Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэгтэй ярилцлаа.
13 жилийн өмнө “Та сувгаа битгий солиорой” гэдэг байсан тэрбээр одоо “Та сувгаа солиорой” гэж хэлэх дуртай болжээ. Түүний сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-Сүүлийн үед мэргэжлийн салбаруудын хүрээнд төдийгүй олон нийтийг
шуугиулсан мэдээ бол яах аргагүй Монголд “Microsoft” корпорацийн
салбар нээгдэнэ гэсэн мэдээлэл байгаа. Тус корпорацийн тэргүүн, шилдэг бизнесмэн Билл
Гейтстэй уулзаж энэ тухай ярьсан гэсэн.
Энэ хүнтэй хэрхэн яаж уулзах болсон тухайгаас ярилцлагаа эхэлье.
-“Microsoft”
корпораци жил бүр дэлхийн улс орнуудын төр засгийн
тэргүүнүүдийг хүлээн авч уулзан, хурал хийдэг. Берлинд болсон уг хурлын үеэр
очсон бүх орны төлөөлөгчид болох 400 гаруй хүн Ноён Б.Гейтстэй уулзах хүсэлтэй байсан. Гэвч тэрбээр найман орны мэдээлэл технологийн газрын сайд
нартай л биечлэн уулзсан. Түүнд нь манай орон багтаж өглөөний цайнд хамт
орж, хоёр цаг орчим ярилцсан. Энэ үеэр Монгол орны тухай, хамтын
ажиллагааны тухай нэлээд их зүйлийг ярьж чадсан. Их зүйл ярьсан учир Б.Гейтс цайндаа
амаа ч хүргэж чадаагүй. Яриулсаар
байгаад л таарсан. Дараа нь энэ хамтын ажиллагааны чиглэлээр асуудлыг нэлээд
нарийвчлан холбогдох хүмүүстэй нь уулзаж, тохиролцсон байгаа.
-Б.Гейтс ирэх зун манай оронд ирэх
тухай яригдаж байсан. Агуу хүн их энгийн байдаг гэж. Та хоёр найрсаг сайхан
яриа өрнүүлсэн байлгүй.
-Их энергитэй хүн гэж ярьдаг ш дээ. Тийм хүн байсан. Бас их дайчин. Гэхдээ
хэтэрхий их ачаалалтай ажилладаг юм шиг санагдсан. Очсон газар болгондоо яг л төр засгийн тэргүүнүүдтэй адилхан
хуваарьтай ажилладаг юм билээ. Надтай уулзах үед цагийн зөрүүнээс болсон уу,
жаахан ядарсан байсан. Ер нь бол
асуудлыг харж байгаа цар хүрээ энэ тэр шал ондоо. Бүх зүйлийг ирээдүй рүү, 21-р зууны хөгжил рүү чиглүүлж ярьдаг тийм
хүн. Энэ уулзалтын үеэр мөн гэр бүлийн хүнтэй нь танилцах боломж гарсан. 90-ээд
оны эхээр гэр бүлийн хүнийх нь ээж Монголд
ирж байсан юм билээ. Монголд дахин ирээч
ээ, тэр үеийн Монгол маш их өөрчлөгдсөн
гэж хэлсэн.
Тэд “Билл болон Милинда Гейтс” гэх гэр бүлийн шинэ сан байгуулж байгаа юм билээ. Энэ сангийнхаа бэлтгэл ажил гээд нэлээд ажилтай байсан. Гэхдээ ирэх зунаас хоёроос гурван оронд очих төлөвлөгөөтэй. Түүнийхээ нэгд нь Монголыг оруулна гэж амласан. Энэ хүн ирэхтэй холбогдуулаад бид төлөөлөгчийн газрыг нь байгуулах болон тодорхой төслүүдийг хэрэгжүүлээд эхэлчихсэн бодит үр дүнтэй сууж байя гэж төлөвлөн ажиллаж байна.
-Тэгэхээр “Microsoft”-той яг ямар байдлаар хамтарч ажиллах болсон тухай
дэлгэрүүлэхгүй юу?
-Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар үүсэн
байгуулагдсан эхний өдрөөс л эхлэн
Монгол Улсад цахим засаглал, төрөөс
иргэд, бизнес рүү үзүүлж байгаа үйлчилгээг зөв нөхцөлтэй болгохын төлөө ажиллаж
ирсэн. Сүүлийн үед манайд IT-гийн
компаниуд үйл ажиллагаагаа нэлээд идэвхтэй явуулж байна. Манай компаниудын үйл
ажиллагааны түвшин харьцангуй өндөр болчихож. Компаниуд анхныхаа ERP-ийг /Enterprise Resource Planning / хийгээд
эхэллээ. Хэдийгээр хөгжил, дэвшил хурдацтай сайн байгаа ч бидний биеэ дааж хийж чадахгүй зүйлүүд бас байна.
Үүнд дэлхийн гранд буюу том корпораци, компаниудыг эх орондоо татаж авчрах
хэрэгтэй болж байгаа. Авчрахдаа дангаар биш хамгийн гол нь Монгол компаниудтайгаа
хамтран энэ ажлыг хийх хэрэгтэй болж байгаа. Энэ чиглэлээр “Microsoft”
корпорацийн 100 гаруй оронд хэрэгжүүлээд байгаа хөтөлбөрийг Монголдоо хэрэгжүүлэхээр ярилцсан. Монголын
төлөөлөгчийн газар Москвад байдаг байсан
бол эндээ бие даасан төлөөлөгчийн газрыг нь нээх, энэ чиглэлд бэлтгэгдэх
боловсон хүчин бэлтгэх томоохон хэмжээний академитай болох зэрэг ажлуудыг яриад
ирсэн.
Мөн Монголд англи хэл сурч байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч мэдэхгүй хүн олон байна. Тиймээс энэ хүмүүст тус болох үүднээс Windows-ийн удирдлагын агуулгын системийг Монголчлох талаар бас ярилаа. Гол хэрэглээний Word, Excel, Power Point зэрэг програмуудыг Монголчлох шаардлага байгаа учир энэ дагуу хамтарч ажиллахаар “Microsoft”-той тохирсон. Энэ чиглэлээр хийгдэх гэрээ, хэлцэл асуудлыг ирэх гурваас таван сард дуусгана.
-Монгол дахь IT-ийн салбарын байгууллагуудтай хамтарч ажиллана гэж байна.
Энэ талаар тодруулбал?
-“Microsoft”-ийн үндсэн зарчим нь өөрийн бүтээгдэхүүнээ
тухайн зах зээлд нийлүүлэхээс гадна IT-ийн салбарын боловсон хүчин, програмчид,
инженерүүдийг хөгжүүлэх, сургах нь тус корпорацийн тэргүүлэх чиглэл гэж хэлж
болно. Одоо бол манайд тухайн төслүүд дээр хамтран ажиллаад явах компаниуд
нэлээн хэд байна. Боловсон хүчин, хөрөнгө санхүүгийн хувьд ч тэр боломжийн сайн
компаниуд байна. Энэ байгууллагуудын
хувьд ч хөгжлийн дараагийн шат ахих боломж гарч байгаа хэрэг юм. Мөн АНУ-ын “Cisco” гэж дэлхийд данстай том компани
байдаг. Энэ компанитай хамтраад “Cisco” -ийн академи жинхэнэ утгаар нь
байгуулах тухай яригдаж, үүний бэлтгэл ажлуудыг хийх шаардлагатай болж байна. Тэгэхээр
зэрэг үйл явц энэ чиглэлээр нэлээн өрнөх болов уу гэж харагдаж байна .
-“Microsoft”-оос гаргадаг програмуудыг манай хэрэглэгчид оюуны өмчийг зөрчин хэрэглэж
байгаа. Энэ асуудлыг шийдэх талаар яригдсан гэж байсан.
-Өнөөдөр манай зах зээлд төрийн албан хаагч ч тэр, оюутан
сурагчид бүгд гудамжнаас зохиогчийн эрхийг зөрчсөн хууль бус хувилж олшруулсан
програмыг худалдан аваад хэрэглэж байгаа. Ийм програм хэрэглэж байгаа
тохиолдолд олон бэрхшээлтэй тулгардаг. Энэ асуудлуудыг нэг мөр болгох ёстой. “Microsoft”-ийн
өөрийнх нь багц програм нь их үнэтэй. Тиймээс энэ програмыг маш хямд үнээр
төрийн үйлчилгээний болон боловсролын байгууллагын хэрэгцээнд өгөхөөр ярьсан.
-“Хүүхэд бүрт нэг компьютер” гээд нэлээд томоохон хөтөлбөр манай оронд
хэрэгжээд явж байгаа. “Microsoft” корпорацитай хамтран ажиллах гэж байна. Цахим
салбарт томоохон ахиц гарсаар байна. Өөр хүмүүсийн дуулж амжаагүй томоохон
ажлуудаасаа дурьдвал?
-Мэдээлэл, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлж буй
томоохон ажлууд биелэлтийн шатандаа явж байна. Хамгийн энгийн жишээ нь манай
гар утас хэрэглэгчдийн тоо саяхан сая дахь хэрэглэгчээ тоолж байсан бол өнөөдөр
1’250’000 хэрэглэгчтэй болж байна. Интернэтийн урсгалын үнэ 15 дахин хямдарлаа. Бүх
нийтийг компьютержүүлэх хөтөлбөр гурав дахь үе шатандаа орж байна. Энэ шатанд
гол нь сургуулиуд, хүүхдүүдийг компьютержүүлэх ажил байгаа. Дээрээс нь энэ жил
192 сургууль, 150 орчим сум интернэтэд шилэн кабелиар холбогдоно. Тэгэхээр хөдөө, сум
суурин газар луу чиглэсэн далайцтай ажлуудыг эхлүүлчихсэн гэсэн үг. Энэ оны
эхний хагас гэхэд Монгол орны бүх сум, суурин газарт гар утасны сүлжээг
иргэддээ хүргэх гэж байна. Гэх мэтийн дөрвөн жилийн өмнө үлгэр зүүд мэт
санагдаж байсан зүйлүүд өнөөдөр бодит ажил хэрэг болоод явж байна. Тус салбар
өөрөө их хурдан хөгжлийг шаарддаг онцлогтой. Дээрээс нь зохион байгуулалтын
болон зөв бодлогын үр дүн гэж хэлж болно шүү. Бидний үйл ажиллагаа салбарынхаа хөгжлийн хурдацтай хөл нийлүүлэн явж чадаж байгаа гэж
бодож байна. Яваандаа бусад улсуудын
жишгээр энэ газар маань яам болон өргөжих
хэрэгтэй. Энэ бол үнэхээр зайлшгүй хийгдэх ёстой дараагийн ажил гэж
төлөвлөж байна.
-Тэгэхээр цахим засаглал манай улсад
нэг үеэ бодвол хувь хүмүүст мэдрэгдээд, хэрэглэгдээд ирлээ. Таван өрхийн
нэг нь компьютертэй. Хүн бүр гар утастай болохыг хүсч байна. Манай улс энэ
салбараараа дэлхийн олон улсад ямар түвшинд явна вэ?
-Гар утасны нэвтрэлт, компьютерийн тоо зэрэг нь хүн амын
тоонд хуваахаар манайх их гайгүй түвшинд явах бололцоог өгч байна. Бид мэдээлэл,
харилцааны салбарт дундаж түвшинд явж
байгаа. Монголд дэлхийд дундаж түвшинд ороод явах салбар бас цөөхөн. Гэхдээ
үүнд бид тайвшраад явах биш л дээ. Бид “Цахим Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд
2012 он гэхэд Азидаа тэргүүлэх 10 орны нэг болох бодлого барьж ажиллаж байна.
-Одоо хийгдэж буй ажлууд нийтэд тодорхой болоод ирж байна л даа. Энэ нь нэг үеэ
бодвол том ахиц байх.
-Их ажил байна. Хамгийн наад зах нь бид Үндэсний хиймэл
дагуул хөөргөх шаардлагатай болж байна. Ингэснээр бид орон зай хамаарахгүйгээр интернэтэд холбогдож, олон FM,
телевизийн сувагтай болно гэсэн үг. Сансраас авах интернэтийн үнийг бодлого гаргаж буулгаж болно. Мөн нийслэл, аймгийн төвүүдийг бүгдийг нь утасгүй онлайнд
тэр чигээр нь холбосон анхны орон болох амбицтай төлөвлөгөөнүүд бид бүхэнд
байгаа. Ази, Европыг холбох хурдны зам байгуулах, хурдны гэдэг нь би мэдээллийн
хурдны замын тухай хэлж байгаа юм шүү. Энэ хурдны замыг байгуулвал одоо бидний
яриад байгаа уул уурхайн салбараас орж ирэх гээд байгаа ашгаас дутуугүй мөнгө
орж ирэх боломжтой. Тэгэхээр аливаа зүйлийн зорилго нь тодорхой байвал бодлого,
зохицуулалтын ажлууд нь сайн хийгдээд явдаг.
Миний дээр хэлсэнчлэн энэ газар маань яам болоод бодлого, хөрөнгө
оруулалтын асуудлаа сайн шийдээд явах юм бол
маш том том
боломжууд биднийг хүлээж байна.
-Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газар гэх цоо
шинэ байгууллага байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулахад хамгийн ихээр учирч
байсан бэрхшээл нь юу вэ?
-Одоо бас нэг үеэ бодвол гайгүй болжээ. Анх байгуулагдаж байхад манай газрын нэрийг
бүтэн хэлж чаддаг сэтгүүлч, сурвалжлагч бараг байхгүй байлаа ш дээ. Мэдээлэл юу
юуны газар ... гээд л. Одоо бол хүмүүс мэддэг болчихож. Энэ бол өөрөө маш том
ахиц дэвшил. Хүмүүстэй энэ чиглэлийн ажил яриад явахаар иргэд мах, талх, сүүгээр
гачигдаж байхад юун компьютер, интэрнет гэдэг байлаа. Харин одоо хүмүүс
мэдээлэл, харилцаа холбоо, цахим технологи нь хүний анхдагч хэрэгцээнүүдтэй нэг
адил юм байна гэдийг ойлгодог болчихож. Энэ ухамсар үнэхээр тогтчихсон байна. Аав,
ээж нар хүүхдүүддээ ном, цүнх, дэвтэр авч өгдөг шиг компьютер гэдэг юмыг авч өгөх хэрэгтэй юм
байна гээд ойлгодог болчихож. “Хүүхэд бүрт нэг компьютер” төсөл хэрэгжээд
эхлэхэд маш олон эцэг эх манайх руу хандсан. Яаж энэ компьютерийг хүүхэддээ авч
өгөх вэ гээд. Яг энэ хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк нэг сая ам.доллар зориулахаар
шийдвэр гаргаж байна. Мөн Дэлхийн зөн гээд олон улсын байгууллагатай энэ
хэмжээний хөрөнгө оруулалтыг яриад хөөцөлдөөд явж байна. Дээрээс нь хувийн
хэвшлийн байгууллагууд ч нилээн дэмжих шинжтэй. Энэ мэтчилэн салбарын ач
холбогдлыг хүмүүс ойлгодог болж. Дэлхий өөрөө хавтгай болж байна. Монгол Улс
маань энэ үед бүх юмнаас тойроод хоцроод байж болохгүй. Адилхан хавтгайрах
ёстой. Тиймээс энэ чиглэлээр бидэнд хийх ажил маш их байна.
-Энэ агентлагийг тэргүүлээд өдий хүрэхэд таны хувийн
хэрэглээ буюу цахим технологи, мэдээлэл
харилцаа холбооны талд чинь ямар
өөрчлөлт, дэвшил гарсан бэ?
-Би өөрөө хүсдэггүй нэг зүйл байдаг. Би Монголд үйл
ажиллагаагаа явуулж буй үүрэн холбооны дөрвөн
оператор компанийн дугаарыг бүгдийг нь хэрэглэж байна. Нэгийг нь барихгүй бол
нөгөөдөх нь гомдох гээд байдаг талтай. Хоёр
симтэй гар утастайн хүчинд гурван гар утас барьж байна. Энэ тэнд хаячих гээд
хэцүү байдаг юм аа. Гэхдээ харамсалтай нь Лу.Гантөмөр гишүүний хэмнэлтийн
горимд хамрагдахгүй л дээ. Яагаад гэвэл би утасныхаа төлбөрийг өөрөө төлдөг. Мөн
өдөрт сонирхлынхоо дагуу хоёроос гурван цаг цэвэр интернэтээр аялж байна. Би өөрөө
хөлбөмбөг, сагс, хоккейд их сонирхолтой. Энэ үүднээсээ Америкт ажиллаж сурч байгаа
дүү нарынхаа телевизорт төхөөрөмж тавьчихсан тэгээд компьютер дээрээ тэнд гарч
байгаа телевизийн хөтөлбөрүүдийг интэрнетээр дамжуулаад шөнө, орой ажлынхаа
дараа хүлээн авч үзэж байна. Өөрөөр
хэлбэл би Монголд байгаа ч гэсэн АНУ-д гарч байгаа телевизийн хөтөлбөрүүдийг
үзэж байна. Утсаар мөн гадаад руу өндөр үнэ төлөлгүйгээр интернэтээр хямдхан
ярьж болж байна. Урьд нь урсгал хахаад
гадаад руу холбогдоход гацаад байдаг байсан одоо тийм зүйл тохиолдохоо больсон.
Ингээд бодохоор миний өдөр тутмын интернэт хэрэглээ улам баяжсаар байна. Монголд
мэдээллийн чанартай хэд хэдэн вебсайтууд байна.Жишээ нь, танай сайт гээд. Өдөрт Монгол сайтууд руугаа л ороод ороод
явахад хоёроос гурван цаг болж байна.
- Танай хоёр
хүүхэд чинь “Хүүхэд бүрт нэг компьютер” хөтөлбөрт хамрагдаж компьютерээ авч чадсан уу?
-Одоохондоо сургууль дээр нь очоогүй байна. Гэхдээ гэрийн
компьютер дээр их ажиллаж байна. Өмнө нь яаж компьютертэй болгох уу гэж бодож
байсан бол одоо энэ компьютерийг яаж зөв зохистой хэрхэн хэрэглүүлэх вэ гэдэг бас нэг толгойны
өвчинтэй болж байна.
- Компьютер тоглоод байна уу. Ингэхэд та хэр “Cyber” тамирчин бэ. Энэ
чиглэлийн спортод манайхан бас саяхны нэгэн олон улсын спортын наадамд амжилттай оролцлоо.
-Манай залуус их авъяастай. Робокон гээд тэмцээнд
манайхан их гайгүй оролцож байна. Оюун ухааны чиглэлд бол манайхан их чадвартай
гэж боддог шүү. Миний хувьд pc тоглоом цагийн дайсан дээрээс нь бас стресст оруулаад
байдаг талтай. Яагаад гэхээр нэг юм
тоглохоороо хамаг рекордыг нь эвдэх гээд дайрчихдаг. Нэг зүйл сонирхохоороо гүн гүнзгий орчих гээд байдаг болохоор РС тоглоомноос жаахан холуур явахыг боддог.
-Таныг УИХ-д нэр дэвших талаар гадуур яригдаад байна. Энэ үнэн үү?
-Төрийн албаны хуулиар би төрийн жинхэнэ албан хаагч. Тиймээс би улстөржсөн
үйл ажиллагаа явуулах эрхгүй. Энэ
асуудлаар сонгууль дөхөөд ирэхээр шийдвэрээ гаргана. Тэр үед улс төр рүү орох
юм бол төрийн алба дахиад хаалттай болно. Эргэж ороход тэгээс эхэлнэ гэсэн үг. Энэ
риск бол бүх төрийн албан хаагчдад байгаа. Төрийн алба, улс төрийн алба тусдаа байх нь зөв. Шийдвэр
гаргахад арай эрт байна.
-Одоо чинь хүмүүс бэлтгэл ажилдаа ороод эхэлчихсэн байна ш дээ.
-Тийм ээ. Бид нарт тийм боломж нь байхгүй. Үнэхээр УИХ-д
нэр дэвшье гэж бодвол сонгуулийн кампанит ажил эхлэхээр ажлаасаа чөлөөлөгдөөд
явах байх. Гэхдээ энэ талаар ярих дэндүү эрт байнаа.
-Та чинь манай улс
төрд маш залуугаараа орсон улс төрчдийн нэг.
-Хүүхэд байхаасаа л олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй хүүхэд байлаа. Хамгийн залуу УИХ-ын
гишүүн, залуу сайд гэж явлаа. Яг хамгийн залуу гэх юм бол манай найз С.Баярцогт
байгаа. 23 настайдаа Бага хурлын гишүүн болж байсан. Би 27 настайдаа УИХ-ын гишүүн болж, 29-тэйдээ
сайд болж байлаа. Одоо харахад их л залуу байж гэж бодогдож байна. Гэхдээ хүн
бол дандаа УИХ-ын ч юм уу, төрийн өндөрлөгөөс бүх зүйлийг хараад явах тийм сайн
биш. Өндөр албан тушаалтан байж байгаад эргээд жирийн иргэдийнхээ дунд ажиллаж,
амьдрах бас сайхан. Геометрийн прогресс
шиг дандаа албан тушаал ахиад явдаг унаж үзээгүй улс төрчийг би нэг их төлөвшсөн
улс төрч гэж үздэггүй. Би сайд байсныхаа дараа эргээд оюутан байж үзсэн. Тэр
үед маш их зүйлийг шинээр сурч, аливаа асуудлыг арай ондоогоор хардаг болсон. Асуудлыг тогооноосоо гарч харах нь их зүгээр юм шигээ.
-“Та сувгаа битгий солиорой” гэж хэлдэг байсан чинь тухайн үед их моодонд
орж байсан.
-Үнэхээр дөрөв дэх засаглалын хүч чадлыг харуулж байгаа юм л даа. Тухайн үед нэг шинэ юм хийх
юм сан гэж бодоод л хийж байсан. Одоо хүртэл энэ имижээсээ салж чадахгүй л байна ш дээ. 1995 он гэдэг чинь 13
жил өнгөрчихсөн байна. Одоо миний хийж байгаа ажлын парадокс нь “Та сувгаа
солиорой” гэдэг зүйлийг хэлэх дуртай болоод байна л даа. Учир нь телевизийн олон сувагтай болгох ажлыг гардаж гүйцэтгэлээ.
Үзэгчид олон сувгийг сольж үзэх боломж нь дандаа байх хэрэгтэй. Дэлгүүрт олон
бараа байж, сонголт их байхад тааламжтай байдгийн адил мэдээллийн зах зээлд
олон сонголт бий болж байна аа гэдэг баярлууштай зүйл.
-Таныг дахин сураад ирсэн гэж тухайн
үед яригдаж байсан л даа. Яг ямар чиглэлээр сураад ирсэн гэлээ.
-Миний эхний мэргэжил түүхийн багш шүү дээ. Энэ
мэргэжлээрээ ажиллаж үнэхээр шалисангүй.
Гэхдээ багшлах арга зүйг сураад авна гэдэг үнэхээр хэрэгтэй байдаг юм байна. Дараа нь МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль,
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн хуулийн сургуульд сураад ирсэн.
-Хувь хүний ажил үйлс бүтэмжтэй байх гэр бүлийн уур амьсгал, хайр халамж
сайн байхын илрэл гэдэг.
-Тэгэлгүй яахав. Би чинь ханьтайгаа ханилаад 16 жил
болчихлоо. Том хүү есдүгээр анги. Бага охин дөрөвдүгээр анги. Хүмүүс үүнээс илүү хугацаагаар бие биенээ шалгана гэж
юу байхав. Бие биедээ уусчихсан л гэсэн үг. Үнэхээр гэрт халуун дулаан уур амьсгал
байхад юу ч хийсэн урамтай байдаг. Тиймээс сайн ханьдаа баярладаг. Сайхан
хүүхдүүдээрээ бахархдаг.
-Чөлөөт цагаа
хамгийн их юунд зарцуулж байна?
-Мэдээж спортоор хичээллэх маш их сонирхолтой. Сагс
тоглож байна. Хүмүүс гольфоор хичээллээч гэсэн санал их тавьдаг. Сагс,
хөлбөмбөг тоглож чадахаа болихоор энэ гоё спортыг сонирхоно гэж бодож байна.
Мөн мэдээж чөлөөт цагаа хүүхдүүдтэйгээ, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх их дуртай.
Манай хүүхдүүд, ялангуяа бага охин намайг жаахан зав гарвал л аавтайгаа ноцолдох
их дуртай. Хоёр тал болж байгаад л гэрээ нилээн буулгана шүү.
-За баярлалаа. Манай сайтыг сонгон уншиж байгаа уншигчдад хандаж юу гэж
хэлэх вэ?
-Баярлалаа. Gogo-руу ороод миний энэ ярилцлагыг уншиж байгаа хүн мэдээлэл, харилцаа, холбоо гэдэг энэ салбарыг тодорхой хэмжээгээр
мэдэрчихсэн, энэ салбарын ололтыг өөртөө тодорхой хэмжээгээр хангаад, үр шимийг
нь хүртэж чадаж байгаа хүн гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хүмүүсийн тоо өдрөөс
өдөрт мянга мянгаар нэмэгдээсэй гэж хүсч байна. Магадгүй та өнөөдөр интернэт
кафед энэ ярилцлагыг уншиж байгаа бол удахгүй гэртээ интернэт тавиулаасай гэж
хүсч байна.
Мэдээлэл, харилцаа, холбоо гэх биднийг хөтөлж авч явдаг салбарын үнэнч хэрэглэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж, өөрийн
ажил амьдралын хэрэгцээ шаардлагыг улам далайцтай болгоосой л гэж хүсч байна
даа.
Ярилцсан: Ч.Болортуяа