"Тавь гаруй жил мэргэжилдээ үнэнч явж байна аа" гэж төгөлдөр хуурч Т.Цолмон яриагаа эхэллээ. Энэ хүнийг хэдхэн өдрийн өмнө төрийн тэргүүнээс ардын жүжигчин хэмээх эрхэм дээд шагнал гардан авсан уран бүтээлч гэхээсээ илүүтэй хүн зорилготой амьдарснаараа гайхамшгийг бүтээж болдгийн жишээг харахыг чухалчилсан юм. Долоон настай охин Хөгжим бүжгийн дунд сургуульд элсэн орж, зургаан жил суралцаад, Ленинград хотноо Хөгжмийн Их сургуульд дэвшин суралцсан байна. Зурагтын дэлгэцнээс анхлан том хар хөгжмийг харж, тэндээс гарах аялгууг сонссон монгол хүнд агуу их урлагийг ойлгуулж, мэдрүүлэх нь тэвчээр заах хөдөлмөрийн нэг юм гэдгийг залуухан хөгжимчин Т.Цолмон эрт мэдэрсэн аж. Тиймдээ ч Хөгжим бүжгийн дунд сургуулийн багш, Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдаач, хөгжим судлаач зэрэг олон ажлыг давхар үүрч иржээ.
"Харахад хүнээс хүч шаардахгүй, цэмцгэр мэт боловч төгөлдөр хуурчаас дотоод сэтгэлийн хэмжээлшгүй тэвчээр шаарддаг мэргэжил гэвэл та итгэх үү" гэж Т.Цолмон гуай надтай ярилцаж суухдаа асуусан юм. Тиймээс ч дэлхийд гайхуулдаг акулуудын дийлэнх хувийг эрэгтэй төгөлдөр хуурчид эзэлдэг. Харин манайд эсрэгээрээ, хүүхнүүд гол төлөв хаан хуурчын мэргэжил эзэмшсэн байх жишээтэй. Т.Цолмон багшийн шавь нараас дэлхийд өөрийгөө таниулж чадсан П.Саянцэцэг, монголын сонгодог урлагийг түүчээлэн авч яваа Б.Анар, Ц.Энхтөр, Н.Нарантунгалаг зэрэг чадварлаг хөгжимчид төрөн гарчээ. Т.Цолмон багшийг бичгийн их хүн Бямбын Рэнчингийн зээ охин гэдгийг олон хүн мэддэггүй. Тэр бүрий өөрийнхөө тухай бусдад яриад явдаггүй даруу зангийнх нь илрэл болов уу. Түүний ээж хүний гавьяат эмч олон түмэнд "нүдний" хэмээн хүндлэгддэг Нямаа, аав нь Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын сайдаар олон жил ажилласан Г.Туваан агсан юм.
Европ боловсролыг төгс эзэмшсэн эцэг эхийн нөлөөгөөр төгөлдөр хуурчийн мэргэжлээр эх орондоо анхны мэргэжилтэн болно, цаашлаад төрийн шагналыг мэргэжил нэгтнүүдээсээ түрүүлэн гардана гэж бодоогүй явсан болов уу. Турьхан биетэй энэ эмэгтэйн жижигхэн гар тавь шахам жил төгөлдөр хуурын товчлуур дээр бүжиглэхдээ ардын жүжигчин, Зууны манлай дуучин Х.Уртнасан, Г.Хавлааш, Ж.Баадайжав гээд дуурийн томчуудын хөгжимчнөөр ажиллажээ. “Гайхалтай шүү, миний хамтран ажилласан уран бүтээлчдийн ихэнх нь төрийн дээд шагнал авсан мундагууд байсан" гэж ярихдаа нүд нь гэрэлтэж байлаа. Мундагуудтай мундаг хүн гар нийлж байсны жишээ саяхан ардын жүжигчин цол хүртсэн нь нотолж байна даа гэж бодогдохоор. "Өнөөдөр Соёл урлагийн их сургуулийн маань хичээлийн хоёрдугаар байрны нээлтийн ёслол боллоо. Гоё шүү" гэсээр хүүхэд шиг хөөрчихсөн баглаа цэцэг тэвэрсээр орж ирэхэд нь уран бүтээлч хүний дэврүүн сэтгэл нас ахисан ч унтардаггүй, тиймдээ ч авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг үнэн юм байна хэмээн бичигч би бээр бодож суулаа.
"Сонгодог хөгжмийн хаан төгөлдөр хуурчийн мэргэжлийг монгол хүн эзэмшээд хагас зуун жил болсон ч дэлхийн бусад улс оронтой харьцуулахад манайд хөгжиж яваа шинэхэн урлаг хэвээр л байна. Тиймээ төгөлдөр хуурчдыг бага наснаас нь эхлэн бэлтгэхэд сургалтын арга барилдаа голлон анхаарч ирлээ. Соёл урлагийн их сургуульд дөрвөн жил суралцаад нэгээс хоёр хөгжимчин л төгсдөг. Мэргэжлийн онцлог юм даа" хэмээн Т.Цолмон багш ярьж байна.
М.Мөнхцэцэг