Туурга тусгаар Монголын ард түмэн монгол, түрэг, манж угсааны олон бүлгүүдээс бүрэлдэнэ. Тэдний нэг нь эх орны баруун хязгаар Хархираа, Түргэний уулс, Увс нуурын ай саваар нутаглах хотон нар юм.
Монголын их гүрний хүчирхэг цагт дундад азиас нүүлгэн ирүүлсэн хотон хэмээх энэ ардууд эдүгээ хөрш нутаглах дөрвөд, баяд нарын дунд хэдэн мянганаар дамжин амьдарч аж төрөл, хэл яриа, зан үйлийн хувьд үндсэндээ монголжсон, тэд өдгөө ойрад монголчуудын салшгүй маргашгүй нэгэн хэсэг болсон боловч нарийн сайн ажиглавал тэдний уугуул соёл, шашин шүтлэгийн уламжлал хадгалагдсан илтэд мэдрэгдэнэ. Тиймээс бид зарим содон өвөрмөц зүйлсийн тухай өгүүлэхийг зорив.
Бид тэдний өөрийн нь амнаас Хотон хэмээх нэрийн гарал үүслийн талаар хоёр домог сонсов. -Урдын цагт ноёны нохой тэжээх хүн олдохгүй эрсээр сүүлдээ баруун зүгээс нэгэн хүн олж ирээд нохой тэжээлгэх болов. Тэр хүнийг хоточ нохой адил эзэндээ үнэнч хэмээн хоточ гэж нэрлэжээ.
Түүний удмынхан Хоточ гэж нэрлэгдэж байснаа Хотон болов гэнэ. 1976 онд Увс аймгийн Тариалан, Өлгий, Өмнөговь зэрэг сумдыг хамарсан их зудны үеэр нэгэн хотон эмэгтэй малтайгаа алга болоод байхад төвөөс ирсэн дарга нар нийтийн хурал дээр зуд турханд мал хэцүүдлээ гэж ярихад нэгэн хотон эмэгтэй босож энэ домгийг яриад малаас өмнө алга болсон малчин эмэгтэйг эрж олохыг шаардсан гэнэ лээ.
-Тариалан сумын нутагт Хархираан савд Мянганы хөндий гэдэг газар буй. Хархираад суусан Хотон нар өсөөд мянгад хүрчээ. Тэр цагт ноёд цугларч хотон хүнийг мянга хүргэж болохгүй гэж тохиролцоод тэднийг тэр хөндий дагуу гүйлгэн тоолж мянгаас илүү гарсныг цаазалж байжээ. Энэ явдал хэдэн удаа давтагдаж гэнэ. Тэгээд уг газрыг Мянганы хөндий хэмээжээ. Эдгээр домгууд үнэний ор багатай боловч ямартай ч Хотон ардын туулсан түүх, замнасан замнал амаргүй байж олон хүнд сорилтыг даван биеэ даасан монгол угсаатны нэгэн томоохон бүлэг болон төлөвшиж, өвөрмөц ахуй соёлоо бүтээснийг илэрхийлнэ.
Үүний хамтаар Хотон ардууд өнөөгийн нөхцөлд малчид тэр бүр хэрэглэхээ болиод орхигдоод байгаа модон тэвш, ямааны арьсан илгэн уут, саалийн модон хувин, тариа боловсруулах модон, чулуун багаж зэргийг өргөнөөр аж амьдралдаа ашигласаар байна.
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчин Шаавай Октоон Жавзангийн 34 жил хэрэглэж байгаа цацал үзэв. Дөрвөн нүдтэй 30 см хэмжээтэй толгойн хэсэг, бариулаас бүрдэх энэ жижиг цацалд олон жилийн түүхий өрөм тогтсоор 1,5 кг жинтэй болсон. Цацлыг гэрийн зүүн хойморт ханы толгойноос өлгөж хүндэтгэн хадгалдаг байна. Хотон нар Хархираан эзэн савдаг шивдэгүүдэд зориулан сүү идээнийхээ дээжийг өргөж залбиран мөргөсөөр ирсэн уламжлалаа огтхон ч мартаагүй. Алтайн эздэд өргөсөн сүүнийхээ дээж цацалд наалдсан өрөмийг арчдаггүй, дээж хэмээн хүндэтгэн ханддаг байдал нь заншил болон тогтсон. Цаашид бидний үзсэн олон ээжийн цацалд зузаан өрөм тогтсон байв. Үүгээрээ Ойрадын бусад бүлгүүдээс илтэд ялгарч байлаа. Эх дэлхий унасан усаа хайрлах тэдний сэтгэл энэ цацалд шингэсэн мэт бодогдоно. Цаашлан үзсэн олон цацал бүгд иймэрхүй төрхтэй байсан билээ.
Хотон нар ойрадын бусад угсаатны бүлгүүдээс тод ялгаран харагдах соёлын өөр нэгэн уламжлал бол газар тариалангийн соёл юм.
Хотон нар хожгор гэж нэрлэдэг зургаан талтай тариа тарьж ирсэн уламжлалтай. Харин улаан буудай зэргийг ХХ зууны үеэс тариалах болсон ажээ. Хожгор тариаг их олон айл тарьж хоол хүнсэндээ хэрэглэж илүү гарсныг нь бусдад арилжиж мах, хувцасаар сольдог байсан гэж ахмадууд өгүүлнэ. Гол тариалах талбай нь Гурван Тээлээс дээш, Хар толгой хавийн газар юм. Тэнд хархираан усыг Бошигтын бухаар дамжуулан авч тариаланд ашиглана. Социализмын үед Увс нуурын хөвөөнд Хөх үхрийн гэс (гэдэс) гэдэг газар нэгдлийн тариа тавьж байсан. Одоо тэр талбайг Тариалан сумын уугуул Найдан хэмээх бизнесмэн залуу гэр бүлийн хамт “Алдар тулга” компани байгуулан ашиглаж,ажлын амжилтаараа Улсын аварга болжээ.
Хотон ардын тариалангийн уламжлалд тариалах талбайг Ангис, усалгааны шуудууг Бух эсвэл Ариг гэж нэрлэж байв. Морь, үхэр, тэмээнд хөллөдөг төмөр иртэй модон анжис ашиглана. Ийм анжисын Бойтог гэнэ. Газараа хагалж, зөөллөн усалж бэлэн болгоод тариагаа хаварт одоогийн тооллоор 5 сарын 20 гэхэд суулгана. Анхны энэ усалгааг газар усан гэнэ. Бас харзайн боолгоо гэж нэрлэнэ.
Тариа суулгахад 10 орчим хоногийн ажил хийнэ. Суулгаж дуусаад “тариагаа үрслүүлээд суулгалаа” гэж хэлэлцэнэ. Дараагаар нь 28-30 хоноод талбайн хувьд хоёр дахь харин суургасан тарианы хувьд анхны усалгаа хийж услана. Газар хагалж хөрсөн доор байсан шороог ил гаргаж тариа тарьсан тул энэ удаагийн усалгааг “хар шороон ус” гэнэ. Хар шороон усалгаа хийлээ гэнэ. Тариа суулгасан хар шороогоо усаллаа гэсэн үг юм. Энэ удаагийн усалгаа нь бас тариа жигд соёолж гарч буйг шалгах зориулалттай.
Дараа нь 14 хоногоос хэтрүүлэлгүй хоёр дахь удаагаа “тарианы шилбийг өндөр болгохын тулд” услана. Гэзэг ус гэнэ. Дахин 28 хоноод гурав дахь удаагаа усладаг байжээ. Мөн л гэзэг ус “гэзэг усанд явлаа” гэж ярилцана. Бас Тэвэг усан, Шанхан усан гэж нэрлэнэ. Энэ ус нь тариаг хөөлгөж, томруулахад чухал. Түүнээс хойш 7-10 хоноод дахин дөрөвд дэхь удаагаа услана. Сүүлийн гэзэг ус гэдэг. Хар шороон ус гэх нь байдаг. Ийнхүү тариаг зуны сард дөрвөн удаа услаж болцыг гүйцээнэ.
Эхнийхийг “хар шороон ус”, сүүлийн гурвыг ”гэзэг ус” гэдэг ажээ. Газар хагалсан анхны усалгаатай нийлээд бүгд таван удаагийн усалгаа хийдэг. Энэ бүгдийг “Тариан таван усан” гэнэ. Тариан таван ус нь тухайн жилийн ургац хэрхэн авах гол хүчин зүйл байсан учир ус бүрийг тарианы байдлаас болон таригийн ахлаачийн удирдлагын дор хүн бүр тун нарийн дэг журам (заяг гэнэ)-тай зохион явуулдаг байжээ.
Тарианы хамт хадлангийн талбай услах ажил хийгдэнэ. Хадлангийн талбайг Тээлийн адгаар 5 сарын 20-доор харин Хар толгой орчимд 6 сарын 1-ны үеэр услана. Ингэхдээ дараагийн усалгааг халуун нар гарч “газар сайн халсан” үед хийж иржээ. Тарианы ургац 8 сарын 20 гэхэд гүйцнэ. Тариалат хийснээс хойш арвай тариа 90, улаан буудай 100-110 хоногт “ургаж гүйцнэ, болно” гэж тооцдог уламжлалтай байлаа. Тариалалтын үеэр үр суулгаж, усалгаа хийх зэргээр ажиллаж байгаа тариачин хүнтэй уулзвал “арваа тариан гартагай, адуу мал тань олон болтогой” гэж ерөөл билгийн үг хэлж мэндчилнэ.
Тариан тариг, хадлангийн талбайг услах нь ургац авах хамгийн гол нөхцөл болох тул бүр намрын сүүл сараас эхлэн хаврын дунд сар хүртэл хотон ардууд хүйтний улиралд ус хахааж, нөөцлөж усалгаанд хэрэглэх арга хэрэглэнэ. Ус хахаах буюу халиаж нөөцлөх нь ус хахаах анхны саатал хийх, хахаах (халиах), харз цоолох, хачир тосох, ус халиах гэсэн 5 үе бий. 10 сарын дундуур ус зайрмагтан хөлдөж эхлэх үед тарианы шуудуугаар явах усыг зарим газарт боож тариан талбайн зүг чиглүүлэн урсгалыг өөрчлөн аль болох их хэмжээнйи газарт ус хүргэж урсгахыг анхны саатлын үе гэж нэрлэнэ.
Дараа нь 11 сарын сүүлээр хахааж хөлдөөсөн мөсөн дээгүүрээ хоёр талаар нь хашлага ус урсган, мөсөн дээрээ харгана, бут, шаваг тавьж усны чиглэлийг өөрчлөн улам их талбайг хамран ус хүргэхийг хахаах үе хэмээнэ. 12 сарын сүүлээр хахаасан мөсөө цоолж дороос нь харз ус гаргаж дэлгэрүүлнэ. Үүнийг харз цоолох үе гэнэ. Гурван ёс эхлэж ид хүйтнээр 1 дүгээр сард мөс цоорон хачирлаж гарсан усыг ашиглаж дэлгэрүүлэхийг хачир тосох үе, 2 сарын сүүлээр хүйтний эрч багасаж хачир нэмэгдэх үед мөсөн дээр харгана, бут, шаваг зэргийг тавьж усны урсгалыг өөрчлөн услах талбайг нэмэгдүүлэхийг ус халиалгах гэнэ.
Ийм таван үеэр усыг хахааж нөөцөлдөг байжээ. Ингэж нөөцөлсөн усыг шороон болон мөсөн бух гаргаж хаврын урь орох үеэр талбайруугаа урсган шороон усалгаа эхлүүлдэг байжээ. Тариан талбайг энгийн аргаар бордоно. Хавар, намрын цагт талбай дээр бууж гэрээ тойруулан малаа хотлуулна. Ингэж хагас сар орчим мал хотлуулахад талбай сайн бордогдоно. Үүний хамт хурга, ишигний хөгнө, тугалын зэл, морины уяаг талбайн дотор ээлжлэн сэлгүүлэн өөр өөр газарт татах замаар бордож байжээ.
Тариан таван уснаас гадна Хотон ардууд сайтар бордсон талбайгаас тав бус 3-4 усаар бага бус ургац авах аргатай байлаа. Наанга, шаварлаг, зөөлөн хөрсөнд заавал газар ус өгөх шаардлагатай. Түүнчлэн талбай бүхэн харилцан адилгүй. Зарим талбайн хагаст нь 2-3 удаа усалгаа хийж байхад зарим хэсэгт нь 5 удаа услах шаардлага гарна.
Тариагаа ургаж гүйцсэний дараа гар хадуураар хадаж аваад Харамд хийж тарааж хатаагаад мориор гишгүүлнэ. Гэрийн буйрын хэмжээний газрыг цэвэрлэж өвс, чулуунаас нь салгаж цэвэрлэж услаад хатаан “шал хэвтэй болгоод” голд дунд нь өндөр модон шон босгосон тариа дэлгэж хатаахад бэлтгэсэн талбайг Харам гэнэ. Тариа их ургац арвин авсан байдлаас шалтгаалан Харамын хэмжээ гэрийн бууринаас арай томхон бaйж болно. Харамын тоо тухайн айлын ургацын хэмжээнээс хамааран хэд хэд байж болно. Гэхдээ дих ургац авсан айлууд нь 3-5 харамтай байсан гэдэг. 5 харамтай айл 20-25 уур тариа авна.
Нэг харамнаас 5 уут орчим иариа авдаг. Харамд тариа хатсаны дараа голд хатгасан шонд харамынхаа хэмжээ тарианы байдлаас шалтгаалан 3-4, 7-8 морь холбон хөтлөж тариагаа цайруулна. Тариагаа хийсгэнэ гэнэ. Тариа цайруулахад нэг хүн морьдыг хөтлөх эсвэл араас нь тууж өөр нэг хүн гол төлөв хүүхдүүд цайруулж байгаа тариан дээр морьд шээж, баавал түүж цэвэрлэнэ. Ийм зохион байгуулалтаар ажиллана. Тариагаа сайтар цайруулж хатаасны дараагаар тэмээний ноос ээрч хийсэн багцаагаар 50-60 кг орох уутанд тариагаа савлаж хадгална. Өөрсдөө хийсэн ийм уутыг Тааран уут гэнэ. 5 тааран уут тариа ойролцоогоор 300 кг. Нэг тэмээнд хоёр уут тариа тэгнэж ачна.
Тариа хадаж хурааж аваад ураг элкэнээрээ буюу галаараа цугларч “тариа авсны баяр” хийнэ. Мал гаргаж хоол унд хийж шимийн архи ууцгааж найрладаг байжээ. Ах дүү, найз нөхөддөө ургацын дээж хувь хэмээж 1 тогоо тариа өгнө. Нэг тогоо тариа нь 2 кг орчим болно. Өөрийн хэрэгцээнээс илүү гарсныг хол ойрд явж худалдана. Тариалан эрхлэж байсан хүмүүс мал цөөвтөр тул ихэнхдээ малаар тариагаа арилжана. Нэг таар тариа 1 хонь, эсвэл 2 хурга, 3 ишиг гэх мэтийн тогтсон ханштай. Зэргэлдээ хошуу нутгаас тариа худалдаж авахаар хүмүүс ирнэ. Арвай тариа үнэтэй. Нэг уут арвай 1 хонь бол хоёр уут улаан буудай 1 хонь болох жишээтэй. Тарианы үнэ жил жил хэлбэлзэх нь байв. Хотон айл нэг жилийн хэрэгцээндээ заавал 4-5 таар тариа нөөцөлж авдаг уламжлалтай. Хэрэв өөрөө тариалан эрхлээгүй бол бусдаас худалдаж авна. Ийм айлууд жил бүр тариа худалдаж авахад зориулан төлөг, шүдлэн бэлтгэнэ. Өвөл, хаварт сүү цагаан идээ ховордсон цагт тарианы гурилаар зулаг дээж өргөж Хархираан эзэдийг аргадна.
Хотон ардын уламжлалд тариа боловсруулах гол хэрэглэл нь цох, цохуур, гурилын мод, хэц, дэлгэц, хутгуур байлаа. Цох нь тариа хийж нүдэх зориулалттай улиасан модон сав. Багцаа хэмжээ 5-7 кг тариа цогноно. Цохуур нь цохонд хийсэн тариаг дээрээс нүдэж нунтаглаж бяцлах зориулалттай хар модоор хийсэн багаж. Хэц бол гэрийн унинаас хоёр талд татаж уяад дунд нь гурилын модоо тогтоож эргүүлэх оосор.
Гурилын мод бол тээрэмийн нүхэнд хийгээд эргүүлэх зориулалттай, нарийн бургас. Намарт тариа тээрэмдэх үед залуус өөрийн гурилын модоо авч бусдадаа туслаж тариаг тэрэмдэж өгнө. Гурилын модны үзүүрээр газар хатгаж огт болохгүй, ургац алдана, тариа хомс болно гэнэ. Харин дээд талаар нь газар тулж явна. Ер нь гурилын модоо тариачин хүн өөрийн нөхөр хэмээн үзнэ.
Дэлгэц нь хад тээрийн доор дэвсээд гарсан гурилаа хурааж бөөгнүүлэн авах тааран дэвсгэр юм. Хутгуур нь тариаг ширмэн тогоонд хийж хуурах зориулалттай үзүүр хэсгийг эсгий хурмашаар зөөллөн хийсэн 5 см орчим хэмжээтэй модон багаж. Эдүгээ ч хэрэглэж байна.
Тарианыхаа гадар хальсыг цэвэрлэхэээс боловсруулалтын ажил эхлэнэ. Тариагаа усанд хйиж дэвтээгээд хальсыг ялгана. Хальсыг цэвэрлээд 1 цаг орчим нар салхинд дэлгэж хатаагаад дараа нь ширмэн тогоонд хуурна. Зөв хуурч чадвал тариа сайн болж яваандаа шажигнах дуу гарахаа болино. Ойрадад тариа хуурахыг “Миний бор хуц тонтор тонтор гэнэ. минган цагаан хойн минтар минтар гэнэ” гэсэн оньсого хэлэгдэнэ. Хуурч болгоод цохонд хийж цохуураар удаан нүдэж тариагаа бяцлана. Тариа цогноно гэдэг. Цогносон тариаг чулуун тээрмээр тээрэмдэнэ.
Зарим хүмүүс хад тээрэм гэж нэрлэх ажээ. Ийм аргаар хийсэн тариа амттай болно. Чулуун буюу хад тээрмийг тариачид өөрсдөө гар аргаар хийдэг байжээ. Хаснууд элхэний Ургамал гэж сайн тээрэм хийдэг хүн ХХ зууны дунд үеэр амьдарч байсан тухай нутгийнхан өгүүлнэ. Тээрэмдэж гаргаж авсан тарианы гурилаа тостой хольж зуурах, цайндаа хөвүүлж уух зэргээр хэрэглэнэ. Ингэж гаргаж авсан гурил цайндаа хөвүүлж уухад дээр нь хөвж байдаг ажээ. Иймийн учирт хотон ардын дунд “арваан (арвай) гурил ус даадаг, аавын хөвөн үг даадаг” гэж хэлэлцэнэ.
Одоо ихэнхдээ тариаг дутуу хуураад цахилгаан тээрмээр тээрэмдэх болсон тул хөвүүлж уухад гурил нь аяганы ёроолд живэх болсон гэж нутгийн хүмүүс ярьцгаадаг. Тариаг ингэж хуурч болгож хэрэглэхээс гадна арвайг гараа нүцгэлээд түүхий тээрэмдэн хөх өнгөтэй гурил гаргаж хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Саяхан болтол тухайлбал 1990 оны эхээр хотон ардууд улаан тариаг тээрэмдэн идээ гэргаж цай чанаж уухаас гадна улаан буудайг тээрэмдэж гурил гаргаж байв. Ардын уламжлалд тариаг хуураад болгож хонины сүүл хайлуулан хольж шарах аргаар боловсруулан хүнсэндээ хэрэглэж ирсэн байна. Ийм хүнсийг “жанчиг” гэж нэрлэдэг байна.
Хотон ардын газар тариалантай холбоотой нэгэн сайхан заншил бол “Шар гэрийн тахилга” байжээ. Шар гэрийн тахилга нь тэр жилийн суулгасан үрээс арвин их ургац авахыг билэгдсэн ёслол бөгөөд үүний зэрэгцээ Худай тэнгэр, Хархираан хүүхэн савдагаас өндөр ургац хайрлахыг гуйсан эртний аж ахуйн шүтлэгтэй нийлсэн зан үйлийн нэгэн хэлбэр болон уламжлагдаж байжээ. Энэ тахилга 1950-д оноос мартагдсан байна.
Газар тариалангийн уламжлалаас гадна өөрийн өвөрмөц ахуй соёл, шүтлэгээ даган хотон ардын зан үйлийн дотор хөрш зэргэлдээх монгол угсаатны бүлгүүдээс ялгарах сонин содон заншилууд хадгалагджээ. Олон жил дамжиж уламжлагпан ирсэн эдүгээ тасралтгүй мартагдалгүй мөрдөгдөж тэдгээр заншилыг дурдвал:
Намрын цай. Хархираан ууланд сэрүү орж өвсний сөл тасран намар болсон цагаар намаржаандаа бууж ирээд бурхан болсон аав, ээждээ зориулан “Намрын цай” өгдөг. Хотон ардууд нас барсан аав, ээждээ зориулсан ёслол гэдэг. Аав, ээжийн аль нэг нь бурхан болсон бол түүнд зориулна. Хонь мал гаргаж мах чанаад амтат боорцог элбэг хийж ахан дүүс болон айл хөршийн хүмүүсийг дуудан цайлуулна. Шар халзан хонь гаргахыг эрхэмд үзнэ. Хонины арьсыг олонд буян хэмээн молдад өгдөг. Жил тутам тогтмол намар намарт энэ заншид гүйцэтгэж аав, ээжийнхээ ачийг санаж хүндэтгэн дурсдаг. Энэ үеэр Молдатай уулзаж сар өдрийг тохируулан асуудаг байна.
Өвлийн цай буюу Уч. Зориулалт нь намрын цайтай адилхан бурхан болсон аав, ээждээ зориулсан байдаг. Өвлийн адаг сард цагаан сарын өмнө сайн өдөр нь дугуй боов хийнэ. Дугуй боовон дотор арвайн болсон гурил, ааруул, тос хийж болгоно. Түүгээр ах дүүсээ цайлж аав, ээжээ дурсана. Намар, өвлийн цайны үед ирсэн хүмүүс боов боорцог, хүүхдүүдэд чихэр жимс өгнө. Энэ нь нас барсан аав, ээжтэй нь уулзаж тэднээс бэлэг авч байна гэж ойлгогдоно. Цайнд ирсэн хүмүүсийн ажил амьдрал өөдрөг өнгөтэй явна, алсын үйлс түргэн бүтнэ гэх тул хүмүүс дуртай очдог байна. Хотон нар өөрийн нутгаас алс хол тухайлбал өөр сумын нутагт өвөлжиж байхад аав, ээж нь нас барвал тэмээнд ачиж нутагтай ирээд өөрийн гэртэй нэг хонуулаад маргааш нь нутаглуулдаг байна.
Дэлхийдээ залбирах. Тэнгэр, газар, уул, усандаа зориулан зун, намрын аль нэгэн сард энэ заншилыг гүйцэтгэнэ. Хотныхоо захад багавтар овоо босгоод хоьн гаргаж хүзүүг нь хэрчээд цусыг овоогоо тойруулан цацна. Эвэр, чих сайтай шар халзан хонь байвал сайн гэнэ. Айлууд жилд нэг удаа дэлхийдээ залбирах ёстой ажээ. Эдүгээ айлууд нэг хэсэг нь жил дараалан нөгөө хэсэг нь гурван жилд нэг удаа хийж байгаа ажээ. Эртний бөө мөргөл, тэнгэр шүтлэгийн улбаа эндээс тод харагдана.
Тавгийн сан тавих. Арвайн болсон гурил, ааруул, тос оруулан дан цагаан идээгээр таваг засна. Молда залж ном уншуулаад уул, усандаа залбирч, цай чанаж гурил зуурч идэцгээнэ. Айлууд жилийн дөрвөн улирал тутам нэг удаа жилдээ дөрвөн удаа хийж ах дүүсээ урьж цайлуулна. Нутаг нурган, ахан дүүс дотроо эв найртай элбэг хангалуун байхыг бэлэгдсэн заншил юм.
Нихан ёс. Хотон ардын хуримын зан үйлийн дунд ниха хийх ёс гэж бий. Хуримын өдөр шинэ гэр бүл болж буй залуус авга, нагац нараасаа сонгогдсон тус бүрдээ нэг нэг аав, ээжтэй болно. Номын аав, ээж гэж нэрлэнэ. Жишээлбэл, Хүүгийн авга ах, бэргэн хоёр нь төрсөн аав, ээжийн хамт номын аав, ээж хоёр нь болно гэсэн үг. Охин бас ийн авга, нагац нарынхаа дотроос номын аав, ээжтэй болно. Ингэснээр тэдгээр залуус төрсөн аав, ээжтэйгээ хамтаар найман аав, ээжтэй болдог. Үүнийг нихан ёс, ниха хийх ёс гэнэ. Ингэж сонгосон номын аав, ээжийгээ залуус төрсөн аав, ээжийн адил хайрлаж хүндэтгэнэ. Айлчлаж ирвэл эхлээд номын аав ээжийнхээ гэрт хоноглож амьдрал ахуйгаа ярилцаж зөвлөнө. Цагаан сараа ургах нарнаар золгохыг эрхэмлэнэ. Ахас ихэс, ураг саданаа хүндэтгэх үлэмж сайхан ёс чанар энд хадгалагдсан билээ.
Ийнхүү Увс аймгийн Тариалан суманд он удаан жилийн түүхэн нугачааг өнгөрөөн идээшин суусан хотон нар зэргэлдээх дөрвөд, баяд нартай соёл, зан үйлийн хувьд холилдон сүлэгдэж Ойрадын дотор нэгэн бүлэг болтлоо монголжсон боловч өөрийн эртний уг гарал, улбаа шижим, нүүдэлчин түрэг угсаа, ислам шүтлэгийн ул мөрийг дүр төрх, заншил ёслол, итгэл бишрэлдээ бага боловч хадгалсаар байна.
Оръяс Мөнгөнхүүгийн Ганболд