Очиж үзэхээсээ өмнө би боддог байлаа, тэнд монгол хэл мэддэг, монголоор ярьж чаддаг хүн байдаг болов уу гэж. Хүрэхээсээ өмнө би бэлдэж явлаа, Сайн байна уу-г казахаар "Саляметсыз ба" хэмээн хэлнэ гэж. Тэнд тусгаар улс бий болсон, очиход гадаад шиг л санагдана гэх мэт явган үгсийн төсөөлөлтэйгөөр давхиад хүрлээ.
Улаанбаатараас 1636 километрийн зайд орших Баян-Өлгий аймгийн Өлгий хот. 2025 оны арваннэгдүгээр сарын 20. Маргааш, арваннэгдүгээр сарын 21-нд Эзэн богд Чингис хааны мэндэлсний буюу “Монгол бахархлын өдөр” тохионо. Энэ өдрийг угтан Өлгий хотын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчид өнөөдөр үндэсний хувцсаараа гоёжээ.
Дөрвөн талтай малгай, дан даавуун тэрлэг, дотуур нь монгол цамц өмссөн хөвгүүд сургуулийн гадна
"Тэмүүжин нумын хөвчнөөс төрөөгүй юм
Тэмүүжин сумын зэвээс гараагүй юм” хэмээн уншиж байна.
Хөвгүүд хүйтнийг үл ажран дээлээ сугалдаргалжээ. Шүлгээ уншиж дуусаад “Ах аа, бид нарын зургийг дараад өгч болох уу” гэх нь аялгагүй. Өлгий хотоос хамгийн эхэнд ажигласан зүйл бол эндхийн хүмүүс зурагчны кадр, камерын бичлэгээс огтхон ч бишүүрхэж, дургүйцдэггүй аж. Хэнтэй, хаана ч таарсан хамгийн гоёор инээмсэглээд зургаа татуулж чаддаг юм байна. Тэдний амьдрал, ахуйг сониучирхан ирэх аялагч, зурагчдын дуранд хэдийнээ дасжээ.
Захаар нь орвол Улаанбаатарын Нарантуул, Харинхоринд худалддаг бүхэн л тэнд байна. Оймс, малгай, хивс, хивсэнцэр, хээ угалзтай цүнхнүүд...Эрчүүд мотоциклоор таксинд явна. Пургон, микроавтобусаар Сагсай, Улаанхус, Цэнгэл зэрэг сум руу хүн хүргэдэг тээвэр ч байна. Зах дүүрэн зохиолын дуу хангинаж, худалдагчид эхлээд казахаар ярих ч, монголоор асуухад, монголоор хариулах аж. Үргэлжлүүлэн “Хотоос явна уу, хэзээ ирээ вэ” гэхчлэн хөнгөн яриа өрнүүлнэ.
Харин одоо би бодож байна. “Хэн тэднийг надад огтоос өөр хүмүүс гээд ойлгуулчихсан билээ? Тооны машинтай худалдагч “Хэдээр авах вэ? гэж монголоор асуун үнэ тохирч байхад, сурагчид монгол хэлээр шүлэг уншиж байхад чухам хэнийг "гадаад" гэх вэ. Тэдний амьдралд Улаанбаатарын биднийхээс ялгаатай юу ч алга. Нийслэлээс 1636 километрийн алсад хүмүүс адилхан л амьдрах гэж хичээж, эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна.
Баян-Өлгий аймгийн нийт хүн амын 90 гаруй хувь нь казак, 10 орчим хувь нь урианхай, дөрвөд, тува, халх. Тэд бүгдээрээ Монголын төрд алба хаших эрхтэй, Монголын армид татагдах ёстой, Монголын боловсролын тогтолцоогоор сурдаг, Монголын хууль, эрх зүйд захирагдаж амьдардаг, Монгол Улсын иргэний үнэмлэхтэй хүмүүс. Шүтдэг шашин, ёс заншилд ялгаа бий ч бид нэг эх оронтой.