Өдрийн ид халуун нар эгц дээрээс төөнөж, сэвэлзүүр салхи хаа нэг хацар илбэнэ. Налайх явах замаас хэд, хэдэн машин баруунтаа салж Тайж хайрхны бэл руу давхилдана. Хүрээд очвол дуулж хуурдсан, оёж шидсэн, урлаж сийлбэрлэсэн гээд үндэсний өв соёлоороо гоёсон тээгчид тэнд цугларчээ.
Өнөөдөр (2026.08.21) “Нүүдэлчин” наадам эхэллээ. Тал нутагт олон цагаан гэр, асар сүндэрлэн харагдана. Монгол орны 21 аймгийг төлөөлж буй төлөөллүүд, оюун ухаан, гал тахих зан үйл, байгаль шинжих арга ухааны гэр гэх мэт олон гэр энд бий. Гэр бүрээр ороход тавгийн идээгээр дайлж, айраг цагаа амсуулж, өв соёлоо танилцуулна.

“Энд болж буй наадам уламжлалт эрийн гурван наадмаас их өөр. Учир нь ЮНЭСКО-ийн соёлын биет бус өвийн 360 гаруй төрлийг долоон ай савд хувааж, тэдгээр ай савын хүрээнд зохион байгуулагддаг онцлогтой.
Энд Хөвсгөлийн цаатны урц, Баян-Өлгийн гэр, баруун монголын язгуур их соёл байна. Нэг цэг, нэг талбараас маш олон мэдээллийг авах боломжтой. Ирээдүй хойч үедээ өвлөн уламжлуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.
Монгол гар урлалын бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэл тус, тус 100 гаруй асарт борлуулагдаж байна. Наадмын үеэр 1000 тогооч хорхог хийн Геннисийн амжилтад бүртгүүлэх юм.
Мөн СОР17 хурлын үеэр давхцаж зохиогдож байгаа нь онцлог бөгөөд хуралд оролцогч гадаад иргэд энд ирж танилцана. Энэ жилийг Монгол туургатны жил болгож буй учраас Буриад, Халимаг, Тува болон ӨМӨЗО-оос зочин уран бүтээлчид ирж оролцох юм. Улаанбаатар хотоос нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй ирж үйлчилж байна" гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дарга Г.Батхуяг мэдээлэл өглөө.
Энд Хөвсгөлийн цаатны урц, Баян-Өлгийн гэр, баруун монголын язгуур их соёл байна. Нэг цэг, нэг талбараас маш олон мэдээллийг авах боломжтой.
Зөвхөн худалдаа үйлчилгээ гэлтгүй наадмыг үзэж сонирхохоор ирсэн хүмүүс олон. Жаахан хүүхдүүд аав ээжийгээ хөтлөн хаашаа ч юм дагуулж явна. Ганц нэг нь хуушуурын амт ярьж алхална. Биет бус өв соёлыг сонирхож буй хүмүүс ихэд сониучирхах нь харагдлаа.
Наадам үзэж буй иргэний сэтгэгдлээс хүргэвэл “Нөхөр бид хоёр уурхайд ажилладаг. Азаар амралт таарч энэ наадмыг зорин ирлээ. Гар урлалын бүтээлүүд маш их сонирхол татаж байна. Төв сууринд амьдардаг хүмүүс хүүхдүүдээ дагуулаад энд хүрээд ирээсэй гэж хүслээ. Монгол орон минь агуу их баялаг өв соёлтой юм байна гэж л бодогддог юм байна. Монгол хүн бүр тэр тусмаа хүүхэд бүр энэ их соёлын үзүүрээс нь ч болтугай мэдээсэй. Би бийрэн бичиглэл сонирхдог учраас бийрээр бичиж үзлээ” хэмээн ярилаа.
Хүүхдэд зориулсан жижигхэн тайз дээр хүүхэлдэйн жүжиг тоглож, багачууд даган баясацгаана. Тайзны зүүн талд “Эх хүүхдийн” өрөө гэсэн бичигтэй цагаан асар анхаарал татаж, Монголын сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаатай ярилцлаа.
Тэрбээр “Олон хүн цугларсан үйл ажиллагааны үеэр хүүхдүүд төөрөх, аав ээжээсээ холдох асуудлууд гардаг. Мөн өв соёлтой холбоотой учраас адуу малд дайруулах санамсаргүй осол их тохиолддог. Энд маш олон төрлийн хүмүүс ирж нааддаг.

Хөхүүл, жирэмсэн, тусгай хэрэгцээт иргэдэд чөлөөтэй амрах хэсэг дутмаг байгааг ажигласан учраас “Эх хүүхдийн өрөө” гэж байгуулсан. Хуушуур, бууз идэхдээ тайван сууж чаддаггүй эдгээр хүмүүс энд тайван суугаасай гэж бодсон. Мөн хүүхэд төөрлөө гэж бодоход тайван тоглуулж байгаад эцэг эхэд нь хүлээлгэн өгье гэж шийдвэрлэн, хүүхдийн булан хийсэн.
Энд ажиллаж буй худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт архи согтууруулах ундаа зарахгүй, хүүхдийн биед сөрөг нөлөөтэй хоол хүнсээр үйлчлэхгүй гэх мэт агуулгатай зөвлөмж явуулсан. Аливаа баяр ёслолд хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг учраас нэн тэргүүний зорилгоо болгож байна” гэж ярилаа.
Уг наадам Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж буй юм.
Мөн өвлөн уламжлагчдыг тодруулах, тэдний авьяас чадварыг дэмжих, залуу үед өв соёлыг өвлүүлэх чухал ач холбогдолтой билээ.
Өв уламжлал, язгуур соёлыг түгээж буй “Нүүдэлчин” наадам энэ сарын 21,22,23-ий өдрүүдэд үргэлжилнэ. Маргааш буюу энэ сарын 22-ий өдөр 11 цагаас нээлт эхлэх ажээ.