлөхөд, залуу үеэсээ нэрэлхэлгүйгээр суралцаарай гэж хүсэх байна"
"Энэ үед 10 хоногийн хугацаанд таван аймгийн нутгаар 2800 орчим километр замыг туулан зургийн аяллаа хийсэн. Энэ удаагийн аяллын үндсэн зорилго нь шувуу болон амьтны зураг авах байлаа. Зүүн бүсийн хэд хэдэн нуурыг тойрлоо. Өнгөрсөн хавар гарсан түймэр нуурын зэгс болон орчныг шатааснаас нүүдлийн шувуудад нутаглах таатай боломжийг олгоогүй байх шиг санагдлаа. Ялангуяа манай нутгаар дайран өнгөрдөг оросын нүүдлийн шувууд буухгүй өнгөрөөд нисээд шиг... Энэхүү зургийг Буйр нуурын зэгсэнд мөлхөн байж авсан. Ер нь шувуунд ойртож зураг авна гэдэг маш хэцүү. Сүүлийн үед шувууд их хашир болсон гэх юм билээ. Great White Heron буюу Цагаан дэглий"
"Энэ зураг хүмүүсийн сэтгэлд хүрдэг болоод ч тэр үү хамгийн их нийтэд түгээгдсэн гэж боддог. Миний сан дахь зургуудаас хамгийн өндөр үнээр буюу 2 сая төгрөгөөр үнэлэгдэж байлаа"