Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн хоёр IPO-ийг технологийн компаниуд хийж, хоёул анхдагч зах зээлийн арилжаагаа амжилттай хаалаа.
₮14 ТЭРБУМЫГ БОСГОВ
“QPay” системийг хөгжүүлсэн “Инновэйшн Инвестмент” компанийн хувьцааны захиалгын биелэлт Монголын Хөрөнгийн биржид 100 хувьд хүрч, 8.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бол “Most Money” үйлчилгээг хөгжүүлсэн “МОСТ Финтек” компанийн IPO захиалга Улаанбаатар Үнэт цаасны биржид 102.8 хувьтай биелж, нийт 1678 захиалга ирснээр захиалгын үнийн дүн 5.9 тэрбум төгрөг хүрсэн байна.
Ирэх онд “Инновэйшн Инвестмент” Монголын биллинг үйлчилгээний нэгдсэн сан бий болгож, мөн гадаад зах зээлд хүрээгээ тэлэхэд бэлэн болоод буй. Харин “МОСТ Финтек” блокчэйн, их дата, хиймэл оюун гэсэн гурван чиглэлд дараагийн шатны төслүүдээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2017 онд “Айтүүлс” ХК технологийн салбарыг түүчээлж IPO хийсэн нь ханшийн өсөлтөөрөө ч авсан захиалгаараа ч Монголын Хөрөнгийн биржийн дээд амжилтыг эвдэж байв. Тус IPO-оос хойш технологийн салбарын хоёр компани ингэж нэг дор хөрөнгийн захад гараагүй байсан юм.
Он гарсаар “S&P 500 Index” бараг 19 хувь, “Nasdaq 100 Index” 46 хувиар өсөөд байгааг “Apple”, “Meta”, “Tesla” зэрэг технологийн хэдхэн компанийн хувьцааны өсөлтөөр тайлбарлаж болохоор байна. Харин Монголын Хөрөнгийн биржийн “Топ-20” индекс болон I ангилалд аж үйлдвэр, банк санхүүгийн компаниуд зонхилж, харин технологийн салбарын төлөөлөл компани хараахан байхгүй байна.
ДЭЛХИЙН БАНКНЫ ЗӨВЛӨМЖ
Дэлхийн банк энэ оны Монгол Улсын эдийн засгийн шинэ тойм тайландаа “Дижитал үйлчилгээ дэх худалдааны боломж” сэдвийг тусгайлан онцолжээ. Дэлхийн хэмжээнд дижитал худалдаа эрчимтэй тэлж буй нь далайд гарцгүй Монгол Улсад тулгардаг логистикийн сорилтуудыг арилгаж, эдийн засгаа төрөлжүүлэх боломж олгож байна гэж дүгнэсэн байна.
Хэдийгээр Монгол Улс дижитал шилжилтэд ахиц гаргаж буй шинж ажиглагдаж байгаа ч мэдээлэл, харилцаа холбооны технологийн (ICТ) үйлчилгээний экспортоор ойролцоо эдийн засагтай бусад орнуудаас хоцорч байгааг онцолжээ.
Дэлхийн Дижитал шилжилтийн индексэд одоогоор “C” зэрэглэлд багтаж буй Монгол Улс 2021 онд 31.3 сая ам.долларын ICT үйлчилгээ экспортолсон нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0.2 хувийг эзэлсэн байна. Харин Молдав, Армени улсын дижитал үйлчилгээний экспорт дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь гурав орчим хувьд хүрснийг дээрх тайланд дурджээ.
Иймд сүлжээний хурд, кибер аюулгүй байдал зэргээс эхлэн дижитал дэд бүтцийн хөгжилд саад болж буй хүндрэлүүдийг эн тэргүүнд арилгах нь энэ салбарын экспортыг дэмжинэ гэж үзсэн байна.
ОНЦЛОХ ЖИШЭЭНҮҮД
Мөн дижитал үйлчилгээгээ экспортолж буй амжилттай жишээнүүдийн тоонд “Fibo Global” (Казахстан дахь клауд үйлчилгээ), “Astvision” (программ хангамж хөгжүүлэлт - Австрали), “Infinite Solutions” (IT үйлчилгээ - АНУ, Сингапур, Австрали) компаниуд багтаж буйг тайлангаас харж болохоор байна. Мөн олон улсын зах зээлээс босгосон санхүүжилтээрээ “Chimege Systems” болон “World Plus Digital” тэргүүлж байгааг онцолжээ.
Б.Бат-Очир