Энхболдын Мөнхшүр төгөлдөр хуурч мэргэжлээр АНУ-ын Аризона их сургуульд докторын зэрэг хамгаалсан нь эх орондоо анхдагч болжээ. Бага байхдаа авьяасгүй хэмээн хэлүүлж, урам хугалах олон үг сонсож байсан ч тэр шантраагүй аж. Аавынхаа гараас атган анх төгөлдөр хууртай танилцаж байсан тэрээр сонгосон мэргэжлээрээ эрдмийн зэрэг хамгаалж, алдарт хөгжмийн зохиолч Б.Шаравын бүтээлээр докторын судалгааны ажлаа хийжээ.
Урлагийн хүн хэдий ч бизнесийн салбарт хөл тавьж, гарааны бизнесийн чиглэлээр төслийн багаа удирдан Эллэр менежментийн сургуулийг дүүргэжээ. Мөн гарааны бизнесийн чиглэлээр Харвардын их сургууль, дижитал маркетингийн чиглэлээр "Google" компанийн сургалтад хамрагджээ. Өдрийн төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаж, үргэлж өөрийгөө хөгжүүлэхийг, шинийг бүтээхийг хүсдэг түүний ертөнцөд хэсэг хором саатан ярилцсаныг хүргэж байна.
-Та тасралтгүй суралцсан цаг хугацааг өнгөрөөжээ. Бидэнтэй төгөлдөр хуурч мэргэжлээр АНУ-д докторын зэрэг хамгаалсан талаараа хуваалцаач?
-Би АНУ-ын Аризона их сургуульд төгөлдөр хуурч мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан. Нүүдэлчин сэтгэлгээгээрээ АНУ-ын дөрвөн мужид хөгжмийн их сургууль болон консерваторуудад тэтгэлэгтэй суралцан олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн тэргүүн байрт шалгарч байсан. Олон уралдаанд өөрийгөө сорин амжилт үзүүлж, эх орныхоо төрийн далбааг намируулж байсан. Мэргэжлээрээ суралцахын сацуу АНУ-д амьдралын хичээлд ч мөн суусан гэж өөрийгөө дүгнэдэг. Би Монголынхоо соёл, уламжлалыг илэрхийлэгч Б.Шарав гуайн бүтээлүүдэд судалгаа хийн докторын зэргээ 2020 онд буюу цар тахлын тархалт ихэссэн үед хамгаалсан. Судалгааны ажлаа хийхдээ судалгааны байгууллагаас санхүүжилт авах завшаан тохиосон нь надад их дэм болсон.
Монголоос урлаг судлалын чиглэлээр докторын зэргээ хамгаалсан төгөлдөр хуурчид бий. Харин би төгөлдөр хуурч мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалснаараа ялгаатай.
Хөгжмийн зохиолч Б.Шарав агсан эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймагт төрж, өссөн. Тэр утгаараа уран бүтээлүүдэдээ монгол хүн гэж хэн бэ, ямар итгэл үнэмшил, ондоошилтой вэ гэдгийг харуулахыг зорьсон байдаг. Түүнчлэн тэрээр уран бүтээлүүддээ хүний амьдралын олон шинж чанарыг тусгадаг байснаараа онцлогтой. Миний докторын ажил бол төгөлдөр хуур хөгжимдөх арга барилаар дамжуулж Монголын соёлыг англи хэлтэй орнуудад түгээх анхны бичвэр болсноос гадна лекц-концерт хэлбэрээр Аризона Их Сургууль болон Чикаго хотын үзэгчдийн хүртээл болсон. Монголоос урлаг судлалын чиглэлээр докторын зэргээ хамгаалсан төгөлдөр хуурчид бий. Харин би төгөлдөр хуурч мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалснаараа ялгаатай. Тиймээс энэ чиглэлээр суралцаж төгссөн анхны доктор болж буй юм гэж Ардын жүжигчин Т. Цолмон багш маань хэлж байсан.
-Судалгааны ажлын сэдвээ хэрхэн сонгосон бэ?
-Хойд Америк болон англи хэлээр ярьдаг орнуудад Монголын хөгжмийн зохиолчдын талаарх ойлголт тун бага байдаг. Тэдэнд Монголын уран бүтээлчдийг таниулан, сурталчлахыг хүссэн. Манай зөвлөгч багш нар Францын хөгжмийн зохиолчдоос сонгохыг санал болгож байсан. Гэхдээ монгол хүний бардам зан маань дийлээд заавал монгол уран бүтээлч сонгоно хэмээн сэдвээ сонгож байсан. АНУ-ын Монгол судлалын төв, Америкийн Хилийн чанад дахь судалгааны төвүүдийн зөвлөл болон АНУ-ын Боловсролын яамнаас миний судалгааны ажлыг санхүүжүүлсэн. Би санхүүжилт авах төслөө бичиж, танилцуулснаар амжилттай болсон юм. Энэхүү судалгааны санхүүжилт хүртсэндээ маш их баяртай байдаг.
-Өнөөдрийг хүртэл мэргэжилдээ үнэнч байж, шат ахин суралцах хүсэл тэмүүллийг та хаанаас олж авсан гэж боддог вэ?
-Энэ миний зөрүүд зантай холбоотой. /Инээв/ Намайг Монголд сурч байхад багш нар маань “Чи чадахгүй, чамд авьяас алга” гэж хэлж байсан удаатай. Гэсэн хэдий ч би сэтгэлээр унаж суухын оронд чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй хэмээн дотроо бодож байсан. Өнөөдрийг хүртэл бүх зүйл амархан байгаагүй. Хүнд, хэцүү зүйлсийг давсаар өдийг хүрсэн. Зөрүүд зан сайн ба муу талтай.
Гэр бүлийнхэн дунд маань хөгжмийн боловсролтой хүн байгаагүй. Зүгээр л сонирхон сонсдог. Аав маань сонгодог хөгжмийн мэдрэмжтэй хүн байсан. Аав маань намайг дөрвөн настайд минь төгөлдөр хуурын багшид шавь оруулж, мэргэжил сонгоход нөлөөлсөн.
-Бэлтгэл сургуулилалтынхаа хажуугаар Та хувь хүний хөгжилдөө хэрхэн анхаардаг бол?
-Би эрүүл мэнд, цаг төлөвлөлт, стрессийг хянах чадвар зэрэгт анхаарлаа их хандуулдаг. Миний цагийн хуваарь маш давчуу бөгөөд олон зүйлийг багтаасан байдаг. Жишээлбэл би төгөлдөр хуураа зургаан цаг давтах цагаа хэсэгчлэн хуваана. Дасгал хийх, мацаг барих, ном унших, бясалгал хийх зэрэг олон зүйлийг хослуулж хувийн амьдралаа жолооддог.
АНУ-Д ТАТВАР ТӨЛӨГЧ, ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ УЧРААС БҮХ ЗҮЙЛЭЭ ӨӨРӨӨ ГАРДАЖ ХИЙДЭГ
-Та гарааны бизнес хөгжүүлэгч чиглэлээр мэргэжлийн зэрэг дээшлүүлсэн. Энэ талаар манай уншигчидтай хуваалцаач. Одоо ямар бизнес эрхэлдэг вэ?
-Миний гарааны бизнесийн төсөл маань VR буюу виртуал реалитигаар тоглоом хөгжүүлэн үүгээрээ дамжуулан хөгжмийн боловсролыг түгээх явдал юм. Үүнд хаптик технологи ашиглан хэрэглэгчдэд үр дүнтэй, сонирхолтой байх бүтээгдэхүүнийг АНУ-д гаргах бизнес төсөл бий. Энэ бизнес төсөл дээрээ санхүүжилт хайж байгаа.
Суралцагч нарынхаа насны ангилал, хөгжлийн бэрхшээлд нь тохируулан хэрэглэгдэхүүн бэлдэж, сургалтын хөтөлбөрөө сонирхолтойгоор заадаг.
Одоогийн байдлаар би “Шүрээ төгөлдөр хуурын сургалтын төв” гэх ХХК-ийг үүсгэн байгуулан ажиллаж байна. АНУ-д татвар төлөгч, жижиг бизнес эрхлэгч учраас бүх зүйлээ өөрөө гардаж хийдэг. Цар тахлын үед сургалт маань цахимд шилжсэн. Би сурагч болгондоо тусгай анимэйшн хичээлийг бэлддэг. Суралцагч нарынхаа насны ангилал, хөгжлийн бэрхшээлд нь тохируулан хэрэглэгдэхүүн бэлдэж, сургалтын хөтөлбөрөө заадаг. Манайд 6-70 насны сурагч хичээллэдэг. Би докторын зэргээ хамгаалсан Аризона их сургуульд гурван жил багшилснаас гадна өмнө нь арав гаруй жил багшилсан туршлага бий. Үүндээ үндэслэн сургалтын хөтөлбөрөө орчин үеийн технологи ашиглан бэлдэж ковидын үед ажилласан.
БУСАД ХҮН БОЛОМЖГҮЙ ГЭСЭН Ч ТООХГҮЙ ЗҮТГЭ
-Хүүхэд өөрөө урлагийн хүн болохыг хүсдэг ч гэр бүлийнхэн нь эсэргүүцэх тохиолдол байдаг. Та ийм сонголтын өмнө буй хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Хэн ч үгүйсгэж байсан хүссэн зүйлээ хийхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Бүх зүйлийн 99 хувь нь хөдөлмөр байдаг. Би Монголд авьяасаараа үнэлэгдээгүй үе байсан ч АНУ-д ирээд өөрийнхөө хөдөлмөрөө үнэлүүлж чадсан гэж боддог. Итгэлийн галаа бүү унтраагаарай.
Би Монголын урлагийн зөвлөлийн “Урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрт оролцож байсан. Үүнээс маш олон зүйлийг олж авсан. Өөрийнхөө юу хүсэж байгааг мэддэг хүн бусдаас 50 хувь илүү байдаг. Би АНУ руу суралцахаар шийдээд тэтгэлэг хайж эхлэхэд Монголын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Төгөлдөр хуурчид тэтгэлэг олдохгүй, байхгүй” гэж байсан. Гэсэн хэдий ч сурах хүслээ орхиогүй хайсан. Ингээд АНУ-аас тэтгэлэг хүртсэн. Тэгэхээр хүүхэд, залуустаа хандаж “Бусад хүн боломжгүй гэсэн ч тоохгүй зүтгэ” гэж хэлмээр байна.
Намайг 16 настай байхад аав маань бурхны оронд заларсан. Би хангалуун боломжтой айлын хүүхэд биш. Миний чадах зүйл ердөө л тасралтгүй хөдөлмөрлөх байсан. Би хөгжимчин залуустаа гадаадад суралцах гарцын талаар гарын авлага хийх бодолтой байгаа. Ирээдүйд үүнийгээ бас хуваалцах болно.
Монголд гэр бүлийнхэнд чинь урлагийн хүн байхгүй бол чи энэ салбарт хол явахгүй гэх ойлголт байдаг. Гэхдээ Америкт бол намайг өөрийгөө маш сайн хөгжүүлж хөдөлмөрлөсөн гэдэг утгаараа үнэлдэг.
Чи өөрөө чадна гэвэл чадах л болно. Чи хөгжлийн бэрхшээлтэй, суралцах бэрхшээлтэй, ар гэрийнхэн чинь мөнгөтэй, мөнгөгүй огт хамаагүй. Чамд хүсэл, зорилго байхад чи чадна. Боловсролыг дээдэлж явах хэрэгтэй. Ямар ч хүн чамайг чадахгүй гэж хэлсэн битгий итгээрэй. Өөртөө л итгэ гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.