УИХ-ын гишүүн, “Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, Гавьяат багш Ж.Галбадрахтай даац хэтэрсэн сургуулиуд болон сургалтын чанар, багшлах боловсон хүчний дутагдлыг нөхөх, сургуулийн менежментийг сайжруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж болох бодлого, шийдлүүдийн талаар ярилцлаа.
-Сургалтын чанарыг сайжруулах, сургууль хөгжихийн тулд юуны өмнө хийж хэрэгжүүлэх зүйл нь юу гэж та харж байна вэ?
-Хувь хүний хэрэгцээний шатлал гэж байдаг шиг сургуулийн хэрэгцээний шатлал байж болох юм гэж гаргалаа л даа. Сургууль олон улсын түвшинд хүрэхийн тулд сууриа зөв тавих ёстой. Нэгдүгээрт, сургууль цэцэрлэгийн барилгын хүртээмжийг нэмэгдүүлж, норм стандартын шинэ шаардлагыг хангуулахаас эхэлнэ. Үүнийг эхлэхийн тулд дорвитой хөрөнгө оруулалт шаардлагатай, улсын хэмжээнд шинээр хэчнээн сургууль барих шаардлагатай судалгааг нь хийж бэлэн болгов. Хоёрдугаарт, багшийн хомсдолыг арилгах цогц бодлого боловсруулж, шилдэг төгсөгч төрөлх сургуульдаа ирж ажиллахыг уриалж, багш нар нь сайн төгсөгчдөдөө нөлөөлөх боломжтой гэж харж байна. Сургуулиудаар явж байхад төгсөгчид нь буцаж ирдэг сургууль сайн байх нь их байдаг.
Ялангуяа хөдөөгийн сургуульд хот болон өөр суурин газраас нэг залуу багш ирлээ гэхэд удаан тогтож ажиллах боломж багатай юм билээ. Тиймээс сургуулиа амжилттай төгссөн, сайн багш болох ирээдүйтэй төгсөгчөө багш нар нь ятгаж чадах санагддаг. Гагцхүү төрөөс багш болбол цалин хангамж ийм болно, оюутан байх үед амьжиргааны тэтгэлэг сар бүр олгоно, төгсөөд ирвэл ипотекийн зээлд хамруулна гэх зэргээр санхүүгийн дэмжлэг амлаж, түүнийг багш нар нь ирээдүйд багш болох шавьдаа ойлгуулж байж шилдэг төгсөгч багш болох алхам тавигдана. Ийм байдлаар багшийг дэмжих төрийн бодлогыг тодорхой болговол шилдэг төгсөгч багш болох боломжтой.
-Боловсролын яамнаас 2024 оны намар 4200 багш дутагдалтай гэж зарлалаа. Энэ хэр бодитой тоо вэ?
-Энэ гэнэт гаргаж ирсэн тоо биш, яамнаас дутагдалтай багшийн тоог нийтэд зарладаггүй байсан. Сурагчдын тоо 2015 оноос хойш 43.7 хувиар өссөн байхад багшийн тоо ердөө 23.3 хувиар өссөн байх жишээтэй. Уг нь энэ хоёр үзүүлэлт ижил өсөх ёстой байтал багшаа бэлтгэх бодлого алдагдсанаас өнөөдөр багшийн дутагдалд ороод байна. Улсын хэмжээнд багш 10 хувийн дутагдалтай 180 сургууль, 20 хувийн дутагдалтай 100 сургууль байна. Үүнийг больё гэхэд багш нь 40 хувиас дээш дутагдалтай сургууль орон нутагт 12, нийслэлд зургаа байна.
СУРГУУЛИЙН БАРИЛГА БАРИХААС БАГШ БЭЛДЭХЭД ИЛҮҮ ХУГАЦАА ОРНО
-Багш бэлтгэхэд төрөөс ямар дэмжлэг үзүүлж болох бол. Танд ямар санал байна вэ?
-Багш мэргэжлээр элсэх босго оноо 510 байсныг 480 болгож улам доошлуулсан. Элсэгчдийн чанар буурах эрсдэлтэй. Эрэлттэй багш мэргэжлээр элсвэл сургалтын төлбөр хуулийн дагуу 100 хувь чөлөөлөгдөж байна. Харин чанартай оюутан элсүүлэхийн тулд нь амжиргааны тэтгэлэг нэмж олгох бодлого барих хэрэгтэй. Гэхдээ ЭЕШ-ын оноо 600-аас дээш бол сар тутам 600 мянга, 650 дээш бол 650 мянган төгрөгийн гэх мэтээр оноонд нь дүйцүүлж тэтгэлэг олговол бодитой хөшүүрэг болно. Тэтгэлэгтэй сурсан оюутан төгсөөд төрөлх сургуульдаа ирэхэд нь ипотекийн зээлд хамруулах, таван жил ажилласны дараа Хятад, Япон, Солонгос зэрэг манайхтай ойр бөгөөд багш нараа сайн бэлддэг улсуудад магистрт сургах боломжтой юм. Гэхдээ энэ ажлыг хэрэгжүүлэхэд хугацаа маш их орно, ойрын үед эхлүүлж чадвал арван жилийн дараа багшийн дутагдлаас гарах боломжтой шийдэл юм. Сургуулийн барилга барихаас багш бэлдэхэд илүү хугацаа орно.
-Төрийн өмчийн сургуулиудад тулгамдсан нэг эмзэг асуудал бол сургалтын чанар. Сургалтын чанар муудсан гэх шүүмжлэлийн гол шалтгаан юу вэ. Таны санаачлан хэрэгжүүлсэн төсөл төрийн өмчийн сургалтын чанарыг сайжруулахад ямар өгөөж өгсөн бэ?
-Сургалтын чанар муудсан нь олон хүчин зүйлтэй холбоотой. Төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулбал сургуулийн бие даасан байдал сайжирна. “Манайх хөдөөгийн, алслагдсан сумын сургууль, захын хорооллын олон хүүхэдтэй сургууль” гээд өөрсдийгөө голоод итгэлгүй болчихсон сургуулиуд алсын хараа, эрхэм зорилгоо зөв оновчтой тодорхойлж, багш нараа баг болгон ажиллуулахад итгэл нь аяндаа сэргээд ирдэг. Үүнийг богино хугацаанд хийсэн туршлага байна. Өнгөрсөн жил төслийг 60 сургуульд хэрэгжүүлэхэд гайхалтай өөрчлөлт гарсан. Үр дүнд нь сургалтын чанар нь сайжирч, сургууль босоод ирдэг. Хэд хэдэн нөү хауг бид хэлж өгч байгаа юм. Багшийг ажлын байран дээр нь хөгжүүлье.
Математикийн багш гэхэд зөвхөн тоо заадаг биш, хүний багш болгоё. Хүүхдэд итгэл өгдөг, хүүхдийг асаадаг хүний багш нарыг бэлтгэх арга зүйг сургууль бүрд нэвтрүүлж болно. Үүнийг хийхэд хөрөнгө орохгүй, гагцхүү цаг хугацаа, хичээл зүтгэл шаардана. Хүний багш гэж заадаг биш, сургадаг багшийг бид хэлдэг. Заах, сургах хоёр маш ялгаатай. Самбараа бүрэн ашиглаж, зурж үзүүлж хөтөлбөрийн дагуу хичээлээ сайхан заачихлаа гээд хүүхдүүд ойлгосон эсэхийг анзаарахгүй өнгөрчихөж болохгүй. Хонхны дуунаар орж ирээд, хичээлээ ягштал заачихаад хонх дуугарахад яг хичээлээ дуусгаад гарах нь багш хүний бас нэг үлгэрлэл. Өөрөө том мөрөөдөлтэй, мөрөөдлөө хүүхдүүддээ ярьдаг хүний багш байхыг тэдэнд хэлж, уриалдаг. Энэ бүхэн хүүхэд үр дүнтэй, хариуцлагатай суралцахад чухал нөлөө үзүүлдэг.
Заах, сургах хоёр маш ялгаатай. Самбараа бүрэн ашиглаж, зурж үзүүлж хөтөлбөрийн дагуу хичээлээ сайхан заачихлаа гээд хүүхдүүд ойлгосон эсэхийг анзаарахгүй өнгөрчихөж болохгүй.
-Сайн багш гэж ямар багшийг хэлэх вэ?
-Шавиа энэрч хайрладаг, шавиасаа эрдмээр илүү, хичээлдээ бэлтгэхдээ шавь нараа бодож, энэ бодлогыг манай тэр хөнгөхөн бодчихно доо. Энэ бодлого дээр манай тэр нэлээн будилна даа гээд бодлогоо зохиож байхдаа хүртэл шавь нараа боддог. Шавиа номтой хүн болгочих юмсан. Тэр эрдэм номынхоо хүчээр өөрийнхөө ирээдүйн амьдралыг аваад явах аз жаргалыг бэлэглэчих юмсан гэж ажилладаг багшийг сайн багш гэж хэлнэ. Мэдээж шавиасаа эрдмээр илүү байх ёстой. Нүдэн дээр шавь өөрчлөгдөхийг хараад чин сэтгэлээсээ баясаж чаддаг хүнийг л сайн багш гэж хэлнэ дээ.
-Манай улсад ЕСБ төгсөгчийн 80 гаруй хувь нь дээд сургуульд элсэж байна. Гэвч хөдөлмөрийн зах зээлд ажилгүйдэл, ажлын байрны эрэлт хэрэгцээний зөрүү байна. Хүүхэд бүр дээд сургуульд элсэх шаардлагагүй гэдгийг одоо л ойлгож байна. Бодлогын ямар шийдлүүд хэрэгтэй вэ?
-Нийт төгсөгчдийн 90 хувь нь дээд сургуульд элсэж байсан үе ч бий. Дээд боловсрол эзэмших нь буруу биш. Гэвч өнөөх дээд боловсролтой хүмүүс маань хөдөлмөрийн зах зээлд үүсээд байгаа ажлын байрны эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь амьдрал дээр харагдлаа. Тэгэхээр боловсон хүчин бэлтгэх бодлогоо илүү тодорхой болгож, системчлэх шаардлага үүсэж байна.
Жишээ нь, инженер бэлдэх технологийн коллежид дунд сургуулиас хүүхдүүд элсүүлж байна. Монголд ийм гурван коосэн коллеж сургууль үйл ажиллагаа явуулдгийн нэгийг нь би байгуулсан хүн. Монгол Улс мега төсөл хэрэгжүүлэхэд инженер, техникийн ажилтнууд хэрэгтэй. Япон технологийн орон болсон нь коосэн сургуультай байсантай нь холбоотой. Энэ тогтолцоог бүс нутагт бий болгох бодлого хэрэгжүүлэхэд надад туршлага бий. Нөгөө талаар худалдагч хийх хүн дээд сургуульд дөрвөн жил сурах шаардлага байна уу. Зарим ЕБС-ийн ахлах ангийг төрөлжүүлж, бие даасан сургуулиуд гаргаж болно. Жишээлбэл, худалдааны, асрахуйн, хөдөө аж ахуйн, мужааны ахлах сургууль гэх мэтээр төрөлжүүлж, ерөнхий эрдмийн хичээлийн зэрэгцээ мэргэших чиглэлээр түлхүү хичээл орвол, төгсөөд шууд ажлын байранд гарна. Энэ мэргэжлүүд маш их эрэлттэй байгаа тул заавал дээд сургуулиар бэлдэх шаардлагагүй.
Японд нийт төгсөгчдийн 45 хувь нь дээд сургуульд элсдэг. 55 хувь нь мэргэшил олгох ахлах сургууль болон мэргэжлийн боловсролын сургуульд суралцаж ажилчин болдог. Тэгэхээр төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, боловсон хүчний нийлүүлэлтийн зохистой харьцааг хангах бодлогыг одооноос хэрэгжүүлэх нь зөв. Үр дүн нь урт хугацаандаа гарна. Зөвхөн хичээл заах биш, бүх шатны сургуульд зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх, ёс зүйтэй хүн болон төлөвшүүлэхэд чиглэсэн амьдрах ухааны хичээлүүд чухал байна.
Манай нийт төгсөгчдийн 80 хувь нь дээд сургуульд элсэж байгаа хэр нь тэдний 8-9-хөн хувь нь инженер мэргэжлийг сонгодог. Багш, эмч, инженер зэрэг эрэлттэй мэргэжилтэн бэлтгэж байгаа их дээд сургуулийг төрөөс татаас өгөх зэргээр тууштай дэмжих хэрэгтэй. Мөн тэр хэрээр хариуцлага тооцох хэрэгтэй. Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлнэ гэж байна. Монгол Улс инженерийн дутагдалд орсон энэ үед тэр төслүүд дээр ажиллах инженерүүд хаана байна вэ? Ийм учир боловсролд хийх хөрөнгө оруулалтыг мега төслийн хэмжээнд авч үзэх хэрэгтэй.
СУРАГЧИД АНГИДАА БАЙГАА АТЛАА МИКРО АВТОБУСАНД СУУГАА ЮМ ШИГ ЧИХЦЭЛДЭН ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
-2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ сургууль барихгүй. Баригдаж байгаа сургуулиудыг гүйцээж ашиглалтад оруулах санхүүжилтийг төсөвт тусгасан?
-Улсын хэмжээнд төрийн өмчийн 704 сургуульд 724 мянган хүүхэд сурч байна. Үүний 49 хувь нь ангидаа 35-аас доош хүүхэдтэй бол 21 хувь нь 35-40 хүүхэдтэй байна. Норм стандартаар бол нэг ангид 30 хүртэл хүүхэд сурах ёстой ч 40-ийг “нүдээ аниад” тэвчье. Харин 40-өөс дээш хүүхэдтэй ангид 214 мянган хүүхэд буюу нийт сурагчдын 30 хувь нь хичээллэж байгааг тэвчиж болохгүй. Үүнийг нарийвчлан үзвэл, 40-49 сурагчтай ангид 191400 сурагч, 50-56 сурагчтай ангид 21369 сурагч, 60-аас дээш сурагчтай ангид 1227 сурагч сурч байна.
Нэг ангид 40-өөс дээш хүүхэдтэй болохоор “микро автобусанд чихцэлдэн суугаа” юм шиг байдал үүсдэг. Ийм нөхцөлд анги танхимын агааржуулалт, хүүхдүүдийн хөдөлгөөн, дуу чимээ гээд олон асуудал гарна. Хамгийн захад суусан хүүхэд гаръя гэвэл наана нь суусан бүх хүүхэд босох болно. Дуу чимээ ихтэйн улмаас багшийн яриа сонсогдохгүй. Хамгийн ард суусан хүүхэд юу хийж байгаа, хичээлээ ойлгосон эсэхийг багш мэдэх аргагүй. Ийм нөхцөлд сургалтын чанарын талаар ярих ямар ч боломжгүй л дээ. Улсын хэмжээнд 214 мянган хүүхэд ийм хүнд нөхцөлд хичээллэж байна. Үүний 72 хувь нь нийслэлд, 28 хувь нь орон нутагт байна.
Япон улсад хүүхэд цөөхөн, сургууль нь хоосон болж байна. Хоёр сургуулийн хүүхдийг нийлүүлж, нэг сургууль болгож, нэг сургуулийн барилга хоосон үлдэж байна. Энэ бол гунигтай шүү дээ. Гэтэл Монголд төрөлт ихтэй, хүүхдүүд олон байгаа нь атаархмаар зүйл шүү дээ.
-Тэгэхээр улсын хэмжээнд хэдэн сургууль барих судалгаа гарсан байна вэ?
-Бидний урьдчилсан тооцоогоор улсын хэмжээнд 157 шинэ сургууль барих шаардлагатай гэж гарсан. 320 хүүхдийн, 640 хүүхдийн, 960 хүүхдийн даацтай сургуулийг барих жишиг үнийн үндэс болгон тооцоолж үзэхэд нийт 2.2 их наяд төгрөг шаардлагатай. Үүнийг багшаа бэлтгэх төлөвлөгөөтэй уялдуулан нэг жилд биш, 5-6 жилд багтааж, үе шаттай барихаар төсөөлж байна.
Манай улсад бие даасан нэг сургуулийн багтаажийн дээд хязгаарыг 1400-аар тооцож зураг төслөө хийдэг. Бид энэ хязгаарыг 1400 биш бүр 1800-аар болгоод, харин түүнээс дээш хүүхэдтэй бол шинэ сургууль барина гэж тооцсон. Ийм даац хэтэрсэн 124 сургуульд нийт сурагчдын 50.8 хувь буюу 368407 хүүхэд суралцаж байна. Нарийвчлан задалж үзвэл:
- 1801-2400 хүүхэдтэй 37 сургууль,
- 2401-3000 хүүхэдтэй 42 сургууль,
- 3001-4000 хүүхэдтэй 27 сургууль,
- 4001-5000 хүүхэдтэй 12 сургууль,
- 5001-6000 хүүхэдтэй 4 сургууль,
- 6001 дээш хүүхэдтэй 2 сургууль байна.
-Та 6000 дээш сурагчтай сургуулиудад очиж танилцав уу. Нөхцөл байдал ямар байна вэ?
-14-р сургуульд өглөө хичээл эхлэх үед нь зорьж очсон. Хүүхдүүд сургууль руу орох, шатаар өгсөх, ангийнхаа хаалгаар орох гэж чихцэлдэж, түгжирч байна. Сургуулийн ариун цэврийн өрөө хүрэлцэхгүйгээс том ах, эгч нар нь ороход бага ангийн хүүхдүүд айж ичээд орж чадахгүй тохиолдол гарч байна. Биеийн тамирын зааланд дөрвөн ангийн 200 гаруй хүүхэд зэрэг ороход ямарч гүйж харайх боломжгүй болж байна. Даац хэтэрсэн ийм 124 сургуульд 368 мянган хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байна. Үүний 85 нь Улаанбаатар хотын сургууль. Ийм орчин нөхцөлд хүүхэд хөгжих тухай ярих ямарч боломж алга. Бид үүнийг хүлээн зөвшөөрөөд яваад байж болно гэж үү. Аргагүйн эрхэнд багш нарынхаа өрөөг анги болгоно.
14-р сургуульд өглөө хичээл эхлэх үед нь зорьж очсон. Хүүхдүүд сургууль руу орох, шатаар өгсөх, ангийнхаа хаалгаар орох гэж чихцэлдэж, түгжирч байна.
14-р сургууль гэхэд 198 багштай, тэдний 148 нь анги хариуцдаг. Бусад 50 багш нь нэг жижгэвтэр өрөөнд шаагилдаж байна. Ангид бүтэн өдөржин хичээл ороход ангитай багш нар суух өрөө, ширээ, сандалгүй болно. Багш уг нь өөрийн ширээтэй, тэндээ конспектоо бэлдэж, сурагчдын дэвтэр засах ёстой. Гэтэл 6000 хүүхэдтэй 14-р сургууль шиг сургуульд багшийн өрөө гаргах ямар ч боломж алга. Ер нь 1800 давсан хүүхэдтэй сургуульд багш бүрд ширээ, сандал гаргах боломжгүй болдог.
-Тэгэхээр Та 2026 оны төсөв хэлэлцэх үед шинэ сургууль барих төсвийг суулгахаар ажиллана гэсэн үг үү?
-Тийм ээ. Хамгийн их даац хэтэрсэн сургуулиас эхлээд 2026 оны улсын төсөв хэлэлцэхэд тусгуулж, ажиллахаар төлөвлөж байна. Боловсролын яамнаас гаргасан Их Өгөгдлийн мэдээлэлд үндэслэн даац хэтэрсэн сургууль болон дутагдалтай багш нарын тооцоог дахин нягталж, аймаг дүүргээр нь гаргасан байгаа. Аль дүүрэг, аймагт хэдэн сургууль шинээр барих тооцоо судалгааг гаргасан. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт 960 хүүхдийн багтаамжтай 32 сургууль барих шаардлагатай. Энийг хийж байж сая сургалтын чанар яригдана. Үүнийг шийдүүлэхийн төлөө ажиллана. Судалгаагаа бариад сургуулийн төсвөө суулгахын тулд Сангийн сайдын үүдийг сахина, санхүүжилтийг суулгахын төлөө бусад улс төрчдөөсөө дэмжлэг авна гэж бодож байгаа. УИХ-ын гишүүдийг хамгийн ойрын жишээ болсон Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн нөхцөл байдалтай танилцуулна. Эхний ээлжинд 4000, 5000 давсан хүүхэдтэй сургуулиудаас эхэлнэ. Үүнийг л хийх гэж би улс төрд орсон.
-Улсын төсвөөр сургууль барья гэхэд сургуулиуд газраа алдсан байдаг?
-Газар бол нийслэлээс шийдэх асуудал. Сургуулийг тойрсон айлуудын газрыг чөлөөлж, авах зэргээр шийдэл гаргах л ёстой. Шаардлагатай тохиолдолд зөвшөөрлийг цуцалж нөхөн төлбөр өгөх хэрэгтэй. Дахиад 14-р сургуулиар жишээ татахад энэ сургуулийн эргэн тойронд 10-аад орон сууцтай хотхон баригдаж байна. Барилгын компаниуд нь “Улсын тэргүүний 14-р сургуулийн хажууд байрлалтай” гэж сурталчилгаагаа хийж байна. Барилгууд нь ашиглалтад орсон ч манай сургууль хүүхэд нэмж авах ямарч боломжгүй гэж удирдлагууд нь үнэнээ хэлж байна. Бодит байдал ийм л байна.
-Энэ бол гэнэт одоо үүссэн асуудал биш шүү дээ. Яагаад хөндөж тавихгүй өнөөг хүрсэн юм бол?
-Ингэж тооцоо судалгаатай, ноцтойгоор асуудлыг гаргаж тавиагүй юм болов уу даа. Би боловсролын салбарт 40-өөд жил ажилласан, сургууль удирдаж зөв менежмент хийх нөхцлийг мэдэх хүний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах дөрвөн жилийн хугацаандаа ажлуудаа эрэмблээд, шийдүүлэхийн төлөө ажиллах болно. Цэцэрлэг ч мөн адил даац хэтэрсэн. Нэг хүүхдийн орон дээр гурван хүүхэд авч байгаа тохиолдол 23 цэцэрлэг дээр байна. Харин 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 200 болон түүнээс дээш хүүхэд авдаг, өөрөөр хэлбэл даац хоёр дахин хэтэрсэн 102 цэцэрлэг байх жишээтэй. Бидний тооцоогоор 95 цэцэрлэг шинээр барих шаардлагатай, үүнд одоогийн ханшаар 400 тэрбум хэрэгтэй. Иймд нийт цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг хангахад хамгийн багадаа 3 их наяд төгрөг шаардлагатай болж байна. Үүн дээр газар чөлөөлөлт, ширээ сандал, тохижилт зэргийг тооцвол 20-30 хувь нэмэгдэхээр байна.
ХЭРЭВ УЛС ТӨРД ОРВОЛ СУРГУУЛИУДЫН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ, МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА ГЭДГЭЭ НАМЫН УДИРДЛАГУУДАД ХЭЛСЭН
-Таны санаачлан төрийн өмчийн сургуулиудад хэрэгжүүлсэн сургуулийн менежментийг сайжруулах төсөл улсын нэлээд олон сургуульд хэрэгжлээ. Үр дүн ямар байна вэ. Та төслөө яагаад улсын сургуулиудад хэрэгжүүлэх болов?
-Төрийн өмчийн ЕБС-ийн сургуулийн менежментийг сайжруулах төслийн I үе шат 2020-2022 онд найман сургуульд хэрэгжсэн. 2020 онд “Шинэ Монгол” сургуулийн 20 жилийн ой болох байв. Ойдоо зориулж, юу хийх вэ? гэж бодоод, сургуулийн амжилтын үндэс болсон менежментийн нөү хаугаа төрийн сургуулиудтай нээлттэй хуваалцъя гэсэн шийдэлд хүрсэн юм. Ингээд сум, аймаг, нийслэлийн зах болон төвөөс тус бүр хоёр, нийт найман сургуулийг төсөлд хамруулахаар 2020 оны гуравдугаар сард зар тавив. Тэгсэн 117 сургууль оролцох хүсэлт ирүүлсэн ба бид найман сургуулийг сонгон шалгаруулсан юм. “Шинэ Монгол” сургуулийн менежментийн нотлогдсон найман нөү хау брэнд туршлага бий. Тодруулбал, 1.Багш нарыг багт нэгтгэдэг, 2.Сургуулийн эерэг соёл төлөвшүүлдэг, 3.Багшийг ажлын байран дээр хөгжүүлдэг, 4.Хичээлээс гадуурхи ажлыг сайтар төлөвлөдөг, 5.Зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг, 6.Шалгалтын зохион байгуулалт, үнэлгээ, 7.Эцэг эхтэй хамтын ажиллагаа, 8.Төгсөгчидтэй эргэх холбоо зэрэг болно. Эдгээр брэнд туршлагыг нээлттэй хуваалцахаар төслөө анх эхлүүлсэн юм.
Япон улсад хүүхэд нь цөөхөн, хоёр сургуулийн хүүхдийг нийлүүлж, нэг сургууль болгож байна. Энэ бол гунигтай шүү дээ. Гэтэл Монголд төрөлт ихтэй, хүүхдүүд олон байгаа нь атаархмаар зүйл юм.
Жишээ болгон зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийг тайлбарлая. Манай сургууль Төв аймгийн Баянчандмань суманд хөдөлмөр зуслан ажиллуулдаг, эх оронч үзлийг төлөвшүүлэх “Торгон хил” хөтөлбөрийг Дорноговийн Хөвсгөл сум Сулинхээрийн заставт, цөлжилт байгаль орчны тулгамдсан асуудлыг ойлгуулах “Говь” хөтөлбөрийг Дундговийн Дэлгэрхангай суманд гэх мэтээр хэрэгжүүлж сурагчдыг газар дээр нь аваачиж үзүүлдэг. “Боролдой” хөтөлбөрт бага сургуулийнхаа 4,5-р ангийнхныг хамруулж Төв аймаг, Баяндэлгэр сумын сургуулийн дотуур байранд байлгаж, долоо хоног сумын сургуульд сурна. Мөн мал аж ахуйд тусалж, малчдын хашаа хороог засах, худаг сэргээхэд тусална. Тэр бүхнээс хүүхдүүд “бид маш сайн боломжтой орчинд сурч байгаа юм байна” гэдгээ мэдэж, их зүйлийг харьцуулж ухаарч, ойлгодог.
Эхний төслийг сургуулийнхаа 20 жилийн ойг тохиолдуудан нийгмийн хариуцлагын хүрээнд найман сургуульд үнэ төлбөргүй хэрэгжүүлсэн. Дөрвөн сургууль нь илт сайжирсан. Дөрөвт нь сайн үр дүн гарсан гэж хэлж чадахгүй. Ингэж хоёр жил ажиллахад 160 гаруй сая төгрөг зарцуулсан байдаг. Төслийн хугацаанд би сургуулиуддаа очиж лекц уншина, багш нарыг нь “Шинэ Монгол”-д авчирч танилцуулна. Сургалтын дараа гэрийн даалгавар өгч, багаар ажиллуулна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р сургууль, Сүхбаатар аймгийн 2-р сургууль гайхалтай байж чадсан бол Багануур дүүргийн “Гүн галуутай”, Хайлаастын 72-р сургуулиуд бас сайн үр дүнгүүд гаргасан. Ер нь төсөл хэрэгжүүлж байсан үеийн захирал, менежер, нийгмийн ажилтан солигдоход л үр дүн эрс буурдаг, төсөл хэрэгжүүлэх явцад сургуулиудад ямар асуудал тулгардгийг сайн мэдэж авсан.
-Сургуулийнхаа ойдоо зориулсан бэлэг байжээ дээ.
-Тэгж ойлгож болно. 2022-2023 онд төслөө улам чамбайруулж, менежментийн дөрвөн л брэндийг ягштал суулгая гэж төлөвлөсөн. Хоёр дахь үе шатны төсөлд 190 гаруй сургууль хүсэлт ирүүлснээс 21 аймаг, нийслэлээс 60 сургууль хамрагдсан. Төсөл хэрэгжиж дуусахад бүх сургууль тайлангаа тавьсан. Эдгээр 60 сургуульд төсөл ямар үр дүнтэй хэрэгжсэн, өмнө нь ямар байсан, одоо ямар болсноо харьцуулан бичсэн тайлангууд нь бий. Багш нар маань нэг зүгт харж багаар ажиллаж чаддаг болсон, олимпиадын амжилт ингэж өссөн гээд ярьдаг юм. Гэхдээ энэ 60 сургуулиас 44, 45 сургууль дээр илүү сайн үр дүн гарсан гэж бид дүгнэж байгаа. 36 долоо хоногийн турш бүтэн жил хэрэгжүүлсэн. Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын сургуульд хүртэл очсон. Манай менежмент оюуны өмчөөр баталгаажсан патенттай юм. Бид эхний ээлжинд улсын сургуулиудад л хүрье гэсэн зорилго тавьсан байгаа.
-Тэгэхээр Боловсролын яам таны санаачилсан энэ төсөл хөтөлбөрийг хэр дэмжиж байсан вэ?
-Дэмжиж байсан. Намайг Гавьяат багш болоход Л.Энх-Амгалан сайд надад бүрээ бэлэглэсэн. “Та Монголын боловсролын салбарт шүгэл байтугай, бүрээ үлээгээрэй” гэж хэлээд, дурсгасан юм. 2022 онд л доо, “Та найман сургуульд хэрэгжүүлсэн энэ төслөө 80 сургуульд хэрэгжүүлээрэй. 80-ыгаа 800 сургуульд бүгдэд хүргээрэй. Тэгвэл Монголын боловсролын салбар босоод ирнэ шүү” гэж хэлж байсан. Төсөл хэрэгжсэн анхны сургуулиудаар очиж танилцан, намайг дуудаж 2022 онд МУБИС-ын багш нарт, яамныханд хоёр ч удаа лекц уншуулсан. Дараа нь тун удалгүй 2023 оныг “Сургуулийн менежментийн жил” болгон зарласан.
-Та энэ их ажлаа орхиод яагаад гэнэт улс төрд орчихов?
-Орхисон юм бол байхгүй. 2023 онд 60 сургуульд гайхалтай үр дүн гарсанд их урам орсон. Тэр үед намайг МАН-аас дуудаад, “Багш аа, таны хийж байгаа төсөл, хөтөлбөр үнэхээр хэрэгтэй юм байна. Та улс төрд ороод үүнийгээ улсын хэмжээнд далайцтай хэрэгжүүлээч” гэж урьсан. Би хариуд нь “Хэрэв би улс төрд орвол сургуулиудын ачааллыг бууруулах, менежментийг нь сайжруулах бодлогын шийдвэр гаргуулах чиглэлээр ажиллана” гэдгээ хэлсэн юм. Ээлжит сонгууль ч болдгоороо болж, би улстөрч болчихлоо.
Ингээд миний бие төслөө шууд удирдаж оролцох боломжгүй болсон. Яам, Боловсролын Ерөнхий газраас 120 сургуульд хэрэгжүүлэхээр шийдвэр гарч, Боловсролын сайд П.Наранбаяр дэмжээд төв, говийн бүсийн болон нийслэлийн хоёр дүүргийн 120 сургуулиа сонгоод, төслийн 3-р шат эхлээд явж байна. Тэгэхээр хүмүүс улс төртэй холбож ярих гээд байх шиг байна л даа. Энэ цаашид ч үргэлжлээд Монголын бүх төрийн сургуулиудад хүрэх учиртай. Бүхэл бүтэн нэг сургуулийг 32-36 долоо хоногийн турш долоо хоног бүр шинэ аргачлал заагаад, түүнийгээ тухайн долоо хоногтоо хэрэгжүүлээд, дараагийн долоо хоногт нь шалгуулаад явж байгаа төсөл.
120 сургуулиа 20-оор нь нэг анги болгодог ба хичээл бүр дээр хоёр сургууль нь яаж хэрэгжүүлсэн даалгавраа бусдадаа ярина. Хичээл орж, чиглүүлдэг 15 хүнтэй баг ажиллаж байна. Өмнөх шатны сургуулиуд хичээл орж өөрсдийн туршлагаа хуваалцана. Сургуулиудаа айлчлалаар ирүүлж хүлээж авна, өөрсдөө томилолтоор очиж ажиллана. Төслийн багийнхан өмнө нь анги танхим сургууль дээр үнэгүй ашигладаг байсан бол одоо түрээсийн байранд оффис түрээсэлж байгаа. Үйл ажиллагааны зардал болох багш нарын цалин, программ хангамж, платформ хэрэглэсний төлбөр, марктингийн зардал гэх мэтээр зардал нэмэгдсэн.
Намайг МАН-аас дуудаад, “Багш аа, таны хийж байгаа төсөл, хөтөлбөр үнэхээр хэрэгтэй юм байна. Та улс төрд ороод үүнийгээ улсын хэмжээнд далайцтай хэрэгжүүлээч” гэж урьсан.
Эдгээр сургууль дээр ямар үр дүн гарч байгаа мэдээллийг төслийн пэйж хуудсаас хүссэн хүн бүхэн харах боломжтой. Төслийн сургуулиудад сайн ажиллавал “Шинэ Монгол” сургууль шиг болж болно гэдгийг хэлдэг. Багш нар дотроо “Хөөргөж байна аа” гэж бодоод байх шиг байна. Энэ бол боломжтой зүйл. “Багш нар нь хүүхдээ гэсэн сэтгэлтэй, шавь нартаа бүх хүчээ зориулдаг, тэдний төлөө хичээдэг байхад, Сурагчид нь зөвхөн гэрийн даалгавраар хязгаарлагдахгүй өөрөө суръя гэсэн гал эрмэлзэлтэй, нэмэлтээр өдөрт багадаа гурван цаг сууж хичээл хийдэг байхад, энэ хоёр нөхцөлд бүрдэхэд л хангалттай” гэж тайлбарладаг. Байшин барилгын асуудал тусдаа. УИХ-ын гишүүн болсны хувьд энэ менежментийн бодлогыг улсын хэмжээнд үр дүнд хүргэх суурийг нь тавьж өгвөл миний зорилго биелнэ.
Би УИХ-ын гишүүн болоод үүн шиг 10 ажил хийхээр төлөвлөсөн. Эдгээрийг бүгдийг биелүүлж, хүн эх орныхоо төлөө, ирээдүйн төлөө зүтгэж болдог юм байна гэдгийг харуулъя гэж бодож байна. Миний зүрх сэтгэл үүний төлөө л цохилж байна.
-Боловсролын салбарт хийж хэрэгжүүлэхийг зорьсон энэ ажлаа та УИХ-ын өөрийн харьяалагддаг байнгын хороонд танилцуулсан уу. Хэрэгжүүлэх ямар гарц шийдэл харагдаж байна вэ?
-Би Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хороо болон Инноваци, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдан ажиллаж байна. Мөн УИХ-ын даргын захирамжаар Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, багшийн хомсдолыг бууруулах, багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, сургуулийн менежментийг сайжруулах асуудлаар судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг 20 хүнтэй байгуулагдсан ба миний бие ажлын хэсгийг ахалж байгаа. Ажлын хэсэг дөрвөн удаа хуралдсан. Бид ажлын хэсэг дээрээ асуудлуудаа ярилцаж, шийд гаргаад ирэх хаврын чуулганаар байнгын хороонд оруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Бид нэгдүгээрт цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудлыг гаргаж тавина. Энэ судалгаагаа би ажлын хэсэгт болон намын бүлэг дээр танилцуулсан.
Боловсролын ерөнхий газраас сургуулиудын хүртээмжийн талаар мэдээлэл дэлгэрэнгүй авсан. Энэ чиглэлээр Дэлхийн банкны зөвлөхийн мэдээлэл сонсож, боловсролд ямар хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг сонссон. Хамгийн гол асуудал бол багшийн хомсдол. Энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар ажлын хэсгээрээ МУБИС-д очиж тулгамдсан асуудлыг сонсож, дараа нь ажлын хэсэг дээр дуудаж нарийн мэдээлэл авсан. Мөн 6000 гаруй сурагчтай 14-р сургуулиас эхлээд орон нутгийн сургуулиуд дээр ажиллах зэргээр салбарт тулгамдсан асуудлыг ажлын хэсгийнхэнтэйгээ газар дээр нь очиж танилцан шийдвэрлэх асуудлыг дэвшүүлж, улмаар байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлж шийдүүлэхийн төлөө ажиллана.
Гэрэл зургийг Г.Өнөболд