Бидний музейд үздэг үзмэрүүд, уншдаг түүхийн ном зохиолууд бол археологичдын хүнд хүчир хөдөлмөр, олон жилийн судалгааны үр дүнд бий болсон бүтээл билээ. Бичиг үсэг үүсэхээс өмнөх үеийн хүн төрөлхтний түүхийг археологийн малтлагаар илэрсэн олдворуудад үндэслэн баталдаг. Харин бичиг үсэг үүссэний дараах үе буюу төрт улс, эзэнт гүрний түүхийг бид ном судраас уншдаг ч түүхэн сурвалжууд заримдаа өрөөсгөл байх нь бий.
Археологичид бичгийн сурвалжид дурдагдсан хотын балгас, хаадын ордны туурийг олж, малтан судалснаар "бичгэн сурвалж үнэн үү, эсвэл хэтрүүлэг үү" гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоодог. Тэдний ажил нийгэмд оюуны болон эдийн засгийн асар их үнэ цэнийг бий болгож, улс орны тусгаар тогтнол, түүхэн үнэнийг баталгаажуулдаг стратегийн чухал хөрөнгө оруулалт болдог билээ.
Бид МУИС-ийн Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангайн Сэлэнгэ аймгийн нутагт хийж буй малтлага судалгаагаар зочилж, танилцлаа. Уг экспедиц нь МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн найман эмэгтэй, гурван эрэгтэй оюутнаас бүрджээ. “Энэ удаагийн экспедицэд охид голдуу явж байгаагаараа онцлог.
Нэгэнт энэ мэргэжлийг сонгоод суралцаж буй оюутнуудаа хүйс ялгалгүй судалгааны ажилд авч явж, зааж чиглүүлэхийг зорьдог. Малтах талбай маань чулуугүй, шаварлаг учир ажиллахад харьцангуй дөхөм. Сяньбигийн үеийн булш ихэвчлэн ийм хөрстэй газарт байдаг. 2014 онд Сяньбигийн булш Монголын нутагт анх удаа илэрч, Хүннүгийн дараах том эзэнт гүрэн болох Сяньбичууд манай улсад нутаглаж байсныг баталж чадсан. Үүнээс хойш олон малтлага судалгаа хийгдэж байна.
Сэлэнгэ аймгийн удирдлагуудтай зарим булшийг булалгүй орхиж, газар дээр нь музей байгуулах талаар хэлэлцэж байна” хэмээн доктор Т.Идэрхангай хуучлав.
СУДАЛГААНЫ НЭГ ӨДӨР…

Энгийн хүний нүдээр харахад зүгээр л нэг овгор шороог археологичид “булш” хэмээн тогтоож, зүсэлтийн аргаар шалгаж үзээд, хүний гараар булсан шороог илрүүлэн доош малтдаг байна. Малтлагын эхний өдрүүд ихэвчлэн газар хагалах, шороо хүрздэх, зөөж асгах, цэвэрлэх, шүүрдэх зэрэг газар шорооны ажлаас бүрдэнэ.
Археологийн олдвор бол соёлын өв, түүхэн чухал баримт тул малтлагыг зөв төлөвлөж, арга зүйн дагуу ажиллах нь цаг хугацаа, хүч хөдөлмөрийг хэмнэхээс гадна соёлын өвийг хадгалан хамгаална. Судалгааны багийнхан 07:00 цагт босож, өглөөний цайгаа уугаад 08:00-д ажилдаа гарцгаана. 11:00 цагаас түр завсарлаж, 13:00 цагт өдрийн хоолоо иднэ. Үүний дараа 16:00 цаг хүртэл амраад, орой 19:00 цаг хүртэл ажилладаг байна.
Өдөрт найман цаг ажиллах бөгөөд аюулгүй байдлаа хангах үүднээс шөнийн цагаар малтлага хийдэггүй дүрэмтэй аж. Оройн хоолоо идчихээд өдөржин зууралдсан шороо тоосноосоо салж, майхан саваа цэвэрлэсний дараа хэсэг чөлөөт цаг гарах бөгөөд залуус маань энэ үеэр сагс, гар бөмбөг тоглох эсвэл өөрсдийн судалгаатай холбоотой ном, өгүүлэл уншиж байгаад амарцгаадаг гэнэ.
БУЛШ НЭЭСЭН НЬ…

Судалгааны багийнхан дөрвөн метр гүнтэй булшийг өдөр бүр малтсаар долоо дахь хоног дээрээ нээжээ. Энэ бол хамгийн сэтгэл хөдөлгөм, торгон мөч гэнэ. Ер нь Хүннү, Сяньбигийн булшнууд ихэвчлэн эд өлгийн зүйлтэй байдаг боловч тэдний нээсэн булшнаас эд өлгийн зүйл олдоогүй бөгөөд зөвхөн хүний араг яс гарч ирэв. Энэ нь тухайн үеийн хүмүүсийн нийгмийн байр суурь болон зарим талаар зан заншилтай холбоотой байсан байх магадлалтай хэмээх таамгийг дэвшүүлцгээж байв.
Хачирхалтай нь дөрвөлжлөн ухсан энэ булшны баруун хананд хэвтээ 3 шургааг, босоо 34 шургаагийг өрөн байрлуулж, модны цаана хөнөг гаргаж, оршуулгыг үйлдсэн байлаа. Энэ нь тонуулчдаас нуусан эсвэл тухайн овгийн зан үйл байж магадгүй гэж судлаачид маань тайлбарлав. Булш тонолт бол аль эртнээс байсан зүйл, булсан даруйд нь удалгүй тонох эсвэл сүүлд нь тонох зэрэг асуудал бий. Нэг булш олон тоногдсон тохиолдол ч байдаг гэв.
Хүний яснаас нас, хүйс, хооллолт, өвчин зэрэг маш олон мэдээлэл авч болдог. Малтлагаар гарч ирсэн ясыг шинжвэл нурууны өвчтэй, доод хоёр үеийн яс суулттай байв. Нурууны суултыг суугаа амьдралын хэв маяг ихтэй "язгууртны өвчин" гэх нь бий. Мөн нүүдэлчдийн морь их унадаг үйлтэй холбон тайлбарладаг.
Харин шүд нь бага зэргийн чулуутай ч бараг 32-уулаа бүрэн байв. Монголчууд цардууллаг идээ ундаа бага хэрэглэдэг тул ихэнх олдворын шүд нь бүтэн байх нь элбэг бол урд зүгийн булшнуудаас олддог шүднүүд гурил, будаа их иддэгээс шалтгаалан илэрхий муудсан байдаг гэнэ.
Ийнхүү судлаачид мэргэшсэн чиглэлийнхээ дагуу олон таамаглал дэвшүүлж, хэлэлцээд, ясыг нь цэвэрлэн хаяглаад, хагас өдрийн дотор дөрвөн метрийн гүнтэй булшаа буцаан булж, нөхөн сэргээв. Археологийн малтлага хийсэн газрыг заавал эргэж нөхөн сэргээх ёстой гэсэн "бичигдээгүй хууль" байдаг аж. Эс тэгвээс хүн, мал амьтан унаж бэртэхээс авхуулаад эрсдэл мундахгүй.
АНХНЫ СУДАЛГААНЫ АЖИЛД ЯВСАН НЬ…
Судалгааны багийнхнаас анх удаа хээрийн судалгаанд оролцож буй гурван эмэгтэй оюутантай ярилцлаа. Тэд нэг гал болон хамт майханд байрлах бөгөөд багш, ах, эгч нараасаа олон зүйлс суралцаж яваа нүүрэнд нь мишээл, нүдэнд нь гал дүрэлзсэн адтай охид байв.

- Б.Төгөлдөр (1-р түвшний оюутан): “Би Улаанбаатараас гарч үзээгүй. Энэ миний анхны экспедиц. Гоё бас хэцүү л байна. Багш маань лекц орж байгаа юм шиг биднийг тойруулж зогсоогоод бүгдийг харуулж, тайлбарлаж ярих нь их сонирхолтой. Би өнгөн цэвэрлэгээний үед шороо хүрздэж, тэргээр зөөх ажил хийсэн. Амьдралдаа анх удаа л хүрз барьж, шороо зөөж үзлээ. Эхэндээ их хэцүү байсан ч одоо дассан. Бүр булчинтай болсон гээч. Археологич гэдэг мэргэжил эмэгтэй хүнд хэцүү ч, үнэхээр дуртай бол хийж болох ажил байна. Шантраад уйлах үе байсан ч “би үүний төлөө л зовсон юм байна шүү дээ” гэж мэдрэх жаргалтай үе нь илүү олон байлаа.”
- Т.Буянзаяа (2-р түвшний оюутан): “Булшаа нээх хүртэл хүнд байсан ч нээснээс хойш маш сонирхолтой болсон. Багш болон дээд курсийн ах эгч нараасаа булшны ханыг цэвэрхэн авах, газрын давхарга ялгах, зураг үйлдэх зэргийг сурч байна. Би археологиор бакалаврын зэрэг эзэмшээд, цаашид соёлын өвийн хамгаалал чиглэлээр мэргэшихээр шийдсэн. Учир нь би байнга хөдөө ажиллаж чадахгүйгээ ойлгосон тул олдворуудыг хадгалах, хамгаалах тал дээр ажиллахыг хүсэж байна.”
- М.Хулан (2-р түвшний оюутан): “Анхны экспедиц учраас эхлээд биеийн хүчний ажил хүнд санагдсан ч өдөр ирэх тусам бие чангараад дасдаг юм байна. Би сурагч байхаасаа л түүхийн хичээлд дуртай байсан. Сонгосон мэргэжилдээ огт харамсдаггүй. Энд бид нэг гэр бүл шиг болдог. Багийн ажил ямар чухал болохыг, “би” биш “бид” гэж ярих ёстойг ойлгож авлаа.”
МОНГОЛЫН АРХЕОЛОГИЙН САЛБАРЫН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ…

“Археологич хүн мэдлэгтэй, уншиж судалдаг байхаас гадна дасан зохицох чадвартай, нийтэч, сониуч, юмыг олон талаас нь боддог, нэг ёсондоо хүнлэг байх хэрэгтэй” хэмээн доктор Т.Идэрхангайн баруун гар, судалгааны багийн гишүүн, археологийн магистр Ж.Энхзул хэлэв. Тэрээр буган хөшөөг голчлон судалж бакалавр, магистрын судалгааг мөн энэ сэдвээр хийсэн бөгөөд шинэ нээлт хийхээс илүүтэй буган хөшөөний соёлынхны харилцан хамаарал, соёл, мэдээллийг илүү нарийвчлан гаргаж, цааш түгээхийг эрмэлздэг.
ОХУ-ын Барнаул хот дахь Алтайн улсын их сургуульд аспирантурт сурахаар горилж хүсэлтээ өгөөд байгаа бөгөөд тэрээр залуу дүү нараа чиглүүлж, мэдлэгээ харамгүй хуваалцаж явав. Мөн тэрээр багийнхнаа байнга хөгжөөж, инээлгэх юм билээ. “Судалгааны ажилд бие биеэ танихгүй, өөр өөр зан чанартай олон хүүхэд явдаг.
Багийн уур амьсгалд хүн бүр нөлөөтэй. Бөөндөө гоё байхад нэг нь жаахан гундуухан, уйтгарлачихвал бусад нь дагачихдаг. Ядарсан үед хэн нэгэн инээгээд хөгжилтэй байвал гуниглах боломж өгдөггүй. Би багадаа Египтийг судалсан баримтат кино үзэх дуртай байлаа. 9-р ангиасаа л археологич болно гээд шийдчихсэн. 2018 онд Улаанбаатар их сургуулийн археологийн ангид орж, Идэрхангай багшийнхаа шавь нь болж одоог хүртэл тасралтгүй багийнхаа ажилд оролцсоор явна. Эмэгтэй хүнд археологи хэцүү ч би мэргэжилдээ хэзээ ч эргэлзэж байгаагүй. Судлаач хүн өөрийгөө “боллоо” гэж огт бодож болохгүй, тасралтгүй судалгаагаа хийж, шинийг эрэлхийлэн, цааш хөгжсөөр л байх хэрэгтэй”.
ТӨМРИЙН ХЭЛТЭРХИЙ Ч ТҮҮХИЙН ЧУХАЛ ОЛДВОР…
Булшнаас олдсон ясыг цэвэрлэж, хаяглах ажлыг Б.Буянжаргал гялалзуулчхав. Тэрээр өнгөрсөн жил бакалаврын зэргээ авсан бөгөөд олдворын сэргээн засварлалтаар мэргэшихээр төлөвлөжээ. Түүний долоо дахь экспедиц тул дүү нараа халамжлан, мэддэг зүйлсээ зааж сургах үүрэгтэй яваа гэнэ. “Газрын хөрсөнд удаан байсан олдворууд маш эмзэг байдаг. Төмрийн хэлтэрхий ч гэсэн түүхийн чухал баримт агуулдаг тул тэдгээрийг хамгаалах нь миний үүрэг” хэмээн тэрээр бахархалтайгаар ярилаа.
Экспедицийн цөөн эрэгтэй гишүүдийн нэг, талбайн ахлах, магистрант А.Гүнчинсүрэнтэй хуучлахад тэрээр Сяньбигийн үеийн бунхант булшаар мэргэших сонирхолтойгоо хэлэв. “Археологи бол газар шорооны хүнд ажил тул сэтгэл зүй сайтай байх хэрэгтэй. Бидний эцсийн зорилго бол Монголын түүхийг баяжуулах, үнэн зөвөөр бичихэд хувь нэмэр оруулах юм” гэв.
Мөн багш нь хүйс ялгалгүй оюутнуудаа авч явдагт баяртай байдгаа илэрхийллээ. Булшнаас яс гарч ирэхэд яс судлалаар мэргэшиж буй 4-р түвшний оюутан Х.Цэгц-Үжинг дуудав. Тэрээр “Үхсэн хүн ярьж чадахгүй ч яснаас нь олон төрлийн мэдээлэл авч болдог нь сонирхолтой. Хээрийн ажил хүнд хүмүүстэй харилцах, биеэ даах амьдралын ухаан суулгадаг. Одоо би өөрийгөө хаана ч алзахгүй аваад явчихна гэж итгэдэг” хэмээн инээмсэглэн өгүүлэв.
Ингээд тэд хээрийн судалгаагаа амжилттай дуусган хотын зүг хүлгийн жолоо заллаа. Тэдний хувьд энэ зуны ажил үүгээр дуусахгүй, өөр олон хээрийн судалгаанд оролцоно. Олдворуудаа лабораторид нарийвчлан шинжлэх, зөв тайлал гаргах, малтлагын үр дүнгээ тайлагнаж бичих, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх гэх мэт их ажил тэднийг хүлээж байна. Өнгөрсөн үеийн нууцыг тайлах залуу судлаачдын аялал ийнхүү үргэлжилсээр...