Тусгаар тогтнолын талбай өнөөдөр сурагчдын бүтээлч санаа, шинжлэх ухааны шийдлүүдээр дүүрэн байна. “Аюулгүй түлш, Аюулгүй ирээдүй” үзэсгэлэнд нийслэлийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 159 гаруй сурагч оролцож, агаарын бохирдлыг бууруулах, хийн түлшний хэрэглээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн 43 төслөө танилцууллаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын зарим бүсийг үе шаттайгаар хийн түлшинд шилжүүлж эхэлсэн. Чингэлтэй болон Баянгол дүүргийн зарим хороонд хийн түлшээр ажилладаг зуух нэвтрүүлээд байгаа ба энэхүү түлш нь харьцангуй аюулгүй ч гал түймрийн болон бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, зөв хэрэглээг шаарддаг байна.
НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон холбогдох байгууллагууд хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Аюулгүй хийн түлш, Аюулгүй ирээдүй” бүтээл, нийгмийн сүлжээ богино контентын уралдааныг зохион байгуулжээ. Уралдааны зорилго нь сурагчдын олж авсан мэдлэгийг гэр бүл, найз нөхөд болон орон нутагтаа түгээхэд оршиж байна.
“Шинжлэх ухааны бүтээлийн уралдааныг бид тав дахь жилдээ зохион байгуулж байна. Харин энэ жилийн уралдааны онцлог нь хийн түлшний аюулгүй хэрэглээний талаарх сэдвийн хүрээнд хүүхдүүдээс бүтээл авлаа” хэмээн “Ногоон титэм” ХХК-ийн төлөөлөгч Д.Алтангадас онцоллоо.
Үзэсгэлэнгийн талбайд сурагчид бүтээл бүрийнхээ өмнө зогсон, шүүгчид болон зочдод судалгаа, санаагаа тайлбарлаж байна. Зарим нь хийн түлшний аюулгүй хэрэглээний талаар мэдээлэл хүргэж байсан бол нөгөө хэсэг нь ослоос урьдчилан сэргийлэх арга замыг бүтээлдээ тусгажээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн сурагч Г.Тэмүүлэн багийнхаа хамт “Аюулгүй байдал ба баталгаат амьдрал” сэдвээр уралдаанд оролцжээ. Тэд ахуйн газ болон хийн түлшний хэрэглээ, түүний эрсдэл, аюулгүй ажиллагааны талаар судалж бүтээлээ боловсруулжээ.
Тэрбээр “Манай багийн зорилго ахуйн газ, хийн түлшний аюулгүй байдал болон буруу хэрэглээнээс үүсэх хор нөлөөг харуулах байсан. Бүтээл хийх явцад биологи, химийн багш нараасаа зөвлөгөө авч, нэмэлт мэдээллээ интернэтээс судалсан. Бид нийт 10 хоногийн хугацаанд бүтээлээ бэлтгэсэн. Энэ уралдаанд оролцсоноор хийн түлшийг хэрхэн зөв ашиглах, ямар эрсдэл үүсэж болох талаар олон зүйл мэдэж авлаа” хэмээн ярив.

Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн 6В ангийн сурагч Цогнаран, Бүжинлхам, Ган-Од нарын бүтээл байлаа.
Сурагчид туршилт болон танин мэдэхүйн загвар ашиглан хийн баллоныг буруу байрлуулснаас үүсэх аюулыг олон нийтэд ойлгуулахыг зорьжээ.
Тэд “Манай бүтээлийн гол зорилго бол хийн баллоныг халуун зуух болон галын эх үүсвэрийн ойролцоо байрлуулахгүй байхыг сануулах явдал юм. Монголд хийн түлшний хэрэглээ энэ жилээс илүү өргөн хүрээнд нэмэгдэж эхэлж байна. Гэвч зарим айл өрхүүд баллоноо хаана, хэрхэн зөв байрлуулахаа мэдэхгүйгээс эрсдэлд өртөх магадлалтай. Тиймээс бид иргэдийг болзошгүй осол, аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү бүтээлээ хийж, туршилт явуулсан” хэмээн тайлбарлав.
Тэдний бүтээлийг иргэд болон бусад сурагчид шимтэн сонирхож, хийн түлшний аюулгүй хэрэглээний талаар мэдээлэл авч байсан нь үзэсгэлэн зөвхөн өрсөлдөөн бус, мэдлэг түгээх талбар болж байгааг илтгэж байлаа.
Ийнхүү сурагчид зөвхөн уралдаанд өрсөлдөхөөс гадна агаарын бохирдол, хийн түлшний хэрэглээ, аюулгүй ажиллагааны талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, өөрсдийн үе тэнгийнхэн болон гэр бүлийнхэндээ мэдээлэл түгээх боломжийг олж авч байна.
Хийн түлшийг хэрхэн аюулгүй, зөв хэрэглэх вэ?
- Баллоныг үргэлж босоо, сэрүүн газар байрлуулах
- Хоол хийхдээ цонх бага зэрэг онгойлгож агааржуулах
- Хоолой, холбоосоо тогтмол шалгаж, хуучирвал солино
- Асаахдаа эхлээд асаагуур дараа нь хий
- Хий үнэртвэл гал, цахилгаан хэрэгсэл бүү ашигла
- Үнэр гарвал шууд цонх онгойлгож салхилуул
- Галын ойролцоо тамхи татахгүй
- Баллоныг хүүхдээс хол байлгана
- Хий алдагдахад дуугардаг мэдрэгч суурилуул
Б.Энэрэл