ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амарбат залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Манай улсад иргэд азын сугалаанд итгэж, залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Ийм аргаар үйлдсэн хэргийн хохирол хамгийн өндөр дүнтэй буюу 1.6 тэрбум төгрөгт хүрчээ. Гэмт хэрэгтнүүд тухайн бичлэгийг үзсэн иргэдийн дундаас нэг хүнийг азтан болгож, түүн рүү мөнгө шилжүүлж буй мэтээр аашилдаг.
Ингэхдээ огт байдаггүй, хуурамч дансны дугаар руу азтаны шагналыг илгээлээ хэмээн, дараагийн азтан нь та болоорой, 5 сая төгрөг шилжүүлээд 50 сая төгрөг хожоорой гэх мэтээр хууран мэхэлдэг байна.
Манай улсад хулгай, зодоон нийт гэмт хэргийн хамгийн их хувийг эзэлдэг. Залилах гэмт хэрэг бага гардаг байсан бол сүүлийн жилүүдэд цахим залиланг олон аргаар үйлдэж байна. Нийт гэмт хэргийн 35 хувийг залилан эзэлжээ. Мөн энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт ч өссөн байна. Хэдийгээр хэрэгтнүүдийг баривчилдаг ч гэмт хэргийн орлогоо гадаад улс руу гаргадаг, коин зэргийг худалдаж авсан байдаг тул хохирлыг барагдуулахад саад учирдаг гэж А.Амарбат хурандаа онцлов.
Цахим залиланг дараах нийгмийн сүлжээг ашиглан хийдэг.
- Фэйсбүүк
- Телеграм
- Зээлийн аппликэйшнүүд
- unegui.mn цахим хуудас
- ТикТок
- Инстаграм
Гэмт хэрэгтнүүд хандив цуглуулж буй дүр үзүүлэх, бусдын хаягийг ашиглах, сугалаа, мөрийтэй тоглоом зохион байгуулах, бараа, үйлчилгээний захиалга авах, телеграм даалгавар биелүүлэх замаар иргэдийг залилдаг.
БОДИТ ЖИШЭЭ 1
Иргэд, ААН-үүдийг олон удаагийн үйлдлээр залилсан этгээдийг баривчилжээ. Тэрээр гар утсан дээрээ 250 орчим зураг хадгалсан. Тэдгээр нь "ГҮЙЛГЭЭ АМЖИЛТТАЙ" гэсэн бичигтэй ч өөр өөр үнийн дүнтэй. Гэмт этгээд таксигаар үйлчлүүлж, төлбөр 6000 төгрөг болоход "ГҮЙЛГЭЭ АМЖИЛТТАЙ 6000 төгрөг" гэсэн бичигтэй зургийг жолоочид харуулаад буужээ.
Үнэндээ жолооч руу 6000 төгрөг шилжүүлээгүй. Дэлгүүрээр үйлчлүүлж, "ГҮЙЛГЭЭ АМЖИЛТТАЙ 55000" гэсэн зургаа харуулах гэх мэтээр олон удаа залилангийн хэрэг үйлджээ.
БОДИТ ЖИШЭЭ 2
Пицца хат, Бургер кингийн хэрэглэгчдийг 300 орчим удаа залилсан хэрэг гарсан. Гэмт этгээдүүд эдгээр брэндийн аппликэйшнийг дуурайлган хийж, иргэдийг залилжээ. Иргэд цахимаар захиалга өгөхдөө тэдний хуурамч сайт руу орж, дансны мэдээллээ алдсан байна. Харамсалтай нь тэд зөвхөн хоол захиалсан мөнгөө алдаагүй.
Дансан дахь бүх мөнгөө алдсан. Гэмт хэрэгтнүүд Монгол улсын иргэд бөгөөд саатуулагдсан. Иймд цахимаар захиалга өгөхдөө холбоосыг шалгаж байхыг цагдаа нар анхааруулав.
БОДИТ ЖИШЭЭ 3
Говь-Алтай аймгаас БНХАУ-ын нэг иргэнийг баривчилжээ. Тэрээр зочид буудалд байрлаж, иргэдийн биометрик өгөгдлийг худалдан авч байсан. Иргэдэд "Түүхэн хүмүүсийн тухай анимэйшн кино хийнэ. Та нүүрнийхээ зургийг авхуулж, дуу хоолойгоо аудиогоор бичүүлбэл тантай ижил царайтай баатрыг кинонд дүр болгон бүтээнэ" гэж хуурчээ.
Та биометрик өгөгдлөө бусдад өгвөл таны дуу хоолойг ашиглан, таны таньдаг хүмүүс рүү аудио мессеж илгээх, мөнгө зээлэх, тэр байтугай та өөрөө ярьж буй мэтээр, бодит юм шиг видео бичлэгийг хиймэл оюуны тусламжтайгаар бүтээх боломжтой.
Телеграм ашиглан үйлдсэн залиланг малайз иргэд үйлдсэн болохыг тогтоожээ.
Цахим залилангийн 90 хувийг банкны данс ашиглан үйлддэг. Иймд та бусдад дансаа ашиглуулахдаа анхааралтай байх хэрэгтэй. Хэрэв та мөрийтэй тоглоомд дансаа ашиглуулбал таныг гэмт хэрэг хийсэнд тооцох хуулийн заалт бий. Гэмт хэрэгт ашигласан дансыг цагдаа, прокурорууд банкуудтай хамтран ажиллаж, идэвхгүй төлөв рүү шуурхай шилжүүлдэг болжээ.
Төгсгөлд нь онцлоход 25-42 хүртэл насны, дээд боловсролтой, цахим сүлжээг идэвхтэй ашигладаг иргэд цахим залилангийн хохирогч болох нь түгээмэл байна. Та залилангийн гэмт хэрэгтэй холбоотой мэдээллийг 5126566 дугаарын утсаар өгөөрэй.