24 жил нүүдлийн номын сан аялуулж, 137 мянган км замыг туулж алс нутгийн хүүхдүүдийг номоор дамжуулан хүмүүжүүлэх үйлст том хувь нэмэр оруулсан эрхэм бол Монгол Улсын Төрийн Соёрхолт, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог.
Монголын үе үеийн хүүхэд, залуучуудын оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлэхийн төлөө тууштай хөдөлмөрлөж, зүтгэсэн түүнд 2016 онд Төрийн Соёрхол хэмээх хүндтэй шагналыг хүртээсэн юм.
“Би хүүхэд гэдэг бурханг шүтдэг” хэмээдэг энэ эрхэм хүн хүндтэй шагналыг хүртээд удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Ж.Дашдондог 1941 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Жамбын ууган хүү болон мэндэлжээ. Өнөөдөр их зохиолчийн хорвоод мэндэлсэн өдөр тохиож буй бөгөөд түүний дүү Жамбын Сүнжидмаа ахынхаа хамгийн сүүлд өөрт нь илгээсэн нийтлэлийг уншигчидтай хуваалцахыг хүссэн юм. Ж.Сүнжидмаа,
“Ахтай, ах нартай байна гэдэг гайхамшигтай. Миний хамгийн том ах Жамбын Дашдондог. Бүх амьдралынхаа турш хүүхэд, багачуудад зориулан бичиж, Монголын үе үеийн хүүхэд, залуучуудын оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлэхийн төлөө тууштай хөдөлмөрлөж, зүтгэсэн. Та бүхэнд анх толилуулж буй энэхүү нийтлэлээ ах маань над руу бурхан болохынхоо өмнөхөн явуулж байлаа. Тухайн үед уран бүтээлийн замаа энгийнээр сайхан нэгтгэн бичсэн байна даа л гэж бодож байлаа. Харин одоо энэхүү нийтлэлийг унших бүрт илүү ухаарч мөн ахыгаа санан, сэтгэл хямарна.
Хайртай ахынхаа төрсөн өдрөөр амьд ахуй цагтаа бичсэн энэхүү сүүлийн нийтлэлийг нь Та бүхэндээ толилуулж байна. Нүүдлийн замд үргэлж явдаг ах маань бурханы оронд ном бичиж, хүүхдүүдэд үлгэр ярьж, шүлгээ уншиж, дуугаа дуулж байгаа...
Ахынхаа гайхамшигтай оюуны сэтгэлээ, нөр их хөдөлмөрч зан, үргэлжийн хүүхэд шиг гэнэхэн цайлган сэтгэлийг хүндэтгэн мөргөе” хэмээн сэтгэлийн үгээ илэрхийлжээ.
Ингээд Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавъяат хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн нийтлэлийг хүргэж байна.
БИ - НҮҮДЛИЙН ЗАМД ЯВАА ЗОХИОЛЧ
Би нүүдэлчний эсгий гэрт төрж өссөн. Манайх байнга л нүүдэг байлаа. Нутаг сэлгэхэд өвс, ус, тэр ч байтугай салхи нь хүртэл шинэ болчихсон мэт нэг л сайхан даа. Нүүдэлч овгийн хөвгүүн би ч бас үгийн аль шинэ аялгуу, утгын аль гүн санаа хайж насан турш хуучин номоос шинэ ном руу нүүлээ.
Анхны нүүдэл: Цаснаас цаас руу
Анхны шүлгээ би цасан дээр бичсэн. Тэгэхэд дөрвөн настай байлуу даа. Цаас байхгүй тул цасан дээр, бичиг мэдэхгүй тул санаагаа зургаар гаргасан шиг байгаа юм. Юу зурсан гэж санана? Дөнгөж унаж сураад байсан морио зурсан. Одоо бодоход өнө эртний хүмүүсийн хадны зурагтай төстэй ч юм шиг.
Тэгэхэд би 17 настай байлаа. Яагаад ч юм бэ, бүү мэд, миний сэтгэлд ямагт л хөгжим эгшиглэж байдаг. Тэр аялгууг цаасан дээр үгээр буулгахад л шүлэг болсон байдаг
Удахгүй сургуульд орж бичиг үсэг сурлаа. Тэгсэн чинь цасан дээр зурсан морь маань цаасан дээр шүлэг болон буудаг байна шүү. Тэгэж байтал анхны номыг минь улсын хэвлэлийн газраас хэвлэн гаргалаа. Төвийн сонинд дунд сургуулийн сурагч намайг хүүхдийн зохиолч гэж бичих боллоо. Тэгэхэд би 17 настай байлаа. Яагаад ч юм бэ, бүү мэд, миний сэтгэлд ямагт л хөгжим эгшиглэж байдаг. Тэр аялгууг цаасан дээр үгээр буулгахад л шүлэг болсон байдаг.
Морин төвөргөөн оруулж бичсэн шүлгээ уншихад монгол хүүхдийн нүд сэргээд ирдэг. Морин дэл дээр өссөн болохоор аргагүй биз. Борооны тухай шүлгээс минь шаагин орж буй чимээг нь хүүхдүүд олж сонсдог. Цасан шуурганы тухай шүлгээс минь шуугин исгэрэх чимээ гарна. Цаа бугын тухай шүлгээс минь ар цармын хөр цасыг туурайгаараа шидлэн хатирч яваа цар цар! гэсэн айзам хэмнэл сонсдох жишээтэй.
Монголын нэрт зохиолч, доктор Л.Түдэв "Яруу найргийг нэмэгдэл ая зохиож байж сая дуу болгодог бол Дашдондог үг, мөр, бадаг бүрт нь өвөрмөц хөг аялгуу, хэм хэмнэл оруулан хүүхдийн шүлэгт шинэчлэл хийсэн" гэж бичжээ. "Түүний шүлэг наанаа айзам хэмнэлтэй ч цаанаа гүн ухааны үр хөврөлтэй" гэж зарим судлаач бичсэн байдаг. Хүн төрөлхтөн чулуун зэвсгийн үедээ түүхийн хамгийн урт замыг туулсан шиг би ч бас амьдралынхаа дийлэнх хугацааг шүлгийн эмнэг үгстэй ноцолдож өнгөрөөсөн дөө.
Удаах нүүдэл: Яруу найргаас үргэлжилсэн үг рүү
1990 онд Монгол улс коммунист чиг баримжаанаас татгалзаж, ардчиллын замыг сонгоход би ч мөн адил яруу найргийн цэцэгт дэнжээс үргэлжилсэн үгийн үржил шимт тал руу нүүдэл хийлээ. Шинэ бууцанд бичсэн эхний ном минь "Морьтой үлгэр". Шүлгийнхээ хөгжимлөг, уянгалаг аясыг үлгэртээ үргэлжлүүлж, бага зайд том санааг багтаах оролдлого хийлээ. Тэр тухайд ах дүү Гриммийн шагналт, хүүхдийн утга зохиол судллаач Жан Перро (Франц) "Андерсений маягаар бичсэн монгол номууд" хэмээх судалгааны өгүүлэлдээ нарийвчлан авч үзсэн байдаг.
Миний номын хуудсан дээрээс өөрийн гэсэн өвөрмөц бодолтой болж, бусдыг бишрэн шүтэх биш өөрийгөө нээх оюун сэтгэлгээний их аян замд мордвол "Морьтой үлгэр" зохиосны минь хэрэг бүтэх нь тэр
Жаахан байхад эмээ минь үдэш болгон явган үлгэр ярьж өгдөгсөн. "Үлгэр яахлаараа явган байдаг юм бэ? Морьтой байж болдоггүй юм уу?" гэж асуухад эмээ, "Морьтой болчихвол чи бид хоёрт гүйцэгдэхгүй шүү дээ" гээд инээж суудагсан. Үлгэрч (storyteller) эмээгийн ярьсан явган үлгэрийг яаж морьтой болгох вэ? гэсэн дэмий шахам бодол миний толгойд олон жил эргэлдсэн. Улс орон маань ардчиллын замд орсны буянаар чөлөөт сэтгэлгээний үлгэрүүд бичлээ. Дорно дахины арга билгийн шүтэлцээн дээр бичсэн үлгэрүүд минь бяцхан уншигчдад өөр өөрийнхөөрөө ойлгох боломж олгосон бололтой. Коммунист чиг баримжаатай хуучин тогтолцооны үеийн зохиолыг зуун хүүхэд уншлаа гэхэд нэгэн хэвээр цутгасан сум шиг ижил ойлголт төрүүлэх хандлагатай байв. Тэгвэл "Морьтой үлгэр" зуун янзаар ойлгох боломжийг уншигчиддаа олгохыг зорьсон юм. Тэд миний номын хуудсан дээрээс өөрийн гэсэн өвөрмөц бодолтой болж, бусдыг бишрэн шүтэх биш өөрийгөө нээх оюун сэтгэлгээний их аян замд мордвол "Морьтой үлгэр" зохиосны минь хэрэг бүтэх нь тэр.
Явган хүнээс морьтой нь илүү хол явах байх. "Морьтой үлгэр" эх орныхоо хилийг давж, орон орны бяцхан уншигчидтай англи, герман, франц, орос, хятад, монтенегро /Черногор/, Япон, Солонгос, Итали, Араб зэрэг олон хэлээр ярих болов. "Гэр" гэдэг эхний үлгэрийг нь олон улсын шилдэг үлгэрийн санд худалдан авлаа.
"Есөгчин" (Есөн толгойт мангасын тухай) гэдэг нэг үлгэр нь Английн сурах бичигт орсон.
Монголын уул хаданд амьтны дүрстэй чулуу олон бий. Түүнийг ургуулан бодсоор хээрийн амьтдын сайхан сэтгэлийн тухай орчин үеийн домог зохиов. Зарим амьтан ягдсан үедээ хүнээс тусламж эрж ирдэг, зарим нь хүнд туслах санаатай ирдэг. Гэтэл хүн түүнийг нь ойлголгүй тугалган сумаар хариу барих тохиолдол ч гардаг байна. Тэр тухай бичсэн "Чулуун домог" номыг минь уншаад уйлсан тухайгаа хүүхдүүд их бичдэг. Хэрэв хүүхэд номын хуудсан дээр нулимс унагаж байгаа бол энэрэн нигүүлсэхүйн үр хөврөл сэтгэлд нь соёолж байгаа юм болов уу гэсэн бодол надад төрдөг. АНУ-ын тэргүүн хатагтай Лора Буш уул номыг уншаад ирүүлсэн захидалдаа "Таны агуу их энэрэнгүй сэтгэлийг би бишрэн хүндэтгэж байна" гэж бичсэн байсан. Манай дэлхийд өнөөдөр эр зориг гэхээсээ энэрэнгүй сэтгэл дутаад байгаа юм биш байгаа даа?
"Чулуун домог" номыг минь уншаад уйлсан тухайгаа хүүхдүүд их бичдэг. Хэрэв хүүхэд номын хуудсан дээр нулимс унагаж байгаа бол энэрэн нигүүлсэхүйн үр хөврөл сэтгэлд нь соёолж байгаа юм болов уу гэсэн бодол надад төрдөг
Сүүлийн үед үлгэрээ би улам л бага хэмжээнд бичих боллоо. Нэг удаа хүүхдийн цэцэрлэгт очиж үлгэрээ унштал арай л уртдаад, хүүхдүүд анхаарахгүй шуугилдаад байв. Аргагүй дээ, тэдний тэвчээр туулайн сүүл шиг богинохон юм чинь. Тэгэхээр нь чихрийн цаасан дээр үлгэр бичээд унштал маш их сонирхож байна. Тэрхүү цэцэрлэгт очих болгондоо чихрийн цаасан дээр шинэ үлгэр бичиж уншсаар байтал нэг мэдэхнээ ном болчихов. Тийнхүү бүтээсэн "Чихрийн цаасан дээр бичсэн үлгэрүүд" ном минь судлаачдын анхааралд өртлөө.
Үлгэрийг чихрийн цаасны хэмжээнд бичих шинэ төрөл зүйл (жанр) гаргаж ирлээ ч гэх шиг. Үлгэрийн өргөөнд хичнээн цэнгэлтэй байсан ч шинэ ном руу тэмүүлэх хүсэл минь дахиад л оволзож гарлаа. Ямагт шинийг мөрөөднө өө гэж. Нүүдэлч овгийн цусанд шингээстэй юм чинь, яалтай ч билээ дээ.
Дараах нүүдэл: Үлгэрийн номоос зурагт ном руу
Нүүдэлчний зохиолч би "Зурагт ном" гэдэг шинэ нутагт бууж "Долоон бөхтэй тэмээ" ном бичлээ. Гадаа бороо ороод гарах аргагүй болоход говийн жаал хүү гэртээ зураг зураад л. Үлгэрийн орон луу явах гэнэ. Юугаар? Тэмээгээр! Хоёр бөхтэй тэмээ зурж, түүнийгээ унаад явах гэтэл аав нь нүдэнд тусав.
"Өө, аавтайгаа явъя" гээд нэг бөх нэмээд зурчихлаа. Тэгтэл ээж нь "Намайг орхих нь уу?" гэсэн мэт хараад байхаар нь бас нэг бөх нэмж зураад хамт явах болов. Ер нь үлгэрийн сайхан орныг ахдаа, эгчдээ, тэр ч байтугай өлгийтэй дүүдээ үзүүлье гэж нэмж зурсаар байтал нэг мэдсэн чинь тэмээ нь долоон бөхтэй болчихож. Чингээд хэнийгээ ч орхилгүй халуун ам бүлээрээ үлгэрийн орон зорьж буй тухай зурагт номыг минь Японы нэгэн судлаач уншаад "Ямар ч цагт хамтдаа гэсэн жаалхүүгийн сэтгэл гайхамшигтай сайхан" гэж дуу алдан бичсэн удаатай. Тийм ээ! Нүүдэлчин монголчууд жаргах зовох аль ч үедээ хамтдаа байдаг хүмүүс. Ялангуяа эцэг эх, үр хүүхдүүд насан турш бие биенээ харж хандсаар явдаг. Энэ мэтчилэнгээр дэлхий дээр улам л цөөрсөөр байгаа нүүдэлч малчдын өвөрмөц амьдрал, цэцэн ухаан, хүнлэг сайхан сэтгэлийг харуулсан олон зурагт ном бичсэн. Хамгийн сүүлд гэхэд л "Гурван марал" ном бичсэн. Дэлхий ээжийнхээ төлөө шаналж яваа нүүдэлчний өчүүхэн зохиолч миний газар газрын хүмүүст хүргэх мессеж гэмээр ч юм уу.
Зурагт ном гэдэг бол зураг үг хоёр бие биенээ нөхөж байж утга санаа нь бүтэн болдог, түүгээрээ өнөөгийн хүүхдийн сэтгэлийг байлдан дагуулсан онцгой содон төрөл зүйл
Ном ингэж эхэлнэ. Хүн гартаа чулуун зэвсэгтэй болуутаа буга намнах болжээ. Гурван буганы хойноос хөөцөлдсөөр хариугүй намнадгийн даваан дээр нөгөөдүүл нь тэнгэрт гараад Гурван марал од болчихжээ. Түм буман жил айх аюулгүй байсан ч ногоон дэлхийгээ санан санасаар бууж иртэл хүн гартаа жадтай болж түүгээрээ шидэн угтав гэнэ. Гурван буганы нэг нь шархдаж дахиад л тэнгэртээ гарав. Мянга мянган жил өнгөрөхөд гайгүй болоо биз гээд дэлхийдээ бууж иртэл хүмүүс нум сумтай болчихсон өмнөөс нь харваж гарав гэнэ. Хоёр дахь буга шархадсан ч тэд тэнгэртээ санд мэнд гарч амжив гэнэ. Зуу зуун жил өнгөрөхөд тэсэлгүй дэлхийдээ дахин бууж ирэхэд хүмүүс галт зэвсэгтэй болчихсон хаа холоос буудсаар гурав дахь бугыг нь шархдуулжээ. Гурван буга арай ядан дахиад л тэнгэртээ гарав. Гурвуул шархадсан тул өнөө хүртэл тэндээс улайран харагдсаар гэнэ. Түүнээс хойш хэзээ ч дахин бууж ирсэнгүй. Гурван марал од болж тэнгэртээ мөнхөрчээ. Гэхдээ хүний гарт зэр зэвсэг алга болсон цагт бууж ирэх юм гэнэ. Тэр цаг нь хэзээ гэдгийг хэн ч үл мэднэ. Үүгээр зурагт ном маань төгсөж байна. Зурагт ном гэдэг бол зураг үг хоёр бие биенээ нөхөж байж утга санаа нь бүтэн болдог, түүгээрээ өнөөгийн хүүхдийн сэтгэлийг байлдан дагуулсан онцгой содон төрөл зүйл. Гэсэн ч миний сэтгэл тэнд нэг л тогтож өгөхгүй, дахиад л өөр шинэ нутаг санагалзаж эхлэв. Өвстэй газар мал тогтдоггүй гэдэг дээ.
Шинэ нүүдэл: Зурагт номоос баримтат зохиол руу
Монголын их говьд Нүүдлийн номын сан аялуулж яваад хон хэрээтэй 60 жил нөхөрлөсөн нэгэн эмгэнтэй танилцаж билээ. Тэр эмгэн залуудаа шархтай хэрээтэй таарч, ортууз гэдэг гашуун өвс хандалж шавшсаар эдгээсэн юм санж.
Эм хэрээгээ эдгээсэнд эр нь баярлаж хоёул эмгэний ачийг марталгүй явж, насан туршид нь туслажээ. Итгэмээргүй олон үйл явдлаас нэгийг нь онцолж ярьвал, эмгэний бие муудаж нийслэлийн төв эмнэлэгт хэвтжээ. Тэгтэл хоёр хэрээ нь эргэн ирж, цонхон дээр нь байнга сууж үзэгдэх болжээ. Эмгэн эдгэрч босоод хоёр хэрээгээ таньж дохионы хэлээр "Би зүгээр, одоо та хоёр мал дээрээ оч" гэж ойлгуултал түүнээс хойш дахин ирээгүй гэнэ.
Би тэр тухай сонсоод нутагт нь очиж сумын эмнэлэгт хэвтэхийг эмгэнээс гуйлаа. "Яасан муу ёрын юм бэ? Зүгээр байхад эмнэлэгт хэвтүүлэх гээд байдаг яасан хачин хүүхэд вэ?" гээд эмгэн халгаасангүй. Тийм нь ч тийм. Гэхдээ би туршиж үзэх гэсэн юм. Нийслэлийн эмнэлэгт 700 км-ийг туулж очсон хэрээ таныг сумын эмнэлэгт хэвтвэл цонхон дээр тань очиж л таараа. Би ганцхан зураг аваад л гүйцээ" гэж гуйсаар байгаад зөвшөөрүүллээ. Сумын эмнэлэгт хэвтсэн эмгэний цонхон дээр хэрээ ирсэнгүй.
Нийслэлийн эмнэлэгт хэрээ нь эргэж ирсэн гэдэг нь худал юм байна гээд би нийслэл рүүгээ буцлаа. Долоо хоногийн дараа ач хүү нь говиос "Эмээгийн бие муудлаа" гээд утасдаж байна. Юу?! Сэтгэлд түгшүүр! Надаас л боллоо. Зүгээр байсан эмгэнийг би эмнэлэгт хэвтүүлж байж өвчнийг нь дуудсанаас зайлахгүй гэж санаа зовоод яарч очлоо. Эмгэний бие үнэхээр тааруу байна. Цонхон дээр нь хоёр хэрээ бууж нисэн байв. Ямар сонин юм бэ? Эмгэнийг зохиомлоор эмнэлэгт хэвтүүлэх, жинхэнээр бие муудах хоёрыг тэд яаж ялгаж байгаа юм бэ? Түүнээс хойш зургаа дахь мэдрэхүй нь хөгжсөн ер бусын эмгэнийг олон сар ажиглаж болсон явдлыг нь гэрэл зургаар баталгаажуулан "Хар шувууны цагаан түүх" гэдэг ном бичиж, түүгээр хөсөг болгон баримтат зохиол (Nonfiction) хэмээх шинэ нутагт буулаа.
Оюун санааны нүүдэл минь энэ хүрээд зогсож байгаа юм биш. Дахиад л сэтгэлгээний үржил шимтэй, уран сэтгэмжийн өгөөжтэй цоо шинэ нутаг мөрөөдөж эхэллээ. Харин тэр нь хаа байгааг одоохондоо мэдэх юм алга. Ямар ч гэсэн нүүнэ ээ, нүүнэ
Монголын өргөн уудам нутгаар Нүүдлийн номын сан аялуулж явахад үнэн бодитой мөртлөө үлгэр шиг сонин явдал бишгүйдээ л нэг таарч байлаа. Нэг удаа хөдөөгийн хот айл дамжин хүүхдүүдэд ном уншуулаад жаахан ядарч зүлэгтэй газар бараадан майхнаа бариад хэвтэж байв. Өлсөөд байхаар нь үүргэвчнээсээ талхаа гаргатал хатаж орхижээ. Доторх зөөлөн хэсгийг нь ухаж идчихээд майхны амаар хогийн уут руу шидтэл амсарынх нь гадуур унав. Босохоос залхууран хэвтэж байтал дугхийчихэж. Нэг сэртэл чихний үзүүрт тор тор хийх чимээ сонстов. Өндийн харвал нэг үхэр хулгана ирчихсэн нөгөө хатсан талхны гадарыг мэрж байх нь тэр. Тэгснээ авч явах юм болж тал талд нь гарч бондогонон чирч гарлаа. Дийлсэнгүй. Нэг хартал алга. Удалгүй бас нэг үхэр хулгана дагуулан ирж хоёул өргөж түрээд барсангүй. Мань хоёр, дахин алга болсноо гурвуул болоод эргэж ирэв. Тал талаас нь өргөтөл талх газраас хөндийрч байна шүү. Нэг хоёр гурав аа! гэж хүчээ нэгтгээд ч байх шиг. Хатсан талхны гадрыг тэгээд л авч одсон. Бодвол аюул багатай газраа аваачаад хувааж идсэн биз. Харин надад гэрэл зураг нь л үлдлээ. Бүр өхөөрдмөөр. Бас бахархмаар. Гурван үхэр хулгана эвтэй бол хүчтэй гэсэн санааг хүмүүс бидэнд хэлээд ч байх шиг санагдлаа. Энэ бол зохиомж энээ тэрээ гээд байх юмгүй бэлэн үлгэр.
Нүүдэлчид бол байгаль ээжийн хамгийн ойр дотно хүүхдүүд бүлгөө. Тэд байгаль дэлхийдээ эх үрийн харьцаагаар хандаж, ерөөлийн сайхан үгс, идээ ундааны дээжээ өргөж, нүдний цэцгий мэт хайрлан дээдлэж байдаг хүмүүс. Нүүдэлч малчид амьтан шувуу, мод чулуу, бороо салхины хэлийг хүртэл мэдэж, олон зууны турш тэдэнтэй зохицон амьдарч, өршөөл тааллыг нь хүлээсээр ирсэн. Нүүдэлчний аж төрөл тэр чигээрээ үлгэр мэт санагдсан тул түүнийг хуулан бичих үүрэг надад оногдож "Нүүдэлчний шинэ үлгэрүүд" номоо бүтээлээ. Дэлхий ээж маань зарим нэг овилгогүй үрсийнхээ балгаар их л туйлдан ядарч байх шиг. Эх болсон байгалиа чин зүрхнээсээ хайрладаг нүдэлчдийн өгөөмөр сэтгэлийг энэ хорвоогийн хүн бүхнээс хүсэн хүлээж сууж ч мэдэх юм.
Оюун санааны нүүдэл минь энэ хүрээд зогсож байгаа юм биш. Дахиад л сэтгэлгээний үржил шимтэй, уран сэтгэмжийн өгөөжтэй цоо шинэ нутаг мөрөөдөж эхэллээ. Харин тэр нь хаа байгааг одоохондоо мэдэх юм алга. Ямар ч гэсэн нүүнэ ээ, нүүнэ. Би Нүүдлийн замд яваа зохиолч оо!
Монголын хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог