Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн пүрэв гарагт /2026.08.06/ Чингис хаан үндэсний музейд боллоо. Мөн өдөр тус музейн түр үзэсгэлэнгийн танхимд Д.Нацагдоржид холбогдох баримт материалууд болон Монголын зохиолчдын эвлэл, Архивын ерөнхий газар, Үндэсний номын сан, ШУА зэрэг байгууллагад хадгалагдаж буй их зохиолчийн хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийн үэзсгэлэнг нээлээ. Үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байх юм.

Д.Нацагдорж нь 1906 оны 11-р сарын 17-нд хуучнаар Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай хэмээх газарт хохь тайж Ц.Дашдоржийн гэрт мэндэлжээ.
Эрдэм шинжилгээний хуралд Монголоос гадна Их Британи, Франц, ОХУ, БНХАУ, Япон, Герман, АНУ-ын 20 орчим эрдэмтэн судлаачид оролцож, Д.Нацагдоржийн намтар судлал, эх бичиг, яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол текстологи, хэл бичиг, орчуулга судлал зэрэг олон талаас нь судлан туурвисан эрдэм судлалын ажлаа танилцуулан хэлэлцүүлэв.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор О.Шинэбаяр, Дашдоржийн Нацагдоржийн уран бүтээл, үзэл санаа, оюуны өв нь зөвхөн Монголын үндэсний соёлын үнэт өв бөгөөд өнөөдөр олон улсын Монгол судлалд харьцуулсан, зэрэгцүүлсэн, утга зохиол, хэл шинжлэл, орчуулга судлалын хүрээнд улам өргөн цар хүрээтэй судлагдаж байна. Энэ нь их зохиолчийн бүтээлийн мөнхийн үнэ цэн, дэлхий дахины шинжлэх ухааны анхаарал татсан ач холбогдлыг илэрхийлж байна.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн Нацагдорж судлалын үндэсний тэргүүлэх төв болон хөгжиж ирсэн баялаг уламжлалтай. Их зохиолч өөрөө 1931-1936 онд тухайн үеийн Судар бичгийн хүрээлэн, одоогийн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд ажиллаж, түүх, хэл шинжлэл, аман зохиол, толь зүй, сургалт судлалын чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүний гар бичмэл, архивын өвийн тодорхой хэсэг манай хүрээлэнгийн Дуун ухааны хэсэгт хадгалагдан, судалгааны хэрэглэгдэхүүн болж, Нацагдорж судлаач дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид энэхүү өвийг үзэж, сонирхсоор байгаа юм.
Нацагдорж судлалыг 1950-иад оноос эхлүүлсэн гэж үзвэл өнгөрсөн долоон арван жилийн хугацаанд Д.Нацагдорж судлалын чиглэлээр 30 гаруй ном, эрдэм шинжилгээний эмхэтгэл хэвлэгдсэн.

Европт У.Шекспир Английн орчин үеийн утга зохиолын хэлийг хөгжүүлсэн гэж үздэг бол Орос талдаа Пушкиныг нэрлэдэг. Монголын шинэ цагийн утга зохиолын хэлийг хөгжүүлэхэд уран зохиолын үгийн санг тэлснээрээ Д.Нацагдорж онцгой үүрэг гүйцэтгэсэн. Их зохиолчийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буй энэ өдөр бид түүний бүтээлүүдийг эргэн үнэлээд зогсохгүй, ирээдүйн судалгааны чиг хандлагыг тодорхойлох чухал цаг ирж байна.
Мөн гар бичмэл, архивын баримтуудыг бүрэн цахимжуулж, дижитал, тоон системд шилжүүлэх, академик бүрэн эхийг нь шинэчлэн хэвлэх, хиймэл оюунд суурилсан хэл бичгийн судалгааг хөгжүүлэх, залуу судлаачдыг дэмжих зэрэг зорилт бидний өмнө тавигдаж байна гэв.
Дунд сургуулийн Уран зохиолын хичээлд “хохь тайж Д.Нацагдорж” гэж заадаг байсан бол энэ цаг үед “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн” хэмээн тодорхойлж, Чингис хааны төдийгүй алтан ургийн хэлхээ холбоотойг тодруулан гаргаж байна гэж доктор О.Шинэбаяр онцлов.
МЗЭ-ийн Удирдах зөлөлийн дарга, доктор Б.Нямдорж, МЗЭ-ийн тулгын чулууг тавьсан хэдхэн хүний нэг Монгол ардын суут Д.Нацагдоржийн мэндэлсний түүхт ойн хүрээнд нийгэмд утга зохиол, урлагийн боловсролыг дээшлүүлэх, хүүхдэд зориулсан уран зохиолыг хөгжүүлэхэд анхаарал хандуулах зорилгоор МЗЭ-ээс анх удаа Хүүхдийн зохиолчдын улсын уралдааныг ССАЖЗЯ, Боловсролын яам, Боловсролын Ерөнхий газар зэрэг байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Мөн Гавьяат багш, Нацагдорж судлаач Ч.Жачинтай хамтарч, их зохиолчийн уран бүтээлийн сонгомол эхийг бэлтгэх ажил үргэлжилж байна. 60 жилийн ойгоор нь нээж байсан Д.Нацагдоржийн музейг сэргээн засварлахаар зураг төслийг хийсэн. Дэд бүтэцтэй холбоотой ажлыг НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж, энэхүү музейг хоёр дахь жаранд нь ашиглалтад оруулахаар зорин ажиллаж буйгаа дуулгав.
Эрдэм шинжилгээний хурал дотоод, гадаадын эрдэмтэд 40 гаруй илтгэл хэлэлцүүллээ.
Ж.БАТ-ИРЭЭДҮЙ: Д.НАЦАГДОРЖ ХЭРЭВ СУРГУУЛЬД СУРСАН БОЛ НАМТАРТАА БИЧИХ ЁСТОЙ

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлээнгийн Хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Доктор, профессор Ж.Бат-Ирээдүй “Дашдоржийн Нацагдоржийн намтрын нэгэн гар бичмэл” сэдэвт илтгэл тавилаа.
Тэрбээр, Их зохиолчийн гар бичмэлүүд ХБНГУ-ын Улсын номын санд хадгалагдаж байна. Би 2003-2004 онд Лайпцигийн их сургуульд, 2015-2015 онд Боннын их сургуульд зочин багшаар ажиллахдаа гурван зүйл олсон. Тэрний нэг нь, Д.Нацагдоржийн бүтээсэн Герман-Монгол толь бичиг. Нөгөөх нь, шуудангийн ил захидал. 1927 оны 12 сарын 15-нд Нацагдоржоос Ишдоржид бичсэн уг захидлаас маш олон мэдээлэл гаргаж болно. Гурав дахь нь, 2024 оны 11-р сарын 23-нд Лайпциг хотноо болсон Монгол-Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал Боннын их сургуульд болсон.
Энэ хуралд Боннын их сургуулийн аспирант Лаура гэж эмэгтэй Берлиний Төв номын санд хадгалагдаж буй Нацагдоржийн гар бичмэлийн талаар мэдээлсэн юм. “Нацагдоржийн гар бичмэл Германы архивт байна” гэсэн мэдээг би эндээс анх авсан. 1926-1929 онд Д.Нацагдорж Германд сурсан боловч түүнд өөрийн гэсэн архив байдаггүй. Үүнийг Монголын болон Германы эрдэмтэд баталж хэлдэг юм. Германы нэрт монголч эрдэмтэн Эрих Хэнишийн 15 хайрцаг архивын материалын 4-р хайрцгаас Д.Нацагдоржийн гар бичмэл гарч ирсэн.
Нацагдорж судлал дотроо түүний намтар судлал онцгой. Эрих Хэниш /Erich Haenisch/ 1880 онд төрж, 1966 онд нас баржээ. Тэр ХХ зууны эхэн хагасын Германы нэрт Монгол, хятад, манж судлаач, ялангуяа “Монголын нууц товчоо” судлалд ихийг хийсэн. “Монголын нууц товчоо”-г шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, латин үсгээр галиглан, герман хэлнээ анх удаа орчуулан хэвлүүлсэн эрдэмтэн.
Хэниш Берлиний их сургууль, Хюмболдтын их сургууль, Лайпцигийн их сургуулиудад багшилж байсан. Хятад судлаач, монгол, манж судлаач хүн. Түүний 15 хайрцаг архивт “Монголын нууц товчоо” болон манж судлал, толь бичиг судлалтай холбоотой асар их материал байна. Хятад, герман хэлтэй, монгол бичгээр уншдаг бол тэр материалуудыг судалгааны эргэлтэд оруулах боломжтой юм.
Эрих Хэниш Нацагдоржийн намтрыг өөрөөр нь бичүүлээд, хүлээн авч “Нацагдоржийн сурлага, мэдлэгийн байдал. Лайпциг хот, 1928 оны 10 сар” гэж хаяглан хадгалсан байна.
Энэ бол орчин үеийн хэллэгээр бол CV. Нацагдорж судлаач Ч.Жачин багш “Нацагдоржийн намтрыг энд тэнд хүмүүсийн бичсэн мэдээллээс олж авсан байдаг. Өөрийнхөө гараар бичсэн намтар огт байдаггүй” гэж хэлсэн.

Берлиний номын сангийн дүрмээр бол энэ материалыг “Бусдад тарааж, дамжуулж болохгүй. Зөвхөн зөвшөөрөл авсан хүн өөрөө үзүүлэх ёстой” гэсэн учир би энэхүү захидлыг та бүгдэд үзүүлж байна гэв.
Д.НАЦАГДОРЖИЙН ӨӨРӨӨ БИЧСЭН НАМТАР
Намтрыг монгол бичгээр гаргагдахуйц нямбайлан бичсэн ба намтарт, “Анх найман насанд нэгэн энгийн багшаар монгол бичгийг эхлэн заалгаж нэгэн жил илүү болсон. Дараа нь 10 наснаас 12 насан хүртэл мөн нэгэн энгийн багшаар монгол бичиг заалгаж, унших, бичих ба үсгийн дүрэм зэргийг үзсэн. Энэ завсар бас нэгэн энгийн багшаар манж бичиг бага заалгаж байсан. 13 наснаас 16 нас хүртэл албан газрын дотор Багачуудыг бичигт сайжруулах ба ёс журам лугаа танилцуулан боловсруулахын тулд байдаг сурагч, бичээчид явсан ба үүнд үзсэн нь: Монгол бичиг зөв бичих, ба найруулан зохиох, бас Монголын байгуулалт ба захиргааны учир, дараа 17 наснаас 19 насан хүртэл нэг хоёр албаны газар бичгийн алба хаасан бөгөөд мөн энэ үе нэгэн сонин бичгийн туслагч явсан.
Энэ завсар залуу хүмүүсийг урагш дэвшүүлэхийн тулд Судар бичгийн хүрээлэнгийн газар эрдэмтэн Жамсрановоор багшлуулсан гурван сарын хугацаатай бичгийн курст явсан. Үүнд үндэслэн /Монголын түүх, гадаад олон улсын байдал ба соёл, боловсрол хэрхэн дэлгэрсэн учир дэлхийн байдал/
Эрдэмтэн Жамсрановын дэргэд удаа дараа байсан бөгөөд үүнд үндэслэн Оросыг бага сага сурсан. Монгол бичиг, түүх, соёл хэрхэн дэлгэрсэн түүх, хуучин Египт ба соёл, таван тивийн нийтийн байдал, аж ахуй, тоо бодлого бага сага.

Ардыг гэгээрүүлэх газар. Гадаад олон улсын байдал ба эрдэм боловсрол, аж ахуйн тухай илтгэлүүд, жүжиг бүжиг байгуулахын тухай оролдого, мөн жүжиг бүжгийн үлгэр зохиох, найруулах, сүүлийн нэгэн жил Ленинград хотноо нэгэн бэлтгэн боловсруулах институт байсан бөгөөд үүнд үзсэн нь: Орос хэл, улс төр, аж ахуйн географ, физик химийн зүйл, ургамал, чулууны зүйл, математик.
Чингээд ноднин өвөл Берлин хотноо ирсэн бөгөөд анхан хоёр сар энгийн багшаар хэл заалгаж байгаад Берлиний университетийн дэргэд бүхий гадаад хүмүүст дойчи хэл сургах институтэд дөрвөн сар, хоёр курс байгаад Лайпцигт ирсэн болой. 1928 оны 10-р сарын 26-наа. Лайпциг хотноо” гэжээ.

Энэ бол Д.Нацагдорж хэнээр юу заалгасан, юу сурсан мэдсэнээ өөрийн гараар бичсэн 100 жилийн тэртээх гайхамшигтай баримт. 1914 оноос буюу найман наснаасаа 1928 он буюу 22 нас хүртлээ юу юу сурч мэдсэнээ тоочиж бичсэн, орчин үеийн хэллэгээр бол CV юм.
Д.Нацагдоржийн түүх маш сонирхолтой. Германд очоод улсын их сургуульд сурах гэсэн боловч Монгол Улсын боловсролын гэрчилгээ шаардлагатай. Албан ёсны сургууль төгсөөгүйн учир сурах боломжгүй болсон тухай баримтууд олон байдаг. Энэ намтраас үзэхэд Д.Нацагдорж албан ёсны сургуульд суралцаагүй, эрдэм номтой хувь хүмүүсээр бичиг үсэг, ном заалгасан нь харагдаж байна. Хэрвээ сургуульд сурсансан бол Д.Нацагдорж гар бичмэлдээ бичих ёстой гэж доктор Ж.Бат-Ирээдүй ярив.
Мөн энэхүү баримтыг Д.Нацагдоржийн намтар судлаачдын бүтээлүүдтэй харьцуулж үзвэл маш сонирхолтой. Б.Содном, С.Лочин, Д.Цэдэв зэрэг Д.Нацагдоржийн намтрыг нарийн судалсан судлаачдын бүтээлд зарим он цаг нь зөрүүтэй байдаг. Энэхүү гар бичмэл нь Д.Нацагдоржийн боловсрол, эрдэм сурсан тухай үнэн мэдээллийг дамжуулахаас гадна түүний боловсрол гэрийн боловсрол, хувь хүний сурган хүмүүжилтэй холбоотой болохыг илтгэнэ. Нөгөө талаас түүний намтарт сургуульд сурсан гэж бичдэг. Энэ хүн 22 нас хүртлээ лав ямар нэг албан ёсны сургуульд сураагүй байна. Харин хашиж байсан ажил албын талаар тодорхой бичээгүй байна.
Монголч эрдэмтэн Эрих Хэниш Д.Нацагдоржийн юу мэддэг, юу хийж чаддагийг мэдэхийн тулд энэхүү намтрыг бичүүлж авсан байж болох талтай.
Д.НАЦАГДОРЖИЙН ШҮЛГҮҮД АНТРОПОЛОГИЙН СУДАЛГААНД ИХ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙНА

Их Британийн Гэгээн Эндрюсийн их сургуулийн доктор, профессор Ричард Ирвайн “Нүүдэлчдийн ёс зүй ба Д.Нацагдоржийн яруу найраг” илтгэлдээ,
Хүний амьдрал байгалийн үзэгдэл, байгалийн цагийн жамаар явдаг. Антропологийн судалгаа хийхэд Д.Нацагдоржийн шүлгүүд маш их хувь нэмэр оруулж байна. Түүний шүлгүүдээс хүн ба хүрээлэн буй орчны харилцаа, зочломтгой байдал, хөдөлгөөн ба ёс зүйн үнэт зүйлс зэргийг харж болно.
Тухайлбал, Монгол уран зохиолын сор болсон “Дөрвөн цаг” шүлгийн “Хавар” хэсгээс:
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний ногоо соёолоход морь мал ханагар
Холхи наран ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэдэнэ
Хөхөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана...
Энэ хэсэгт хүний амьдралын хөдөлгөөн хэмнэл, цаг хугацааны эргэлтийн тухай, бүх зүйл дөрвөн цагийн эргэлтэд байгалийн жамаар, зохист дараалалтайгаар байгалийн цагийн зүүний жамаар явдгийг шүлгийн өгүүлэмжээс харж болно.
Экологийн түүх бол олон улсад антропологи судлалд гарч ирж буй нэр томъёо. Дэлхийд Нацагдоржийн шүлэг, яруу найргууд байгаль цаг уур, тухайн нийгмийг судлахад хариулт өгч байдаг гээд мөн түүний “Биеийн тамир” шүлгийг тухайн нийгмийн хөгжил, шинэ үеийн залуусын чиг хандлага, ёс зүйн талаас нь задлан тайлбарлав.
Я.ГАНБААТАР: ГЕРМАН ЭРДЭМТЭН ЭРИХ ХЭНИШ МОНГОЛД ИРЭХЭД ШАВЬ Д.НАЦАГДОРЖ НЬ БИШ, Б.РИНЧЕН ГУАЙ ХАМТ ЯВЖ, ҮЙЛЧИЛСЭН НЬ СОНИРХОЛТОЙ
Орчуулагч, Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатар “Нацагдоржийн намтрын хуудсыг тодотгох нь” сэдвээр илтгэв.
Тэрбээр, Гурван өөр цаг үед би Нацагдорж судлал руу орж, юм бичиж хавсарга маягаар судлах шаардлага гарсан. Товчлон дурдъя. 1-рх нь, 1998-2001 онд би Берлиний Хюмболдтын их сургуулийн Ази, Африкийн институтэд Монгол судлалын тэнхимд багшилж байхдаа эхний судалгааг хийсэн.
Монголч эрдэмтэн, профессор Уто Шёне надад ”Нацагдоржийн тухай манай их сургуулийн архивт материал байдаг шүү. Тэрийг үзээрэй” гэж зөвлөгөө өгсөн, үзлээ. Уто Шёне багш Монголч эрдэмтдийн 7-р их хуралд “Нацагдоржийн Герман сурч байх үеийн амьдрал” сэдвээр илтгэл тавьсан хүн л дээ.
Сергей Вольф гэж 1926-1930-аад онд Монголын 40 шахам хүүхэд суралцаж байх үед хариуцан ажиллаж байсан Герман талын багш, сурлага соёл, амьдрал ахуй бүх асуудлыг хариуцаж байсан хүний дурсамж дурдатгалыг номын сангаас олж үзэж, монгол хэлнээ орчуулж, нэрт яруу найрагч О.Дашбалбарын эрхлэн гаргаж байсан “Зохист аялгуу” сонинд “Их Нацагийг эргэн дурсахуй” нэртэй анхны нийтлэлээ 2000 оны үед хэвлүүлсэн юм. Вольф 1964 онд урилгаар Монголд айлчилан. Монголд айлчлаад буцаж очоод энэ дурсамжаа бичсэн байдаг. Тэр дурсамж нь Бонны их сургуулийн “Төв Азийн судлал” сэтгүүлийн 1971 оны дугаарт нийтлэгдсэн.
2 дахь нь, 2006 онд Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойгоор Бээжингийн их сургуулийн Монгол судлалын тэнхимээс олон улсын ЭШХ зохион байгуулсан. Би Бээжин хот дахь ЭСЯ-д ажиллаж байхдаа оролцож, “Нацагдоржийн өгүүллэгүүд Яруу өгүүллэг болох нь” сэдвээр илтгэл тавьсан. Хятадаар “фу”, манайхаар бол “үргэлжилсэн үгийн яруу найраг” гэж Б.Лхагвасүрэн гуай хэлсэн. Би бол яруу орчуулга гэвэл яасан юм бэ гэсэн нэр томъёог гаргаж, илтгэлээ хэлэлцүүлж байсан юм.
Их зохиолчийн “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэгийг үргэлжилсэн үгийн зохиол гэх үү, яруу найраг гэх үү. Энэ хоёр төрөлд шилжүүлж болдог гайхалтай бүтээлээс жишээ татвал,
...Хөдөө талын үзэсгэлэн мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан давхих уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдний нулимс гялтганан холын барааг харж ядна... Сүлжилдэн давхилдах хөдөөгийн хүмүүсийн цэнгэл нь миний сэтгэлийг даруй бахдуулж, Санбэйсийн морины сайхан нь миний дурыг хөвсөлзүүлэн хөдөлгөнө...” энэ хэсгийг шүлгийн хэлбэрт оруулан хайрцаглаж болно гэв.

3 дахь нь, Монгол судлалд Нацагдоржийн оруулсан хувь нэмрийн тухай. 1926-1929 онд Германд суралцсан үеийн талаар нэлээд судлагдсан. Эндээс Эрих Хэништэй холбогдсон тухай тодруулах юм.
“Монголын нууц товчоо” хамгийн анх XIV зуунд хятад хэлнээ орчуулагдсан. 2 дахь нь XIX зуунд 1866 онд орос хэлнээ, 3 дахь нь 1907 онд япон хэлнээ, дөрөв дэх нь герман хэлнээ орчуулагдсан. Үүнийг Германы нэрт эрдэмтэн, профессор Эрих Хэниш хийсэн юм. Үүгээрээ монгол судлалд гайхамшигтай хувь нэмэр оруулсан. Энэ хүн 1920-1930-аад онд Лайпцигийн их сургуульд багшилж байх үед Нацагдорж сурч байсан.
“1926 оны 9-р сараас 1929 оны хавар хүртэл монгол сурагчдын ахлах багш Ишдоржийн хүсэлтээр Европ зүгийн эрдэм шинжилгээний арга барил олж авах зорилгоор Лайпцигийн их сургуулийн профессор, нэрт дорно дахинч, хятадч, монголч Эрих Хэнишийн хичээлд суух зөвшөөрөл олж авсан төдийгүй монгол хэл бичиг, утга зохиолын мэдлэгээрээ профессор Эрих Хэниш хариу туслан зүтгэх болсон байна” гэж Профессор Уто Шёне дурдсан байдаг.
Шинэ үеийн сэхээтнүүдийг бэлдэх монгол төрийн бодлого явагдаж байсныг энэ баримт гэрчилнэ. Лайпцигийн их сургуульд Эрих Хэнишийн хичээлд суух зөвшөөрөл авснаас эхлэн би Нацагдоржийг судлах биш, нөгөө талаас нь буюу Эрих Хэнишийг судалсан. Эрих Хэнишийн удирдлагаар Германд Монгол судлал эрчимтэй хөгжсөн юм.
Зарим хүний бичсэнээр Эрих Хэнишийн судалгаа их бүтэмжтэй, хурдтай явсан он жилүүдийг харахад Нацагдоржтой багш, шавийн барилдлагатай байсан он жилүүд таардаг.
Зарим хүний бичсэнээр Эрих Хэнишийн судалгаа их бүтэмжтэй, хурдтай явсан он жилүүдийг харахад Нацагдоржтой багш, шавийн барилдлагатай байсан он жилүүд таардаг. Тэгээд ч Нацагдорж бол Германы Монгол судлалын төвд ажилласан анхны монгол хүн мөн. Тэндээс монгол хүн өрнө зүгийн орчин үеийн шинжлэх ухааны судлалын онол арга зүйд суралцсан түүх эхэлнэ.
Хэниш 1935 онд Улаанбаатарт ирсэн. Монгол сурагчид татагдан ирснээс хойш нэг жилийн дараа ирсэн. Тэр үедээ “Монголын нууц товчоо” судлалын гол гол бүтээлүүдээ гаргаад эхэлсэн байсан. 1931 онд дэлхийд хамгийн анх МНТ-г латинаар галигласан нь түүний гайхамшигтай гавьяа. Энэ ажилд Нацагдоржийн оролцоо байсан болов уу.
1935 онд Монголд ирэхэд нь Бямбын Ринчен гуай Хэнтий рүү Чингис хааны төрсөн нутаг руу хамт явах зэргээр үйлчилсэн байдаг. Энд Нацагдоржийн нэр гарахгүй байгаа нь гайхалтай санагддаг.
Нацагийг Германд сурах тэр үед Хятадын оюутнууд мөн суралцаж байсан. Яо Цун-Ү нь ХХ зууны эхэн хагасын Хятадын Монгол судлалын нэрт эрдэмтэн бөгөөд Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн түүх, тухайлан Хүннүгийн түүх, Монголын түүх, Хятад-Өрнийн харилцааны түүхийг судлан, олон бүтээл гаргасан хүн. Эрдэмтэн Яо Цүн-Ү мөн Эрих Хэнишийн дэргэд орчин үеийн шинжлэх ухааны онол арга зүйд суралцаж байсан. Тиймээс Хятадын архивт сууж эх сурвалжуудтай танилцах хэрэгтэй байх. Тэр үед “Эрих Хэнишийн семинар” мундаг хичээл байсан. Энэ профессор том эрдэмтдийг төрүүлсэн. Тэр семинарт Д.Нацагдорж, Яо Цүн-Ү нар цуг сууж байсан юм биш биз? гэсэн таамаг байна.

Сонирхолтой нь, Эрих Хэниш монгол хэл заалгаж байсан бололтой. Нөгөө талаас Яо Цүн- Ү мөн монгол хэл үзэж байсан. 3-рт Нацагдорж өөрөө хятад хэлтэй байсан гэдэг. Гэхдээ 20 настайдаа Орос, Герман руу явсан хүн хаахна нь хятад хэд сурсан юм бол?, энэ эрдэмтэд харилцан бие биедээ зааж байсан юм биш байгаа гэсэн таамаг гарч байна л даа.
...1929 онд Д.Нацагдоржийг мөн сургуульд нь Монголын эртний түүх, хэл судлах эрдэмтэн бэлтгэх ангид 4-5 жил үргэлжлүүлэн сургах тухай Гэгээрлийн яамны бичиг Германд байсан монгол сурагчдын захирал Ишдоржид очсон. Харамсалтай нь цаг үеийн байдлаас болоод монгол сурагчдыг бүгдийг нь эргүүлэн татсан. Эргэж ирээд 1931 оны 1-р сараас Судар бичгийн хүрээлэнгийн хэлний тасагт ажилласан. Түүхийн ба Дуун ухааны тасгийн эрхлэгчээр хавсран ажилласан. Эртний түүх, төв Азийн түүхийн хичээл зааж байсан.
Эцэст нь, “Д.Нацагдорж судлал” шинэ шатанд гарах цаг үе эхэллээ. Монголоос гарч, олон улсын шинжтэй болох цаг үеийн эхлэл болж буйг хуралд оролцсон эрдэмтэд онцлон хэлж байна. Яагаад гэвэл энэ хүн Орос, Герман улсад суралцсан, хятад хэлтэй хүн байсан. Тиймээс энэ улсуудыг хамарч судалгааны ажлыг үргэлжлүүлэх ёстой хэмээн шинэ залуу судлаачдад мөшгин судлах сэжүүрүүдийг гарган өгч байна.