-Энэ сонгодог жүжгийг Монголд анх удаа Дундговийн театрынхан тайзнаа тавилаа-
Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн хөгжимт драмын театрууд сонгодог жүжгээр өрсөлдөж шилдгээ шалгаруулсан билээ. Баруун, зүүн, төвийн бүсийн театруудын энэхүү өрсөлдөөнд төвийн бүсээс Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр Ж.Мольерийн "Бэрд" жүжгээр тэргүүн байрт шалгарсан юм. Ж.Мольерийн энэ жүжгийг Монголын театрын тайзнаа анх удаа тавьж буй нь энэ юм. Тус театрын ерөнхий найруулагч СТА Д.Доржсүрэнтэй ярилцлаа.
-Дэлхийн сонгодгуудаас Ж.Мольерийн
жүжгийг сонгосон сонголт тань чухам юутай холбоотой байв. Уралдааныг зохион
байгуулагчдаас санал болгосон жүжгүүд байв уу?
-Цаанаасаа 12 сонгодог жүжиг өгсөн
юм. Үүнээс "Буудлын авхай", "Тартьюф", "Хоёр эзний
ганц зарц", "Бэрд" зэрэг таван жүжгийг бид судалж үзээд
Ж.Мольерийн "Бэрд" жүжгийг сонгон тавилаа. Өнөөдөр манай нийгэмд мөнгийг
хэт тахин шүтэх хандлага ноёлж хүмүүс бие биеэ хайрлах үзэл үгүй болж байна.
Энэ бүхэн нийгмийн эрүүл орших үндсийг үгүй болгож байна л даа. Мөн чанартаа
мөнгө гэдэг ердөө хэрэгцээний л зүйл юм шүү дээ. Түүнээс биш тахин шүтэх зүйл
биш ээ. Хэрвээ мөнгийг тахин шүтэх юм бол хүн өөрийн мөн чанараа алдана.
Өнөөдөр уран бүтээлчийн хувьд надад ийм эмзэглэл байгаа учраас энэ жүжгийг
сонгож тавьсан л даа. Ер нь театр урлаг, тайз гэдэг бол амьдралын толь гэж
үздэг шүү дээ.
Энэ утгаараа манай театр өнөөгийн нийгэмд байгаа энэ эмзэг асуудлыг "Бэрд" жүжгээр хөндөж байгаа юм. Энэ нийгмийн шаардлагаар гэж болно. "Хар сарнай" хамтлагийн нэг дуу байдаг даа. "Бид нар бүгдийг бүтээнэ, Бид нар бүгдийг сөнөөнө" гэж. Энэ үнэхээр үнэн. Нийгэм, улс үндэстэн уруудаж доройтох хийгээд мандан бадрахын аль аль нь тэр нийгэм, тэр хүмүүс амьдралд хэрхэн хандаж байна вэ, түүгээр л шийдэгддэг. Хүү минь хүн шиг хүн байгаарай гэж ээж нар үр хүүхдэдээ захидаг биз дээ. Хүнээр хүн хийнэ гэж ч монголчууд маань ярьдаг. Энэ чинь хүн өөрийгөө зөв хөгжүүлэх юм бол асар ихийг бүтээж чадна гэсэн үг. Ер нь бид нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа юмыг хүмүүст ухааруулахад уран бүтээлээ чиглүүлдэг.
-Орон нутгийн театрууд нэлээд хэсэг
хугацаанд хямралтай байлаа. Харин сүүлийн үед овоо сэргэж дуулалт жүжиг мэр сэр
тавьдаг болж. Сонгодгийг ч тавьж эхэллээ. Танай театрын хувьд?
-Манайх сүүлийн үед жилдээ 2-3
жүжиг тавьчихаж байгаа. Сонгодог жүжиг гэх юм бол Н.В.Гоголийн "Гэрлэх
гэсэн нь", А.П.Чеховын "Бэр гуйсан нь", К.Энникейн "Худалч
эхнэр" зэрэг сонгодог болон гадаадын хэд хэдэн жүжиг тавьсан. Мөн Л.Лувсандорж,
С.Дашням нарын "Эрүү цагаан болжмор" дуулалт жүжгийг сэргээж
"Амьдралын хүрд" нэртэйгээр шинээр найруулан тавилаа. Манай Дундговь
чинь дуу хуурын нутаг юм. Дуу хуурын их удамшилтай нутаг. Энэ их авьяас, генийг
түшиглэж монгол дэг жаягаар дуулж жүжиглэдэг театрыг бий болгох гээд байгаа
юм л даа, бид. Тиймээс урын сангийн бодлогоо энэ рүү түлхүү чиглүүлж ажиллаж
байгаа. Цаашид аймагтаа уртын дуу, морин хуурын сургалттай коллеж, дээд
сургуулийн түвшний сургуультай болох санаа байна. Ийм сургуулийг бий болгосноор
бид дуулалт жүжгийн жинхэнэ мэргэжлийн уран бүтээлчдийг дотроосоо төрүүлэх
боломжтой болох юм.
Манайх бас "Уяхан замбутивийн наран" гээд байгалийн задгай театртай шүү дээ. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор байгуулсан юм. Энэ театрынхаа үйл ажиллагааг бид гадаад, дотоодын жуулчдыг татахад чиглүүлж байгаа. Ямааны ноолуур, нүүрс гэдэг брэндээр хэр хол явах вэ, нөөц нь хэр вэ гэдэг нэг асуудал. Тэгвэл хэзээ ч дундарч, дуусашгүй дуу хуур гэдэг тэр брэндээрээ бид дэлхийд танигдаж чадна гэж би боддог. Энэ бол манай театрын хувьд нэг гарц нь. Өрөөр хэлбэл, манайх байгалийн театртай гэдгээрээ дэлхий нийтэд танигдах хөгжлийн ийм нэг гарц харагдаж байгаа юм.
-Монголын театрын гол тулгуур багана
нь байсан дуулалт жүжиг театрын тайзнаас бараг арчигдах дөхөөд эргээд амилж эхэллээ
л дээ. Одоо дуулалт жүжгийн мэргэжлийн чадварлаг уран бүтээлчийн асуудал бас
босч ирэх нь ээ?
-СУИС бол оперын дуучин л бэлтгэж
байна шүү дээ. Чухам бид яагаад дуучдаа өөрөө бэлдье гээд байна гэвэл монгол
дэг жаягаараа задгай дуулж жүжиглэдэг уран бүтээлч бэлдье гэсэн зорилго бидэнд
байна л даа. Өнгөрсөн жилийн "Гэгээн муза" наадмаас дуулалт жүжгийн
шилдэг эрэгтэй дүрийн шагналыг манай театрын жүжигчин Д.Төмөр авлаа. Ер нь
манай театрт дуулалт жүжиг сэргэж байгаа нь хөгжмийн зохиолч С.Дашням гэдэг
хүнтэй салшгүй холбоотой. Монгол дэг жаягаар монгол хүний дүр, зан заншил, хэв
маягийг гайхалтай гаргаж тавьдаг хөгжмийн зохиолч гэвэл манай Дашням л байна.
Үндэсний цөөхүүл хөгжимд Дашнямын хийдэг хөгжмийн драматург үнэхээр гойд.
Гэхдээ манайх одоохондоо дуулалт жүжгийн театрын хэмжээнд очтол нэлээд зай байна л даа. Бид аж ахуйн ажилтан, ажилчид, уран бүтээлчид нийлээд 53-уулаа. Дуулалт жүжгийн театр байхын тулд дор хаяж 76 уран бүтээлчтэй байх шаардлагатай. Ер нь хөдөө орон нутагт ажиллаж байгаа театрын амжилт бүтээлийг үнэлж төр засаг ийм асуудлыг анхааралдаа авах цаг болсон гэж би үздэг. Жишээ нь волейболын баг гуравхан хүнтэй тоглодоггүй л биз дээ. Үүнтэй адил дуулалт жүжгийн театр 76 уран бүтээлчтэй байж ажиллах ёстой бол тэр хэмжээндээ зохион байгуулагдах л ёстой.
-Та найруулагчаас гадна мэргэжлийн
жүжигчин байх аа. Бүтээсэн дүр хэр олон бэ?
-Цөөнгүй шүү. Найруулсан жүжигтээ
бүтээсэн дүрүүд бий. Өөрөө найруулаад давхар тоглоод явдаг. Сая
"Бэрд"-д Ансельм ноёнтны дүрд тоглолоо.
-Энэ жүжиг хэр өртгөөр босов?
-15 саяд боссон доо. Хөдөө бол энэ
их мөнгө. Яагаад гэвэл хөдөөд үзэгчид ховор болохоор эргээд зардлаа нөхнө гэдэг
бэрх шүү. Уг нь сонгодог жүжиг тавибал уран бүтээлчид чадваржиж, театр хөгждөг
юм л даа.
-Ойрдоо дахин сонгодог жүжиг тавих
боломж, бас төлөвлөгөө бий юу, танд?
-Ер нь сонгодгийг тавихад санхүүгийн
бэрхшээл л байдаг юм. Гэхдээ даруйхан л сонгодог тавих бодол байна. Голдений
"Буудлын авхай" жүжгийг аятайхан хөнгөхөөн хэлбэрээр тавчих санаа байгаа.
Н.Пагма