Хоёр жилийн өмнө зуны эхээр Булган аймгийн Цагааннуур дээр шувуу харахаар очиж хоноод, үүр цайхын алдад нуур руу очлоо. Нуурын мандал дээгүүр татсан манан өглөөний гэгээнд алгуурхан саринаж, зэгс шагшуурганы түрүү харагдаж эхэллээ. Бид жижиг завин дээр нуурын хөвөөгөөр шигүү ургасан зэгсэн дунд, хэдэн цаг нүд чих тавиад, хөдөлгөөнгүй суусан болохоор хөл гар бишгүй чилжээ. Шигүү ургасан зэгсний цаанаас зөөлөн шажигнах мэт дуу гараад байвч, бидний хүлээсэн шувуу алга. Нарны гэрэл арай тусаагүй боловч зэгсний дунд нэг шувуухай хөдлөх шиг боллоо. Төдөлгүй тод ягаан хушуутай, шар нүдтэй бяцхан шувуухай зэгсний завсраар гарч ирэх нь тэр ээ.
Энэ бол Монгол орны нэгэн өвөрмөц хөөрхөн дүртэй Сахалт шагшуурга бялзуухайн (Panurus biarmicus), залуухан эрэгчин нь байлаа. Зэгсний ишин дээр жишүүхэн сууж, хормын зуур биднийг сонирхоод, шагшуурга дундуур идээшлэн цааш одов. Уг нь лавлах номонд бичсэнээр бол хүнээс их айж бэргээд байдаггүй шувуухай гэсэн юмсан гэж бодож суулаа.
Цаг гаруйн дараа нар ч хөөрлөө, хоёр эрэгчин бялзуухай ирж суугаад өд сөдөө шувтарч цэвэрлээд суух нь өглөөний ундаа ууж амжив бололтой. Хүзүүний өдөнд хүрэхгүй болохоор бие биедээ бас тусалж хамжаад сүрхий найрсаг харагдана. Тэгсхийгээд өнөө хоёр дуг хийлээ. Өвлийн шөнийн хахир хүйтэнд бөөгнөрөн сууж, ингэж бие биеэ налж дулаацдаг учраас сүргээр амьдрах нь байгалийн хууль гэж уншсан санагдах.
Ойролцоо өөр нэг бялзуухай ирж суугаад биднийг анхааралтай ажиглалаа. Хар хушуутай, арай нямбайдуу төрхтэй, сахал самбаагүй болохоор залуу эмэгчин бололтой. Шагшуурга бялзуухай өд сөдөө цэвэрлэх их дуртай юм билээ. Бид арай өөр шувуу харчих санаатай хэвээр, хүлээсээр.
Ингэж байтал зэгсний дундах уснаас цул цал гэсээр нэгэн шувуухай гарч ирсэн нь нас бие гүйцсэн сайхан эрэгчин бодгаль байлаа. Уснаас өт хорхой нялцгай биетэн түүгээд зуучихсан, залуустай адил нарны элчинд ээж суух завгүй, бас ч жаахан ядарсан нэгэн харагдлаа. Бодвол цаана нь бас хоол тэжээл нэхсэн нялх багачуул байгаа бололтой, төдөлгүй зэгс руу шургаад алга боллоо. Ууртай, сахалтай ширүүн төрхтэй ч, их сайн эцэг гэдэг нь илт. Энэ шувуу чийглэг, зэгс шагшуурга ихтэй нуур цөөрмийн шигүү зэгсэнд өвөл зунгүй амьдарч, усны хөвөөнөөс дээгүүр, бороо салхинаас хамгаалагдсан аяга хэлбэртэй үүрээ шагшуурганы ишний дунд засч тохинуулна. Дулаан улиралд өт хорхой, усны нялцгай биетээр хооллож, сэрүүн улиралд өвс зэгсний үр түрүүгээр гол зогоодог.
2013 онд ийнхүү энэ шувуухайг анх харснаас хойш байнга хайж явдаг болсон юм. Их сонин өвөрмөц дүр төрхтэй Сахалт шагшуурга бялзуухайн зургийг зурагчид буулгах их дуртай, олон улсын уралдаан тэмцээнд ч ийм зураг их дээгүүр давхидаг.
Бор шувуунаас арай жижгэвтэр, урт сүүлтэй, бор шаргал зүсмийн энэ хөөрхөн шувууны содон тэмдэг нь нүднээсээ доош унжсан тэр мундаг тас хар сахал. Хэдхэн долоо хоногийн өмнө нийслэл хотын маань баруун дүүрэгт орших, бидний шувуу сонирхогчдын нэрлэж заншсанаар Ногоон нуурт нэг хостой таарлаа. Энэ удаа харин үргэж холдсонгүй, бут зэгс ч навч түрүү ургаагүй нүцгэн байгаа болохоор тухтайхан хэдэн зураг буулгах боломж олголоо.
Ёстой сайхан ганган эрэгчин шагшуурганы түрүүгээр идээшлээд тун завгүй. Сүүлдээ манай найз бид хоёрыг нэлээн тээршаасан шинжтэй, уцаартай харна.
Эмэгчин нь их аядуу тайван, биеэ арчлан цэвэрлэж суух нь олонтаа. Энэ хос бутны дор ороод идээшлээд байгааг нь олж харах хэцүү. Харин шажигнасан дууг урьдчилаад сонсоод авбал тэр дуу чимээгээр олоод хүлээж болох санагдсан шүү. Ойр ойрхон нисэхдээ дээш доош хаялсан, жижигхэн цагаан бөмбөлөг шиг тэр дорхноо хараа алдрах юм билээ. Өдийд үр төлөө гаргаад бас завгүй, эсэн мэнд яваа гэж найднам.
Хүний жишгээр бол Сахалт шагшуурга бялзуухай идэр наснаас ижлээ сонгон, насан туршдаа ханилан амьдардаг, мөс сайтай эр бөгөөд жилийн хугацаанд нэг бус удаа үр садаа нэмчихдэг гэнэ. Энэ шувуухай өвлийн улиралд их хүйтэрвэл олноор бээрч устах буюу ойр зуур дайжин нүүдэллэх боловч үржил сайтай тулдаа бүр устаж хорогдох аюул багатай. Зэгс шагшуургатай, намгархуу газар суурин амьдрах манай орны үзэсгэлэнт төгс энэ шувуухайг хараад байхад уйдахааргүй сонин.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы шувуудын гайхалтай ертөнцөөр аялахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.
Харин Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.