Хүний гоо сайхныг бүрдүүлдэг хамгийн чухал хэсэг бол шүд.
Харин манай иргэд шүдээ өвдөхөөр л эмчид ханддаг болохоос өвчлөхөөс нь урьдчилан сэргийлж, эмчид үзүүлэх нь ховор.
Шүдний өвчин нь цоорлын, цоорлын бус, амны салстын, тулгуур эдийн гээд олон төрөл. Мөн хаана амьдарч байгаагаас хамаарч шүдний өвчлөл харилцан адилгүй байдаг гэнэ.
Тухайлбал, хотын хүүхдүүдийн дунд шүд цооролт элбэг байдаг бол хөдөө амьдардаг хүүхэд кальци ихтэй хоол хүнс хэрэглэдэг учраас шүдний цооролт бага. Харин хэрхэн зөв угаахаа мэддэггүйгээс, зарим нь бүр угаадаггүйгээс цоорлын бус гаралтай шүдний үрэвсэл, чулуутай байх нь элбэг.
Бид “Урьдчилан сэргийлэх тарилга” буландаа шүдний өвчлөлийн “үндэс” болсон шүд цоорох өвчнийг онцолж байна.
ЖҮҮС, ХИЙЖҮҮЛСЭН УНДАА ШҮД ХОРХОЙТУУЛАГЧ
Шүдийг гаднаас нь хараад цоорсон эсэхийг мэдэх боломжгүй. Учир нь шүдний паалан бол хүний биеийн ясан дахь хамгийн хатуу хэсэг. Шүдэн дотор хөндий үүсэн бага багаар цоорч, хамгийн сүүлд гаднах паалан нь эмтэрч унадаг аж.
Иймээс зургаан сар тутамд эмчид шүдээ үзүүлж, цоорлоос урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Шүдний цоорлыг гүнээр нь толбон, өнгөц, дунд, гүн гэж ангилдаг. Аль ч цоорол нь аюултай. Цаг алдвал хүндэрч, мөнгө, цаг хугацаа их зарцуулах шаардлагатай болно. Бүр шүдээ авахуулахаас өөр аргагүй байдалд хүрч болзошгүй.
Шүдийг хорхойтуулдаг зүйлс нь жүүс, хийжүүлсэн ундаа, чихэр жимс, шүдэнд наалддаг гурилан бүтээгдэхүүн. Эдгээрийг махан хоол идэж байгаа үед бага хэмжээгээр идэж болно. Харин хүүхэд чихэрлэг зүйлсийг ойр ойрхон идсэнээр шүдний паалан нимгэрч, эргэн төлжиж чадахгүй болж, хорхойтдог юм байна.
Эмнэлгийн хэллэгээр бол шүд цоорохыг хатуу эдийн эрдэсжилт алдагдсаны улмаас хатуу эд зөөлөрч шүдэнд хөндий үүсэх эмгэг процесс гэдэг аж.
Шүдний эрдэсжилт нь хүний бие дэх кальци, фтор гэх мэт эрдсүүд дутагдаж эхлэхэд алдагдана. Тухайлбал, тамирчид энэ эрдсээ хөлсөөрөө алддаг юм байна.
ШҮДНИЙ ТҮРХЛЭГ ЦООРЛЫГ ЗОГСООХГҮЙ
Сүүлийн үед хорхойгүй шүдтэй хүүхэд бараг олдохоо больсон. Энэ нь хүүхдийн биеийн байдал болон эмийн хордлого, эцэг, эхийн хариуцлагагүй байдалтай холбоотой.
Хөхүүл хүүхдийг унтахад хөхөө амнаас нь авалгүй унтуулах, өдөр тутам ундаа, жүүс өгөх, хоолны хооронд чихэрлэг зүйл их өгөх зэргээс болж бага насны хүүхдийн шүд их хэмжээгээр цоордог аж.
Мөн сойзоо дөнгөж барьдаг болонгуут нь эцэг, эх нь шүдээ угаа гээд хаячихдаг, оо, сойзыг нь буруу сонгож өгдөг, хүүхдээ уурлаж зөрүүдлэхээс нь төвөгшөөж, шүдийг нь гүйцэд угаалгүй орхидог нь нөлөөлдөг юм байна.
Хорхойтсон шүдэнд эмч нар хар өнгийн түрхлэг түрхдэг. Сафорайд гэдэг энэ түрхлэгийг хүүхдийн сүүн шүдний өнгөц, толбын цооролтын үед хэрэглэх зориулалттай аж.
Энэ түрхлэгийг эхний удаад түрхсэний дараа эмчдээ үзүүлээд шаардлагатай бол сарын дараа, тэгээд гурван сар тутамд түрхүүлж байх ёстой. Энэ бол цоорол зогсоох түрхлэг биш, харин цоорлыг удаашруулж, пааланг үй болсон шүдийг хатууруулах үйлчилгээтэй.
ШҮДНИЙ ЧУЛУУ ХООЛНЫ ҮЛДЭГДЛЭЭС ҮҮСДЭГ
Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн Урьдчилан сэргийлэх тасгийн эрхлэгч Д.Нямсүрэнгээс шүдний чулуу хэрхэн бий болдог, яаж эмчлэх талаар тодрууллаа.
-Сүүлийн үед шүд чулуужихдаа амархан болсон гэнэ. Шүд яагаад чулууждаг юм бэ?
-Шүдний чулуу амны хөндийн эрүүл ахуйг муу сахиснаас, шүдээ цөөн, эсвэл буруу угааснаас болдог. Чулуужиж, өнгөр тогтсоноос болж буйл үрэвсэж, амнаас эвгүй үнэр гардаг. Нэг ёсондоо цэвэрлээгүй үлдээсэн хоолны үлдэгдэл чулуу болдог. Нэгэнт чулуу үүссэн бол юу ч хэрэглээд нэмэргүй. Заавал эмчид очиж чулуугаа тусгай багажаар түүлгэж, цэвэрлүүлэх хэрэгтэй.
-Чулуутай болсноо яаж мэдэх вэ?
-Чулуутай болсны шинж тэмдэг нь амнаас эвгүй үнэр гарна. Хүндэрвэл буйлнаас цус гарна. Чулуу нь шүд, буйл хоёрын завсраар доошоо чиглэлтэй ургадаг. Шүдний чулуу маш олон төрлийн бактери агуулж байдаг. Шүдээ угаахад, шүлсээ хаяхад цус гараад байвал таны буйл үрэвссэн гэсэн үг. Хүндрэхээрээ шүдийг суллаж, шүдийг буйланд тогтоон барьж байгаа холбоосуудыг гэмтээнэ. Холбоос нь гэмтэж, суларсан шүд өвдөлгүйгээр унадаг.
СОЙЗ НЬ ҮҮДЭН ХОЁР ШҮДНИЙ ХЭМЖЭЭТЭЙ ТЭНЦҮҮ БАЙВАЛ ТОХИРОМЖТОЙ
Амны хөндийг шүдний оо, сойз, завсар цэвэрлэгч сойз, утас, чигчлүүр мод, ам зайлах, цэвэрлэх уусмал зэргийн тусламжтайгаар эрүүл байлгана. Эрүүл шүдтэй хүн л оо, сойз хэрэглэх хэрэгтэй.
Шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фтортой оог хэрэглэх нь үр дүнтэй. Шүдээ буруу угааснаас, хатуу сойзоор үрснээс болж паалан элэгдэж, сийгэдэг болдог. Иймээс шүднийхээ онцлогт тохируулж оо, сойзоо сонгох хэрэгтэй.
Сойзны толгой дээд үүдэн хоёр шүдний хэмжээтэй тэнцүү байх нь хамгийн тохиромжтой. Том толгойтой сойз нь талбай их эзлэх учраас шүд бүрийг сайн угаадаггүй. Харин сойзны толгой жижиг байх тусам амандаа чөлөөтэй хөдөлгөн, шүд бүрийг угаах боломжтой.
Сойзны үсийг хатуу, зөөлөн, ердийн гэж ангилдаг бөгөөд үсний хатуулаг нь үсний диаметрээс хамаардаг. 2-3 эгнээ үстэй байвал тохиромжтой.
Шүдний сойз нь балчир, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдийн гэхмэтчилэн нас насанд нь тохирсон хэмжээ, хэлбэртэй байдаг бөгөөд үүнээс сонгож хэрэглэх нь зүйтэй.
ШҮД ЦООРОХООС ГЭРИЙН НӨХЦӨЛД СЭРГИЙЛЭХ АРГА
•Бургасны мөөгийг усанд буцалгаж, хөргөөд байнга шүдээ зайлбал хорхойтохоос сэргийлэх увдистай.
•Хорхойтож өвчилсөн шүднийхээ цоорсон хэсэгт гавартай сармис зуувал өвчин намдана.
•Шүд хорхойтож, буйл хавдсан үед хонины халуун сүүг балгаад, амандаа удаан байлгавал шүд өвдөхөө болино.
•Төмс, давс, цагаан гаа гурвыг адил хэмжээтэйгээр хольж буцалгаад шүдээ байнга зайлж байвал шүд цоорох өвчнөөс сэргийлнэ.
•Гашуун, исгэлэн ааруул байнга хүлхэх нь шүдний элдэв өвчнөөс хамгаалдаг.
Э.Эрдэнэцэцэг