Ж.Майзориг — Хуульч (LL.M., Чикагогийн Их Сургууль)
2026 оны 6 дугаар сарын 30-нд Засгийн газар Оюу толгойн шинэ хэлэлцээрийн үр дүнг зарлалаа. Төлж байсан зээлийн хүү буурч, зарим төрлийн төлбөр хасагдаж, олон жил яригдсан ногдол ашгийн хугацаа 2037 оноос 2026 он руу ойртов. Маргааш нь ажлын хэсгийн сайд нар олон нийтийн өмнө гарч, үр дүнгээ нэг бүрчлэн тайлагнав.
Хөрш оронд халуун, хүйтэн дайн, худалдааны хориг, дэлхий даяар геополитикийн тогтворгүй байдал. Дотооддоо эрчим хүчний доголдол, огцом өссөн махны үнэ, их наядаар хэмжигдэх авлигын дуулиан, дотроо хуваагдсан эрх баригч нам, итгэл нь унасан хөрөнгө оруулагчид, нуруугаа авхуулсан бизнес эрхлэгчид. Өрсөлдөх чадвараар 70 улсаас сүүлээсээ гуравт. Энэ бүхэн нэг дор давхацсан үед хэлэлцээрийг дуусгаж, Монголд ашигтай нөхцөл тохирсон нь яах аргагүй амжилт мөн.
Мэдэгдэл гарахаас долоо хоногийн өмнө АНУ-ын Элчин сайд эдийн засгийн либералчлал удаашралтай байгаад сэтгэл дундуур байгаагаа ил хэлээд байсныг ч дурдах нь зүйтэй. Яг тэр мөчид улсын хамгийн том хөрөнгө оруулагчтай, хамгийн том төслөө гацаахгүйгээр, өөрт ашигтай нөхцөлөөр тохирч чадлаа гэдэг нь хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, олон нийт гээд бүх талд эерэг дохио байх ёстой байлаа.
Гэтэл олон нийт хэлэлцээрийн үр дүнд тэс өөр дүн тавив. Засгийн газрын мэдээлэл дуусахтай зэрэгцэн “Рио Тинто дахиад л мад тавьжээ” гэсэн дүгнэлт нийгмийн сүлжээг эзэлж эхлэв. Тэр өдөртөө мэдээний үндсэн сайтад “Хэлэлцээрийн поп танилцуулгын цаана” гэсэн гарчигтай шүүмж гарлаа.

Оюу толгойд шүүмжлэлтэй ханддаг иргэний хөдөлгөөнийхөн албан ёсны бүтцээ бүртгүүлж, ажиллагаагаа идэвхжүүлж буйгаа зарлав. Удалгүй Ардчилсан нам ч шүүмжлэл, хардлага дагуулсан мэдэгдэл хийв. Энэ бүхний цаана хамгийн их яригдсан зүйл нь хэлэлцээрээр юуг шийдсэн тухай биш, харин талууд энэ шийдэлд яаж хүрсэн байж болох тухай хардлага байлаа.
Засгийн газар Онтрэгийн асуудлаар амлалт өгч байж энэ тохиролцоог авчээ гэж олон нийт хардав. Үүнийг батлах мэт Риогийн албан мэдэгдэлд хүүгийн тохиролцоотой зэрэгцээд Онтрэгийн лицензийн талбайтай холбоотой асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхээр хамтран ажиллана гэж дурдагджээ.
Ийнхүү урьдчилан зарласан “сайн мэдээ” олон нийтээр алга ташуулж чадсангүй. Эцэст нь ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд даруухан гэмээр ярилцлага өгөхөд хүрэв. Тэр ярилцлагын гол зорилго нь үр дүнгээ магтахад бус, харин талуудын хооронд далд тохиролцоо, тэр дундаа Засгийн газрын зүгээс Онтрэгийн талаар өгсөн амлалт огт байхгүй гэдгийг батлахад оршиж байлаа.
Ирэх саруудад амласан ёсоор хэлэлцээр үргэлжилж, ногдол ашгийн тохиролцоо хийгдэж тодорхой дүн тохирсон ч олон нийтийн сэтгэл дундуур байдал арилах шинжгүй байна. Тэгэхээр ганц асуулт үлдэнэ. Хэлэлцээрийн сайн үр дүнг олон нийт яагаад ялалт гэж хүлээж авахгүй байна вэ?
Хариулт өгөөжийн хувь хэмжээ, тооцоололтой огт хамаагүй. Учир нь олон нийт тоог биш, тоглоомыг мэдэрч байна. Монгол, Рио хоёр хэлэлцээр хэмээх тоглоомын нэг ширээнд сууж байна. Өчигдөр сууж байсан, өнөөдөр ч сууж байгаа, маргааш ч сууна. Энэ тоглоом нэг удаагийнх биш, дуусашгүй тоглоом юм.
Тиймээс өнөөдрийн «ялалт»-ыг сонсоод олон нийт баярлахын оронд «сая юу болоод өнгөрөв», «дараа нь юу болох бол» гэж эргэлзэж байгаа юм.

Хэлэлцээрийн ширээнд хэн сууж байна вэ?
Өнгөц харвал хэлэлцээрийн ширээнд хоёрхон тоглогч сууж байгаа мэт. Нэг талд Монгол Улсыг төлөөлж Засгийн газар, нөгөө талд Рио Тинто хэмээх олон улсын уул уурхайн аварга тоглогч. Гэтэл анхаарч харвал ширээний эргэн тойронд бидний хардгаас хавьгүй олон тоглогч сууж, тэдгээрийн хооронд хэд хэдэн тоглолт зэрэг өрнөж байна. Тоглогч бүр өөр өөрийн ашиг сонирхолтой, бас зорилготой.
Монголын талаас эхэлье. Засгийн газар бол хуулиар олгогдсон гүйцэтгэх дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч, хэлэлцээрийн албан ёсны тал.
Харин түүнийг төлөөлж ширээний ард сууж буй улс төрчид өөрсдөө тусдаа тоглогчид. Тэдний хувьд улс орныхоо эрх ашгийг хамгаалж Засгийн газрын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа нь үнэн боловч, “олон жилийн алдааг зассан гавьяатан” гэдгээр түүхэнд нэрээ үлдээх хувийн тоглолт зэрэг тоглож байгаа.
Онолын хувьд ийм хэмжээний мөнгө хөдөлж буй хэлэлцээрээс хувийн ашиг хонжоо хайх мэр сэр тоглогч гарахыг ч үгүйсгэхгүй. Яг л энэ ширээнд өмнө нь сууж байсан нэр бүхий улс төрчдийг харддаг шиг.
Гурав дахь тоглогч бол олон нийт. Хэлэлцээрийн ширээний ард суудаггүй ч нийгмийн сүлжээгээр дуу хоолойгоо өргөж, Засгийн газар, улс төрчдийг тасралтгүй шахдаг, итгэл үнэмшилдээ үндэслэн улс төрч, улс төрийн намд сонгуулиар дүн тавих асар их эрх мэдэлтэй хүчин.
Засгийн газар хоёр тоглолт зэрэг хийж байна: Рио Тинтотой болон олон нийт буюу өөрийн иргэдтэй. Энэ төрлийн тоглоомыг улс төр судлаач Роберт Патнэм “хоёр түвшинт тоглоом” гэж нэрлэсэн байдаг. Түүний тодорхойлсноор олон улсын гэрээ гадаадад болон дотооддоо зэрэг хүлээн зөвшөөрөгдөж байж жинхэнэ утгаараа амьдардаг.
Засгийн газар хэлэлцээрийн нөхцөлийг гадна талдаа тохирсон нь гадаад ялалт боловч уг тохиролцоог дотооддоо буюу олон нийтээр хүлээн зөвшөөрүүлж чадаагүй нь ялагдал юм.
Ялагдал олон шалтгаантай байж болно. Тухайлбал, өмнө нь Оюу толгойн хэлэлцээр бүрийг ялалт хэмээн зарлаж, дараа нь алдаа хэмээн буруутгаж ирсэн түүхэн давтамж. Эсхүл ажил хийсэн хүнийг шүүмжилж харлуулдаг муухай зан. Бүр цаашилбал, биднийг гуравдагч хөршөөс холдуулах гадны явуулга. Гэвч өнөөдрийн ялагдлын гол шалтгаан эдгээрээс хамаагүй энгийн зүйлд оршиж байна.
Энэ нь итгэлтэй холбоотой. Энэ нь төрд итгэх иргэдийн итгэл алдарсантай холбоотой юм.

Аль ч ардчилсан оронд олон нийт төрийн шийдвэрт эргэлзэж шүүмжлэх нь хэвийн үзэгдэл. Гэвч тайлан мэдээн дээрх эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд мэдрэгдэхгүй, дээр нь төгрөг үнэгүйдэж, дундаж анги аажмаар агшиж байгаа зэрэг нь эргэлзээ, шүүмжлэлийг улам дэвэргэж байна.
Цаашилбал, хэдхэн сарын өмнө улс төрчид маань бие биеэ хүнд гэмт хэрэгт буруутгаж, их наядаар тоологдох авлигын хэргээ уудлалцсан нь мэдээлэлд дурдсан хувь улс төрч гэхээс илүү төрд итгэх иргэдийн итгэлийг илтэд сулруулсан. Системийн түвшинд авлигын асуудлыг шийдээгүй, өөрсдийнх нь хэлдгээр “хулгайч” нартайгаа нэг ширээнд тохой залган сууж буй улс төрчид хэлэлцээрийн ширээний ард тоглож байхад тэдний зарласан “сайн үр дүн” олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй.
Энэхүү үл итгэлцэл Засгийн газар болон манай улс төрч нараар хязгаарлагдахгүй байгаа нь хэлэлцээрийн үр дүнгийн хүлээн зөвшөөрөгдөх чадамжийг улам ч бүрхэг болгож байна. Учир нь хэлэлцээрийн ширээний нөгөө талд суугаа тоглогч ч энэ хэлэлцээрт цэвэр нэртэй уригдаж ирээгүй.
Дубайн гэрээ, төсвийн хэтрэлт, нэр бүхий улс төрч нартай холбоотой албан тушаалын хэргийн сэжим, зөвлөхүүдийнх нь үлээсэн шүгэл гээд олон олон асуудал Риотой холбоотой яригддаг. Дан манай улсаар зогсохгүй Рио нь 2020 онд Австралид уугуул иргэдийн 46 мянган жилийн түүхтэй тахилгат агуйг дэлбэлж, дэлхий нийтийн шүүмжлэлд өртөн гүйцэтгэх захирлаа огцруулж байлаа.
2023 онд Гвинейн төсөлтэй холбоотой зөвлөхөд төлсөн 10 сая долларын асуудлаар АНУ-ын Үнэт цаасны хороотой торгууль төлж эвлэрч байсан зэрэг олон эргэлзээтэй асуудалд Риогийн нэр холбогддог. Хэдийгээр Риогийн ихэнх үйлдэл шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдоогүй боловч олон нийтэд энэ нь төдийлэн чухал биш.
Энэ ч утгаараа олон нийтийн нүдээр хэлэлцээрийн ширээний хоёр талд хоёулаа итгэл даахуйц гэдгээ нотолж чадаагүй хоёр тоглогч сууж байна. Ийм нөхцөлд хэний ч амнаас гарсан «бидэнд итгээрэй» гэсэн үг утга учиргүй, хий хоосон сонсогдоно.
Одоо хэлэлцээрийн ширээний нөгөө талыг харцгаая. Рио Тинто бол зуу гаруй жилийн түүхтэй, дэлхийн өнцөг булан бүрд уурхай ажиллуулдаг аварга том компани. Гэхдээ энэ тоглоомд түүнийг тодорхойлж байгаа хамгийн чухал шинж нь түүний хэмжээ биш, харин сууж буй хэлэлцээрийн ширээнийх нь тоо юм.

Монголд Рио хэлэлцээрийн нэг ширээнд суудаг. Гэтэл яг энэ мөчид Гвинейд, Чилид, Перуд, Сербид, АНУ-д өөр өөр засгийн газруудтай өөр өөр хэлэлцээрийн ширээнд бас сууж байдаг. Тэр бүх тоглогчид Улаанбаатарт юу болж байгааг ажиглаж байгаа. Зүгээр сонирхож биш, шууд харьцуулан харж байгаа.
Симандугийн уурхайн 15 хувийг эзэмшдэг Гвинейн Засгийн газар Монголын үр дүнг өөрийн хэлэлцээртээ хэрхэн ашиглахаа, Риотой хамтарсан хоёр төсөлтэй Чилийн төрийн Коделко Монголын жишгийг хэрхэн хөшүүрэг болгохоо аль хэдийн тооцоолж эхэлсэн. Монголд өгсөн буулт бүр маргааш өөр нийслэлд “Монголд болсон юм чинь бидэнд яагаад болохгүй гэж” гэсэн шаардлага болж эргэж ирнэ.
Тиймээс Риогийн хувьд Монголд өгч буй буулт нь зөвхөн энд өгч буй буулт биш, харин дэлхийн бүх ширээнд ирээдүйд нэгэн зэрэг төлөх өртөг юм. Үүн дээр түүний дотоод хэлэлцээрийн ширээнүүд нэмэгдэнэ. Рио өөрийн хувьцаа эзэмшигчид, зээлдүүлэгчтэй байнгын хэлэлцээр хийж байгаа.
Түүний нийтлэх мэдээ, тайлан тэдгээр хэлэлцээрт шууд нөлөөлдөг. Иймээс Риогийн удирдлага аль нэг тохиролцоо, хэлэлцээрийн үр дүн албан ёсны тайланд нь “алдагдал” гэж бичигдэхээс болгоомжилдог. Хамгийн чухал нь энэ компанийн үнэ цэнэ, үнэлгээ, ирээдүйд зээлжих боломж зэрэг нь түүний хувьцааны үнээр олон улсын томоохон биржүүдэд бодит цаг дээр тодорхойлогдож байдаг.
Хувьцаа эзэмшигчдэд хүрсэн ганц сөрөг мэдээ компанийн бодит цагийн үнэ цэнэд шууд тусгалаа олдог. Рио бол 150 орчим тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй компани тул хувьцааны ханшийн ганцхан хувийн хөдөлгөөн нь 1.5 тэрбум доллараар яригдана.
Одоо 6 дугаар сарын 30-ны хоёр талын мэдэгдлийг харьцуулж харъя. Засгийн газрын танилцуулга тодорхой тоо, тооцоололтой. 10.4 хувиас 7.9 хувь болж буурсан хүү, 8.4 тэрбум долларын хэмнэлт, энэ оны эцсээр тараагдах ногдол ашиг.
Гэтэл Риогийн албан ёсны мэдэгдэлд хүүгийн хэмжээ ч, хэмнэлтийн дүн ч, ногдол ашгийн огноо ч алга. Зөвхөн “хэвийн шинэчлэл” гэсэн өнгө аястай, тайван, тооцоололгүй, тоомжиргүй хэдэн мөр бий. Рио яагаад ийм чимээгүй байгаа юм бэ?
Үүнийг хайхрамжгүй байдал гэж андуурч болохгүй. Ийм компанийн мэдэгдэл бүрийг хуульч, зөвлөхүүдийн баг нягт хянаж, зөвлөж байж гаргадаг. Тооцоолол байхгүй нь мартагдсандаа биш. Харин санаатай орхигдуулсан хэрэг юм. Монголд “түүхэн ялалт” гэж баталсан мөр бүр бусад ширээн дээр Риогийн эсрэг баримт болно.
Хэлэлцээрийн үндсэн талуудын байр суурийг ажиглавал нэг нь дотоодын үзэгчдэд, нөгөө нь дэлхийн үзэгчдэд зориулан тоглож байна. Эдгээр тоглолт нь тус тусдаа оновчтой зөв нүүдэл мэт харагдавч эдгээр тоглолтын нийлбэр Монголын олон нийтийн итгэлийг үгүй хийж байна.

Гарцгүй ширээ
Ямар ч хэлэлцээрт нэг л зүйлийг эзэмшиж байгаа тал нь илүү хүчтэй байдаг. Энэ бол хэлэлцээрийг орхин явах боломж. Яг л худалдан авагч өөр дэлгүүр рүү, ажилтан өөр ажил руу явж чаддагтай ижил. Харин Оюу толгойн хэлэлцээрийн онцлог нь хоёр тал хоёулаа хэлэлцээрийг орхиж чадахгүйд оршино. Иймд талууд хүссэн ч, эс хүссэн ч энэ хэлэлцээг үргэлжлүүлэхээс өөр замгүй.
Риогийн талаас харъя. Арван таван жилийн турш газрын гүнд булсан хөрөнгө оруулалт 15 гаруй тэрбум доллар давсан. Тэр их мөнгө газар доор байгаа зэсийн нөөц шиг хөдлөх боломжгүй. Оюу толгойг Чили рүү зөөж болохгүй, далд уурхайн 1,300 метрийн гүн дэх туннелиудыг ухаж авч болохгүй.
Энэ үзэгдлийг Рэймонд Вернон бүр 1971 онд “элэгдэх хэлцэл” (obsolescing bargain) гэж томьёолсон байдаг. Түүнийхээр хөрөнгө газарт булагдмагц хэлэлцээрийн хүч хөрөнгө оруулагчаас эзэн улс руу аажмаар шилждэг. Хөрөнгө элэгддэгийн адил хэлцлийн давуу байдал ч элэгдэж байдаг. Тоглоомын онолд үүнийг хожим нь “барьцаалагдах асуудал” (hold-up problem) хэмээн томьёолсон нь бий.
Дээр нь энэ бол Риогийн ирээдүйн гол тулгуур төсөл. Группын өсөлтийн стратеги зэс дээр тогтож байгаа бөгөөд Оюу толгой бол тэр стратегийн хамгийн том, хамгийн бэлэн төсөл. Ирээдүйд бүрэн хүчин чадалдаа хүрэхээрээ дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болно. Зогсоох боломжгүй. Гарах боломжгүй. Тэгвэл зарах уу?
Энэ боломж ч бараг хаалттай: 15 тэрбум долларын, улс төрийн ийм нарийн түүхтэй төслийг үнэлж авч чадах худалдан авагч дэлхий дээр цөөхөн. Рио хүссэн ч дуртай хүндээ зараад явж чадахгүй.
Гэхдээ бид нэг зүйлийг мартаж болохгүй. Рио бол тэвчээртэй тоглогч. Түүний цаг хугацааны хэмжүүр сонгуулийн дөрвөн жилийн мөчлөгөөр биш, уурхайн хэдэн арван жилийн ашиглалтын хугацаагаар хэмжигдэнэ. Манай улс төрчдөд дараагийн сонгуулийн өмнөх ялалт хэрэгтэй. Харин Риод яарах шаардлага байхгүй. Тэд хүлээж чадна.
Сонгуулийн мөчлөгийг ажиггүй давах нь Риогийн хувьд харин ч сайн зүйл, улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл, хэлэлцээрийн шинэ циклийг хохиролгүй даван туулах ухаалаг алхам болох юм.
Одоо Монголын талаас харъя. Албан ёсны тайланд дурдсанаар 2025 онд л гэхэд Оюу толгойгоос цалин, дотоодын худалдан авалт, татвар хэлбэрээр 2.4 тэрбум доллар Монголд зарцуулагджээ. Өөрөөр хэлбэл өдөр бүр дунджаар 23 тэрбум төгрөг эдийн засагт цутгаж байна гэсэн үг.
Риогийн зургадугаар сарын 30-ны мэдэгдэлд дурдсанаар одоо ажиллаж байгаа 17 мянга орчим ажилтных нь 97.8 хувь нь монголчууд бөгөөд үндсэн ажилтны сарын дундаж цалин 12.9 сая төгрөг буюу улсын дундаж цалингаас зургаа дахин их. Худалдан авалтынхаа 85-90 хувийг зургаан зуу гаруй дотоодын компаниас хийдэг.
Ногдол ашиг өнөөг хүртэл ирээгүй гэж шүүмжилдэг нь үнэн боловч манай эдийн засагт мөнгийг цалин, ханган нийлүүлэлт, татвар хураамж гэсэн судсаар шахаж байгаа. Энэ хэрээрээ олон айл өрх, бас эдийн засгийн салбар энэ компаниас салшгүй хамааралтай болсон.
Өөр бусад салбар ч энэ төслөөс шууд хамааралтай. Ганц жишээ дурдахад 2026 оны эхний улиралд дотоодын нислэгээр зорчсон арван зорчигч тутмын найм нь Улаанбаатар-Оюу толгойн чиглэлд явжээ. Энэ ч утгаараа уурхай зогсвол зогсох зүйл нь дан ганц уурхай биш харин тэнд ажиллаж байгаа иргэдийн цалин, өрхийн орлого, ханган нийлүүлэгчдийн ашиг, үйлчилгээний салбар, импортын худалдаа зэрэг байх болно.
Энэ хэрээрээ татварын болон бусад орлого ч шууд тасалдана. 2013-2015 оны зогсолт Оюу толгойн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бэлхнээ харуулсан.
Үүн дээр нэг давхарга нэмэгдэнэ. Оюу толгой бол өнөөдрийн байдлаар гуравдагч хөршийн эдийн засгийн бодит ашиг сонирхлыг агуулсан цорын ганц том төсөл. Оросын эрчим хүч, Хятадын худалдан авалтыг тэнцвэржүүлж байгаа гуравдагч хөршийн бодит төсөл.
Манай гадаад бодлого, геополитикийн үндсэн тулгуурын нэг. Оюу толгойг зогсоох нь барууны хөрөнгө оруулагч бүрд илгээх сөрөг мэдээ болно. Тиймээс «ашиггүй бол зогсоочихъё» гэсэн үгийг хэлж буй хүн ч, сонсож буй хүн ч биелэхгүйг нь мэддэг. Тоглоомын онолын хэлээр бол энэ бол “биелүүлж чадахгүй заналхийлэл” (non-credible threat).
Иймд хэлэлцээрийн ширээг хэн нь ч түрүүлж орхихгүй. Хоёулаа суусаар байх болно. Учир нь нэг нь мөнгөө газарт булчихсан, нөгөө нь тэр газраас амьжиргаагаа тэтгэж байгаа. Гарцгүй байдал нь энэ тоглоомын хавх, бас цавуу нь. Ийм шинж бүхий хэлцэл удаан хугацаанд амь бөхтэй оршдог гэдгийг 2009 оны Нобелийн шагналт Оливер Уильямсон нотолсон байдаг.
2013 оны зогсонги байдал, 2019 оны маргаан, 2022 оны хямрал, аль нь ч хэлэлцээрийн ширээг нураагаагүйн учир нь талууд бие биедээ хайртайдаа биш, хоёулаа аль алиныхаа барьцаанд байгаадаа юм. Гарах хаалгагүй хоёр тоглогчид ганц л сонголт үлддэг. Хуваарилалт бүр дээр дахин дахин тохиролцох. Хэн ч ширээнээс босож чадахгүй газар тоглоом дуусдаггүй.
2009 оны гэрээ төгсгөл байгаагүй, өнөөдрийнх ч биш. Бүгд нэг л урт тоглоомын завсарлага байсан. Тэр тохиролцоонд хэн давуу байхыг гарах хаалга биш, тэвчээр шийднэ. Эцэст нь, энэ тоглоом төгсгөлгүй. Ядаж л Оюу толгойн нөөц шавхагдаж дуустал энэ тоглоом үргэлжилнэ.
Энэ ч утгаараа энэ хэлэлцээр нь 2005 онд Нобелийн шагнал хүртсэн Роберт Ауманны “давтамжит тоглоом” юм. Түүнийхээр давтамжит тоглоомын үр дүн нь нэг удаагийн тоглоомын хожил, эсхүл хожигдлоор биш, харин тоглогч нарын зан төлөв, тоглоомын явцад гаргаж буй хандлага, хэв маягаар тодорхойлогддог. Иймээс үргэлжилсэн буюу давтамжит тоглоомын явцад аль нэг талын хийсэн нэг удаагийн оновчтой нүүдэл итгэлийг бус, харин эргэлзээг ямагт дагуулж байдаг.
Иймээс олон нийт өнөөдөр хүрээд байгаа хэлэлцээрийн үр дүнд биш өчигдөр, түүний өмнө гаргаж байсан үйлдэл, эс үйлдэхүй, зан төлөвт нь илүү анхаарал хандуулж, Риогийн гаргасан ерөнхий мэдэгдлийг өчигдрийн тоглоомын үргэлжлэл, маргааш юу ч өөрчлөгдөхгүй хэмээн гутранги байдлаар харж, бас үнэлж байгаа юм.
Иймээс Оюу толгойн хэлэлцээрийн тоглогч нар хэлэлцээрт хандах хэв маяг, аргаа өөрчлөөгүй тохиолдолд “давтамжит тоглоом”-ын сул тал болох эргэлзээ улам ихсэж, итгэл тэр хэрээр буурна. Өөрөөр хэлбэл яг одоо талууд «давтамжит тоглоом» дахь чөтгөрийн тойрогт орчихоод байна. Юуг ч, яаж ч сайнаар, сайхан сэтгэлээр хийсэн ч арга барил, хэв маягаа өөрчлөхөөс нааш ямар ч хэлэлцээрийн үр дүн олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхгүй.
Чөтгөрийн тойргийг хэрхэн эвдэх вэ?
“Давтамжит тоглоом” дахь чөтгөрийн тойргийг эвдэхийн тулд хэлэлцээрийн үндсэн талууд болох Засгийн газар болон Рио өөр өөрийн зүгээс дараах тодорхой хүчин чармайлт гаргах шаардлагатай.
Засгийн газрын зүгээс юуны өмнө энэхүү хэлэлцээрийн шийдвэрлэх тоглогч болох олон нийтийн итгэлийг олж авах шаардлагатай. Ингэхийн тулд өөрсдийн хийсэн хэлэлцээрийг сайн болсон тул алга ташин дэмж гэж тулгахаас илүүтэй үнэхээр сайн болсон гэдгээ хөндлөнгийн, хараат бус этгээдээр батлуулах шаардлагатай.
Ийнхүү батлах ажиллагааг олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулсан тохиолдолд аливаа хардлага, сэрдлэг, хуйвалдааны онолыг арилгахгүй юмаа гэхэд эрс саармагжуулж чадна. Дараагийн нэг анхаарах зүйл нь Оюу толгойн хэлэлцээртэй холбоотой шийдвэр гаргалтад олон нийтийг бодитоор оролцуулах.
Ингэхдээ Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн механизмыг ч ашиглаж болох юм. Төлөөллийн зарчмаар сонгогдсон иргэдэд гэрээний бодит нөхцөлийг судлах цаг, мэдээлэл өгч байж дүгнэлт гаргуулбал олон нийтийн дуу хоолой шуугиан биш, мэдээлэлтэй байр суурь болж хэлэлцээрт орж ирнэ.
Нөгөө талаас Рио ч өөрийнхөө талаас шинэ хүчин чармайлт гаргах шаардлагатай. Фолк теоремд номлодогчлон давтамжит тоглоомд урт хугацааны хамтын ажиллагаа ч, “мөнхийн үл итгэлцэл” ч аль аль нь тогтвортой байдлаар оршиж чаддаг боловч энэ теорем олон нийтэд удаан үйлчлэхгүй.
Рио нь өөрт ашигтай гэрээ, шүүх арбитрын хамгаалалтад дулдуйдан олон нийтийн шахалт шаардлагыг үл хэрэгссээр байж болох ч уурхайн зогсолт, экспортын хаалт зэрэг олон нийтийн эсэргүүцлээс улбаатай ирээдүйд үүсэж болох үл ойлголцол бүхэн төслийн өртгийг өсгөж, эрсдэлээс хамгаалах зардлыг нэмэгдүүлнэ.
Энэ нь урт хугацаандаа дэлхийн хамгийн том зэсийн төслүүдийн нэг болох Оюу толгойн үнэ цэнийг идэж, Риогийн бизнесийн нэр хүндийг залгих болно. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан бизнесийн нэр хүндгүй хамтрагчийн дараа дараагийн хэлэлцээр бөмбөрцгийн аль хэсэгт явагдаж байгаагаас үл хамааран илүү хүнд, илүү өртөгтэй болно.
Иймд Риогийн хувьд олон жил шүүмжлэл, асуудал дагуулсаар ирсэн зангилаа асуудлуудыг хэний зөв, хэний буруугаас үл хамааран талуудын урт хугацааны эрх ашгийн үүднээс дахин нэг харж, олон нийт хүлээн зөвшөөрөхүйц нэмэлт ашигтай нөхцөлийг нэг удаа санал болгох нь зүйтэй. Энэ бол буулт биш, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэрэг бүр ч биш. Харин дэлхийд тэргүүлэх төсөлдөө оруулж буй мөнгөн бус хөрөнгө оруулалт, олон нийтийн итгэлээр хамгаалагдсан төслийн баталгаа юм.
Харин хэлэлцээрийн хоёр талд суугаа талуудад хандаж хэлэхэд хэн ч босож чадахгүй ширээнд ялагч гэж байдаггүй, зөвхөн дараагийн нүүдэл л гэж байдаг. Засгийн газар ч тэр, Рио ч тэр нэг зүйлийг мартаж болохгүй. Хэлэлцээрийн ширээний ард суугаа хэн нь ч гуравдагч тоглогч буюу ард түмнийг тойрч гарч чадахгүй. Тэдний дуу хоолойг сонсох нь хоёр талд аль алинд нь таатай биш байж болно.
Гэвч тэднийг сонсохгүй өнгөрөөвөл итгэлгүй олон нийт шинэ тохиролцоо бүрийг эсэргүүцэж, эсэргүүцэл дунд хийсэн тохиролцоо бүр итгэлийг улам эвдэж, хэлэлцээр бүр өмнөхөөсөө хүнд болсоор байх болно. Олон нийт нэг удаагийн тохиролцоо, тоо, хэмнэлтийг бус, харин хэлэлцээр хэмээх тоглоомыг харж байна. Хэн ямар нүүдэл хийснийг бус, харин тэр нүүдлээ хэрхэн хийж байгааг харж байна. Тоглогчийн хэв маяг өөрчлөгдсөн цагт л тоглоомоос авах олон нийтийн мэдрэмж, сэтгэл ханамж өөрчлөгдөнө.