Орчин үеийн Монголын зураачдыг абстракт чиглэлээр бүтээн туурвиж эхэлсэн он цагийг олонх урлаг судлаачид наяад оны сүүл ерээд оны эхэн үе гэж үздэг. Гэвч үүнээс даруй 30-аад жилийн өмнө буюу 1960-1970-аад оны үед манай зураачид чөлөөт сэтгэлгээний сод бүтээлүүд туурвиж байжээ. Хэдийгээр Монголын нийгэм зөвхөн соц гэгдэх орнуудтай харилцаатай байж, бүх салбарт бараг дэлхий ертөнцөөс тусгаарлагдан амьдарч бүтээж байсан ч тэр үед манай зарим уран бүтээлчдийн абстракт бүтээлүүд хүний сэтгэлгээнд ямар ч хил хязгаар байдаггүйг тийнхүү нотолдог аж. Үүнийг урлаг судлаач Ц.Уранчимэг анх удаа дэвшүүлэн тавьж урьд өмнө хэзээ ч мэдэгдэж байгаагүй Монголын абстракт уран зургуудыг өнгөрсөн зургадугаар сард нийтэд толилуулсан билээ. Тэрбээр манай ахмад үеийн зураачид хориотой үед чөлөөт сэтгэлгээний сод бүтээлүүд туурвиж байсан хэмээгээд зохиогчийн архивт олон арван жил дарагдан мартагдсан тэдгээр бүтээлээр үзэсгэлэн гаргасан юм. "Хөрөнгөтний урлаг" нэртэйгээр гаргасан энэ үзэсгэлэнг урлаг, соёлын салбарт маш том алхам боллоо гэж уран бүтээлчид үзэж байна. Үзэсгэлэнд нийт 85 бүтээл тавигдсан. Социализмын хаалттай нийгэмд бүтээгдсэн тэдгээр бүтээлийн талаар ХААН банкны куратор, урлаг судлаач Ц.Уранчимэгтэй ярилцлаа.
-Жар, далаад онд Монголын зураачид
абстракт бүтээл хийж, модерн урлагийг нууцаар хөгжүүлж байсан гэдгийг
анх удаа ийм өргөн хэмжээнд гарган тавьж байна л даа. Асуудлыг анх гарган
тавьж байгаагийн хувьд та юу хэлэх вэ?
-Социализмын үеийн Монголд абстракт
урлаг бүтээнэ гэдэг маш онцгой үзэгдэл. Тухайн үеийн манай дүрслэх урлагийн
чиг хандлагыг аваад үз л дээ. Европын тосоор зурдаг арга барил орж ирээд
удаагүй байсан үе шүү дээ. Ердөө тосон зургийн үе эхэлж байсан тийм цаг үе.
Гэтэл тэр үед зарим зураач абстракт урлагийн бүтээл туурвиж байсан нь үнэхээр
гайхалтай. Энэ бол уран бүтээлчид ямагт цаг үеэсээ түрүүлж явдгийн нотолгоо л
доо. Соосай гуай гэхэд анхнаасаа маш либерал үзэлтэй хүн байсан. Ямар ч
нийгмийн үзэл сурталд баригддаггүй, нэр төр хөөцөлддөггүй хүн байсан байгаа юм.
Тиймдээ ч уран бүтээлдээ сэтгэлгээ, арга барилын чөлөөтэй шийдлүүдийг хийсэн
байдаг. Бусад нь ч мөн адил. Тэд амьдралаа бүхэлд нь урлагт зориулсан хүмүүс
гэдэг нь ямар цаг үед ямар бүтээл хийж байснаас нь харагддаг.
-Энэ үзэсгэлэн хэлмэгдлийн үеийг
ямар нэг хэлбэрээр харуулж байх шиг санагдлаа?
-Чөлөөт сэтгэлгээний бүтээл
туурвиж, дэлхий нийтийн урлагтай хөл нийлүүлэх зоригтой алхмуудыг хийж байснаараа
зарим хүмүүс хэлмэгдсэн тал бий л дээ. Гэхдээ би энэ үзэсгэлэнгээр хэлмэгдлийн
тухай ярья гэж зориогүй. Хамгийн гол нь Монголын модерн урлаг хэзээ, яаж
үүссэн юм бэ гэдгийг л бүдүүвчилсэн байдлаар харуулъя гэж бодсон юм. Үндэсний
уран зургийн галерейд 35 бүтээл тавигдсан байгаа. Эдгээр нь галерейн сан
хөмрөгт хадгалагдаж байсан бүтээлүүд. Харин ХААН банкны Арт галерейд 50 бүтээл
дэлгэн үзүүлж байна. Энэ 50 зураг урьд өмнө хэзээ ч, хэн ч үзэж байгаагүй
бүтээлүүд.
-Эх зургуудыг та хаанаас яаж олсон
юм бэ. Ялангуяа өмнө нь хэнд ч мэдэгдээгүй нууц байсан бүтээлүүд шүү дээ?
-Эдгээр бүтээлийг зөвхөн сурвалжилж
олоход бараг хоёр жил зарцуулсан. Голдуу уран бүтээлчдийн гэр, хувийн урлангаар
явсан. Зохиогчид нь хуучин бүтээлүүдээ аль дээр үед хайрцаг саванд хийгээд
бараг мартсан байсныг гаргаж ирсэн л дээ. Үзэл суртлын дарангуйллын үе байсан
юм чинь хэнд ч үзүүлэлгүй олон жил дарчихсан, бараг өөрсдөө ч мартах шахсан
байсан. Монголын урлагийн түүхэнд онцгой үзэгдэл болсон тэдгээр бүтээлээс
ихэнхийг нь энэ үзэсгэлэнгээрээ гаргаж тавилаа. Цаана нь цөөнгүй ийм бүтээл
үлдсэн байгаа.
-Цаг үетэйгээ холбоотойгоор
урлагийн түүхэнд онцгой үзэгдэлд тооцогдох, ганцхан хувь бүтээлүүд учраас үнэ
цэнэ нь ямар хэмжээнд яригдах нь тодорхой. ХААН банк урлагийн бүтээлийг
худалдан авдаг жишгээрээ үүнд хэрхэн хандаж байгаа вэ?
-Энэ бүтээлүүдээс манайх 10 зураг
худалдаж авсан. Уулзалтын хоёр танхимдаа тавихаар төлөвлөөд байгаа. Социализмын
үед бүтээгдсэн модерн зургууд урлагийн түүхэн үзэгдэл гэдэг үүднээс нь харах юм
бол манай банкны цуглуулгын шинэ хуудас эхэлж байна гэж би үзэж байгаа. Энэ
маань түүхэн бүтээл цуглуулах анхны эхлэл болж байна.
-Хэдээр худалдаж авав?
-Бид угаасаа зураачдаас өөрөөс нь
үнэ ханшийг нь асуудаг л даа. Зохиогчийнх нь хэлсэн үнээр авдаг юм. Энэ жишгээр
л авсан.
-Бүтээгдсэнээсээ хойш анх удаа олны
хүртээл болж байгаа эх бүтээлүүд гэхээр ер бусын санагдаж байна л даа.
Үзэсгэлэн хэдий хүртэл нийтэд нээлттэй байх вэ?
-Тухайн цагтаа урлагт нээлт болж
гарч ирсэн бүтээлүүд гэдэг түүх улирах бүр улам үнэд орж, улам ер бусын
чанарыг олж байдаг шүү дээ. Тэгээд ч өчнөөн олон арван жилийн турш нууц байсан
урлагийн эх бүтээлийг үзнэ гэдэг урлаг сонирхогчдын хувьд том үйл явдал болдог.
Тиймээс түүхэн ач холбогдол талаас нь бодож үзээд бид энэ үзэсгэлэнгээ нэлээд
олон хоног нээлттэй байлгаж аль болох олон хүнд үзүүлэхийг зорьсон. Зөвхөн
нийслэлийнхэн төдийгүй, гадаад дотоодын аялагч жуулчид ч үзэж сонирхох
боломжийг бүрдүүлэхийн тулд улсын баяр наадмын үеэр ч нийтэд нээлттэй
ажиллуулна. Үзэсгэлэн маань энэ долдугаар сарын 14-нийг хүртэл ажиллах юм.
-Абстракт урлаг баруунд чухам хэдэн
оноос эхэлсэн гэж үздэг юм бэ. Манай хуучцуулаас ийм арга барил, сэтгэлгээгээр
зурдаг уран бүтээлч хэр олон байж вэ?
-Европт энэ урлаг 1911 оны үед гарч
ирж онолын хувьд хөгжиж эхэлсэн байдаг юм. Манайд бол абстракт урлаг хийдэг
дөрвөн зураач л байсан. Б.Чогсом, Г.Дунбүрээ, П.Балдандорж, Г.Соосай нар.
Тэдний амьдарч байсан үе нь социализм боловч уран бүтээл нь бүхэлдээ модерн урлаг. Энэ үнэхээр гайхалтай.
-Та сая хэллээ. Энэ хүмүүс
амьдралаа бүхэлд нь урлагт зориулсан хүмүүс байжээ гэж. Жаахан тодруулахгүй
юу?
-Мэдээж оюун санаа, уран бүтээлийн
эрх чөлөө нь хязгаарлагдмал, бүхнийг нэг намын эрх ашигт нийцүүлэн хавчин дарж
байсан цаг үед юунд ч хоригдолгүй, юунаас ч айхгүйгээр чөлөөтэй сэтгэж туурвина
гэдэг амаргүй. Урлагийн төлөө нэг ёсондоо өөрийгөө зольж л байсан хэрэг шүү
дээ. Асар том эрсдэл дагуулна гэж мэдэж байсан ч туурвиж л байж. Үүнээсээ болж
зарим нь хэлмэгдэж байсан шүү дээ. Энэ бол зөвхөн нэг тал нь. Нэр төр, амьдралаа
бодоод цаг үеийнхээ жишгээр амьдрах боломж тэр хүмүүст хангалттай байсан.
Гэтэл тэгээгүй. Урлагийн адармаатай замыг сонгосон байгаа байхгүй юу. Тухайлбал,
Б.Чогсом гуай гэхэд л Москвагийн олон улсын харилцааны сургууль төгссөн хүн.Уг
нь Элчин сайд байх ёстой хүн шүү дээ. Гэтэл урлагт зүрх сэтгэл, бүх амьдралаа
зориулсан учраас зураач болж жар, далаад онд дандаа абстракт бүтээлүүд хийсэн
байдаг. "Говь", "Тайхар чулуу" гэхчилэн маш сонин сонин
модерн зургуудаа тэр үед зурсан байх жишээтэй. Манай хуучцуул өрнөдтэй ямар
ч холбоогүй байсан хэрнээ чөлөөт сэтгэлгээний сод бүтээлүүд туурвиж байсан нь
үнэхээр бахархмаар.
-Манай модерн урлагийн анхдагчдын
бүтээж байсан арга барил хожмоо өнөөдрийг хүртэл эвдэгдсэн тал бий юу?
-Ер эвдэгдээгүй ээ. Тэр дөрвөн
зураачаас хойш наяад оноос бүр ч олон зураач модерн урлагийн бүтээл хийх
болсон. Төгс-Оюун, Ц.Энхжин, Р.Дүйнхоржав, До.Болд гээд олон зураач бий.
-"Хөрөнгөтний урлаг"
үзэсгэлэн өгүүлэмж талаасаа ч өмнө нь гарч байгаагүй сонин хэлбэрээр гарч
байгаа юм билээ. Эскиз, нэг бүтээлийн хоёр хувилбар гэхчилэн?
-Г.Дунбүрээ гуайн "10
тэмээ", "Монгол транс", Соосай гуайн "Нартай бороо",
Балдандорж гуайн "Абстракт зохиомж" гээд хэд хэдэн бүтээлийн эскиз
байгаа. Мөн Соосай гуай "Эх" гэдэг бүтээлээ хоёр хувилбараар зурсан
байдаг. Энэ хоёр хувилбарын эскизийг ч манай үзэсгэлэнгээс үзэж болно.
Г.Соосай гуайн "Эх", О.Цэвэгжавын "Эхийн сэтгэл", Г.Дунбүрээгийн "Арван ямаа", "Арван адуу", "Арван тэмээ", П.Балдандоржийн "Хөвсгөл нуур" зэрэг чөлөөт сэтгэлгээний олон арван сор бүтээлийг энэ үзэсгэлэнгээр дэлгэн үзүүлж байна.
-Танай Арт галерейн дараагийн
үзэсгэлэн хэний уран бүтээлийг толилуулах вэ?
-Өмнө нь бид дандаа ямар нэг асуудал
дэвшүүлсэн, сэдэвчилсэн байдлаар үзэсгэлэнгээ зохион байгуулдаг байсан бол
энэ сараас эхлэн зураачдын өөрсдийнх нь төслөөр уран бүтээлийнх нь
үзэсгэлэнг гаргах гэж байна. Зураачид өөрсдөө манайд саналаа өгөөд тэр дагуу
бид уран бүтээлийг нь нийтэд хүргэх юм. Нэлээд хэдэн зураач саналаа ирүүлээд
байна. Ийм үзэсгэлэнг ирэх оны эхэн хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа.
Н.Пагма