Монгол Улс хурдны замтай болно. Туул гол дагуух энэ замыг барих яриа ажил хэрэг болж, олон улсын нээлттэй тендерт Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК (www.hyway-china.com) шалгарав. Энэ компани Туулын хурдны замыг ирэх долоо хоногоос бариад эхлэх гэнэ.
Туулын хурдны зам нь хотын зүүн тал Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Замын 9.8 км-т гүүрэн дээгүүр давхина, 190 метр урт туннелиэр дайрна. Ингээд хотын нэг захаас, нөгөө зах руу тойруу замаар хүрнэ.
Мөн нэгдүгээр тойрог замууд энэ хурдны замтай холбогдон иргэд хотын төвийн түгжрэлд орж цаг хугацаа, стресс бухимдлаа барахаа болино гэдэг өөдрөг төсөөллийг нийслэлээс танилцуулж буй. Тодруулбал, хотын нэгдүгээр тойрог 25.7 км зам байх бөгөөд энэ нь мөн зорчих хэсгийн 6 эгнээтэй байна. Энэ тойрог зам Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр дамжин Туулын хурдны замтай холбогдоно.
Туулын хурдны замд зарцуулах 2.3 их наяд төгрөгийн дийлэнх нь 9.8 км урт гүүр, 190 урт метр туннель барьж байгуулахад зарцуулахыг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Ингэснээр нийслэлийн түгжрэлийг Туулын хурдны зам 15, нэгдүгээр тойрог зам 40, нийтдээ 50 гаруй хувиар буурах тооцоолол хийжээ. Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэх аж.
Туулын хурдны замыг барих нийт өртөг 2,384,013,800,000₮ (хоёр их наяд, гурван зуун наян дөрвөн тэрбум, арван гурван сая, найман зуун мянган төгрөг). Энэ хөрөнгийг Улаанбаатар хотын болон замын сангийн төсвөөр 3-4 жилд хуваан төлнө гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар хэлсэн. Энэ онд гэхэд 500 тэрбум төгрөгийг Туулын хурдны замын бүтээн байгуулалтад зарцуулахаар төсөвлөжээ.
2.3 их наядаар хурдны зам барих гэлээ гэх шүүмжлэлүүд бий. Аливаа замыг гүүртэй, туннельтэй барих бол өртөг нэмэгддэг юм байна. Туулын хурдны замд зарцуулах 2.3 их наяд төгрөгийн дийлэнх нь 9.8 км урт гүүр, 190 урт метр туннель барьж байгуулахад зарцуулахыг мэргэжилтнүүд тайлбарлав.
Тухайлбал, нэг метр гүүр барихад ойролцоогоор 90-100 сая төгрөг зарцуулдаг аж. Тэгвэл 9.8 км урт гүүр барихад 980 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Нийт төсвийн 40 орчим хувь нь гүүр, туннель зэрэг инженерийн байгууламжид зарцуулах бололтой.
Зардлаа яаж нөхөх вэ гэдэгт Хотын дарга дараах тооцооллыг танилцуулж байна. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 580,000 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр автомашины 30 орчим хувь нь буюу 180,000 нь өдөрт Туулын хурдны замаар дамжин өнгөрнө. Энэ 180,000 автомашины жолооч өдөрт 5000 төгрөгийн хураамж төлж хурдны зам ашиглана гэж тооцжээ. Тооцооллыг нарийвчилбал:
- Машин тус бүрээс авах хураамж: 5000₮
- Хоногт: 180,000 машин × 5000₮ =900 сая₮
- Жилд: 900 сая ₮ × 365 хоног = 328.5 тэрбум₮
Энэ тооцооллоор бол Туулын хурдны замд зарцуулах 2.3 их наяд төгрөгийг 7 жилийн дотор буцаагаад нөхөх нь. Гэвч ашиглалтын зардал зэрэг нөхцөлүүдийг тооцоолоогүй тул бодит үр өгөөж нь өөрчлөгдөх магадлалтай. Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2028 оны наймдугаар сард нээнэ гэж танилцуулж буй.