Яруу найрагч Г.АЮУРЗАНА дэлхийн яруу найргийн сор бүтээлээс дээжлэн орчуулсаар
“Дэлхийн сонгомол яруу найраг. Сапфогоос Жэймс Тэйт хүртэл” хэмээх нэгэн томоохон
антологийн хэмжээнд хүрч, мөнхүү номоо саяхан хэвлүүлэн гаргажээ. Ийм ном
хэвлэгдсэн нь манай утга зохиолын ертөнцөд гарч буй нэгэн чухаг үйл явдал
учраас доорхи яриаг өрнүүллээ.
-Мишигийн Цэдэндорж “Зөвлөлтийн шилдэг яруу найраг” гэсэн хоёр ч боть ном
гаргаж байсан 1970-аад оноос хойш
орчуулгын яруу найргийн ийм том бүтээл ер нь гараагүй байх аа?
-М.Цэдэндорж агсны тэр ажил үнэхээр том хөдөлмөр байжээ. Олон ч хүн түүгээр
дамжуулж Оросын яруу найрагтай танилцсан байх. Гэхдээ дэлхийн яруу найргийг
сонгодог, модерн, постмодерн бүхий л чиглэлээр нь нэгтгэн базаж харсан
антолог ерөөсөө гараагүй л дээ.
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард манай
сонинд ярилцлага өгөхдөө ийм ном гаргана гэж мэдэгдэж байсан. Нэлээд шуурхай
ажиллажээ дээ?
-Энэ антолог бол нэг удаагийн ажил биш л дээ. 1994 онд Эмили Дикинсоны орос орчуулгыг
англи эхтэй нь тулгаж, Вера Марковагийн орчуулга эхээсээ хэтэрхий зөрүүтэй
байхаар нь тухайн үеийн “Ням гариг” сонинд энэ тухай бичин, нэлээд хэдэн шүлгийг
нь орчуулж нийтлүүлсэн юм даг. Хуучин “Ардын эрх” сонинд ажиллаж байхдаа 1995
онд Симус Хини Нобэлийн шагнал авах үед түүний шүлгээс орчуулж тавьж байсан. Түүнээс
өмнө оюутан байхаасаа Брюсов, Мандельштам, Георгий Иванов, Бродский нарын шүлгүүдээс
цөөнгүйг орчуулж үзсэн. Энэ мэтээр арваад жилийн өмнө эхлүүлсэн ажлын минь үр дүн
гарч байгаа нь энэ.
-Ийм ном гаргах санаа яаж төрөв. Ер нь
таны бодлоор энэ антолог гарснаар монголчууд бидэнд ямар өгөөжтэй юм бэ?
-Ний нуугүй хэлэхэд, дэлхийн яруу найраг хаана хүрчихээд байгааг бид огт мэдэхгүй
байна аа. Тэр дундаа Америкийн орчин цагийн яруу найраг сэтгэлгээний хувьд үнэхээр
хол явчихжээ. Энэ номыг нийтээрээ уншдаггүй юм аа гэхэд, ядахнаа шүлэг зохиол
оролддогууд нь арай л ондоон юмны зах зухаас мэдэрч ойлгоосой гэж бодсон юм. Өгөөжтэй
юу гэвэл хэн бүхэнд л өгөөжтэй. Орчин цагийн дээд боловсролтой хүн зохиомол
хуурмаг хийгээд жинхэнэ уран зохиолыг ялгаж салгадаг, жинхэнэ урлаг гэж юу вэ
гэдгийг мэддэг байх ёстой. Бас тусгаар тогтносон үндэстэн-улсын хувьд яруу
найраг маань ч дэлхийгээс хоцрогдчихоогүй, хөл зэрэгцэж явах ёстой. Монгол хэлнээ
ямагт дээгүүр түвшний уран зохиол орчуулагдаж, түүнийг хүмүүс хэрэглэж, хэлэлцэж
байж л бид үндэстнийхээ хувьд урт насална. Тэгэхдээ би нэг их сүрхий эх оронч
болох гэж ийм ажил хийсэн юм биш. Угаасаа яруу найраг бол миний хар багаасаа
дурлаж, сэтгэлээ зориулсан цор ганц зүйл тул би өөрийнхөө таашаалын хүчээр л
энэ ажлын ард гарах шиг боллоо.
-Одоо уран зохиол, тэр тусмаа яруу
найраг ер нь уншигчгүй болж байх шиг байна. Энэ номыг хүмүүс авна гэж бодож
байна уу?
-Авах, авахгүй нь надад бол хамаагүй. Угаасаа олдсон ганц насаа яруу найраггүй
өнгөрөөдөг хүмүүс хаа сайгүй л байдаг шүү дээ. Гэхдээ би боддог юм аа,
монголчууд нэг л өөр цаг үеийн хамгийн эгзэгтэй зааг дээрээ ирчихээд байна уу
даа гэж. Яг одоо л цөмөөрөө мөнгөнд шүтэх үзэлд живчихэлгүйгээр энэ хомхой
шунахай араншин, хэцүү цаг үеийг давчихвал, Монголын ирээдүй өөдөлж дээшлэх
байх аа. Яруу найраг бол аливааг хэвшмэл царцанги байдлаар биш, маш олон
талтай, гүнзгий харахад хамгийн сайн сургадаг, оюуны хамгийн чанга дархлаатай
урлаг шүү дээ. Математикаар хүний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд 55 хувийн үр
дүн гардаг бол яруу найрагт суралцсаны үр дүн 60 хувь хүрдэг гэдгийг
математикчид өөрсдөө тогтоосон тухай сонссон юм байна. Ер нь тэгээд хүн хэмээх
ховорхон заяа олж төрснийх, хүн төрөлхтний яруу найрагтай эх хэлээрээ
танилцчих хэрэгтэй л дээ. Сайн яруу найраг уншсан хүний амьдралд хандах
хандлага ч өөрчлөгддөг. Энэ номд буй Энн Сэкстон гэдэг яруу найрагч гэхэд л
сэтгэцийн өөрчлөлтөд ороод галзуурахын даваан дээр эмчийн зөвлөснөөр шүлэг
бичиж эрүүлжсэн, яваандаа яруу найргийн дээд түвшинд хүрч ХХ зууны урлагт
нэрээ үлдээсэн гээд бод доо.
-Яруу найргийг орчуулах боломжгүй гэсэн
үзэл байдаг даа. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Орчуулагддаггүй шүлэг гэж бий л дээ. Харин орчуулагдашгүй яруу найраг гэж хаа
ч байхгүй. Хэрэв жинхэнэ яруу найраг, сэтгэлгээний гоо сайхны туурвил болж
чадсан л бол, тэр зайлшгүй орчуулагдана. Яагаад гэвэл хүн төрөлхтний сэтгэлгээ
угаасаа нэг л юм. Хүнээс гажууд ч юм уу, эсвэл хүн төрөлхтний оччихоод байгаа
сэтгэлгээний түвшинд тэнцэхгүй яруу найраг бол яруу найраг биш шүү дээ. Зарим
хүн “тэрлэг”, “үзүүрсэг”, “ганзага томолдох” зэрэг үг орчуулагдашгүй тул шүлэг
орчуулагдашгүй юм аа хэмээн нотлох гэж оролдоод байдаг. Ахуйг шүтээд, ахуйдаа
автсан шүлэг бичээд байвал мэдээж яаж орчуулагдах вэ дээ. Заавал “аргалын гал”
гэдэг үг нь үгчлэн бууснаар л орчуулга болчихдог юм биш. “Мөнгөн хазаарын бүдэг
чимээ онгон зүрхийг цочоон баясгана” гэдэг шадын гол утга нь мөнгөн хазааранд
биш, хайртаа хүлээн шөнийн нам гүмд чимээ чагнан хэвтэж байгаа бүсгүй хүний
баяртай зөн совинг илэрхийлсэнд л байгаа юм шүү дээ. Хайртай хүнээ хүлээж
байгаад ирэх зүгээс нь чимээ гарахад цочих мөртлөө баярлах ийм мэдрэмж бол аль
ч үндэстний хүнд нийтлэг юм. Уран сайхны орчуулга гэдэг бол үгийн цаад амин сүнсийг
нөгөө хэл дээр яаж илэрхийлэгдэхийг л үзүүлж буй урлаг шүү дээ. Үгийн сүнс
гэдэг нь тэр үгээр дамжин илэрч буй яруу найргийн сэтгэлгээ юм. Тэр сэтгэлгээ
орчуулагдана. Морь малын зүс, дээл гутлын хошмог, авдрын угалз зэрэг ахуйн
явцуу дүрслэл дээр л гол утга нь оршиж байгаа тийм шүлэг биччихээд, орчуулгын
урлагийг гоочилж, эсвэл бусдын шүлгийг орчуулга биз гэж хардаж таашаал авдаг
нөхөд бол үүнийг ойлготол бас л жаахан хол байна.
-Энэ номыг бэлдэх явцад, орчуулахад
хамгийн хэцүү шүлэг юу байв?
-Антологоо сонгодог, модерн, постмодерн гэж аймаглаад, яруу найрагчдыг төрсөн
оноор нь дараалуулсан. Сонгодог яруу найраг орчуулахад хэцүү, гэтэл постмодерн
яруу найраг түүнээс хэд дахин ярвигтай. Ёстой нэг мах идсэн, тэгсэн мөртлөө
даанч сонирхолтой яруу найрагч гэвэл… Сонгодгуудаас, жишээ нь, Жон Китс
байна. Романтизмын үеийн энэ яруу найрагчийн “Намарт өргөх магтуу”-г орчуулсныхаа
дараахан би Байгал далай руу явсан юм л даа. Тэгээд нэг буриад найзындаа байсан
орос Китсийг аваад нөгөө шүлгээ харсан чинь, орос орчуулга нь гэж ёстой нэг лөөлөө
болжээ. Ер нь оросууд бараг л уншчихаад өөрсдөө шинээр зохиох маягаар орчуулдаг.
Тийм болохоор ихэнх англи шүлэг орос дээр худлаа буусан байдаг юм. Зарим яруу
найрагч уншихад хэцүү мөртлөө орчуулагдахдаа цэгцтэй буудаг, зарим нь гайгүй
юм шиг мөртлөө ерөөсөө эвлэж өгдөггүй. Томас Элиотыг бүх цаг үеийн хамгийн хүнд,
хэцүү найрагч гэдэг, гэхдээ түүнийг орчуулж болно. Яваандаа хөгшрөхөөсөө өмнө
Элиотын тусгай түүвэр гаргая гэж төлөвлөж байгаа. Харин Харт Крэйнийг бол би
барахгүй талдаа юм байна лээ. Энэ номд орсон “Нурсан цамхаг” бол салахын аргагүй
амттай, маш хүчтэй шүлэг. Гэтэл би яг тийм амтаар нь орчуулж үнэндээ чадахгүй
байсан. За, тэгээд Дэрик Уолкат хэцүү. Уоллс Стивэнс ч хэцүү.
-Ингэхэд дэлхийн яруу найргийг яг ямар
зарчмаар модерн, постмодерн гэж зааглаж үечлээд байна вэ?
-Уитмэнээс өмнөх бүх яруу найргийг үндсэндээ сонгодог гэсэн нэг л том ангилалд
багтаадаг. Энд Хомэр, Сапфо, Ли Бай, Омар Хайяамаас эхлээд Дантэ, Шэкспир,
Башё, Гётэ, Пушкин цөм орно. Дараа нь Европын яруу найрагт символистууд нэлээд
сонин юм хийгээд эхэлж байтал, Уитмэн гараад иржээ. Одоо хэр нь дэлхийн яруу
найраг Уитмэний нөлөөнөөс салаагүй л явж байна. ХХ зууны яруу найргийн үндсийг
Уитмэн, Дикинсон хоёр л тавьчихаж. Ингээд дэлхийн II дайн хүртэл үргэлжилсэн
асар хүчтэй том давалгааг модернизм гээд байгаа юм. Тэгэхээр модернизм гэдэг
нэлээд эртний зүйл байгаа биз? Постмодерн нь дотроо үндсэн хоёр үетэй. Эхнийх
нь 1950-иас 1980-аад оныг хамарна. Наяад оноос хойших нь яг өнөөдрийн яруу
найраг. Энэ хооронд хатуу хил зааг байхгүй л дээ. Зүгээр л II дайн, хүйтэн
дайны төгсгөл хоёроор зааглачихсан нэр томъёонууд.
-Яг өнөөдрийн яруу найраг гэдэг чинь
ХХI зуунд хамаатай гэсэн үг үү?
-Тийм ээ. 1989 онд Берлиний хана нурахад сэтгэлгээний хэв шинж гэдэг утгаараа
ХХ зуун төгссөн гээд байгаа шүү дээ. Үнэхээр ч 1990-ээд оноос хойш хүйтэн
дайнаар зааглагдаж байсан олон салангид чиглэлүүд нэгдэж, харилцан нэвчиж
эхэлсэн л дээ. Капитализм ч зарим талаараа тоталитар нийгэм болчихоод байсан
тэр үед социалист системийн задрал дэлхийн утга зохиолд оюун санааны шинэ түлхэц
өгсөн юм.
-Бид нар модернизм, реализм гээд хоёр
том дайсагнагч чиглэл бий гэж ярьдаг. Модернизм бол реализмын эсрэг гэсэн
ойлголтыг манай их, дээд сургуулийн багш нар өгөөд байдаг. Тэгэхээр ХХ зууны
аугаа их реалист яруу найрагчид хэр олон байдаг юм бэ?
-Реализм, модернизм хоёрт дайсагнал биш уламжлалт ба уламжлалт бус гэсэн зүг
чигийн зааг ялгаа л бий. Манайхан социалист реализмтайгаа жинхэнэ реализмыг
андуураад байгаа хэрэг л дээ. Модерн ба постмодерн гэдэг нь бодтой биш хийсвэр
зүйлийг чухалчилдаг гэж манайхан хялбаршуулаад ойлгоод авчихсан болохоос үнэн
хэрэгтээ постмодерн дотор реалист урсгалууд өч төчнөөн. Сүүлийн үед формализмыг
реалист урсгал гэж үздэг болсон. Гинзбэрг гээд галзуу бит яруу найрагч бий.
Одоо амьд байгаа Эйшбэри гээд том амьтан байна. Хэн хэнийх нь шүлгийг нь
бариад үзээрэй. Шууд реализм үнэртэнэ. Реализм чинь шидэт реализм, сюрреализм
гэсэн орчин цагийн үзэл санааны хамгийн зоримог хоёр том хувьсгалыг дотроо
агуулдаг гэх мэтчилэн яриад байвал барагдахгүй. Эцсийн эцэст “изм” гол биш,
“изм” хөөвөл яруу найрагч бүрийн тоогоор “изм” байх боломжтой. Тэгээд л өнөөдрийн
яруу найргийг контэмпорари гэсэн ганцхан ай сав дотор авч үзэж байгаа юм.
Контэмпорари яруу найргийг ойлгож танихын тулд жаахан бэлтгэл хэрэгтэй, энэ ном
тийм бэлтгэл болчих болов уу гэж найдаж байна.
-Таны яриаг сонсоход өнөөдрийн яруу
найраг их л хэцүү, ойлгомжгүй болсон байх аа гэмээр сэтгэгдэл төрж байна…
-Өө, үгүй шүү. Ойлгож барахааргүй харь гаригийн хэлээр бичигдсэн шүлэг гэж
байхгүй шүү дээ. Уншаад л үз. Яахав, нэг биш удаа унших шаардлага гарч болох
юм. Ойлгогдоно. Энэ бол баталгаатай. Ер нь яруу найраг уншиж ойлгоно гэдэг
чинь өөрөө маш том боловсрол шүү. Манай зарим нөхдийн ярьдагчлан хөгжингүй
орнууд яруу найргийг аль хэдийнэ хогийн сав руугаа шидчихсэн гэж ойлговол тэрүүн
шиг мунхрал байхгүй.
-”Дэлхийн сонгомол яруу найраг” антолог
дотроосоо манай уншигчдад зориулан дөрвөн мөр хэлэхгүй юу?
-Нүүрсэн дээр гишгэхийн тулд би гутлаа тайлав
Нүцгэнээрээ чамайг тэврэхийн тулд арьсаа тайлав
Чамайг хайрлахын тулд би биеэ тайлав
Чамд хувирахын тулд сэтгэлээ тайлав
-Гайхалтай. Хэний шүлэг юм бэ?
-Мэксикийн яруу найрагч Хайми Сабинэс. 1999 онд нас барсан, саяхны хүн. Ойлгохын
аргагүй юм алга л байгаа биз дээ? Гэтэл сэтгэлгээ нь ямар гүнзгий байна? Хайр
дурлалын тухай ямар уран, энгийн мөртлөө гойд хэлж вэ.
-Энэ шүлгийг та ямар хэлээс орчуулсан
юм бэ?
-Би испани хэл мэдэхгүй ээ. Миний найз Америкийн яруу найрагч Крис Мэррилл тэр
Сабинэстэй ойр дотно байсан юм билээ. Тэгээд яг өөртэй нь ярьж суугаад, англи
руу ямар ч алдаагүй орчуулга гаргасан гэсэн. Би Крисээс зөвшөөрөл аваад тэр
орчуулгаас нь буулгасан юм. Ер нь энэ антологт орсон шүлгүүдийн 70-аад хувийг
нь англиас орчуулсан.
-Нийтдээ хичнээн яруу найрагчийн хэдэн шүлэг
орсон бэ?
-Бүх цаг үеийн 100 гаруй яруу найрагчийн 300-аад шүлэг байгаа. Хамгийн гол нь
зөвхөн шилдэг яруу найрагчдыг л хамруулъя гэсэн хатуу шалгуур тавьж сонголт
хийсэн. Бас яруу найрагч бүрийн тухай товч танилцуулга зүүж, тайлбар бичсэн
байгаа. Эдгээр 300-аад шүлгийн 5-6 нь өөр хүмүүсийн орчуулга. Д.Гомбожав агсны
орчуулсан Уитмэний “Song of Myself”-ийг эхтэй нь мөр мөрөөр нь тулгаж зассан.
Мань хүн оросоор дамжуулж орчуулсан болохоор алдаа мадаг нэлээд байна лээ. Энд
онцолж хэлэхэд, англи шүлгүүд дотор орчуулахад мөн л ярвигтайгаараа
гайхагддаг Колрижийн “Хубилай хаан”-ыг орчуулснаа надад өгч, энэ антологтоо
оруулахыг зөвшөөрснөөрөө миний ажилд дэм болсон дипломатч Д.Бямбаа гуайд
талархах ёстой. Тэр хэцүү шүлгийг Бямбаа гуай үнэхээр сайхан буулгасан шүү. Нэгэнт
талархал хэлснийх, энэ номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн “Космо” ХХК-ийн ерөнхий
захирал Б.Батбаасанд бас чин сэтгэлээсээ баярласнаа танай сониноор дамжуулаад
хэлчихвэл болох уу?
-Болно оо, болно. Ер нь номын хишиг түгээнэ
гэдэг ч ховорхон буянтай үйлс шүү. Сүүлийн үед манай бизнесмэнүүд сайн ном
ивээн тэтгэж гаргах болсон нь монголчуудын оюун санаанд оруулж байгаа бас л
нэг хөрөнгө оруулалт юм даа.
-Тэгэлгүй яахав, тэр тусмаа өнөөдрийн энэ цаг үед, арилжааны бус зорилгоор
хийгдсэн номыг ивээн тэтгэнэ гэдэг бахархам сайхан хэрэг. Дашрамд хэлэхэд,
зохиолчдоос жилдээ нэг удаа ном авч номын сангуудад түгээдэг Засгийн газрын төсөл
байдаг юм. Тэр шалгаруулалтад ивээн тэтгэсэн ном авахгүй гэсэн нэг хачирхалтай
заалт бий. Зохиолч хүн номоо улсын бүх номын санд хүргэж, уншигч олонд түгээе
гэвэл гар сунгасан бизнесмэнүүдээс нүүр буруулах ёстой гэж байгаа юм шиг.
Уншигчдад сайн бүтээл хүргэх зорилгоор л гаргасан хөтөлбөр юм бол ивээн тэтгүүлнэ
үү, үгүй юу гэдэг нь гол биш, харин өөрсдөө сайн номыг олж шалгаруулж чадаж
байна уу, үгүй юу гэдэгтээ л илүү анхаарах ёстой. Энэ мэтийн амьдралаас тасархай
зарим бодлогоо уг нь эргээд харчихдаг, засч залчихдаг баймаар л байгаа юм даа.
За, тэгээд өнөөдөр ном зохиолын тухай ярилцдаг сайд дарга нар ч байхгүй биз
дээ. Тэр тусмаа одоо бүгд сонгуулиар өвчилчихөөд, юун номтой мантай.
-Шинэ ном тань “Монголын сонгомол яруу
найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” антологуудтай хэвлэлийн ерөнхий шийдлээрээ
адилхан болжээ. Тэгэхээр бас “Дэлхийн сонгомол өгүүллэг” гэсэн ном араас нь
гарах уу гэсэн хүлээлт уншигчдын дунд төрж магадгүй.
-Зориод суух юм бол ард нь гарчихаж болохгүй ч ажил биш. Одоогийн байдлаар дэлхийн
уран зохиолын түүхэнд үзэгдэл болсон гэгддэг өгүүллэгүүдээс арваад нь миний
орчуулгаар энд тэнд хэвлэгдэж гарсан байгаа. Гэхдээ орчуулга хийж сууснаас,
романаа бичсэн нь надад илүү ирээдүйтэй л дээ. Тийм болохоор зохиол бичих цагаасаа
хумсалж, нэгэнт өөрөө уншчихсан зүйлээ бусадтай хуваалцахаар ингэж зүтгэж
суугаадаа харамсах үе гардаг л юм. Гээд яахав дээ, хэн нэг нь үүнийг хийх л
ёстой юм чинь.
Баастын Золбаяр