МҮОНРТ-ийн ерөнхий захирал Цагааны Оюундарийг “GoGo cafe” булангийн зочноор урилаа. Улс төрийн карьер хөөж, басхүү амжилттай явсан тэрбээр гэнэт Ардчилсан намын генсекийн албаа хүлээлгэн өгсөн. Телевизийн сэтгүүлч түүнд МҮОНРТ-д мэргэжлийн талаас хийхээр бодож, төлөвлөсөн ажлаа амжуулах боломж олдсоныг алдахгүйгээр шийджээ.
-Та Үндэсний телевизийг миний гэр орон гэж хэлдэг. Анх хэн Таныг телевиз рүү хөтөлсөн бэ?
-Удирдлагын академи 1990 онд Төр, нийгэм судлалын академи нэртэй байлаа. Биднийг элсэн орох жил бакалаврын дөрвөн жилийн хөтөлбөр нээхэд, сэтгүүлчийн ангийн 11 оюутны нэг нь болж байлаа. Би уг нь сонины сэтгүүлч болно гэж боддог байсан.
Одоо Унгарт суугаа Элчин сайд Т.Ганди тэр үеийн “Ардын эрх” сонины мэдээний хэлтсийн дарга байхад би удирдлагад нь зуны дадлагаа хийхээр очиж байж билээ. Тэр үед хүмүүс сонин их уншдаг, телевиз бага үздэг байж. Зуны дадлагаа гайгүй сайн үнэлгээтэй хийсэн болоод ч тэр үү, сургуулиа төгсөөд “Ардын эрх”-дээ л орно гэсэн бодолтой байлаа.
1992 оны орон нутгийн сонгуулиар манай сургуулийн хууль, эдийн засгийн ангийн олон залуус сонгуульд нэр дэвшиж, ихэнх нь аймаг, сумын ИТХ-ын гишүүнээр сонгогдлоо. Ингээд тэдгээр оюутнуудын хүсэлт шаардлагаар сургуулийн захиргаанаас сургалтын хөтөлбөрөө товчлох шийдвэр гарч, бид сургуулиа гурван жилээр төгссөн юм. Би ч дипломоо авуут “Ардын эрх” дээрээ гүйгээд очлоо. Гэтэл Бал эрхлэгч “Одоохондоо орон тоо байхгүй байна. Чи намар хүртэл хүлээх үү?” гэсэн.
Хавраас намар хүртэл хүлээх нь надад тэвчишгүй урт хугацаа санагдсан тул би телевизэд ирсэн. Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлчийн орон тоо байж таарсан болохоор шууд орчихсон. Эдийн засгийн тойм, мэдээллийг бэлтгэх сэтгүүлч хэрэгтэй байсан юм билээ.
Санжаадорж гуай гэж эдийн засаг, хөдөө аж ахуйн нэвтрүүлэг хийдэг сэтгүүлч маань настай болчихсон байсан. Ингээд би Сарантуяа эгчийн удирдлага дор ажлын гараагаа эхэлсэн дээ.
-Дөнгөж сургууль төгссөн шинэ сэтгүүлч шууд эдийн засаг хэмээх амаргүй сэдэв рүү орсон хэрэг үү?
-Нэгдүгээр курсээ төгсөөд би ангиа сольчихсон юм аа. Яагаад гэхээр сайн сэтгүүлч болохын тулд яаж бичихээс илүү толгойдоо мэдлэгтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Нэгдүгээр курст бичлэгийн төрөл зүйл гэх мэтээр заах арга ордог. Сургалтын тэр арга барил нь надад таалагдаагүй. Сэтгүүлч хүн эхлээд нийгмээ таних ёстой гэж бодсон.
Тухайн үед улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явц маш хурдан өөрчлөгдөж байлаа. Талбайд хүмүүс өлсгөлөн зарлаад байдаг. Гэтэл хичээл дээр тэр тухай юу ч орохгүй, найруулан бичих талаар л заана. Харин эдийн засаг, хуулийн ангиудад шинэ онол заагаад байсан. Тэгээд би ангиа солъё гэж сургуулийнхаа захиргаанд өргөдөл гаргасан юм.
Зуны дадлагаа гайгүй сайн үнэлгээтэй хийсэн болоод ч тэр үү, сургуулиа төгсөөд “Ардын эрх” сониндоо л орно гэсэн бодолтой байлаа.
Хоёрдугаар курсээсээ Эдийн засгийн ангид орчихлоо. Нэгдүгээр курс төгссөн зун нь эдийн засгийн нэгдүгээр курст үзсэн бүх хичээлийг нөхөж үзээд, намар нь шалгалт өгсөн. Ингээд сэтгүүлч биш, улстөр судлаач- эдийн засагч мэргэжлээр төгссөн. Сэтгүүлч болох зорилго хэвээрээ, харин юу зааж байгааг биш, юу сурахыг хүсэж байгаагаа шаардсан дураараа оюутан байсан шиг байгаа юм.
-Та бол удам дамжсэн сэтгүүлч. Яагаад энэ мэргэжил таны сонирхлыг татсан юм бэ?
-Аав л нөлөөлсөн байх. Уг нь арван жилд байхдаа би сэтгүүлч биш, инженер болно гэж боддог байлаа. Тоондоо сайн, дүүргийн математикийн олимпиадад оролцдог хүүхэд байлаа л даа. Тоонд сайн хүүхдүүдийг ихэвчлэн инженер болгодог байлаа шүү дээ. Тэр үед Орос, Германы инженерийн конкурст бэлддэг. Яагаад ч юм конкурст орохдоо гэнэт бодлоо өөрчлөөд сэтгүүлч мэргэжил сонгосон.
БИ ЭНЭ АЖЛЫГ ХИЙЕ ГЭЖ ЗОРЬЖ ИРСЭН
-МҮОНРТ-ийн захирлаар томилогдоод хагас жил болох гэж байна. Энэ хугацаанд амжуулсан гол ажил тань юу байв?
-Телевиз, радиог би 1993 оноос л мэднэ. Мэдээлэл радио, телевизийн улсын хороо нэртэй, захирлыг нь Ерөнхий сайд томилдог, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх үеэс нь л ажиллажээ. 1997 онд би Программын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Түүнээс өмнө “ММ” агентлагт тоймч хийж байлаа.
Ерөнхийдөө энэ байгууллагынхаа шат шатанд нь ажилласан даа. 1990-ээд оны үед зах зээлийн эдийн засагт шилжээд, уран бүтээлчид санаснаараа цалингаа авч чадахгүй, тогтмол цалинтай. Социализмын үед өндөр зэрэглэлийнхэд тооцогдож байсан хүмүүс зах зээлийн нийгмийн өөрчлөлтөд хөл алдсан. Хажуугаар нь нэг их мөнгөтэй хүмүүс гарч ирээд нийгмийн ялгаварлал хүчтэй явагдсан.
Энэ үед цалин, урамшууллын системийг өөрчлөх санаачилгуудад би залуу ч гэсэн татагдан орсон. Тэгэхээр шинэчлэл тэр үеэс эхэлсэн гэж болно. Гэхдээ тэрнээс хойш дорвитой, бүрэн хэмжээний шинэчлэл телевиз радиод хийгдэлгүй өнөөг хүрчээ. Янз бүрийн туршилтыг бол харин олон хийсэн байх. Өөр өөрийнхөө санхүүжилтийг хариуцсан бие даасан студиудэд хувааж ч үзлээ.
Тэр хооронд би Америкт суралцаад ирлээ, өөрчлөлтийг цогц бодлогоор хийх ёстой юм байна гэдгийг тэнд байхдаа олж харсан.
-Шинэчлэл гэж Та чухам юуг хэлнэ вэ, уран бүтээлчдийн цалин хангамжийг нэмэгдүүлэх асуудал уу?
-Шинэчлэлийг зөвхөн цалин, урамшууллын систем гэж салгахгүйгээр нийтлэлийн бодлого, сургалтын бодлого, техник технологийн хөгжлийн бодлого, хамгийн гол нь хэрэглэгчдийн хэрэгцээний чиг хандлагыг цогцоор нь харсан тууштай бодлого явуулж байж шинэчлэл төгс болно. Аль нэгийг нь сугалж авч шинэчлэх гэвэл үр дүнд хүрэхгүй.
Би юуны төлөө энэ бүхнийг нэг дор зангидсан албан тушаалыг хашиж байгаа билээ, шинэчлэлийг яг л байх ёстой стандарт хэм хэмжээнийх нь дагуу төгс утгаар нь хийх боломж одоо л бүрдлээ гэж харж, ажлаа эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд нэг их яарахгүйгээр стратеги төлөвлөгөө батлуулах, алсын хараагаа тодорхойлохоос эхлээд үе шаттайгаар бодлогын өөрчлөлтийг хийхээр оролдож байна.
-Та гурван жилийн өмнө МҮОНТ-ийн захирал байсан. Тэр үед Америкт сурч ирээд олж харсан зүйлээсээ ажил хэрэг болгох боломж олдоогүй юу?
-Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэдэг айл 80 гаруй жилийн түүхтэй радио, 50 шахам жилийн түүхтэй телевиз гэсэн хоёр том салбараас бүрддэг. Дээрээс нь Техникийн төв, Санхүү, аж ахуй гэсэн дэд бүтцүүдтэй. ОНРТ-ийн тухай хуулийг анх 2005 онд батлахдаа тэр үеийн хууль санаачилагчид ОНРТ бол санхүүгийн хувьд нэг газраас хараат байж болохгүй гэсэн ЮНЕСКО-гийн зөвлөмжийн дагуу хуулийг хийж баталсан юм билээ.
Хэдийгээр Улсын төсвөөс дэмжлэг авдаг ч гэсэн 100 хувь хараат биш. Айл өрхүүдээс авдаг хураамжид дангаараа тулгуурлавал санхүүгийн хувьд бас тогтворгүй болно. Дээр нь эфирийн нийт цагийн хоёр хувьд багтах зар сурталчилгаа, ивээн тэтгэлгийн орлого гэж бий. Гэтэл бусад арилжааны телевизүүд 100 хувь зар сурталчилгааны орлогоор санхүүждэг шүү дээ.
Тэгэхээр ОНРТ бүхэлдээ санхүүжилтийн ийм гурван үндсэн эх үүсвэртэй, нэгдсэн нэг удирдлагатай. Ингэхээр салбар хариуцсан захирал бол үндсэндээ тухайн салбарынхаа нэвтрүүлгийн бодлогыг голлон хариуцдаг. Ийм ч учраас телевизийн захирлаар ажилласан өмнөх гурван жилд дээрх чиг үүргийнхээ хүрээнд телевизийнхээ хөтөлбөрийн бодлогыг л өөрчлөх гэж хичээсэн.
Тэр бол З.Энхболд гэдэг хувь хүний л сэтгэгдэл шүү дээ. УИХ-ын индэр дээрээс хэлсэн учир хүчтэй сонсогдсон байх.
Гэтэл өөрчлөлтийг цогцоор нь хийж байж амжилтад хүрдэг байтал тэндээс ганц хөтөлбөрийн бодлогыг сугалж аваад шинэчлье гэхээр хуучнаараа байгаа бусад бүтэц нь хойш татаад огт явуулдаггүй юм билээ. Маш их хөдөлмөр гаргаж байж багахаан өөрчлөлт л хийсэн дээ. Тэр үед нэвтрүүлгийн бодлогод том бүтээл, төсөл хөтөлбөр, олон ангит кинонууд, түүхийн цувралууд зэрэг хэдэн сар жилээр үргэлжлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.
Манай залуучууд ч үүнийг талархан хүлээн авч, олон залуус өөрсдийн санаачилгаар бас том том төслүүдийг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал “Залуу зохион бүтээгч” төсөл, хотын хүүхдийг хөдөө, хөдөөгийн хүүхдийг хотод сольж амьдруулдаг сурагч солилцооны “Ирээдүйд илгээх захидал” хөтөлбөр гэх мэтээр эхлүүлсэн ажлууд одоо ч зарим нь үргэлжилж байгаа. Гэхдээ үүнийг цогцоор нь хийхсэн гэж үргэлж бодож явдаг байлаа. Тэгээд боломж гарангуут “Би телевиздээ очъё оо, санаж бодож байсан зүйлээ хийе. Над шиг ингэж зураглаж, цогцоор нь хийхээр бодож төлөвлөсөн хүн цөөн байх аа” гээд л зорьж ирсэн дээ.
-УИХ-ын дарга З.Энхболд үндэсний телевизийг улсын төсвийн баахан мөнгө иддэг, олигтой бүтээл гардаггүй, авлигад идэгдсэн “аймшгийн газар” гэж хэлсэн. Үүнийг энэ байгууллагынхан нэр хүндэд маань халдлаа хэмээн эмзэг хүлээж авсан шүү дээ. Таныг ирэхэд үнэхээр тийм “аймшгийн” газар байсан юм уу?
-УИХ-ын дарга дараа нь залруулга хийхдээ “Энэ үгийг уран бүтээлчдэд биш, удирдлагад нь зориулж хэлсэн” гээд, уучлалт гуйсан шүү дээ. Энд ажиллаж байгаа уран бүтээлчид бол ийш тийш урваж шарваж яваагүй, байгууллагадаа үнэнч үлдсэн хүмүүс. Бодлого, систем нь өөрчлөгдөхгүй байхад уран бүтээлчдийг буруутгах хэцүү.
Аливаа байгууллагын амжилтын 70 хувь нь удирдлагаас шалтгаалдаг. Удирдлага зөв чиглүүлж байж ажилтнууд урам зоригтой ажиллаж, итгэлтэй амьдарна. Ялангуяа уран бүтээлчид бол урмаар хөг авдаг. Урам өгөхгүй бол тэднээс сайхан хөг аялгуу төдийлөн гарахгүй. Тийм учраас би тэднийг буруутгадаггүй. Энд насаараа ажилласан маш олон уран бүтээлч бий.
Гэтэл энд ирж сурч бэлтгэгдэж аваад л өөр телевизэд өндөр цалинтай ажиллаж байгаа нь маш олон. Манай телевиз бусад бүх телевизийн сургалтын үнэгүй бааз байсан. МҮОНРТ бол Монгол Улсын түүхийг өнгөрсөн хугацаанд ч бичсэн, одоо ч бичиж байгаа газар. Тийм учраас “аймшгийн” гэхээс илүү ариун газар. УИХ-ын даргын тэр үгийн хувьд тэр хүнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн тухайн үеийн удирдлагын баг алдаатай ажилласан байхыг үгүйсгэхгүй. Тэр бол Энхболд гэдэг хувь хүний л сэтгэгдэл шүү дээ. УИХ-ын индэр дээрээс хэлсэн учир хүчтэй сонсогдсон байх.
“НАМАЙГ БИТГИЙ УЛСТӨРЧ ГЭЖ ХАРААЧ ЭЭ” ГЭЖ ЗАРЛААД ЯВАХ НЬ УТГАГҮЙ
-Улсын төсөв батлахад МҮОНРТ-ийн төсвийг 50 хувь танасан. Энэ тухай Та “Биднээс одоо сайн бүтээл хүлээх хэрэггүй” гэж шууд хэлсэн шүү дээ. Төсвийн таналт Та бүхэнд яаж бууж байна?
-Мэдээж маш хүнд байгаа. Намайг ажлаа аваад 10 хоноод байхад нэгдүгээр сарын цалин буух боллоо. Улсын төсөв арванхоёрдугаар сарын 15-нд батлагдсан. Энэ бол хууль тул төсөв маань шууд л 330 саяар сох дутаад орж ирж байгаа юм.
Гэтэл Хөдөлмөрийн хуулиар аливаа бүтэц өөрчлөгдөхөд үйлдвэрчний эвлэлтэй 45 хоногийн хугацаанд зөвшилцөл хийнэ, ажилтныг халахын тулд 30 хоногийн өмнө мэдэгдэл өгч тэр хооронд цалинг нь олгоно. Учир нь хуулийн дагуу тэр хүн 30 хоногт дараагийн ажлаа хайх ёстой. Тэгэхээр Хөдөлмөрийн хуулиар явахад л аливаа бүтцийн өөрчлөлтийн дагуу халагдах бүх хүмүүсийг бүтэн улирал цалинтай байлгах хэрэгтэй болж байгаа юм.
УИХ-ын гишүүд ард түмнийг төлөөлөн ажиллаж байж хууль батлах үндсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байна. Хууль батлахын тулд маш их судалгаа хийх хэрэгтэй. Түүний цаана олон хүний ажил, амьдрал байгаа гэдгийг УИХ-ын гишүүд мэдэж байх ёстой. Манай байгууллагын тухайд наад зах нь цаг хугацааны мэдрэмжгүй л хууль гаргачихаж байгаа юм.
Гэтэл Улсын төсвийн хууль бусад хуультайгаа болон бодит амьдралтай хэрхэн уялдахыг огт тооцдоггүй учраас манай байгууллагын хувьд газар хөдөлсөн мэт асар хүчтэй санхүүгийн цохилтод ороод байна. Ажлаа аваад л 50 хувийн таналттай холбоотойгоор 2015 онд хийхээр төлөвлөсөн бүх төсөв, төлөвлөгөө, хөтөлбөрөө дахин шинэчлэх шаардлага гарсан.
Энэ бүхнийг Үндэсний зөвлөлтэйгээ зөвшилцөж, тэдний шийдвэрийн дагуу хийнэ. Үндэсний зөвлөл байнгын ажиллагаатай биш, хуулиараа улиралд нэг удаа хуралддаг. Ингээд бодоход УИХ-ын “хууль гаргаж байгаа процедур” ямар нэг тооцоо судалгаанд үндэслэдэггүй, нэг гишүүн санал гаргаад л, бусад нь тэр сэдвийг нэг их сонирхож судлаагүй ч олныг дагаад л кноп дарчихдаг, эсвэл бүлгийн хурлаар энэ хуулийг дэмжинэ шүү гээд ярьсан бол дагахаас аргагүй маягаар явагдаж байгаа нь үнэхээр тогтворгүй, бас “аюултай” санагддаг.
УИХ-ын гишүүд ард түмнийг төлөөлөн ажиллаж байж хууль батлах үндсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байна. Угтаа бол хууль батлахын тулд маш их судалгаа хийх хэрэгтэй. Түүний цаана олон хүний ажил, амьдрал байгаа гэдгийг УИХ-ын гишүүд мэдэж байх ёстой. Манай байгууллагын тухайд наад зах нь цаг хугацааны мэдрэмжгүй л хууль гаргачихаж байгаа юм.
Тэгэхээр одоо УИХ-аар хэлэлцэж байгаа “Хуулийн тухай хууль” маш чухал. Хууль батлах үйл явцыг хуульчлах гэж байна. УИХ-ын 76 гишүүн бүх сэдвийг мэдэхгүй. Би улс төрд байх богино хугацаандаа хууль бол маш олон хувилбар, тооцоо судалгаатай орж ирдэг байх ёстой гэсэн саналыг дэвшүүлдэг л байсан. УИХ-ын гишүүд тэр судалгаа тооцоо нь хавсрагдсан тодорхой шийдлийн хувилбар дээр л бодлогын хувьд алийг нь дэмжих тухай ярьдаг болох ёстой гэж...
-Тэгэхээр төсөвтөө нийцүүлээд орон тооны цомхтгол хийхээс аргагүй болсон уу?
-Би ажлаа авангуутаа бүх ажилчдын хурал хийгээд, “Санхүүгийн хувьд том савалгаанд өртлөө. Энэ бол зүйрлэвэл газар хөдлөлттэй адил зүйл боллоо. Газар хөдлөлт, гамшгийн үед хүн хамгийн хэрэгтэй цөөхөн зүйлээ авч үлдээд цааш явдаг. Бүгдийг нь авч явъя гээд ч боломж болдоггүй” гэдгийг ил тод зарлаад, шинэчлэлээ эхэлсэн. Халаа сэлгээний тухайд Үндэсний зөвлөл намайг ирэхээс өмнө орон тоог 99-өөр цөөлөх шийдвэр гаргачихсан, намайг “шууд хэрэгжүүл” гэж даалгавар өгсөн.
-УИХ-ын дарга болон өмнөх захирал М.Наранбаатар хоёрын маргаан даамжирсаар, хуучин захирал нь ажлаас халагдаж Танд боломж гарсан юм шиг харагддаг. Нөгөө талаас энэ томилгоог улс төрийн томилгоо гэж дүгнэх хүн олон байна л даа?
-Улс төрийн томилгоо гэж дүгнэсэн хүмүүсийг буруутгахгүй. Тийм биш гэдгийг би үйл ажиллагаагаараа л харуулах ёстой. Түүнээс биш, битгий намайг улстөрч гэж хараад байгаач ээ гэж зарлаад явах нь утгагүй. Тэр хоёр хүний маргааны талаар би сэтгэгдэл хэлэх шаардлагагүй байх.
Ер нь бол М.Наранбаатар захирал энэ байгууллагыг есөн жил удирдсан шүү дээ. Ерөнхий захирлын гэрээг гурван жилээр хийдэг. Хоёр дахь удаагаа сонгогдоод бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа гэрээг гурав дахиа сунгахгүй байх асуудал гурван жилийн өмнө л анх яригдсан юм билээ. Хангалттай ажиллалаа, өөр хүн томилж, өөр менежментээр ажиллуулахгүй бол санасан үр дүнг үзүүлэхгүй байна гэх мэт шаардлага эртнээс гарсан.
Дор хаяж бүх телевиз HD форматтай болчихоод байхад манай телевиз алга гэх мэтээр хэдэн жилийн өмнөөс л яригдсан. Гэтэл тэр үеийн Үндэсний зөвлөлийнхөн тал талаас ирж байсан эдгээр шаардлагуудыг хүлээж авалгүй Ерөнхий захирлын гэрээг дахин гурван жилээр сунгаснаас асуудал нэлээн хурцдах эхлэл нь болсон юм болов уу гэж боддог.
-Та улс төрд эргэж орох уу?
-Тэрийг цаг хугацаа л харуулна. Би энд тодорхой зорилготой ирсэн. Гурван жилийн гэрээтэй. Энэ хугацаандаа төлөвлөсөн шинэчлэлээ хийнэ гэсэн хатуу бодолтой байна.
ӨӨРИЙГ НЬ ДАРГААР ТОМИЛСОН ХҮНИЙГ ШҮҮМЖИЛЛЭЭ Л ГЭЦГЭЭХ ЮМ
-Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр би өвөрмөц бэлэг авлаа. Хуралтай байх хойгуур төлөвлөсөн хөтөлбөр өөрчилж, захиалгат нэвтрүүлэг шургууллаа гэж Та жиргэсэн. Энэ жиргээгээ УИХ-ын дарга З.Энхболдод хаягласан байдаг. Үнэндээ Та тэр хүний томилгоогоор энэ албан тушаалд ирсэн шүү дээ?
-Манай нийгмийн сэтгэхүй их сонин. Бүхнийг дарга нартай холбож үздэг. Намайг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15 гишүүн хурлаараа хэлэлцээд томилсон байхад УИХ-ын дарга томилсон мэтээр ярьдаг. Энэ нь УИХ-ын даргад огт хамаагүй шүү дээ. Тэгээд томилсон хүнээ шүүмжиллээ гэцгээх юм.
Үнэндээ бол дарга хүн шүүмжлэл сонсох үүрэгтэй. Би нэвтрүүлгийн хөтөлбөрийг тэр хүн өөрчилчихлөө гэж хэлээгүй. Түүнийг ийм зүйл болж байна шүү гэдгийг мэдээсэй гэж л жиргэсэн хэрэг. Твиттерт “меншион”-ийг төгсгөлд нь тавьсан бол уг мэдээллийг тэр хүнийг мэдээсэй гэсэн зорилгоор, эхэнд нь тавьсан бол өөрт нь зориулж хэлэх, эсвэл хариулт өгч байна гэж үздэг. Би 2009 оноос хойш твиттерт байгаа.
Үндэсний телевизийн захирал Энхтуяа бид хоёр журмаа өөр өөрийнхөөрөө орчуулснаас үл ойлголцол гарсан. Ер нь монголчуудад яг ижил өгүүлбэрийг өөр өөрийнхөөрөө “орчуулдаг” сэтгэхүй байдаг.
Твиттерийн дүрэм мэддэг хүн бол тухайн хүнд хандсан “меншион” постынхоо эхэнд байдаг, харин мэдээлэл өгөх гэж байгаа бол “меншион” төгсгөлдөө байдаг гэдгийг мэддэг л дээ. УИХ-ын дарга санаа нь зовчихсон маргааш нь утасдаад “Би танай нэвтрүүлгийг өөрчлөөгүй байхад чи яагаад над руу меншион хийсэн юм” гэж асуусан. Тэгэхэд нь би “Таныг үүнийг мэдээсэй гэж бодож бичсэн” гэдгээ л хэлсэн.
-Үндэсний телевизийн хөтөлбөр долоо хоногийн өмнө гардаг. Гэтэл гэнэтийн нэвтрүүлэг ерөнхий захирлынх нь мэдээгүй байхад шургуулаад л, Та араас нь мэдэгдэл хийж байна шүү дээ. Үүн дээр хуулийн ямар зохицуулалт байдаг юм бэ?
-Бидний залууд эфир бол хууль гэсэн “аман хууль” үйлчилдэг байлаа. 2005 онд ОНРТ болсны дараа 2006 онд “Нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах журам” гэж гарсан байдаг. Уг журмаар долоо хоногийн хөтөлбөр яаж гарах, хэн хяналт тавих ёстойг зохицуулсан байдаг бөгөөд энэ бол манайхны дотоод хууль.
Цаг үеийн шаардлагаар хөтөлбөрт гэнэтийн өөрчлөлт гарч болно. Гэнэтийн өөрчлөлтийг Ерөнхий захирал, ерөнхий захирал байхгүй бол ОНТелевизийн захирал гаргана гэсэн заалт уг журамд бий. Түүнийг зарим хүмүүс ОНТ-ийн захирал ч гаргаж болно гэж “орчуулаад”, телевизийн захирал Энхтуяа бид хоёр журмаа өөр өөрийнхөөрөө орчуулснаас үл ойлголцол гарсан. Ер нь монголчуудад яг ижил өгүүлбэрийг өөр өөрийнхөөрөө “орчуулдаг” сэтгэхүй байдаг.
Би анх Америкт очоод бүх дүрэм журмаа ямар айхтар нарийвчилж бичдэг юм гэж гайхдаг байлаа. Гэтэл “орчуулдаг” сэтгэхүй зөвхөн монголчуудынх биш угаас хүний араншин юмсанж. Тийм учраас иргэншил өндөртэй орнуудад хууль эрх зүйн баримтаа их детальчилж, хэн ч уншсан нэг л утгаар сэтгэхүйд нь буутал бичдэгийн учир нь тэр.
Харин манайхан бол хуулиа ерөнхий бичдэг, тэрийгээ таван хүн таван янзаар ойлгоод л явчихдаг. Өөрийнхөө ойлгосныг яг зөв гэж боддог. Монголд байнгын ажиллагаатай Парламент үүсээд дөнгөж 25 жил болж байна шүү дээ. Хэдэн зуун жил хууль үйлдвэрлэсэн орны хажууд яагаа ч үгүй байна. Манай улс хөгжлийнхөө замаар л шат шатандаа будилсаар, суралцсаар явж байна.
-Үндэсний телевизийн хураамжийг айл болгоноос авдаг. Хүн бүр Үндэсний телевизийг үздэг гэж Та боддог уу?
-Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд телевиз үздэг, үздэггүй тухай заалт байхгүй. Энэ хуульд кабелийн телевизтэй, сансрын антентайгаас үл хамааран айл өрх болгоны телевизор бүрээс хураамж авна гэж заасан. Тэгэхээр бид нар хураамж авах үүрэгтэй. Тэр үүргийг ямар аргаар биелүүлэх вэ гэдэг нь бидний бодлого. Одоо айлууд өрөө болгондоо телевизортэй болсон. Тэр болгоноос нь авдаггүй. Нэг л зурагтаар тооцож авдаг шүү дээ.
-Төсөв бүрдүүлэлтэд энэ хураамж нь хэр зэрэг хувь нэмэр оруулдаг бол?
-Улсын төсвийн дэмжлэгийн тал хувийг танаснаас хойш манай радио, телевизийн санхүүжилтийн нийт хэмжээнд хураамжийн эзлэх хувь нэмэгдсэн. Хуучин бол тавь тавин хувь байдаг байсан бол одоо гуравны хоёрыг бүрдүүлэх болсон. Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Улс орны түүхийг бичих нь төрийн бодлого байдаг.
Бидний өдөр тутмын амьдрал түүх болон үлдэнэ. Энэ түүхийг радио, телеивизийнхэн хальсанд бичиж үлдээдэг. 100, 200, 1000 жилийн дараа энэ цаг үед амьдарч байсан хүмүүсийн түүхийг тэр үеийнхэн бидний өнөөдөр бичин үлдээж байгаа хальснаас л харна. Түүнээс өнөөдөр тавьсан зам, энэ цагийн эмч, багш нар тэр үед байхгүй.
Харин хальс бол үлдэнэ. Бидний үлдээж буй ганц чухал үнэт өв бол энэ. Би ажлаа авсны дараа “Бид нар хэвлэл мэдээллийн бусад хэрэгсэлтэй өрсөлдөгч биш. Биднийг ямар зорилготой ажиллахыг хуулиар заагаад өгчихсөн. Улс орны түүхийг бичиж үлдээх нь бидний зорилго. Хураамжийг чухам үүнд л зориулдаг юм” гэж хэлж байсан.
-МҮОНРТ улсын төсвөөс санхүүжилт авдаг хэр нь бусад арилжааны телевизээс дутахааргүй реклам, сурталчилгаа явуулж байна. Энэ чинь хууль зөрчсөн хэрэг биш үү?
-Өдрийн 17 цагийн эфирийн хоёр хувьд зар сурталчилгаа явуулах эрхтэй. Нэг рекламыг 20 секундээр бодоход 61 ширхэг, 30 секундээр тооцоход 40 ширхэг рекламыг өдөрт явуулж болох эрхийг хуулиар олгосон гэсэн үг. Эдгээр нь захиалагчийн хүсэлтээр голдуу оргил цагт буюу оройн 19-23 цагийн хооронд гарч таардаг учир заримдаа арай олон гараад байх шиг харагдаж магадгүй.
Гэхдээ бид хуулинд заасан өдрийн нийт эфирийн цагийн хоёр хувиас хэтрүүлэхгүй байх, аливаа нэвтрүүлэг киног тасалж, дундуур нь явуулахгүй байх гэдэг хуулийн заалтаа хатуу мөрддөг. Үнэндээ өдөрт 40 реклам хэзээ ч авч чаддаггүй. Дунджаар 20-30 реклам л явж байгаа.
ТӨРИЙН ЭРХ БАРЬЖ БАЙГАА УЛСЫГ ТЕЛЕВИЗ, РАДИОГООР ГАРГАЖ, СУРТАЛЧЛАХ Л ЁСТОЙ
-МҮОНРТ хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой атал эрх барьж байгаа улс төрийн хүчинд үйлчилдэг гэсэн шүүмжлэл хэзээд байсан, одоо ч байгаа. Та Ардчилсан намын гишүүн байсан хүн. Энэ намаас хараат бусаар ажиллаж чадах уу?
-Энэ талаар би өөрөө хэлэх нь утгагүй. Уг нь бие даасан хөндлөнгийн байгууллага үүнийг хэлдэг байвал зүгээр. Нийтлэлийн бодлогод нь судалгаа хийдэг, дүгнэлт хийдэг баймаар санагддаг. Миний нэг эсэргүү бодол бий. Юу гэхээр, ард түмний итгэлийг хүлээгээд сонгогдсон эрх барьж байгаа улсуудыг гаргаж, яриулах л ёстой.
Улстөрчид өчнөөн зардалтай, өөрт нь өчүүхэн ч тус нэмэргүй, зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй “том” хүн болж харагдах гэсэн гэнэн бодлоосоо салж, өмчилдөг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ зарчихвал аяндаа л бүх юм цэгцрээд ирнэ.
Тэдний цаана сонгосон олон түмэн нь байгаа. Сонгогчид УИХ-ын гишүүд нь юу хийж юу бодож санаж явдгийг сонсож мэдэх эрхтэй. Тэр эрхийг нь хязгаарлаад, улс төржихгүй, телевиз радиогоор гаргахгүй гэвэл сонгогчдын эрх ашиг зөрчигдөнө. Харин тэнцвэр барих гэдэг нь өөр асуудал. Олон нийтийн радио, телевиз олон түмний сонгосон улс төрийн хүчин, улстөрчид ямар бодлого явуулж байна, юун дээр алдаж, онож байгааг сонгогчдын эрх ашгийн үүднээс тэнцвэртэйгээр хүргэж байх ёстой.
Энэ бол манай нийтлэлийн бодлогын нэг чухал хэсэг. Түүнээс зорилготойгоор магтаж, зориудаар муулж болохгүй. Миний хувьд зөв буруу, сайн мууг тэнцвэртэй хүргэхийг л чухалчилна. Сайн нь давамгай байвал сайн нь илүү яригдана, муу нь давамгай байвал муу нь давуу яригдана. Энэ чинь бодит үнэн шүү дээ. Үнэнийг үнэнээр нь сайн, муу гээд хэлэхээр улс төртэй холбох нь утгагүй. Иймд би өөрөө улс төрөөс хараат бус ажиллаж байгаа гэж мянга хэлээд нэмэргүй. Үүнийг хөндлөнгийн байгууллага л дүгнэж хэлбэл илүү оновчтой.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо олон болохын зэрэгцээ энэ салбар улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөнд автаж байна. УИХ-аар хэлэлцэх гэж буй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзнийг ил тод зарлаж байх заалт оруулах тухай яригдаж байсан. Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-Телевизийн тоо олон байгаа нь телевизтэй болох хүсэлтэй улстөрч олон байгаатай л холбоотой. Хошигнож хэлбэл, улс төр, эдийн засгийн том бүлэглэл нь өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн сүлжээтэй, түүгээрээ олон түмний тархи угаадаг тухай үлгэр түүхийг Америк киноноос харчихаад, түүнийгээ хэрэгжүүлэх гэж улстөрчид баахан телевиз байгуулан “тоглож” байгаа нь үнэн.
Улстөрчид мэдээлэл хахсан XXI зуунд мэдээлэлгүй хүмүүст тохирч байсан өнгөрсөн баларсан иймэрхүү үлгэрт итгэхээ болимоор юм дөө. Өчнөөн зардалтай, өөрт нь өчүүхэн ч тус нэмэргүй, зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй “том” улстөрч болж харагдах гэсэн гэнэн бодлоосоо салж, өмчилдөг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээ зарчихвал аяндаа л бүх юм цэгцрээд ирнэ.
-Таны яриаг сонсоод, хэвлэлүүдэд өгсөн ярилцлагыг тань хараад байхад Та нэлээд дураараа хүн бололтой. Өөрийнхөө хүссэнээр, басхүү амжилттай ажиллахад Таны ямар зан чанар илүү нөлөөлдөг вэ?
-Мэдэхгүй. Ямар ч байсан би нэг зүйлд зорьсон бол тэрнийхээ төлөө л уйгагүй явдаг. Хэзээ ч мартаж хаядаггүй. Тэр үедээ болохгүй байлаа ч, бодож явж байгаад, хэрэгжүүлэх “шаанс” гарангуут барьж авдаг. Тийм л зантай.
Сүүлд Америкт сурч байхад “Хүн судлал” гэж сонирхлоороо сонгож болох, хүний зан төлөвийн ялгааны тухай харилцааны хичээлд сонирхлоороо сууж байсан л даа. Сонсож байхад хүн төрөлхийн янз бүрийн өгөгдөлтэй байдаг. Зарим хүн аливааг детальчилж авч үздэг. Зарим хүн маш олон ажлыг зэрэг амжуулах чадвартай. Зарим нь нэг том зорилго тавиад түүнийхээ төлөө уйгагүй явдаг.
-Та аль ангилалд нь багтаж байх юм?
-Би бол “goal-oriented” буюу зорилго тавиад бүх зүйлээ түүндээ зориулдаг ангиллын хүн юм билээ. Цаг хугацаанаас үл хамааран зорилгоо биелүүлдэг. Намд байхдаа би Н.Алтанхуяг даргатай ажиллаж байсан. Дарга надад “detail-oriented” хүн юм болов уу гэж ажиглагдсан. Ойрхон ажиллахаар асуудлын маш жижиг зүйл рүү орж, жирийн гишүүн юу хийж явааг хүртэл сонирхдог.
Бичиг цаасан дээр уйгагүй улаанаар зурдаг. Ийм өгөгдөлтэй хүн маш хөдөлмөрч, гэхдээ жижиг асуудалд их цаг зарцуулдаг учир том зорилгынхоо чигийг алдах гээд байдаг онцлогтой гэж зааж байсан. Харин би том зорилгодоо гол анхаарлаа хандуулдаг учир жижиг асуудалд оролцох дургүй. Тэр хэрээр жижиг алдаа гаргах нь их байдаг шиг санагддаг.
Тийм учраас Н.Алтанхуяг дарга бид хоёр намын дотоод ажил дээр нэгнийхээ дутууг нөхөж ажиллаж чаддаг байсан юм болов уу гэж боддог. Ер нь ямар ч ажилд багийн гишүүд үндсэн өгөгдлийнхөө давуу сул талуудыг нөхсөн байвал илүү үр дүнтэй байж магадгүй. Би багтаа ажиллах хүмүүсээ сонгохдоо аль болох миний сул талыг нөхөж чадах хүн авахыг боддог.
УУЛЫН ОРГИЛД ГАРАХ НЬ НАДАД ТИЙМ ЧУХАЛ БИШ
-Таны хамгийн сайн чаддаг болон чаддаггүй зүйл юу вэ?
-Би том ажил төлөвлөхдөө сайн гэж боддог. Барьж авсан зүйлээ нухсаар байгаад эцсийг нь үзэхийг хүсдэг. Нэг ажил эхлээд суувал хоол, цайгаа ч умартан хэдэн арван цагаар сууж чадна. Яагаад ч юм тэгээд сурчихсан. Энэ нь сайн ч юмуу, муу ч юм уу мэдэхгүй.
-"Атаархдаг хүнийхээ бүтэлгүйтэхийг харах бол жинхэнэ баяр хөөр" гэсэн үг байдаг. Жинхэнэ баяр хөөр эдлэхийг хэн нэгэн асар их хүсээд байх шиг Та бичжээ. Та “дайсантай” юу?
-Байгаа эсэх нь надад сонин биш л дээ. Би өөрөө л ажлаа хийгээд явж байвал болно.
-“Зууны луйвар” нэвтрүүлэг тухайн үед нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн. Эмэгтэй хүний хувьд ийм сэдэв барьж авах нь Таны хувьд эрсдэлтэй санагдаагүй гэж үү?
-Энэ сэдвийг анх сонирхсон тухайд залуу сэтгүүлчийн амбийц байсан гэвэл оновчтой байх. 1997 онд би “Ган үзэгтэн” шагнал авсан. Сэтгүүлчдийн холбооны “Ган үзэгтэн” цол тэмдгийг жилд нэг, хоёрхон хүнд өгдөг, дандаа том сэтгүүлчид авдаг шагнал байв. Залуучууд маш ховор авдаг байсан учир миний хувь нэр төрийн хэрэг байлаа.
Тэр үед би нэг том эрэн сурвалжилсан нэвтрүүлэг хийнэ дээ гэж зорилго тавиад сэдвээ хайгаад, дотроо бодоод л явдаг байлаа. 1998 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан шалгалт “Эрдэнэт” үйлдвэрт орсон. Тэр шалгалтын материалын тайланг анх олж үзээд, сэтгүүлчийн хувьд жинхэнэ шунал хөдөлсөн. За ёстой энэнийг л чулуу болгоё гэж бодсон.
Өдөр тутмын ажил, хичээл, хоол унд юу идэж, ууж, өмсөж байна гэх мэт ихэнх ээжийн маш их анхаарал тавьдаг асуудлыг би төдийлэн анхаардаггүй. Ерөнхийдөө л бие дааж сурах ёстой гэсэн шаардлага хүүхдүүддээ тавьдаг.
“Eagle”-ийн сэтгүүлч байсан Гантуг нэг олон улсын байгууллагад ажиллаж байсан юм аа. Гантуг надтай уулзаад “Эрдэнэт”-ийн сэдвээр би нэлээд материал цуглуулсан. Гэхдээ би олон улсын байгууллагад ажиллаж байгаа учир ил гарч болохгүй. Тэгээд ч том сэдэв учир хоёулаа хамтраад далдаас хийе” гэлээ. Хоёулаа тал талд ажиллаад нэлээд материалтай ч боллоо.
Гаргахдаа баримтат кино маягаар далд хөтлөлт хийе гэж Гантуг хэлж байна. Тэгэхэд нь би “Үгүй ээ, хамгийн сайн хамгаалалт бол ил гарах. Хэдийгээр маш шүүмжлэлтэй нэвтрүүлэг ч гэсэн өөрөө ил гарна гэдэг олны өмнө би үүнийг хийсэн шүү гэдгээ хэлж байгаа юм. Хэрэв миний гар шалбарах төдийд үүнийг хэн хийв гэдгийг хүмүүс таамаглана” гэж хэлсэн. Тэгээд шууд ил гараад хөтлөөд явчихсан.
Тэр үед “Эрдэнэт” үйлдвэр дангаараа Улсын төсвийн бараг 70 хувийг бүрдүүлдэг байлаа. Энэ том хүчирхэг “Вант улс”-ын далд байсан олон “нууц”-ыг ил гаргана гэдэг тухайн үедээ асар том зориг шаардсан ажил байсан ч, хүмүүсийн бодож байгаачлан би зоригтойдоо ил гарч хийсэн юм биш, өөрийгөө хамгаалах гэж ил гарч хийсэн юм шүү дээ...
-Амьдрал бол тэмцэл гэсэн үг бий. Энэ үг Таны амьдралын зам мөртэй нийцэж байх шиг санагддаг уу?
-Хүн байгалийн амьтан юм чинь байгальдаа тэсэж үлдэхийн тулд тэмцэх ёстой. Тэр тэмцэл нь учиргүй байнга нэгдүгээр эгнээнд яв гэсэн үг биш байх. Өдөр тутам явж байгаа ажлаа л би тэмцэл гэж үздэг. Надад бол уулын оргилд гарах нь чухал биш. Зөв явах нь л чухал.
-Та юугаар гоёх дуртай вэ?
-Үнэтэй цайтай гэхээс илүү өөртөө тохирсон загварыг илүү сонирхдог. Үндсэн гоёл гол би залуугаасаа л алчуур их зүүдэг байлаа. Надад одоо цүнх, чемодан дүүрэн л алчуур бий.
-Та бол хоёр хүүгээ ганцаар өсгөсөн ээж. Хүүхдээ асрахын хажуугаар ажил, амьдралаа аваад явах нь эмэгтэй хүнд бага ачаа биш шүү дээ. Энэ бүхнийг яаж зохицуулж, амжуулдаг байв?
-Миний суурь зарчим л нөлөөлдөг байх. Хүүхдүүддээ чи онц сурах ёстой, сайн хүн болох ёстой гэх мэтээр ерөнхий шугамаа ойлгуулчихна. Тэгээд өдөр тутмын ажил, хичээл, хоол унд юу идэж, ууж, өмсөж байна гэх мэт ихэнх ээжийн маш их анхаарал тавьдаг асуудлыг би төдийлэн анхаардаггүй.
Ерөнхийдөө л бие дааж сурах ёстой гэсэн шаардлага тавьдаг. Араас нь чаргууцалдаад байхаар хүүхдэд өөрт нь ч түвэгтэй юм шиг санагддаг. Зарим ээж хоолыг нь өгөх гээд аягатай хоолоо бариад араас нь яваад байдаг. Би тэгж үзээгүй. Төрсөн өдрөөр нь гэхэд л Америкт найзуудтай нь тоглоомын газарт авчраад бөөнөөр нь тасалбар авч өгөөд оруулчихна. Өөрөө хүлээлгийн өрөөнд нь хичээлээ хийгээд, эсвэл ном уншаад суучихдаг.
Тэгээд л 2-3 цагийн дараа нөгөөдүүл чинь хөлс нь бурзайчихсан бөөн аз жаргал гарч ирдэг. Тэр төрсөн өдрийг найзууд нь бүтэн жил ярьдаг байхгүй юү. Манайхан голдуу л ширээ дүүрэн идээ будаа засаад, ах дүүсээ урьж сууцгаадаг. Хамгийн гол нь ингэхдээ тэр бүр хүүхдээсээ юу хүсэж, юу хиймээр байгааг нь огт асуудаггүй, боддоггүй. Тэгэхээр хэчнээн гоё элбэг дэлбэг найр хийгээд тэр нь хүүхдэд нь огт сонин биш болчихдог.
Би гэрийн ажлаа ч гэсэн хүүхдүүдтэйгээ том хүн шиг ярилцаж, хийх ажлыг нь чадах чадахаар нь хуваарилдаг. Би ажил хийж мөнгө олно. Харин чи гэрээ цэвэрлэнэ, аягаа угаана, хоолоо хийнэ гэх мэтээр үүрэг хариуцлага оногдуулна. Гэр бүлийн гишүүд учир бүгдээрээ нэг нэг ажил хариуцах ёстой гэдгийг хөвгүүддээ багаас нь ойлгуулсан. Манай хоёр хүү миний гар хүргэхгүй өдөр тутмын амьдралаа өөрсдөө зохицуулдаг. Том хүү маань бол бүүр “мэргэжлийн” тогооч шүү дээ /инээв/.
ХҮНД ҮЕД ТУСАЛЖ БАЙСАН ХҮМҮҮС МИНИЙ ДОТНЫН НАЙЗУУД БОЛЖ ХУВИРСАН ДАА
-Та ганц бие эмэгтэйн амьдралаа дуусгавар болсныг сүйн бөгжөө харуулж, твиттер хуудсаараа дамжуулан зарласан?
-Хөвгүүдийн маань аав нас барахад том хүү минь долоон настай, бага нь оршуулгаас хойш 14 хоногийн дараа төрсөн. Аавыгаа хараагүй. Хүүхдүүд нялх байсан учир аав маань тэдний төлөө байнга санаа зовж, надад “Хүүхдүүдэд янз бүрийн хүний царай битгий харуулаарай” гэсэн хатуу шаардлага тавьсан юм. Тийм болохоор би хүүхдүүдээ том болтол хүнтэй гэрлэхгүй гэж шийдсэн.
Тэгээд л 12 жил өрх толгойлсон эмэгтэй явлаа. Хүүхдүүд ч том боллоо, 12 жил болоод хүний бүтэн нэг үе өнгөрлөө. Том хүү маань 18 хүрч эрийн цээнд хүрлээ, одоо нэг орон гэр зохиож болох байх гэж бодоод найз залуугаа аавдаа зориглон танилцуулсан даа. Нөхөртэйгээ гэрлэхээс хэдэн жилийн өмнө бид танилцсан байсан л даа.
Найз залуугаа аавтайгаа танилцууллаа, ирж очдог боллоо, манай хүн чинь эмч мэргэжилтэй. Аавын бие өвдөхөд тэр минь надтай байнга хамт явсан. Тэр үед аав ч их талархалтай байсан байх. Би ч сэтгэл өндөр байсан. Хүнд үед хамт байна гэдэг хамгийн том шалгуур биз дээ. Тэгээд л гэр бүл болохоор эргэлтгүй шийдэцгээсэн дээ.
-Сайн найз гэж амьдралын явцад ямар нэг шалгуур давсан хүнийг Та хэлэх үү?
-Залуу жаргалтай гэр бүлийн хувьд ханийн хагацал үзэх нь хамгийн хүнд үе байсан. Дараа нь Америк руу сурахаар явахдаа эхлээд ганцаараа явсан. Хэл ус сурч, учраа олох хэрэгтэй байлаа.
Ханийн хагацлын дараа хүүхдүүдээсээ холдож хоёр дахь хагацлыг үзэж байгаа юм. Тэр бол миний амьдралын хамгийн хүнд үе байсан. Тэр үед найз нөхөд минь маш их дэм болсон. Америкт хүнд үед тусалж байсан найзууд минь миний хамгийн дотнын найзууд болсон доо.
Аавын бие өвдөхөд тэр минь надтай байнга хамт явсан. Тэр үед аав ч их талархалтай байсан байх. Би ч сэтгэл өндөр байсан. Хүнд үед хамт байна гэдэг хамгийн том шалгуур биз дээ. Тэгээд л гэр бүл болохоор шийдэцгээсэн дээ.
-Баяр наадам хаяанд ирлээ. Та наадмаар юугаар гоёдог вэ?
-Би Америкаас ирсний дараа дээл өмсөх дуртай болчихсон. Залуудаа дээл өмсдөггүй байлаа. Хүн эх орноосоо хол байхдаа Монголынхоо бахархал болсон зүйлсийг сонирхон судалж, түүгээр тэжээл авдаг юм байна. Гадаадад байгаа монголчууд наадам, цагаан сарыг маш өргөн тэмдэглэдэг. Хүний нутагт мөнгө төгрөг цуглуулах гэж зүдэрч байж олсон хэдэн төгрөгөөрөө наадам хийх гэж зүтгэдэг.
Учир нь тэд эх орон, өв уламжлалаараа бахархаж, тэндээс эрч хүч авах гэж л тэгж байгаа юм шүү дээ. Гадаадад байхдаа би түүх сонирхож эхэлсэн. Ирэнгүүтээ Үндэсний телевизээр түүхийн цуврал төсөл хийсэн. Эх түүхээ судлах тусам хувцас хунараас эхлээд миний үндэсний үзэл сэргээд ирсэн. Наадам, цагаан сар гэлтгүй, ер нь л дээлээр гоёх дуртай болчихсон.
-Урлаг, соёлын салбарын бүтээлч үйлдвэрлэлийн талаарх илтгэлээрээ Та эдийн засагт эерэг хандлага авчрах чухал санааг дэвшүүлсэн. Ажил хэрэг болгох тал дээр хэр анхаарч байна вэ?
-2013 онд би улс төр нийгмийн салбар дахь оны залуугаар шалгарсан юм. Монголын залуучуудын холбооноос жил болгон зарладаг тэр шагналын эзэн дараа жил нь залуучуудад зориулан лекц уншдаг. Энэ уламжлалын дагуу 2014 оны арваннэгдүгээр сард би Төрийн ордонд лекц уншсан. Би юуны тулд телевизийн салбарын хүн билээ, нөгөө л бодож явдаг зүйлээ лекц болгон тавилаа.
“Бүтээлч үйлдвэрлэлийн кластер” сэдэвтэй. Кластер бол эдийн засгийн ойлголт. Уран бүтээлчид бүтээлээ л туурвиад байхаас биш түүнийг яаж мөнгө болгох, эдийн засгийн салбар болгох вэ гэдэг тал дээр ер анхаардаггүйг анзаараад үүн дээр цогц бодлого явуулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Анх зөвхөн телевизийн салбараар төсөөлж байснаа өргөжүүлээд киног оруулж лекцээ “Толгойг олборлох тойм зураглал” нэртэйгээр тавьсан юм.
Бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн салбар болгон ярих ёстой. Бид нүүрсэнд тулгуурласан хүрэн эдийн засгаа л түлхүү яриад байдаг. Хүнс, хүнд, хөнгөн үйлдвэрлэлийнхэн мөн мөнгө олж байна. Гэтэл хэвлэл мэдээлэл, кино, соёл урлаг нь эдийн засгийн салбар биш төсөв залгидаг салбар болжээ. Нөгөөдүүл нь олдог, эд нар зардаг. Гэтэл дэлхий нийтэд кино, соёл урлагийн салбарууд маш их баялаг бүтээдэг.
Холливууд гэхэд л Америкийн эдийн засгийн маш том хувийг эзэлдэг. Калифорнийн эдийн засаг бол улсынхаа нийт эдийн засагтай бараг тэнцүү гээд бод доо. Миний илтгэл энэ сэдвээр санаа зовдог хүмүүсийн анхаарлыг татсан шиг байгаа юм. Дараа нь СУИС-ийн захирал Сонинтогос, Урлагийн зөвлөлийнхөнтэй энэ сэдвээр ярилцаад, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын чуулганыг яамнаас дэмжиж, СУИС-ийн санаачилгаар зохион байгуулсан.
Энэ хурал дээр намайг илтгэлээ тавиарай гэсэн. Би өмнө нь өргөн сэдвээр илтгэж байсан бол харин тэр чуулган дээр багасгасан кластерийг радио, телевиз дээр хэрхэн яаж хийх вэ гэдэг дээр төвлөрч, “Кино инкубатор” төслийг танилцуулсан юм. Юм хийгээд эхний амжилтууд гараад ирэхээр хүмүүс “аан ингэдэг юм байна” гээд ойлгоод дэмжээд явах болов уу гэсэн үүднээс “Кино инкубатор” төслийг анхны практик алхам болгон дэвшүүлсэн санаатай.
Төслийн хүрээнд манайхны оюуны бүтээлүүдийн гадагшаа гарч чадахгүй байгаагийн нэгэн том шалтгаан болсон дууны техникийн нөхцөл шинэ шатанд гарна гэж итгэн, төлөвлөсөн ажлуудаа хэдийнэ эхлүүлээд явж байна.
-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа.
-Та бүхэнд баярлалаа.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс