Монголын гимнастикчид “Токио-64”, “Мехико-68”, “Москва-80” олимпод тус тус оролцжээ. Харин тэднээс онцолбол олимпод хоёронтоо оролцсон ганцхан эрэгтэй гимнастикч байдаг. Тэр бол Загдбазарын Нямдаваа агсан юм. Хэдийгээр тэр хорвоогийн мөнх бусыг үзсэн ч хийж бүтээсэн бүхэн нь эзнийгээ орлон үлджээ.
Ахмад гимнастикчид түүнийг олон зүйлээр анхдагч гэж онцолдог юм билээ. Тухайлбал, тэр ЗХУ-ын спортын мастерын болзол хангасан Монголын ганц гимнастикч. Мөн энэ салбараас даргын сэнтийд заларч, докторын зэрэг хамгаалсан анхны тамирчин юм. Тиймээс Монголын спортын гимнастикийг түүнгүйгээр төсөөлшгүй.
Нямдаваа агсан 11 настайгаасаа гимнастиктай амьдралаа холбожээ. Аливаад тэсвэртэй, хүлээцтэй, шулуун шударга түүнийг ирээдүйтэй тамирчин болно гэж дасгалжуулагчид нь дүгнэдэг байв. Тухайн үед гимнастикийг хөгжүүлэхээр манай оронд ирсэн ЗХУ-ын мэргэжилтнүүд түүнийг ихэд үнэлдэг байжээ. Ялангуяа бариултай модон морь, суга савлуур, чөлөөт хөдөлгөөний төрөлд дасгалаа өндөр түвшинд гүйцэтгэж, орос дасгалжуулагчдаас өндөр үнэлэлт авч байснаа тэр нэгэн дурсамждаа бичсэн байдаг.
Тиймээс ч Токиогийн олимпийн наадамд оролцох гимнастикчнаар шалгарсан биз ээ. Токиогийн олимпод тэрбээр хувийн дүнгээр 103 тамирчнаас 95 дугаар байр эзэлсэн түүхтэй. Чөлөөт хөдөлгөөний дасгалыг гүйцэтгэсний дараа Японы сурвалжлагчид түүнээс ярилцлага авч, сонинд нийтэлж байжээ. Энэ материал түүний архивд өдгөө ч байдаг. Нямдаваа агсан мөн Дортмундын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож, Мехикогийн олимпод өрсөлдөх Монголын шигшээ багт багтан, олимпийн дэвжээнд хоёр дахиа хүч сорьсон удаатай.
Ахмад тамирчин Я.Туяа “Нямдаваа маань дасгалын хүнд элементүүдийг ч богино хугацаанд эзэмшдэг тамирчин байсан. Монголын гимнастикийн түүхэнд гялалзсан манлай гимнастикч хэн бэ гэвэл би түүнийг л нэрлэнэ. Тэр өөрийгөө дөвийлгөөд байдаггүй, даруу төлөв хүн байсан. Төрийн албанд залуугаасаа хүчин зүтгэсэн. БТСУХ-нд ч даргын алба хашдаг байлаа. Энэ бүхэн түүнд өөрийгөө бусдад таниулах боломжийг хангалттай олгоогүй байх гэж боддог юм” хэмээн дурссан.
Түүнийг сайн тамирчин байсныг илтгэх бас нэг том баримт бол Софи хотноо болсон спортын гимнастикийн “А” зэрэглэлийн ОУТ-ий харайлтын төрөлд хүрэл медаль авсан явдал. Спорт бол залуу насны ажил. Мехикогийн олимпийн дараахан тэр их спортоо орхин ЗХУ-д спортын чиглэлээр суралцахаар явжээ. Суралцах хугацаандаа эрдэм шинжилгээний ажил хийсэн нь амжилттай болсон юм. Амьдралынхаа үлдсэн хугацааг тэр биеийн тамир спортын эрдэм шинжилгээний ажилд зориулсан байна.
1971 онд тэрбээр Үйлдвэрлэлийн үндсэн мэргэжлийн ажилчдын дунд бие бялдрын соёл, спортын сонирхлын судалгаа хийжээ. Тийнхүү “Монгол улсын аж үйлдвэрүүд дээр үйлдвэрлэлийн гимнастикийг туршилтаар үндэслэсэн нь” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалав. Эрдмийн ажлаа Москвагийн Бүх Холбоотын биеийн тамирын эрдэм шинжилгээний хүрээлэнд хамгаалсан тэрбээр үйлдвэрийн ажилчид, малчид, механикчдын дунд ч бие бялдрын хүмүүжлийн сорилт хийснээ сонирхуулсан нь эрдэмтдийн зүгээс өндөр сайшаал хүртжээ. Эрдмийн ажилдаа түшиглэн, “Монгол Улсын нийгмийн үйлдвэрлэлийн тогтолцоон дахь бие бялдрын соёл” сэдвээр хожим тэр докторын зэрэг хамгаалсан байна.
Тэр төрсөн дүүдээ ч бас спортын сонирхлоо халдварлуулсан. Спортоос тэс өөр мэргэжилтэй дүү З.Давааням нь хожим спортын гимнастикийн дасгалжуулагч болсон бөгөөд түүний бэлтгэсэн шавь нар нь (Д.Оюунтуяа, Д.Ариунаа нар) 1980 оны Москвагийн олимпод оролцсон түүхтэй.
Б.Өлзийтогтох