Өнөөдөр хэн хүнгүй л "Стресс" хэмээн ярьж, толгой сэгсрэх болж. Үнэхээр нийгмийн амьдрал, хүмүүсийн харилцаа, элдэв янзын асуудал гээд л стресст өртөхгүй байх боломж бараг алга аа.
Ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал, гэр бүл салалт, улс төрийн ороо бусгаа байдал гээд л тоочоод байвал мундахгүй олон шалтгаан бий. Адаглаад л, жил дараалан үргэлжилсэн сонгууль, эрс нэмэгдсэн халдварт өвчний улмаас нийгэм тэр аяараа стресст өртсөн ч юм шиг санагдах юм, нуугаад яахав. Гэтэл энэ маягаараа удах юм бол, манайх стресст өртсөн хүмүүсийн тоогоороо дэлхийд тэргүүлж мэдэх нь.
Стрессийн өвчлөл сүүлйн үед эрс нэмэгдэх хандлагатай болсон төдийгүй анагаах ухааны салбарт ч аюулын харанга дэлдэх дээрээ тулаад байгаа гэвэл хэтрүүлсэн болохгүй биз ээ. Гэр бүлийн асуудал, үл ойлголцол, мөнгө төгрөгийн гачигдал, ажлын ачаалал, замын түгжрэл, хүнд суртал, авлига гэх мэт өч төчнөөн шалтгаанаас үүдэж стресст өртсөн хүн олон байна, цаана чинь.
Уг өвчлөлийн шинж тэмдэг тун андашгүй байдаг гэх. Ядарч туйлдах, царай цонхийх, турж эцэх юмуу хэт таргалах, толгой өвдөх, гар хөл татах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг үзүүлдэг учраас тэр. Сэтгэл санааны хямрал, уур бухимдлаас болоод хоолны дуршил муудах, улмаар ходоодны өвчтэй болох нь энүүхэнд. Хоол идэх сонирхолгүй болно гэдэг ямар л олигтой байв гэж.
Царай алдан турж, идэвхи санаачлага муутай, сэтгэл гутралд автсан нэгэн болж хувирна гэсэн уг. Зарим хүмүүс сэтгэл гутралаа мартаж тайвшрахын тулд янз бүрийн арга хэрэглэх нь олонтаа. Уурлаж бухимдсан үедээ их хэмжээгээр идэх юмуу толгойны өвчин намдаах тайвшруулах үйлчилгээтэй эм уух нь эрүүл мэндэд тийм ч таатай нөлөө үзүүлэхгүй гэдэг нь ойлгомжтой. Ингэснээр илүүдэл жинтэй болох төдийгүй нойр булчирхайны өвчтэй болох магадлалтай хэмээн эмч мэргэжилтнүүд анхааруулдаг. Тиймээс толгой өвдөж, анхаарал төвлөрөхөө больсон үед нам гүм орчинд тайван амрах юмуу найз нөхөдтэйгээ ярьж суух нь стрессээ тайлах энгийн аргуудын гэдгийг санахад гэмгүй. Сэтгэл санаа тавгүйтэж, стресст орсон үедээ анхаарлаа ажлаасаа өөр зүйлд төвлөрүүлж түр амсхийх хэрэгтэй байдаг аж.
Гадаа гарч зогсох юмуу нүүр гараа хүйтэн усаар угаах нь бага боловч үр дүнгээ өгдөг гэнэ. Аль эсвэл яарч тэвдэлгүйгээр явган алхах нь бас л үр дүнтэй арга.
Иймэрхүү маягаар ажил, гэр гээд хаана ч болов, стрессээ тайлах энгийн аргууд олон бий. Гэтэл сүүлийн үед стрессийн өвчлөл нэлээд хүндэрч, энэ мэт энгийн аргуудыг нэг хэрэглэх боломжгүй тохиолдол олон гарах болсон нь нууц биш. Тухайлбал, гэр бүлийн таагүй харилцаа, хөндий хүйтэн уур амьсгалаас болж бяцхан хүүхдүүд хүртэл стресст өртөх нь олширч. Уур цухлаа дарж ядан, хэрүүл шуугиан дэгдээсэн эцэг эхийнхээ нүд халтирам таагүй дүр төрхийг харж суух нь тэдэнд тийм ч амар биш. Хэдийгээр эцэг эхийнхээ асуудалд хошуу нэмэрлэж, тэр бүр оролцоод байхгүй ч гэлээ, сэтгэл эмтэрмээр таагүй харилцааны үр дагавар хүүхдүүдэд ч гэсэн хүндээр тусдаг нь мэдээж.
Энэ бүхнээс үүдэж хүүхэд сэтгэлээр унах, өөртөө итгэлгүй, аймхай хулчгар, уур уцаар ихтэй нэгэн болж хүмүүждэг гэх гэр бүлийн судалгаа ч байдаг шүү дээ. Тэгвэл стресс жирэмсэн эхийн урагт хүртэл нөлөөлөх болсон талаар сэтгэл хөндүүрлэм мэдээлэл чих дэлсээд авав. Хувийн амьдралынхаа элдэв асуудалд санаа зовниж, сэтгэлээр унасан жирэмсэн эхийн стресс хэвлийд нь бойжиж байгаа алгын чинээхэн хүүхдийн бие организмд ч муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд хэдийнэ тогтоожээ.
Эхийн сэтгэл санааны тогтворгүй байдал, эрүүл мэндээс шалтгаалан хорвоод мэндлээ ч үгүй байгаа бяцхан хүүхдийн толгой дээр хавдар ургасан жишээ манайд цөөнгүй гардаг гэх. Зөвхөн үүгээр ч зогсохгүй, эхийн стресс хүүхдийн бие эрхтний өсөлтөд муугаар нөлөөлсөн бодит жишээ олшрох шинжтэй байгаа нь тоогүй хэрэг. Хэвлийдээ тээсэн бяцхан үрээ эрүүл саруул тээж, энэ хорвоод тосч авах хүсэлгүй эх хүн гэж байхгүй биз ээ.
Тэгвэл элдэв янзын асуудлаас үүдсэн сэтгэл санааны цочрол, стресст өртөх нь тухайн хүний бие организмаас гадна жирэмсэн эхийн урагт нөлөөлөх, цаашлаад хорт хавдрын суурь болдог талаар эрдэмтэд анхааруулсаар. Хорт хавдар үүсгэж болзошгүй суурь өвчлөлийн тоонд стресс зүй ёсоор тооцогддог болсон гэвэл буруудахгүй болов уу. Энэ ч байтугай, сэтгэл санааны тогтворгүй байдал бусад төрлийн эмгэг өвчний эх болж ч мэдэх нь. Тухайлбал, сэтгэцийн эмгэг. Хэт цочирдох, сэтгэлээр унаж шаналах нь тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, наад зах нь сэтгэцийн эмгэг өвчтэй болоход тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ажээ.
Үнэнийг хэлэхэд, бидний амьдралд өдөр тутам тохиолдож буй хүчин зүйлсийн улмаас стресст өртөх боломж даанч их байгаа нь харамсалтай. Ачаалал ихтэй ажлын дараа амарч тухлах гэхээр бас л болохгүй. Телевизороо асаахаар гэмт хэрэг, авилга хээл хахуул, шударга бус үйлдэл, хэл ам, хэрүүл шуугиан гээд л элдэв хар мэдээллээр "тархи угаах" нь цаанаа л нэг залхмаар. Бас болоогүй ээ, завсар зай гарав уу үгүй юу сонгуулийн сурталчилгаагаар зогсоо зайгүй "бөмбөгдөж", бие биенээ муулсан нэр дэвшигчдийн суудлын төлөөх ширүүн дайн үргэлжилнэ гэж. Тэвчээр шалгаж байгаа аятай амьсгаа ч авахын чөлөөгүй давшлах эдгээр мэдээллийг арайхийн давж, одоо л нэг юм кино үзье гэхээр бөөн алаан талаан, садар самуун үйлдэл.
Үзэх ч юм олдохгүй болохоор арга барагдаад "Агаар амьсгалж, тайвшрах юмсан" гээд цонхоо онгойлгохоор согтуу хөлчүү хүмүүсийн хашгирах дуу, замын түгжрэлд ороод бухимдсан жолооч нарын дуут дохионы чимээтэй хослоод чих дөжрөх нь. За тэгээд, хүнд итгэхээр хулхидуулчих гээд, итгэхгүй байхаар ганцаардаж зожгирсон амьтан болчих гээд хэцүү юмаа. Элдэв хов жив, гүтгэлэг, мөнгө төгрөг, албан тушаал, авилгын асуудлаас болоод өөртөө ч итгэх арга алга аа, янз нь. Ядахад, олигтойхон зөвлөгөө авах сэтгэлзүйч ч ховор байдаг нь гачлантай. Үйлчлүүлэгчидтэйгээ ашиг хонжоо харж харилцдаг, илт улстөржсөн хэдэн сэтгэлзүйн төвийг ч тооцвол шүү дээ.
Их, дээд сургуульд энэ мэргэжлээр суралцаж, төгсч байгаа боловсон хүчин ч хомс байгаа гэвэл маргах хүн гарахгүй биз. Гэтэл гадаадад сэтгэлзүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх төв дэндүү олон байдаг гэнэ лээ.
Худалч хүнд, хүн бүр л хувийн сэтгэлзүйчтэй байдаг юм биш үү. Болж бүтэхгүй байгаа асуудлаа хэлэлцэж, ажил хэрэг болоод амьдралынхаа зах зухаас ойлгуулж, харилцан итгэлцэх, зөвлөгөө авахыг хүсэхгүй хэн байх билээ. Сэтгэлзүйч л гэхээр юу байдгаа тоочоод суугаа хүнд зөвлөгөө өгдөг нэгэн мэтээр ойлгох хэрэггүй. Хувь хүний асуудлаас гадна томоохон компанийн ажлын гэрээ байгуулах, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах гэх мэт олон талын асуудалд сэтгэлзүйч тун чухал үүрэгтэй байдаг гэдгийг хир олон хүн мэдэх бол... Өнөө цагт борооны дараах мөөг шиг олширсон үзмэрч төлөгч нараас ч илүү сэтгэлзүйч эрэлт хэрэгцээтэй болоод байгаа нь мэдээж хэрэг.
Р.Есүй