Монголын хоккейн шигшээ баг Арабын Нэгдсэн Эмиратын шигшээд хожигдоод ирсний дараа “Цас, мөсгүй орны багт хожигдоод байхдаа яахав дээ. Арчаагүй юм” гэх хандлага олны дунд байв. Өнгөц харахад тийм. Гэхдээ хоккейчдын зовлон, жаргалыг ойлгодог, мэддэг хүмүүсийн хувьд энэ нь тийм ч шүүмжлэх асуудал биш.
Учир нь манай тамирчид өвлийн хэдэн сард л бэлтгэл хийх боломжтой. Зориулалтын битүү ордон байхгүй учир гадаа дулаарч, мөс хайлахаар тамирчид нь амралтаа авахаас аргагүй болно. Өөр улсад очиж бэлтгэл хийнэ гэвэл үнэ хөлс нь дийлдэхгүй. Харин бидний эсрэг тоглосон Арабын улс зориулалтын ордонтой, тэндээ жилийн дөрвөн улирлын турш гадаад дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл хийдэг. Ийм тэнгэр, газар шиг ялгаа байхад өрсөлдөгчдөө хожигдохоос яахав. Тиймээс манай хоккейчдын ганц хүсэл нь жилийн аль ч улиралд бэлтгэл хийж, тоглох боломжтой талбай болсон юм.
Харин хэдхэн хоногийн өмнө Яармагт “Хүннү Молл” хэмээх том төв нээлтээ хийж, нийслэлийн иргэдийн олонх нь очив. Тэнд мөсөн гулгуурын сайхан талбай байна. Хоккейчид маань энд бэлтгэлээ хийвэл ур чадвар дээшилж, хождоггүй багаа ялж болмоор санагдана. “Скай ресорт” цанын баазынхан цанын шигшээ багийн тамирчдаа дэмжиж, хамтран ажиллаж байсан шиг. Энэ талаар тодруулахаар хоёр талын төлөөлөлтэй холбогдсон юм.
Монголын хоккейн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Отгонбаяр “Манай дасгалжуулагч нар очиж үзсэн. Хоккейн стандарт талбай 30х60 метрийн хэмжээтэй байдаг. Харин энэ талбай стандарт хэмжээнд хүрэхгүй, жижиг болохоор шигшээ багийн тамирчид бэлтгэл хийх боломжгүй. Гэхдээ 13-18 насны өсвөр, залуучуудын ангиллын тамирчид хийж болмоор юм билээ. Одоохондоо албан ёсоор уулзаагүй л байна. Мөнгө төгрөг нь хэд болохыг сайн мэдэхгүй юм” гэв. Дэлгүүрээр хүмүүс үйлчлүүлж байх үед дор нь хоккейчид бэлтгэлээ хийх зохимжтой, эсэх талаар асуухад “Ер нь гадаадад ийм талбай байдаг шүү дээ. Том дэлгүүрүүд нь дороо мөсөн талбайтай. Тэнд нь тамирчид бэлтгэлээ хийж л байдаг” хэмээн хариуллаа.
Харин “Хүннү Молл” ХХК-ийн үйл ажиллагааны менежер П.Амарцэцэг “Хоккейн тамирчидтайгаа хамтран ажиллах асуудал нээлттэй. Хэрэв манай талбайг жижиг гэж голохгүй бол бэлтгэл хийж болно шүү дээ. Мэдээж хоёр талаас албан ёсоор уулзаж, урьдчилан тохирох байх” гэсэн хариулт өгөв. Талбайгаа ашиглуулсны төлбөр авах, эсэхийг тодруулахад “Энэ тал дээр хариулт өгч мэдэхгүй юм. Удирдлагуудын л шийдэх асуудал байна. Хамгийн гол нь саналыг албан ёсоор хүлээж авсны дараа яриа, тохироо эхлэх байх” гэсэн юм.
Ямартай ч томчуудын шигшээ нь биш юмаа гэхэд өсвөр, залуучууд нь энд бэлтгэл сургуулилтаа базааж болох юм байна. Энэхүү талбай 14х34 метрийн хэмжээтэй аж. Стандарт хэмжээнд хүрэхгүй ч гэсэн огт талбайгүй байсантай харьцуулахад дэвшил шүү дээ.
Монголын хоккейчдын хувьд өмнө нь битүү ордонтой болох гэж хичээж байсан. 2008 онд “Эрдэнэт” үйлдвэр ийм ордон барихаар 2.5 сая ам.доллар батлуулсан гэдэг. Гэвч гүйцэтгэгч компани нь “хулхитсан” тул ордонтой болох мөрөөдөл нуран унасан юм. “Эрдэнэт”-ийнхэн хариуцлагагүй компанитай шүүхдэлцээд нэг орцтой есөн давхар байшин л салгаж чадсан гэдэг. Уг нь Олон улсын хоккейн холбоо биднийг ордон барих төслийг эхлүүлбэл дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм билээ. Үүн дээр нь дөрөөлөөд ордонтой болоод авбал аштай юу.
Г.Баярсайхан