Монгол ахан дүүс ээ! Тусгаар Монголын эрх чөлөөт иргэд ээ!
Халуун ам бүлээрээ, хайртай дотно анд нөхөдтэйгээ хамт гацуур модны дэргэд, баярын бялуутай ширээгээ тойрон, оргилуун дарсаа бэлдээд шинэ оноо баяр хөөртэйгээр угтахыг завдан суугаа Та бүхэнтэйгээ он солигдох торгон агшинд радио долгион, цэнхэр дэлгэцээр уламжлал ёсоор учран золгож байгаадаа нэн баяртай байна.
Өчигдөр миний бие нийслэлийн 53 дугаар сургууль, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн сурагчдыг Төрийн ордонд урьж, тэдэнтэйгээ хуучин оноо үдэх, шинэ оныг угтах талаар болон монгол хүүхэд, монгол аав ээж байхын утга учир, монгол мөрөөдөл, Монгол орны тухай чөлөөтэй ярилцаж, санаа бодлоо илэн далангүй солилцлоо. Хүүхдүүдийнхээ зөвхөн үгийг нь биш, харин цаана нь буй цагаан цайлган сэтгэлийнх нь ая хөгжмийг сонсохыг хичээлээ. Цаг мөч тутамд бидний үйл хэргийн үргэлжлэл, амьдралын утга учир, улс орны маань ирээдүй болсон үр хүүхдүүдээ баярлуулж байх нь эцэг эхчүүд, томчууд бидний чин хүсэл, бас ариун үүрэг байдгийг хуучин оноо үдэж дүгнэхдээ, шинэ оныг хүлээж угтахдаа сануулах нь зүйтэй гэж үзэж байна.
Өнгөрч буй оноо товч дүгнэвэл дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн, гадаад, дотоод худалдааны бараа эргэлт, цалин тэтгэвэр нэмэгдсэн, улсын төсөв ашигтай гарсан, малын тоо толгой түүхэнд анх удаа 4О сая хүрсэн он жил боллоо. 2007 он нь их бүтээн байгуулалтын ажил үйлс өрнөсөн, ажлын байр нэмэгдүүлсэн жил боллоо. Соёл урлаг, шинжлэх ухаан, боловсрол, спортын салбарт гарсан амжилт, оюуны туурвилууд монгол хүн бүрт урам зориг, урагшлах эрч хүч хайрлалаа.
Өнгөрч буй 2007 он нь Монгол Улсын гадаад дахь нэр хүнд өссөн он жил боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн төрийн айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш хамтран гарын үсэг зурсны дагуу Мянганы сорилын сангаас 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгохоор боллоо. 2008 онд америкийн андуудын тусламж нь төмөр зам, эрүүл мэнд, боловсрол, эд хөрөнгийн бүртгэлийг сайжруулах төсөл болон хэрэгжиж, Та бидний бүгдийн бэрхшээл болсон ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бодитой үр дүн өгнө гэдэгт итгэлтэй байна.
Монгол эх орондоо монгол хүн болж төрснөөрөө бахархан, хаанахын хэнээс ч дутахгүй сайн сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь Та бидний хаа хаанаа хичээн зүтгэж биелүүлэх ёстой мөрөөдөл тэмүүлэл, хэрэгжүүлэх шаардлагатай эрхэм зорилго, алдаж үл болох боломж юм.
Өвөг дээдсээс өвлөгдөн бидний үед ирсэн эх орны баялгаас иргэн бүрт хүртээх, сайхан маргаашийн төлөө өнөөдөр хойшлуулалгүй амжуулах олон ажлын ихээхэн чухал нь ашигт малтмалын салбарыг хөгжүүлж, стратегийн орд газруудыг нэн даруй эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар өнгөрч буй 2007 оны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие маш тодорхой санал, санаачилгыг дэвшүүлсэн билээ. Төрд ноогдох ашгийн тодорхой хувийг “Эх орны хишиг” болгон иргэн бүрт хуваарилж хувь хүртээх, хөгжлийн хөрөнгө оруулалтанд зарцуулах, хуримтлал бий болгож ирээдүйгээ итгэлтэй угтах нь хэн ч харсан шударга, ирээдүйтэй бөгөөд бас үлдэцтэй, хамгийн гол нь хүн болгонд хүртээлтэй ажил болно гэдэгтэй Та бүхэн санал нэгдэн нийлж байгаад эргэлзэхгүй байна.
Төсвийн зардлаар геологийн хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ордуудын төрийн мэдлийн хувь хэмжээг 50-иас илүү хувиар тогтоох байр сууриа илэрхийлж, Засгийн газарт чиглэл болгож байсан нь өнөөдөр бодит ажил хэрэг болж, яриа хэлцэлүүд хийгдэж эхэллээ. Гэхдээ л шуудхан хэлэхэд илүү хурдан шуурхай ажиллахыг амьдрал өөрөө Та биднээс шаардаж байна. Байхгүйн биш байгаагийн зовлонд умбаж, тойрч маргалдсаар алдаж өнгөрөөх мөч тутамд монгол хүн өлсөж, монгол хүүхэд даарч, сайхан ирээдүй сар сараар, жил жилээр хойшлогдож байгаатай бид хэрхэвч эвлэрч сууж болохгүй.
Ашигт малтмал юуны түрүүн ард түмэнд ашигтай байх төрийн шийдвэрүүд, хүлээгдсэн шийдлүүд шинэ 2008 онд цаг алдалгүй гарах ёстой гэж бодож байна. Үүнийг ч миний бие шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр бодит амьдрал дээр улсын хэмжээнд гарч буй өсөлт, амжилтын үр өгөөж, хүртээл нь монгол хүн бүрт, Монголын гэр бүл болгонд очих ёстой гэж үзэж байгаа учраас миний бие энэ бүхнийг хурдлуулахыг шаардах тухай ярьж байгаа юм. Эдийн засгийн өсөлт эгэл иргэнд наалдахгүй, үнийн хөөрөгдөл, худалдан авах чадварын дорой байдал зүсэм талхыг нимгэлж, аягатай цайг дундалж байгаа нь сургамж болон хуучин оноос шинэ он дамжиж байгаа учраас миний бие үүнийг шаардах тухай хэлж байгаа юм.
Өчигдөр миний уулзсан хүүхдүүд ээж, аавын энэрэл хайраар дутсан ч, эх орны халамж, хишгээр дутах ёсгүй. Монголын хүүхдүүдэд эх орон бий, тийм учир өөдрөг ирээдүй ч байх ёстой. 53 дугаар сургуулийн сурагч, найман настай Анхбилэг гэдэг хүүг 21 настай ханагар сайхан залуу болоход буюу 2021 оноор бид ирээдүйгээ тодорхойлон харахыг хичээж байна, тэгэх ч ёстой. Учир нь үүх түүхээ мэддэг ард түмэн алдаанаасаа сургамж авч, амжилтаа ахиулахын тулд хүрэх зорилгоо, үр дүнтэй нь хамт төсөөлж төлөвлөдөг, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нэгдэн нийлж чаддаг, ийнхүү их түүх баяждаг жамтай билээ.
2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие “Мянганы хөгжлийн зорилтуудад тулгуурласан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг боловсруулах санаачилгыг гаргаж, Засгийн газрын эцэслэн боловсруулсан төслийг УИХ-д өргөн бариад байгаагийн цаана чухам ийм эрхэм зорилго, их ажил, гэрэлт ирээдүй оршиж байгаа юм.
Монгол хүн, монголын гэр бүлүүд нийлээд Монгол гэдэг нэгэн том гэр бүлийг бүрдүүлдэг билээ. Нэг эх оронтой, нэг түүхтэй нэгэн гэр бүлийнхэн бид нийтээрээ бусдаас дутахгүй аз жаргалтай, амар тайван амьдарч, бусдаас дутахгүй сурч боловсрох, хөгжин цэцэглэх нэгэн их зорилготой. Өнөөдөр өвлийн өвгөнөөс бэлэг аваагүй хүүхэд, ширээн дээрээ баярын бялуугүй айл өрх олон байгааг, ядуурал, ажилгүйдэл дорвитой буурахгүй байгааг баярын энэ мөчид ч Та бид мартаж болохгүй. Энэ бүхнийг уран гоё үгээр элбэдэж биш, ухаан бодлоо уралдуулан боловсруулсан бодлогыг тууштай хэрэгжүүлснээр засч залруулж болох тул Үндэсний хөгжлийн цогц бодлогын төслийг боловсруулсан юм. УИХ ирж буй 2008 оны эхэнд энэхүү бодлогыг тал талаас нь нухацтай хэлэлцэн баталж, хэрэгжүүлж эхэлнэ гэдэгт найдаж байна. Монгол Улсаа хөгжүүлэхийг хүсч буй иргэн бүр ийнхүү Төрийн тэргүүнтэйгээ хамт найдаж, итгэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Идэх хоол, уух цайгаа элбэг дэлбэг байлгахыг зорихын зэрэгцээ бас чанартай болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие санаачилж, Засгийн газар дэмжиж буй учир 2008 оныг “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах жил” болгохоор шийдвэрлэж байна. Үржил шимтэй хөрс шороо, Монголын буян болсон мал сүрэг, хөдөлмөрч уламжлал хэвээр байхад хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг гадаадаас импортлон аваад сууж байх нь нэр төрийн, эрүүл мэндийн, эдийн засгийн давхар давхар алдагдал, шуудхан хэлэхэд хохирол болж байна. 2008 онд элбэг дэлбэг, бас эрүүл хүнстэй болохын тулд хамтран ажиллацгаая.
2008 онд УИХ-ын болон Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ээлжит сонгууль болно. Өөр өөр улс төрийн намуудын хооронд үзэл бодол, үнэлэмж дүгнэлт үл нийлэх үе байдаг ч бүгдээрээ Монголоо гэсэн тэмүүлэл зорилго дор нэгдэж байх ёстойг шинэ оны босгон дээр, шинэ сонгуулийн жилийн эхэнд анхааруулан сануулая. Ардчилсан сонгууль нь албан тушаалын төлөөх тулаан биш, харин улсаа хөгжүүлэх нэгэн зорилготой оюун санааны өрсөлдөөн юм. Өнөөдрийн өрсөлдөөн маргаашийн хөгжлийн түлхүүр байх ёстой. Эх орон гэсэн эрх ашиг нэг, өнөөдрийн бэрхшээлийг давж, маргаашийн амжилтыг бүтээх хүсэл эрмэлзэл бас л нэг ажгуу. Сонгуулийн дараа нэг нам дангаараа бус, нийт монголчууд, Монгол орон бүхэлдээ хождог байх нь манай эв нэгдлийг бэхжүүлэх, ардчиллыг ёсоор нь гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтойг зориуд тэмдэглэн хэлье.
2008 онд хүн төрөлхтний спортын их баяр – зуны Олимпийн наадам болно. Хөрш оронд зохион байгуулагдах зуны Олимпийн наадмаас Цагаанбаатар, Наранбаатар, Бадар-Ууган, Эрдэнэт-Од, Гүндэгмаа нарын зэрэг хэдэн арван тамирчин маань Анхбилэг хүүгийнх шиг нийт монгол түмний итгэл найдвар, хүсэл хүлээлтийг биелүүлэхээр хөлс хүчээ дуслуулан бэлтгэлээ базааж байна. Авъяас чадвар, хичээл зүтгэл, ур ухаанаараа хэнээс ч дутахгүй монголчууд Олимпийн алтан медаль авах цаг хэдийнээ болсон гэж үзэж байна. 2008 онд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, Олимпийн аварга төрөх болтугай хэмээн ерөөе.
Монголын өргөн уудам нутагтаа болон хилийн чанадад сурч боловсорч, ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт ахан дүүс ээ!
Өнөөдөр бид бусадтай жишихэд тоогоор цөөн, амьдрал харьцангуй ядуувтар байгаа нь үнэн ч монголчуудын туулж өнгөрүүлсэн түүх, бүтээж босгосон соёл агуу билээ. Бид зорилгогүй, хариуцлагагүй, эв нэгдэлгүй байвал өнөөдрийн хүнд хэцүү үүрдийнх болж хувирна. Харин сайхан ирээдүйгээ төсөөлсөн зөв бодлого, түүнд заавал хүрнэ гэсэн эрмүүн тэмүүлэл, эрэлхэг зориг хатуужил, байнгын хичээл зүтгэл, бат бэх эв нэгдэл байвал бидний Монгол орон хөгжинө, монголчууд жаргана гэдэгт Монгол Улсын Ерөнхиийлөгч би Та бүхэнтэйгээ нэгэн адил итгэж байна.
Та бидний гол зорилго Монгол Улсаа монгол хүн бүрийн сайхан хүсэл тэмүүлэл биелдэг орон болгож хөгжүүлэхэд оршино. Хоёр он солигдох мөчид монголчуудын маань гэгээн хүсэл болгон нь угтан авч буй жилд гэрэлтэн биелэхийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе. Морилон ирж буй 2008 онд төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан, хүүхэд залууст боловсрол, ахмад буурлуудад тэтгэвэр, ажилтан ажиллагсдад цалин, аж ахуйн нэгжүүдэд орлого, эдийн засагт хөрөнгө оруулалт, эрчтэй өсөлт, хүн бүрт зол хийморь, аз жаргал нэмэгдэх болтугай! Шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.
2007.12.31