Төр муу менежер. Төрийн оролцож байгаа аж ахуй олигтой ажилладаггүй. Төрийн алба чадваргүй болсон. Төрийн албан хаагчид ажлаа мэддэггүй, мэргэшээгүй. Эрх баригчид төрийн албанд тогтвортой ажиллах боломж олгохгүй халж, сэлгэдэг. УИХ нэгдмэл чанараа алдаж, улс төрийн намууд дахь фракцууд, том бизнесменүүдийн эрх ашгаа тэнцвэржүүлэх талбар болсон. Засгийн газар шийдмэг, зоримог ажилладаггүй.
Ажлыг удаашруулдаг, сайд, агентлагийн дарга нараа шахаж шаарддаггүй, хариуцлага тооцдоггүй. Төр нэгдсэн бодлого, зорилт, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тэмцэх хүсэл эрмэлзэлгүй. Энэ орон зайг өндөр албан тушаалд шургалсан бизнесменүүд овжин ашиглаж, төрийн бодлого нэртэй аль нэг бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах шийдвэр олноор гаргаж байна. УИХ дахь нэг бүлэглэлийн эрх ашиг нөгөөгийнхтэйгээ зөрчилдвөл “тохиролцоно”.
Төрийн ордонд бүх юм тохиролцоонд үндэслэдэг. Тохиролцож чадахгүй бол сонин хэвлэлээр дайтна. Энэ бүгдийг нийлүүлээд “Засаглалын хямрал” гэж нэрлэжээ. Манай оронд иргэдийн сонголтоор засаг төр бүрдэж байгаа. Гэхдээ иргэд биш, төрийн түшээд засаглалыг хямрааж буй. Эцэст нь төрд итгэх итгэл нурав. Ямар ч өндөр албан тушаалтныг энэ нөхөр төсвийн хөрөнгөөс хэр ихийг хэтэвч рүүгээ шургуулах бол гэж хардаж байна.
Манай орны хүн амын 38 хувийг 15-35 насны залуус эзэлдэг. Иймээс нийгэмд залуусын оролцоо чухал байр суурьтай юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс өнгөрсөн онд “Монголын залуучуудын улс төрийн идэвх оролцоо” сэдэвт судалгаа хийжээ. Судалгаагаар залуучуудын төрд итгэх итгэл сул байдгийг, улам буурах хандлагатайг тогтоов. 2003 онд залуучуудын 36 хувь нь намд итгэдэг байжээ. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар 27 хувь болж буурсан байв.
Энэ үзүүлэлт 2010 онд 15 хувь болж огцом буурч байсан аж. Түүнчлэн 12 жилийн өмнө УИХ-д залуусын 59 хувь нь итгэж байсан бол өдгөө 39 хувь болон “гулсав”. Тухайн үед залуусын 60 шахам хувь Засгийн газарт итгэлээ өгдөг байж. Одоо дөнгөж 40 хувь нь Засгийн газартаа найддаг. Төрийн албаныханд залуусын 60 хувь нь ам сайтай байжээ. Тэгвэл одоо 60 хувь нь муудаж орхиод, 40 хувь нь л итгэж байна. 2003 онд сонгогчдын 63 хувь нь Сонгуулийн ерөнхий хороонд итгэдэг байв. Гэвч одоо энэ тоо хоёр дахин буурсан.
Төрийн бүх шатны байгууллагын нэр хүнд унаж байхад ганц хүнийх өсчээ. Өсөлтийн эзэн нь Ерөнхийлөгч. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг 2010 онд залуучуудын 40 хувь дэмждэг байсан бол одоо 60 болж өсөөд байна. Ямар нэг аюул, бэрхшээл тулгарвал хүн хэн нэгнээс тусламж, аврал эрдэг сэтгэл зүйтэй. Хүний сэтгэл зүйн энэ онцлог бурхан хэмээх ойлголтыг бий болгосон гэдэг. Төр засгийн олон байгууллагад итгэл алдарсан хүмүүсийн найдах сүүлчийн “цэг” нь Ерөнхийлөгч байсан ч юм билүү.
Социологийн шинжлэх ухааны доктор О.Эрдэнэчимэг “Нийгмийг ийм болгож хөтлөхөд улстөрчид хошуучилсан. Сайн юмыг муу, мууг сайн болгож, зөвийг буруу, бурууг зөв болгох гэсэн улс төрийн манипуляц хэрээс хэтэрсэн. Энэ нь даамжирсаар нийгмийн сэтгэл зүй, сэтгэлгээнд сөрөг хандлага давамгайлах боллоо” гэв. Ер нь өнөөгийн нийгэмд болж бүтэж байгаа зүйл цөөн бий. Иргэд нь төрдөө, төр нь ч иргэддээ итгэдэггүй.
Төр хурууны хээ, зураг хөрөг зэрэг бүх мэдээллийг нь багтаасан “ухаалаг” үнэмлэх иргэддээ өгсөн. Гэхдээ түүндээ итгэдэггүй. Заавал нотариатаар баталгаажуулахыг шаарддаг. Бас иргэн бүрээ гэмт хэрэгтэн байж магадгүй гэж сэрдээд цагдаагийн газрын тодорхойлолт шаарддаг. Төр хийгээд иргэний итгэлийн зай улам холдсоор байна.
Т.Энхбат