Нуур төр, түмнээсээ аврал эрж байна. Өдөр өдрөөр, бүр цаг цагаар усных нь түвшин багасч байгаад Өгий нуур харуусан гашуудаж байна. Харсаар суугаад хайран нуураа ширгээхнэ гэж нутгийн иргэд халаглана. Өгий нууртай бөөр нийлэн цэлэлзэж байсан Бага нуур хэдийнэ ширгэчихэж. Дахиж усаар дүүрэхээсээ өнгөрсөн биз хэмээн малчид ярив.
Арванхоёрдугаар сарын 18. Архангай аймгийн Өгий нуур суманд очлоо. Сумын төвөөс алсгүй газарт Өгий нуур бий. Нутгийнхан төдийгүй монголчуудын нэг бахархал болсон нуур энэ. Энэ нутагт өвөл айлчилсан шинж алга аа. Ганц удаа ч болов цас унаагүй гэнэ. Есдүгээр сарын сүүлчээр орсон жаахан цас өдөртөө ууршиж алга болжээ. Хатаж ангасан газрын сул шороо тоос хүн, машин, малын хөлд тэнгэрт тултал босох нь холгүй.
Өгий нуур сум 3000 гаруй хүнтэй. Хүн, малгүй нуураасаа ундаалж амьдралаа залгуулдаг. Энэ нуурын буян зөвхөн үүгээр дуусахгүй ээ. Ойр хавийн сумын малчдыг бас тэжээдэг. Аялал жуулчлалын хэд хэдэн компанийн орлого олох ганц эх үүсвэр нь болж байна. Зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хамаагүй жилийн дөрвөн улирлын турш ангуучилдаг загасчдыг мөнөөх л Өгий нуур олон жил тэтгэлээ. Гэтэл тэдэнд нуурыг хайрлах сэтгэл нэг удаа төрсөн болов уу.
Өвөл тэсэлнэ, дэлбэлнэ. Тор тавьж хэдэн зуун тонноор нь загас барина. Зарим үед тавьсан тороо тэр чигт нь хаячихна. Торонд үхсэн загас жараахай хавар хэдэн зуугаараа ялзарч өмхий ханхлуулах энүүхэнд. Дээр нь жуулчны нэртэй хэдэн баазын эздэд Өгий нуурыг хамгаалах сэтгэл дутжээ. Зөвхөн өөрийн хашаан доторх хогоо хамдаг хувиа хичээсэн зантай. Байгалийн сайханд амрагчид мөн л ялгаагүй. Хог хаягдлаа тэр чигт нь орхиод явдаг хачин муухай зуршил нь нуурыг бузартуулсаар өдий хүрлээ.
Ус намгархаг газар нь усны шувууд, биологийн бусад төрөл зүйлээр баялаг байдгаараа алдартай. Иймд энэ нуурыг 1998 онд Рамсарын гэрээнд бүртгүүлсэн түүхтэй. Өгий нуур 129 зүйлийн шувуу, 19 зүйлийн хөхтөн, мөлхөгч, хоёр нутагтан, 14 зүйлийн загас, 84 зүйлийн шавьж, 266 зүйлийн ургамлыг хэвлийдээ багтааж, гайхалтай цогц байгалийг бүрдүүлжээ.
Одоогийн байдлаар Рамсарын гэрээнд Монголын ус намгархаг 11 газар бүртгэлтэй. Эдгээрийн гурав нь ширгэчихсэн тухай хар мэдээ байна. Рамсарын конвенц нь усны шувуудын амьдрах орчин болох олон улсад чухал ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах тухай олон улсын гэрээ. Ус намгархаг газрын экосистем дэх байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг дэмждэг конвенц юм.
Юутай ч Өгий нуурыг хамгаалах төсөл 2005 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ нь “Ус намгархаг газрын экосистемийг хамгаалах, зохистой ашиглах голын сав газрын менежментийн загвар төсөл” нэртэй. Байгаль орчны яам Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Загвар төсөл 2010 онд дуусна.
“Цөлжилт хуурайшилт асар хурдтай явагдаж, Монгол оронд гол горхи, нуур, усаа хамгаалах асуудал тун чухал болоод байна. Төслийн шугамаар болон эрдэмтдийн цуглуулсан судалгаанд тулгуурлан Өгий нуур, түүний сав газрын экосистемийг хамгаалах зарчим боловсруулж байгаа. Уг зарчимд үндэслэн голын сав газрын менежментийн хөтөлбөрийг боловсруулах юм. Энэхүү загвар төсөл бусад ус намгархаг газрыг хамгаалахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Мэдээлэл сургалтын төвийг ирэх онд байгуулахаар төлөвлөсөн” хэмээн Өгий нуурын экосистемийг хамгаалах төслийн зохицуулагч Ш.Сато ярив.
Төслийн хүрээнд орон нутгийн III семинарыг Өгий нуурт зохион байгуулсан. Семинарт нутгийн иргэд тун идэвхтэй оролцсон. Арга ч үгүй биз. Амьдралынх нь гол амин судас нь болсон нуур хэзээ мөдгүй ширгэчихэж магадгүй аюул нүүрлээд байна шүү дээ. “Ойр хавьд худаг алга. Ганц нуураа бараадаж байгаа болохоор даац нь хэтрэхээс аргагүй. Жуулчны бааз нэмж барихыг бид эрс эсэргүүцэж байгаа.
Шувуудын амьдрах орчин багассан. Усны шувуудыг хамгаалах үүднээс нууранд ядаж моторт завь явахыг хатуу хоригломоор байна. Уг нь сумын ИТХ энэ талаар хориглосон шийдвэр гаргасан боловч хэрэгждэггүй. Мөн идэвхтэн байгаль хамгаалагчийг олноор ажиллуулж нуурыг хамгаалах ажил өрнүүлэх хэрэгтэй” гэж нутгийн иргэд ярьж байлаа.
Төслийн шугамаар орон нутгаас нийт 20-иод хүн Японд очиж туршлага судалжээ. Тэд семинарын үеэр тус оронд ус намгархаг газрын экосистемийг нутгийн иргэд нь хэрхэн хамгаалдаг талаар сонсож дуулснаа бусдадаа тайлагнав. Японы Күширогийн ус намгархаг газар 1980 онд Рамсарын гэрээнд бүртгэгдсэн аж. Устах аюул нүүрлээд байсан алаг тогорууг хамгаалах ажлыг тэнд өрнүүлжээ. Нутгийн иргэд 1952 оноос тогоруунд хоол тэжээл өгдөг болсон байна. Ингэснээр өнөөдөр тоо толгой нь 1000-д хүрчээ. Орон нутгийн захиргаа, төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ус намгархаг газрын байгалийн нөхөн сэргээх зөвлөл байгуулснаар ийм амжилт олсон гэнэ.
Мөн Янагава нь маш олон жижиг горхитойгоороо Япондоо алдартай хот аж. Гэтэл хот төлөвлөлтийн улмаас 1977 онд жижиг голыг ширгээж булах шаардлага гарчээ. Энэ үед хотын захиргаа нутгийнхаа иргэдтэй хамтран горхиудыг нөхөн сэргээх талаар ярилцаж тохиролцсон байна. Ингэснээр тэд булагдсан горхийг нөхөн сэргээж шавар шавхайг нь цэвэрлэж чаджээ. Түүнчлэн япончууд газар тариалан эрхлэх, экотуризм, ногоон туризм хөгжүүлэх зэргээр сөнөж, устаж, мөхөж буй байгаль, ан амьтан, ургамлаа хамгаалсан туршлагыг Монголд хэрхэн нэвтрүүлэх талаар өгийчүүд ярилцсан.
Зүүн хойд Азийн галуу нугасны овгийн газруудын сүлжээнд Өгий нуур болон Тэрхийн цагаан нуур багтжээ. Харин нуурын гол тэжээгч болох Орхон гол. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд данслагдсан билээ. Гэтэл дэлхийд данстай Орхоны хөндийн байгаль экологийн тэнцвэр алдагдаж, голын ус татарсаар байгаа нь Өгий нуурт гамшиг даллах үндэс болж байна. Түүнчлэн Орхон голын усжилтын сувгийн далан гурван хэсэгт сэтрээд уджээ. Ингэснээр нуур гол “тэжээлээсээ” салснаас ялгаагүй болов.
“Уг нь Орхоны усжуулалтын сувгийн даланг хувьчилж авсан компани сэргээн засварлах үүрэгтэй. Гэвч засварт зарцуулах мөнгөгүй гээд хөдлөхгүй байна. Улсын мэдэлд байсан тус компанийг ямар нөхцөл, гэрээгээр хувьчилсан нь тодорхойгүй байгаа юм” гэж Өвөрхангай аймгийн Хархорин сумын байгаль орчны улсын байцаагч С.Ганчимэг ярив.
Хувьчилж авсан компани хөрөнгө зарж даланг засвал усаа төлбөртэй ашиглуулна хэмээн томорч байгаа сурагтай. Уг нь газар, ус, ой гээд байгалийн баялаг төрийн мэдлийнх байлтай. “Энэ шийдвэрээ зохих байгууллагууд эргэж харах ёстой. Хэрвээ Өвөрхангай аймгийнхан Орхон голыг урсгахгүй бол бид малаа туугаад нүүгээд очъё. Эхийг нь хамгаалахгүй байвал адагт нь байгаа бид хэчнээн тэмцээд яах билээ. Баян нуур ширгэсэн. Бага нуур бас сайр болсон. Одоо Өгий ширгэчихвэл энэ нутагт амьдрал сөнөнө” хэмээн иргэд бухимдлаа.
Үнэндээ Монголын нэг бахархал болсон нуурын усны түвшин нь багасч, экосистем нь доройтсоор байгаа нь хүний үйл ажиллагаатай шууд холбоотой. Дэлхийн дулаарал тодорхой хэмжээгээр нөлөөлж буй нь гарцаагүй. Өгий нуурын ирээдүй хэрхэн эргэх нь зөвхөн Архангай, Өвөрхангай аймгийнханд хамаатай асуудал биш. Бид бүгдэд хамаатай. Энэ утгаараа ус намгархаг газрын экосистемийг хамгаалахад төр, олон нийтийн байгууллага, иргэд хамтран ажиллах нь чухал гэдэгт тэд санал нэгдсэн.
…Нутгийнхан Өгий нуурыг хамгаалах, орон нутгаа хөгжүүлэх хөдөлгөөн өрнүүлэхээр болов. Хүн бүр өөрийн боломжоор хандив өргөж эхэлсэн тухай дуулгалаа. Ус тэжээлээр гачигдсан Өгий нуур далай шиг цалгиж, ургамал, амьтан, шувуудаар баян олон олон арваныг үдээсэй.
Ц.Цэвээнхэрлэн