“Монгол костюмс” төвийн захирал Б.Сувдыг бид GoGo.Cafe буландаа урин ярилцлаа. Сүүлийн үед хүмүүс монгол үндэснийхээ дээл хувцсыг өмсөхийг илүүд үздэг болсон нь тун сайшаалтай. Харин бид тэр бүр дээл хувцасныхаа талаар мэддэг бил үү. Тэгвэл чухам энэ л талаар ажлын гараанаасаа өнөөдрийг хүртэл явж буй, цаашид ч илүү ихийг бүтээхээр зорьж буй Б.Сувд захирлын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
ҮНЭ СТАНДАРТЫН УЛСЫН ХОРООНД ТӨРИЙН БОДЛОГООР БЭЛТГЭГДЭН ОЧИЖ БАЙЛАА
-Та залуудаа Үнэ стандартын улсын хороонд Урлал гоо зүйн комисст ажиллаж байсан гэдэг. Энэ газар чухам юу хийдэг байсан юм бол оо?
-Социализмын үед нам засгийн бодлогоор боловсон хүчин бэлддэг байлаа. Тэдний нэг нь би 1980 онд ЗХУ-д төгссөн юм. Сурахад хүртэл бидэнд өөрсдийн сонголт байдаггүй байлаа. “Чамайг Үнэ, стандартын улсын хорооны нэр дээр ЗХУ-ын Киев хотноо Хөнгөн үйлдвэрийн хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр сургана” гэж л хэлсэн.
Монголчууд гутал, хувцас бүх юмаа өөрсдөө хийдэг байсан 1980-аад он гэдэг бол үйлдвэрлэлийн жинхэнэ алтан үе. Оёдлын үйлдвэрийн нэгдэл гэхэд дотроо гурав дөрвөн том үйлдвэртэй, арьс шир, ноосны үйлдвэрийн нэгдлүүд арваад үйлдвэртэй байлаа.
Энэ үед үйлдвэрлэлд орж байгаа бүх бүтээгдэхүүний чанарыг сайн, стандартыг нь өндөр түвшинд байлгахын тулд хяналт тавьдаг том байгууллага бол Үнэ, стандартын улсын хороо байсан. Би энэ байгууллагад бодлогоор бэлтгэгдсэн боловсон хүчин юм.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай тухайн үед Үнэ, стандартын улсын хорооны дарга байсан. Тэр үед төрийн бодлогоор гадаадад сурч төгссөн их олон залуус ирдэг, Д.Бямбасүрэн дарга ч залуучуудтайгаа үнэхээр ажиллаж чаддаг байлаа. “За, Ариунаа чамтай уулзана. Хоёулаа 15 минут л ярина” гээд цагаа тавьчихаад, баахан асуулт асууж, заавар зөвлөгөө өгч, хүн нэг бүртэй уулзана. Бидний ажил байдалтай танилцаад “чи илүү ийм юм хийх хэрэгтэй, өнөөдөр манай салбарын хувьд ийм юм чухал байна. Чи энэ талаар ямар ном уншиж байна, сүүлийн үед уншиж байгаа номнууд юу байна? Энийг чи юу гэж бодож байна?” гээд л ярина.
Миний хамгийн анхны ажил бол Урлал гоо зүйн улсын комиссын нарийн бичгийн дарга. Ард түмний гарт очих шинээр үйлдвэрлэлд нэвтэрч байгаа бүтээгдэхүүний зохион бүтээлтийн шатан дээрээ гоо зүйг хэрхэн хангаж байна вэ гэдэгт манай комиссынхон мэргэжлийн талаас нь үнэлгээ өгдөг байсан юм. Манай комисст шинжлэх ухааны академи, худалдааны яам, эрүүл ахуйч, зураач гээд л Монголын мэргэжлийн салбар салбарын нэр хүндтэй хүмүүс ажилладаг байлаа. Ардын зураач Ц.Доржпалам гуай, угсаатан зүйч Х.Нямбуу гуай гээд орон тооны бус комисс шүү дээ. С.Лувсанвандан гуай гоо зүйн талаарх ном нийтлэлүүдийг нэлээн судалж Урлал гоо зүйн улсын комиссын дүрмийг боловсруулж байсан.
-Гоо зүй гэж юу юм бэ?
-Гоо зүй гэдэг бол сайхны тухай ойлголт. Сайхан гэдэг ойлголт хүнд эрч хүч, баяр баясгалан, амьдралын утга учир бүхнийг өгдөг. Гоо зүйн мэдлэг хүнд юуг сайхан гэж хүлээж авах, бусдыг хэрхэн хайрлах, ирээдүйдээ яаж итгэлтэй болох вэ гээд аз жаргалтай амьдралын түлхүүрийг өгдөг. Гоо сайхныг мэдэрч чадсан хүн бусдыг үзэн ядах, харааж зүхэх, гутаан доромжлох бүхнээс ангид байж чадна. Дандаа хүний сайхан талыг харж, түүнээсээ амьдралын эрч хүчийг авч чаддаг болно гэсэн үг. Гоо зүйн ойлголтын талаарх Монголд анхны сурах бичгийг бичсэн агуу хүн С.Лувсанвандан гуайг дурсахыг хүсч байна. С.Лувсанвандан гуайн номыг нь уншаад, ойлгохгүй зүйлээ өөрөөс нь асууж, үгийг нь сонсож байсан болохоор би их азтай хүн.
САЙД НАРЫН ЗӨВЛӨЛ ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН ХОЛБООГ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ Ч...
-Таны ажил гоо зүй, гоо сайхан гэдэг зүйлтэй холбогдоод одоогийн Дизайнеруудын холбоог үүсгэн байгуулсан ч гэсэн бас л....
-Би өөрөө зохион бүтээгч инженерийн мэргэжлээр төгсч ирсэн. Зохион бүтээгчдийн ажил гэдэг оюуны их нарийн хөдөлмөр. Зохион бүтээгчдийг дэмждэг, сурталчилдаг, шагнаж урамшуулдаг, харилцан туршлага солилцдог мэргэжлийн холбоо байх ёстой юм гэдгийг Урлал гоо зүйн комисст ажиллаж байх үедээ олж харсан. Тухайн үед Урлагийн ажилтны холбоо, Хөгжмийн зохиолчдын холбоо, Химичдийн холбоо гээд мэргэжлийн олон холбоод байсан. Тэгээд Зохион бүтээгчдийн холбоо байгуулах асуудлыг Сайд нарын зөвлөлд боловсруулж оруулсан юм. Урлагийн ажилчдын холбооны Б.Зангад гуай, Химичдийн холбооны Бадгаа гуай, Хөгжмийн зохиолчдын холбооны Г.Бирваа гуайтай уулзаад “ийм холбоо байгуулвал ямар дүрэм журамтай холбоо байх ёстой вэ” гэдгийг асууж зөвлөгөө авч байлаа. Мөн ямар шагналтай, ажлыг нь яаж урамшуулдаг байх гэх мэтчилэн цогц хэлбэрээр зохион бүтээлтийн ажлыг сайжруулах дээд газрын шийдвэрийг багтаасан.
-Холбоо байгуулахыг Сайд нарын зөвлөл зөвшөөрдөг байсан юм уу?
-Социализмын үед бүх юм төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, төвлөрөн зангидагддаг байсан болохоор Намын төв хороо, Сайд нарын зөвлөл тэр асуудлыг мэднэ. Гэхдээ тухайн үед Зохион бүтээгчдийн холбоо байгуулах асуудал шийдэгдээгүй. Зохион бүтээгчдийн холбоо улсын төсөвтэй холбоотой болох байсан учраас төсөв мөнгөний хэмжээ боломжгүй, шаардлагагүй гэж үзсэн байх. Харин зохион бүтээгчдийг шагнаж урамшуулах асуудал нь шийдэгдсэн. Сайд нарын зөвлөлийн 1986 оны 238 дугаар тогтоолоор шилдэг зохион бүтээгчдийг шагнаж урамшуулах төрийн томоохон шагнал бий болсон юм.
-Нэлээн дээхнэ эхэлжээ. Гэтэл та өөрөө энэ шагналыг саяхан авсан санагдана?
-1999 оноос энэ шагналыг Шадар сайдын гарын үсэгтэйгээр Монголын шилдэг зохион бүтээгчдэд олгодог болсон. Энэ шагналыг өнөөдрийн байдлаар манай улсын салбар салбарын 120-иод хүн авчээ. Моносын Л.Хүрэлбаатар, оньсон тоглоомын Түмэн-Өлзий гуай гэх мэт олон сайхан хүн авсан байдаг. Миний хувьд 2007 онд энэ шагналыг авсан. Хориод жилийн дараа “Монгол Улсын шилдэг зохион бүтээгч” гэдэг шагналыг авахад сайхан байлаа.
-Тэгвэл Дизайнеруудын холбооны түүх юу болсон бол?
-Асуудал нь шийдэгдээгүй ч “дотор маань яваад” л байлаа. 1990 онд Ардчилал гарах үеэр “дизайн” гэх үг их моодонд орлоо. Дизайн гэдэг ойлголтод гоо зүй, дизайны бүх үзүүлэлт гээд өргөн хүрээг хамарч чаддаг учир Монголын дизайнеруудын холбоог Урлал гоо зүйн улсын комисст ажиллаж байсан хүмүүсийнхээ туршлага, санал зөвлөгөөг авсны үндсэн дээр 1990 оны дөрөвдүгээр сард байгуулсан. Анхны их хурлаа хийж, бүх салбарын дизайнер зохион бүтээгчид, зохион бүтээлтийн үйл ажиллагаанд ордог бүх л мэргэжлийн хүмүүс цуглаж байлаа.
Ардчиллын үед их хурал, сонгуулиа хийгээд байгуулагдаж байсан анхны мэргэжлийн холбоо юм. Сонирхуулж хэлэхэд биднийг хурлаа хийж байхад тэр үеийн ардчиллын залуучууд Э.Бат-Үүл, Сүх-Эрдэнэ нар “юу болж байна вэ” гэсэн байдалтай орж ирж суугаад гарч байсныг маш сайн санадаг юм. Тэгж анх энэ холбоо маань ардчилалтайгаар Монголын дизайнеруудын эрх ашгийг хамгаалах, тэдний үйл ажиллагааг дэмжих, сурталчлах зорилготойгоор байгуулагдсан. Би 1992 онд гадаад улс руу явах болсон учир хоёр дахь их хурлаа хийгээд ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа өгсөн. Тэрнээс хойш энэ холбооноос их холджээ. Одоо энэ холбоо маань хэр зэрэг ардчилалтай ажилладгийг мэдэхгүй юм.
АНХНЫ ГОЁЛ НААДАМ, ҮНДЭСНИЙ ХУВЦАС СУДЛАЛЫН АКАДЕМИ...
-Та мөн “Гоёл” наадмыг үүсгэн байгуулагч гэдэг?
-Үнэ, стандартын улсын хорооны Урлал гоо зүйн улсын комисст зохион бүтээлтийн асуудал хариуцаж байх үедээ 1988 онд Хувцас загварыг залуучуудад таниулах, ирэх жилийн хувцас загварыг тодорхойлох, зохион бүтээгчдийн ажлыг сурталчлах, гарч байгаа бүтээлийг нь хүмүүст таниулах зорилготойгоор “Гоёл” наадмыг анх зохион байгуулж байлаа. Тэгэхээр энэ бас Урлал гоо зүйн улсын комиссын хийж байсан ажил. Залуучуудад зориулсан гэдэг утгаар Монголын Залуучуудын холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудтай хамтарч 1988 онд анх “Гоёл” наадмыг зохион байгуулсан.
Би 1992 он хүртэл дөрвөн жил энэ наадмыг гардан зохион байгуулсан. Сүүлийн үед энэ наадмын талаар янз бүрийн таагүй яриа гарч байна. Аливаа юм хөгжлөө дагаад өөрчлөгдөн шинэчлэгдэж, илүү боловсронгуй болох шаардлагатай байдаг. “Гоёл” наадам маань олон жил явагдаж байгаа сайхан наадам боловч мэргэжлийн дизайнерууд, зохион бүтээгч, мэргэжлийн хүмүүсийн түвшинд яг өнөөдрийн шаардлагыг хангаж байна уу, үгүй юу гэдгийг мэргэжлийнхэн хэлэх байх. Манай байгууллага бол ордоггүй.
-Үндэсний хувцас судлалын академийг та байгуулсан. Энэ талаараа?
-Би 1992-2003 он хүртэл гадаадад ажиллаж амьдарсан. Тэр үедээ мэргэжлийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой байсан учир төгссөн сургуульдаа сурч докторын зэрэг хамгаалсан.
”Монгол үндэсний хувцасны элементийг тусгасан орчин цагийн хувцасны зохион бүтээлтийг боловсронгуй болгох нь” сэдвээр өөрийн төгссөн сургууль болох Киев хотын Технологи, дизайны Улсын Их сургуульд суралцаж техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Хүн эх нутагтаа байхдаа өөрийн авдран дахь нөөц баялгийг мэдэрдэггүй юм байна. Гадагшаа гараад явахад монгол хүний, бидний бахархах ёстой зүйл юу юм, тэр тусмаа мэргэжлийнхээ хувьд би Монголынхоо юуг мэддэг, энэ мэргэжлийг эзэмшсэнээр юу хийх ёстой вэ гэж их боддог байсан. Тиймээс монгол хувцасны судалгааны ажил хийж эхэлсэн. Энэ бол бидний соёлын үнэт өв, өвөг дээдсийн маань, нүүдэлчдийн өв юм. Энэ соёлыг бид залуучууддаа, дэлхий дахинд яаж судалж, яаж мэдүүлэх ёстой вэ гэдэг үүднээс энэ судалгааны ажлаа хийсэн. Багш нартаа ойлгуулах хэрэгтэй байсан учраас нэлээн их уншиж судлах хэрэгтэй болсон. Эргээд бодоход Урлал гоо зүйн улсын комисст хамтарч ажиллаж байсан угсаатан зүйч Х.Нямбуу гуайн төрийн шагнал авсан “Монгол хувцасны түүхэн хөгжил” ном, Амгалан гуайн баруун аймгийн хувцас соёлын талаарх ном гээд энэ сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж, амнаас нь энэ тухай сонсч байсны хувьд үндэсний хувцас гэдэг миний судлах ёстой зүйл мөн юм байна гэдгийг ухаарсан.
Даяаршлын үед монголчууд бид үндэсний хувцас, соёлоо хэрхэн хадгалж авч үлдэх, цаашид судалж сурталчлах зорилгын үүднээс Үндэсний хувцас судлалын академи төрийн бус байгууллага, “Монгол костюмс” компаниа байгуулж энэ чиглэлээр ажиллаж ирлээ.
Үндэсний хувцас судлалын академи ТББ бол залуу судлаачдыг дэмжих, монгол хувцасны талаарх судалгааны ажлыг хөгжүүлэх, оюутнуудын дундах эрдэм шинжилгээний ажлын шилдэг илтгэлийг шалгаруулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал гээд олон ажил хийж, ном товхимол гаргасан. Гэсэн хэдий ч Монгол хувцасны судалгаа шаардлагатай хэмжээнд биш байна, бидэнд судлах юм маш их бий.
-Зөвхөн Монгол улсад төдийгүй дэлхий даяар тархсан монгол туургатны хувцас гээд л нэлээн өргөн хүрээний юм болох байх?
-2005 онд Дэлхийн монгол туургатны хувцасны холбоог байгуулсан. Зөвхөн Монгол төдийгүй монгол туургатны хэмжээнд монгол хувцасны судалгааг яаж хөгжүүлж болох вэ гэдгийг харж мэдсэний дүнд дэлхий даяар тархсан монгол туургатантай хамтарсан судалгаа хийж, судалгааг дэлгэрүүлэх зорилготой байгуулсан. Энэ холбоо маань Буриад, Тува, Халимаг, Якут, Өвөрмонгол зэрэг тархсан монголчуудын судлаачид, зохион бүтээгчид, дизайнеруудыг нэгтгэсэн холбоо болж, 2004 онд анхны үйл ажиллагаагаа Буриадад “Торгон зам” нэртэйгээр хийж байлаа.
Дараа нь 2005 онд Улаанбаатарт “Монгол хувцас”, 2006 онд Өвөрмонголд “Цагаан сүлд”, 2010 онд Тувад “Тагна ураанхай”, 2012 онд Якутад загварын хамтарсан тоглолт, 2009 онд Халимагт, 2007, 2008, 2009 онуудад Улаанбаатарт “Гайхамшигт монгол хувцас” зэрэг томоохон наадмыг эрдэм шинжилгээний хурлуудтай хамтарсан байдлаар хийж эхэлсэн.
Энэ жил манай холбоо байгуулагдсаны 10 жилийн ой болно. Есдүгээр сард энэ наадмыг нэлээн өргөн хэмжээнд зохион байгуулахаар ярьж байна. Сүүлийн жилүүдэд бид энэ холбоогоо дан ганц Монголоос удирдах биш, монгол туургатнуудад дөрөв дөрвөн жилээр ээлжилж удирдах боломжийг олгохоор болсон. Сая манай холбооны ерөнхийлөгчөөр Тувагийн Соёлын сайд асан Вячеслав Донгак сонгогдлоо.
ХАРАМСАЛТАЙ НЬ, ДЭЛХИЙН ЗАГВАРЫН ТҮҮХЭНД МОНГОЛ ХУВЦАСНЫ ТАЛААР ГАНЦ Ч ҮГ БАЙХГҮЙ
-Та мөн “Дээлтэй Монгол” наадмыг санаачилсан. Юмыг шинээр олж харах, санаачлах нь таны мэргэжилтэй холбоотой байдаг уу эсвэл таны өөрийн зан чанартай холбоотой юм уу?
-Миний төгсөж, намайг сургасан Үнэ, стандартын улсын хороо бол тухайн үеийн улс ардын аж ахуйн бүхий л яам, үйлдвэрүүдийг хамарсан маш том байгууллага байлаа. Шил, шаазан, хувцас, гутал, төмөр гээд тэр олон салбарын үнэ, чанар, хяналт, стандарт, зохион бүтээлт зэрэг бүх юмыг хариуцаж байсан. Энэ өргөн цар хүрээтэй ажил намайг сургаж, задалж, хөгжүүлж өгсөн байж магадгүй. Асуудлыг олон талаас нь харж судлах, иж бүрдлээр нь юмыг ажиглаж сурахад намайг сургасан байх.
Намайг төгсч ирэнгүүт Д.Бямбасүрэн дарга дуудаж уулзаад “Чи манай хорооны нэр дээр таван жил сурчээ. Энэ хороо зардлыг нь төлөөд чамайг сургасан. За чи Дундговь аймгийн хүн юм байна. Дундговь аймгийн Үнэ чанарын хэлтэст зургаан сар ажиллана” гэв. Надад хэлэх үг байхгүй, нээрээ л би чинь улсын зардлаар сурчихсан. “Үгүй” гэж хэлж чадаагүй. Ингээд Дундговь аймгийн Үнэ чанарын хэлтэст ажиллах удирдамжаа бичлээ. Монгол хүний биеийн онцлогийг судлах даалгавар авч, Дундговь аймгийн хүмүүсийн биеийн онцлог, малчдын хувцасны стандартыг боловсронгуй болгох ажлаар зургаан сар ажилласан. Аавынхаа нутгаас ажлын гараагаа эхэлж байгаад их билэгшээдэг юм. Миний амьдрал анхнаасаа ингэж л дээлтэй холбогдсон доо.
-Монголчуудын олон зуун жил өмссөн дээлний стандартыг шинээр гаргаж ирнэ гэхээр сонин юм?
-Аливаа бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэхэд үндсэн хэмжээний болон технологийн шаардлагын стандарт зайлшгүй шаардлагатай. Чиний дээлийн энгэрийн урт, өргөн, ханцуйны урт ямар байх вэ гэх мэтчилэн үндсэн хэмжээг чамд таарах хэмжээгээр үйлдвэрлэлийн технологийн шаардлага хангасан хувцас хийхийг стандартаар тогтооно.
Ажлын гараанаасаа эхлээд өнөөдрийг хүртэл дээлтэй холбогдож ирсэн ч дээл хувцас гэдэг судалгааны ажилд одоо ч зарим юмыг ойлгохгүй л явна. Бид Төв Азид амьдардаг нүүдэлчид. Дээл гэдэг олон зуун жилээр нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэнд цаг агаар, байгалийн эрс тэс уур амьсгал, эрхэлж байсан мал аж ахуй, байгаль дэлхийг үзэх үзэл гэх мэтчилэн энэ бүх юм дээл хувцсандаа шингэж өнөөдрийг хүрчээ. Ирэхдээ бүр төгс хэлбэрээ олчихсон.
Тэгэхээр бид дээлний талаарх судалгааны ажлыг улам нарийн хийх ёстой. Би хувцасны загвар зохион бүтээгчийн мэргэжлээр Оросод төгссөн. Дэлхийн хувцас загварын түүхийг ч нэлээн сайн үзэж, хардаг. Ингээд харахад бид бахархах юм ихтэй ч харамсалтай нь дэлхийн загварын түүхэнд монгол хувцасны талаар ганц ч үг байхгүй.
-Хятадын хувцасны талаар байгаа юу?
-Хятад байгаа. Бидний түүх тэгж дарагдсан байдгийг бид мэддэггүй. Гэтэл бидэнд түүх нь байсан. Байгааг ч археологийн олдворууд батална.
-Тэгвэл дэлхийн загварын түүхэнд яаж оруулах вэ?
-Монголчууд маань цөөхүүлээ, хоёр гүрний завсар оршиж байна гээд янз янзын хүчин зүйл нөлөөлнө. Ардчилал гарснаас хойш нээлттэй болж, үндсэндээ сүүлийн 10, 20 жил л бид өөрсдийгөө хэн гэдгийг мэдэж байна. Өмнө нь түүх маань дарагдаастай, бид өөрсдийгөө ч мэддэггүй, гадны түүх соёлыг биширч шүтдэг байлаа. Одоо монголчууд өөрсдийнхөө түүх соёлыг гаргаж, түгээх цаг үнэхээр болсон байна.
ХҮННҮ ДЭЭЛ МАНАЙХ, БОСОО ЗАХ ХЯТАДЫНХ ГЭЭД Л...
-Монгол дээл маш маргаантай. Хүннү дээл биднийх байжээ, босоо захтай дээл хятад юм байна гээд. Бид яаж ялгах вэ?
-Бид түүхэндээ хүчтэй явсан уу, явсан. Хүчирхэг улсуудын соёл хувцсаар нь л түгэж байдаг. Хүчирхэг улсын нөлөөнд байгаа улсууд өөрийн мэдэлгүй өнөөх соёлыг нь даган дуурайдаг. Соёл нэгээс нөгөөд уусан, шилжих нь ч бий. Өнөөдөр бидний амьдралд моод загвар яаж дэлгэрдэг вэ гэдгийг зүгээр онолын үүднээс ярья л даа. Цагаан сарын шиний нэгний өглөө хүмүүс зурагт, сайтаар хэн гэдэг улс төрч Ерөнхийлөгчид бараалхан золгохдоо юу өмсчихөв, бөхчүүд юу өмсөв, урлагийн нэртэй одууд юу өмсөв гэдгийг харна. Тэр бол моод түгээж байгаа хэлбэр. Тэрэн шиг нийгэмд тухайн улс орон хүчирхэг байх үед хувцасны загвараа түгээж байдаг. Тэрнийг хүмүүс харж моод дэлгэрдэг. Хятадууд өөрсдийг нь амар тайван амьдруулдаггүй нүүдэлчид яагаад тийм хүчирхэг байна, тэр нүүдэлчидтэй тулалдахын тулд тэд юу өмссөн байна, тэрийг нь судлан өөрсдөдөө авч хэрэгжүүлж байж л бид нүүдэлчдийг ялан дийлэх ёстой гэдгийг хятадуудын түүхэн сурвалжид зөндөө дурьдсан байдаг.
Хятадууд манай уламжлалт дээл хувцаснаас өөрсдийн дээлэндээ авсан юм маш их. Үүнийг ганц би биш олон эрдэмтэн тодорхойлсон. Орос, Япон, Солонгосын эрдэмтэд хүртэл нүүдэлчдийн хувцас хунараас суурин иргэншилд авсан зүйл их бий гэдгийг нотолсон байдаг. Тэр бүү хэл 2010 онд манайх олон улсын том хурал зохион байгуулахад Хятадын Шанхайгаас Бао Мин Шин гэдэг Хятадын нэлээн нэртэй хувцас судлаач эрдэмтэн ирсэн юм. Тухайн үед би “Үндэсний шуудан” сонинд зориуд тэр хүний ярилцлагыг авахуулахад Бао гуай “Үнэнийг хэлэхэд Хан үндэстэн нүүдэлчдээс их юм авсан. Би танай хувцасны энэ баялагт үнэхээр их атаархдаг” гэж хэлж байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэтэл бид өвөг дээдсийнхээ өв соёлыг сайн мэдэхгүй байж “энэ босоо зах Хятадынх” гээд байдаг. Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй.
Оросын судлаач Л.Л. Викторова өөрийн судалгаандаа “Монголчуудын дээл босоо захтай, энгэр нь дөрвөлжин” тодорхойлсон нь Монголчууд ийм зах энгэрийг Манж нараас авсан гэсэн ойлголтыг няцаадаг. Босоо захтай дээл Манжаас өмнө, бүр Киданы үед байсан. Киданы үеийн босоо захтай дээлийн олдвороос Киданы үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олсон гэж монгол хувцасны судлаачид үздэг. Бид энэ танин мэдэхүйн ойлголтыг зөвөөр тайлбарлаж өгөх хэрэгтэй.