“Машин унадаг дарга” гэдэг ойлголт өнөөдөр социализмын үеийнхээс өөр болжээ.
Тэр үед зөвхөн сайд дарга нарт үйлчилж байх зориулалттай, олон арван жолооч,
автомашинтай бааз, байгууллага, гарааш, үйлчилгээний газрууд байлаа.
Тэдгээрийн зарим нь өнөөг хүртэл хэвээрээ байсаар л байх юм.
Тэр үед жолоочийг ТМС-д сургаж, тусгай дунд мэргэжил олгож бэлтгэдэг байв.
Тэдгээр дунд мэргэжилтнүүд төр улсын албаны автомашин барьж, аль нэгэн албан
байгууллагад тогтмол цалинтай, эсвэл хийснээрээ буюу тонн-км-ийн үнэлгээгээр
цалинждаг журамтай байлаа.
Социализмын үед хувийн автомашинтай хүн өдрийн од шиг цөөн, хувьдаа машинтай
болох боломж ард олонд бараг байхгүй, мөрөөдлийн төдий зүйл байсныг энд тайлбарлахын
ч хэрэггүй биз ээ.
Харин өнөөдөр тэр үеийн юмс ёстой л орвонгоороо эргэсэн цаг үе гэхэд хилсдэхгүй
байх. Гаднаа ганц “Эксел” сойгоогүй айл бараг байхгүй болжээ. Хотын хаана ч
машин тэрэг багтахаа байж, гудамж зам нь ачааллаа даахаа болиод удаж байна.
Хэдхэн хоногийн, чанартай чанаргүй жолооны курс дамжаа дүүргэж, үнэмлэх аваагүй
хүн бараг л “моодноос” хоцрогдоход хүрч байна.
Яг цаг үед дарга нарын жолооч гэдэг нэгэн ажил, албан тушаалын талаар нухацтай
ярих цаг нэгэнт болсон байна. Албан тушаалтнууд өөрийнхөө дэргэд өөр нэг хүнийг
буюу “даргын” гэх нэртэй жолоочийг хажуудаа барьж чирэгдэл учруулан байж төр
улсын ажил албыг залгуулдаг социализмын үеийн хоцрогдсон ёсыг халах цаг нэгэнт
болжээ.
Хүн ам цөөнтэй ч манай улсыг “Дарга улс” гэж гадаадынхан ёжилдгийг та бид
мэднэ. Тэгвэл тэр дарга нарынх нь тоотой бараг адил тооны “даргын жолооч” төрөөс
цалинжиж байна гээд бод доо. Монгол Улсын хэмжээнд хэдэн яам, агентлаг, тусгай
газар, хичнээн хот дүүрэг, аймаг, сум байгаа билээ? Тэр бүхэн албан тушаалын
болон дуудлагын автомашин унадаг олон дарга нартай гээд бодохоор улсын
хэмжээнд хэдэн зуугаар тоологдох “даргын жолооч” гарч ирнэ гэсэн үг.
Тэдгээрийн зөвхөн цалинд л жилдээ хэдэн тэрбум төгрөг зарцуулж байгааг тооцож
цөхөх юмгүй.
Төрийн гурван өндөрлөг, төрийн захиргааны төв байгууллагын сайд болон Засгийн
газрын агентлагуудын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээртэй дүйцэх
албаны дарга нараас бусад удирдах албан тушаалтнууд, албан тушаалын болон
дуудлагын автомашинаа өөрсдөө жолоодож байх нь зүйтэй юм. Америк болон
дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад тийм л байдаг.
Ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай байхад хорогдуулах санаа гаргалаа
хэмээн дургүйцэх хүмүүс байгаа л биз. Гэхдээ зайлшгүй шаардлагатай бол ажлын
байр гаргадаг болохоос биш огт хэрэгцээгүй байхад, зохиомлоор, хэн нэгэнд зориулж
ажлын байр гаргах нь байж болшгүй зүйл билээ. Тиймээс энэ нь бэлэн ажлын байрыг
үгүй хийх гэж байгаа зүйл биш, харин ажлын давхардлыг арилгахад чиглэгдсэн зөв
санаа гэж үзэж байна.
Нас биеийн хувьд харьцангуй залуу, ихэвчлэн эрэгтэй хүмүүсийг төр улсаас
ингэж “даргын жолооч” хэмээх алдар зүүж, хоосон тэжээж, бэлэнчлэх сэтгэлгээний
тод жишээ болгож байгааг халах цаг иржээ.
Төрийн ордон, яам, агентлаг, томоохон байгууллагуудын байрны үүдэнд даргаа
харуулдаж залхсан “жолооч нарын арми” унтаж байна. Тиймээ, даргын жолооч нар
машиндаа унтацгааж байна. Харин түүний цалин улсын төсвөөс бодогдож л байгаа.
Ийм л сэтгэлгээгээр бид 80 гаруй жил явсаар ирсэн. Харин цаашид хэдий болтол
ингэж явах вэ гэдэг л сонин байна.
Өнөөгийн даргын жолооч нарын сүйхээтэй нэг нь даргынхаа сиймхийгээр “таксинд
гүйж” хөөрхөн ашиг унагана. Эсвэл даргын сүйхээтэй авгай албаны машинаар дэлгүүр
хэсэж өдрийг өнгөрөөнө. Арчаатай нэг нь алчуураа бариад машинаа зүлгэж цаг нөхцөөнө.
Арчаагүй нөгөө нь машин дотроо зүүдээ манаж өнжинө. Тэдний үнэн дүр зураг яг л
ийм.
Ном зохиол уншиж, эсвэл гадаад хэл сурахыг оролдоод сууж байгаа жолоочийг та
олон удаа харсан гэхэд би л лав итгэхгүй.
Сүүлийн жилүүдэд өдөр тутмын жирийн ажиглалтаас дүгнэлт хийхэд, сайд дарга
нарын жолооч нарын үнэмлэхүй олонхи нь 36 хүртэл насны залуус байна. Тэд
цаашид хэдий болтол даргын үүд сахиж амьдрах вэ? Хөгширч, тэтгэвэр чөлөөндөө
гартлаа юу? Тэдний сурч мэдэх, өсч дэвжих, энэ цаг үедээ зохицон илүү идэвх
тэмцэлтэй амьдарч сурах боломжийг нь нэг талаас төр боомилж, нөгөө талаас тэд өөрсдөө
бэлэнчлэх сэтгэлгээнд дулдуйдаж суугаа хэрэг биш гэж үү?
Ийм уйтгартай дүнсгэр, уягдаж таталдсан ажилтай тэр олон залуусыг бэлэнчлэх
сэтгэлгээнээс нь аль болох эртхэн салгаж, эрч хурдтай явж байгаа энэ цаг үеийн
урсгал гольдролд нь оруулах хэрэгтэй баймаар.
Сайд, дарга нар албаны автомашинаа өөрөө жолооддог болсон үед ямар эерэг ба сөрөг
тал бий болохыг хамтдаа аваад үзье.
Улсад ашигтай тал:
Тэртэй тэргүй тарчиг байгаа улсын төсөвт тодорхой хэмжээний хэмнэлт гарна. Хот
суурин газрын замын хөдөлгөөний соёл дээшлэхэд ч нэмэртэй болно.
Жолоочийн хувьд ашиггүй тал:
Тогтмол цалинтай ажил нь байхгүй болж, шинэ ажил эрж олох, зах зээлийн нөхцөлд
бусадтай адил ухаанаа уралдуулж, тэмцэж амьдрахаас өөр аргагүй болно. Даргын
сиймхийгээр авгай хүүхдэдээ үйлчилж, хааяа “таксинд” сэмхэн гүйж хялбархан нэмүү
орлого олох боломж нь хаагдана.
Жолоочийн хувьд ашигтай тал:
Даргын өмнө бөхөлзөж, түүнийг нохой мэт дагаж явахгүй, эрх чөлөөтэй болно.
Тарвага сахиж байгаатай адилаар даргаа хүлээж, машин дотроо өдөржин “унтах
ажил” байхгүй болно. Эсвэл албан ажлын цагаар даргын авгайд үйлчилж дэлгүүр хэсэж
цаг, бензин гарздахгүй болно. Хүн өөрийн амьдралыг бусдын ивээлээс бус,
харин өөрийн тэмцлээр олж авдаг гэдгийг ухаарна.
Даргын хувьд ашиггүй тал:
Өвөл зун, өдөр шөнө, аль дуртай үедээ, ялангуяа дайллага цайллага, хүлээн
авалт уулзалтад оролцож, сархад нанчид хүртэх үедээ санаа зовох юмгүй, жолоочоо
дуудаж ирүүлээд, санасан газраа хүргүүлж, авахуулж байх бэлэн “зарцгүй”
болно. Албаны машин ажлын цагаар даргын ар гэрт үйлчилдэг бичигдээгүй хууль
зогсоно. Дарга өөрөө жолооны курс дамжаанд сууж, замын хөдөлгөөний дүрэм
судалж, техникийн наад захын мэдлэг эзэмших, эсвэл өдөр бүр нийтийн унаанд
сууж албаа залгуулахаас өөр аргагүйд хүрнэ. Сайн суралцаж, замын хөдөлгөөний
дүрмийг чанд сахихгүй бол эрсдэл ихтэй ажил давхар хариуцахад хүрнэ. Дашрамд,
техникийн наад захын мэдлэг эзэмшиж чадахгүй, замын хөдөлгөөний дүрэм уншаад
тогтоочих чадваргүй том дарга байна гэвэл үнэндээ үнэмшилгүй. Машин барьж
чадахгүй, эсвэл барих хүсэл сонирхолгүй дарга байвал шатахууны үнэ, жолоочийн
цалингийн тодорхой хувийг цалин дээрээ нэмж аваад такси ч юмуу эсвэл нийтийн
тээврийн хэрэгслээр албан ажилдаа яваад байж болно шүү дээ.
Даргын хувьд ашигтай тал:
Санхүүгийн хувьд улсын төсөвт тодорхой хэмжээний хэмнэлт гаргана. Дарга нар
элдэв шалтгаанаар согтууруулах ундаа хэрэглэх явдал эрс хязгаарлагдана. Албаны
автомашин хэрэглэх журам, лимит зөрчигдөхгүй, хэтрэхгүй болно.
Харин албан тушаалын болон дуудлагын автомашин унах ёстой албан тушаалтнуудыг
жолооны курс дамжаанд суралцуулж, жолоочийн цалингийн тодорхой хувийг зохих
хууль тогтоомжийн дагуу нэмэгдэл болгон олгож болох юм. Мөн ашиглалтын
явцад тухайн автомашинд техникийн үйлчилгээ оношлогоо хийж, өөрөөс нь шууд
шалтгаалаагүй эвдрэл гэмтлийг мэргэжлийн засварын газраар засуулдаг журамтай
байх ёстой.
Дарга нар албаны автомашинаа өөрсдөө жолоодож байх журам хот суурин газрын
дотор үйлчлэх бөгөөд харин хотоос алслагдсан газарт албан ажлаар явах үед,
хэрэв дарга өөрөө хүсвэл, хөдөө ажлын автомашинаар мэргэжлийн жолоочоор үйлчлүүлдэг
байх нь зүйтэй юм.
Өнөөдөр биш юмаа гэхэд маргааш цаг үеийн зайлшгүй шаардлагаар даргын жолооч
гэгч хоцрогдсон ажил, ойлголт алга болохдоо л нэг болж таарна.
“Машин унадаг дарга” гэдэг социализмын үеийн ойлголт нэгэнт үеэ өнгөрөөж,
албаны автомашиныг албан тушаалтан өөрөө жолоодож албан ажлаа амжуулах шинэ
цаг тулж ирээд байгаа нь яалт ч үгүй үнэн. Харин ийм шийдвэрийг гаргах эрх
мэдэлтний сэтгэл, зориг мэдэх л үлдэж байна.
Доктор М.Хүрэлбаатар