Чингис хаан музейгээс Их эзэн богд Чингис хааны мэлмий гийсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулан “Монголчуудын дурсамж: ЧИНГИС ХААН” нэртэй анхны цахим үзэсгэлэнг дэглэн хүргэж байна. Өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш цахим хэлбэрээр үзэгчдэд хүрэх үзэсгэлэнгийн талаар тус музейн Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтсийн дарга, Түүхийн ухааны доктор На.Батболдоос тодрууллаа.
-Шинэ үзэсгэлэнгээ яагаад “Монголчуудын дурсамж: ЧИНГИС ХААН” гэж нэрлэсэн бэ?
-Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой Монгол бахархлын өдөрт зориулж “Монголчуудын дурсамж: ЧИНГИС ХААН” нэртэй анхны үзэсгэлэнгээ цаг үеийн нөхцөл байдалд тохируулан цахим хэлбэрээр дэглэх гэж байна. Үзэсгэлэнгийн зорилго нь монголчууд Чингис хаанаа хэрхэн харж, тэр нь урлаг, уран бүтээл, ном зохиолуудад хэрхэн илэрхийлэгдэж байгааг гаргаж ирэх, Чингис хааны талаар гаргасан уран бүтээл, ном зохиолуудыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Монгол бахархлыг төрүүлэх зорилготой үзэсгэлэн юм.
-Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэх сонирхолтой үзмэрүүдээс товч танилцуулаач?
-Чингис хаан музейн наймдугаар давхрын “Монгол бахархлын танхим”-д цахим үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнд 90 гаруй уран бүтээлчийн 101 уран зураг, 20 гаруй баримал, 30 гаруй марк дугтуй, ном зохиол бүтээлүүдийг дэглэн толилуулна.
Онцлох бүтээл гэвэл Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдийн “Чингис хаан”, зураач Ц.Болдын “Хубилайн шуурга”, зураач Ц.Батжаргалын “Цаг нь ирэхэд”, Зураач Б.Хонгорзулын “Хүн гүрний үйлчид”, Монгол зургийн техник болон бэхээр зурсан Ү.Мөнхжаргалын бүтээлүүд, абстракт төрлөөр зурдаг Г.Ариунболдын “Авд”, калиграфч, зураач Ц.Тамирын бүтээлүүд, дижитал артын төрлөөр Б.Тэлмэн, уран барималч Б.Очирсүрэн нарын бүтээлүүд ирээд байгаа.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Бүгд Найрамдах Азарбайжан улсын Үндэсний музейд хадгалагдаж буй монгол хатны дээлний А хувилбарыг хүлээн авах ёслол болно. Монгол Улсаас Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Түүхийн ухааны доктор Р.Болд Бүгд Найрамдах Азарбайжан улсын Үндэсний музейд хадгалагдаж буй монгол хатны дээлний хуулбар, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай “Юань гүрний хаадын намрын ан” гэсэн хуйлмал зургийн А хувилбарыг Чингис хааны музейд хүлээлгэн өгөөд байгаа.
-Чингис хааны музей хэзээ ашиглалтад орох вэ?
-Музейн есөн давхар барилга баригдаж, ашиглалтад хүлээн авсан. Чингис хааны музейн барилга бол музейн зориулалтын, талбайн хувьд Ази тивдээ тавдугаар орох зай багтаамжтай. Хүннү гүрний үеийн танхимаас эхлээд 15 танхим, түр үзэсгэлэнгийн танхимтай юм. Одоо танхимуудаа зураг төслийн дагуу дэглэх дотоод ажил явагдаж байна.
-Музей орчин үед дижитал хэлбэрээр хөгжиж байна. Шинэ музейдээ технологийн шийдлүүдийг хэрхэн шингээх вэ?
-Эхлээд музейн дэглэлтээ хийж, үзэсгэлэнгийн танхимууд, онцлох үзмэрүүдийг тодотгосон байдлаар VR, дижитал технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, гар утсаараа QR код уншуулан музейн танилцуулга сэтгүүл болон үзмэрийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй авах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч ямар нэг бэрхшээлгүйгээр музей үзэх, тайлбар, мэдээллийг авах боломжийг бүрдүүлэх ажлуудыг эхлүүлээд байна. Чингис хаан музей нээлтээ хийхэд бүх хүнд тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх талаас нь төлөвлөн ажиллаж байна.
-Чингис хаан музейн үзмэрийн бүрдэлт хэдэн хувьтай байгаа бол?
-Есөн давхар музейд дэглэх үзмэр бүрдсэн гэж хэлж болно. Монгол Улсад байгаа музейнүүд, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн болон их дээд сургуулиудын сан хөмрөгт хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлсээс хаад, язгууртантай холбогдолтой дурсгалуудыг татан авахаар Соёлын яам зохион байгуулаад явж байна.
-Чингис хааны үеийн дурсгалуудаас одоо манайд байдаг болов уу?
-Чингис хаантай холбоотой дурсгалууд гэж хүмүүс яриад байдаг. Манай музей бол “Чингис хаан музей” нэртэй хаад язгууртны музей юм. Олон улсын музейн ангиллаар Royal буюу хаад, язгууртны гэсэн статустай явж байгаа. Өөрөөр хэлбэл Монголын төрт улсуудын хаад, язгууртны музей гэсэн үг л дээ. Тэгэхээр Хүннү гүрний үеэс эхлэн 1911 оны Богд хаант Монгол Улсын үеийг хүртэлх хаад язгууртны үеийн дурсгалуудыг хамрах юм. Одоогоор 6400 гаруй эд өлгийн зүйл, дурсгалуудыг сан хөмрөгтөө татан авахаар ажиллаж байна. Үүний 80 гаруй хувь нь оргинал буюу эх үзмэр, бусад 20 хувь нь гадаад улсуудад буй дурсгалуудын А хуулбар байх юм.
-Ямартай ч Чингис хаан музей нь олон улсын музейн стандартад нийцсэн хаад, язгууртны музей анхны цахим үзэсгэлэнгээ дэглэн толилуулах гэж байна. Хүмүүсийн хувьд маш их хүлээлттэй байгаа болов уу?
-Мэдээж хамгийн их хүлээлттэй байгаа. Энэ үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлчдээс ч харагдаж байна. Монголчуудынхаа бахархлыг төрүүлсэн үзэсгэлэн болно гэдэгт итгэлтэй байна. Үүний төлөө манай хамт олон ажиллаж байгаа.
-Удахгүй нээлтээ хийх “Монголчуудын дурсамж: ЧИНГИС ХААН” цахим үзэсгэлэн дээр уулзъя. Мэдээлэл өгсөнд баярлалаа.