Дархадын цэнхэр хотгор гэж ян сарьдаг уулс, их тайга хосолсон үзэсгэлэн гоо нутаг бөгөөд манай орны хоймор юм. Тэдгээр уулсын дундуур нэгэн цагт тэнгисийн ус цалгилан хөвөлзөж агаад хүчтэй ан цавын хагарлаар ар зүгтээ сэтрэн урсаж хойд далайн эх болсныг эрдэмтэд дурддаг. Түүнээс нааш мянга мянган жилд, бага багаар хөрс тогтож, амьтай бүхэн дээш ургасаар өнөөдрийн өвөрмөц тайгын экосистемийг бий болгожээ.
300 гаруй нуур, 500 гаруй голтой энэ нутгийн ус бүгд толь адил тунгалаг. Нэр нь хүртэл шүлэг шиг нээрэн сайхан нутаг юм аа гэж ирсэн хүн уулгалах үзэсгэлэн цөм цогцолжээ. Нуга газраар цэцэг ширдэглэж, түүнийг тойрон сэрүүн бүсийн ховор амьтад шивээлнэ.
Гэвч цувдаг сэтгэл, ашиг хонжоо хөөсөн хүмүүс амьтдыг үй олноор хядаж, хөрс газрыг ухан сэндийлсэн нь 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үе. Хууль бус ан агнуур, алт олборлолт гаарч тайгын амьтад ховордон, газар нутаг сэндийчигдсэн хүнд үе нүүрлэжээ.
Өөрчлөлтийн эхлэл нь байгаль хамгаалах бодлого, тусгай хамгаалалтад авсан шийдвэр байлаа. Хөвсгөл нуурын баруун хэсгийн тайгын экосистемийн гол төлөөлөл, эртний мөсдлийн томоохон төвүүдийн нэг, цэвэр усны арвин нөөц бүхий өндөр уулын экосистемийн хувьд Улаан тайгыг 2003 онд байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ. Улмаар 2011 онд хамгааллын зэрэглэлийг ахиулж, дархан цаазат газрын ангилалд шилжүүлсэн.
Ингэснээр нутгийн экосистемийг хамгаалах, ховордсон амьтан ургамлыг нөхөн сэргээх, байгалийн тэнцвэрийг хадгалах үүрэг байгаль хамгаалагчдад ногдов. Өнөөдөр Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа нь Улаан тайгын ДЦГ болон Хорьдол Сарьдагийн ДЦГ-ыг хариуцан хамгаалж байна.
Нэгэн цагт эзгүйрч байсан тайга хэрхэн эргэн сэргэв. Төрсөн нутгаа хамгаалахын төлөө амьдралаа зориулсан хүмүүс ямар зам туулсан бол. Одоо юу, яаж өөрчлөгдсөн тухайг байгаль хамгаалагчдын яриагаар хүргэж байна.
Улаан тайгын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх: 1987 он. Хотод хоносон нэгэн өглөө үүр цайхын алдад Дунд голын хавиас 5-6 ижилтэйгээ явсан хээр азарганы янцгаах чимээ сонсогдсон. Гэр хөдөөгөө санасан миний сэтгэлийг нутгийн зүг хөтөлсөн тэр дуунаар би яамнаас бичиг баримтаа аваад Хөвсгөл аймгийг зорьсон доо. Үүнээс хойш 25 жил Хөвсгөл нуурыг хамгаалах ажилд хамт олонтойгоо мөр зэрэгцэн зүтгэсэн.
Дараагийн их дуудлага бол их тайга байв. Би Хөвсгөл нуур, Дархадын цэнхэр хотгор, Улаан тайгаас эх авсан Гуны голоос ундаалж, тоглож өссөн хүн. Төрсөн нутаг минь олон нинжа орж ирээд алтыг нь ухаж, амьтдыг нь хядаад ийм болчихсон байхад насаараа байгаль хамгаалагчийн ажил хийж явсан би яах вэ гэж бодсон. Тэгээд Улаан тайгын тусгай хамгаалалттай газрыг байгуулж, анхны даргаар нь ажиллаж байна. Их тайгад ирээд 14 жил гэрээсээ хол, тайгад хонож хамт олонтойгоо ажиллаж байна.
Энд үүссэн асуудлуудыг шийдэж явахдаа "юу намайг дуудсан юм бол" гэж их боддог. Гэхдээ төрсөн нутгаа хамгаалж байгаа байгаль хамгаалагч шиг агуу зүйл байхгүй. "Жалын хүү Төмөрсүх гэж хүн ажиллаж байгаад энэ нутгийг сөнөөчихсөн" гэж хэлүүлэхгүй юмсан гэдэг бодол үргэлж байдаг. Байгаль хамгаалагч нартаа ч "Та нарын өнөө маргаашийн сайн, муу хэлүүлэх ерөөсөө ч хамаагүй. Үүнээс илүү том үйл энд байгаа” гэж захидаг.
Өнөөдөр энэ уулсыг харахад сэтгэл өөрийн эрхгүй баясдаг. Арван дөрвөн жилийн өмнө хүдэр бараг үзэгдэхээ больж, бугыг нь агнаад дуусах шахсан, хэрэм хүртэл олноор нь агнаж, арьсыг нь аваад үлдсэнээр нь бараг овоо босгосон мэт аймшигтай дүр зураг угтаж байсан. Байгаль эзгүйрч, уул тайга амьгүй мэт болсон үе байлаа.
Харин өнөөдөр хадан хавцлын завсраар хүдэр сүрэглэн гүйж, зэрлэг гахай бүлгээрээ бэлчиж, хандгай элбэг нутаглаж байна. Автомат камерууд энэ бүхнийг өдөр бүр бүртгэнэ. Урьд нь анчид, нинжа нар хөлхөлдөж байсан бол одоо зэрлэг амьтдын мөр, жим зурайжээ. Хүн төрсөн нутгаа хамгаалаад, эргээд амилан сэргэж байгааг харах шиг аз жаргал үгүй.
Нутаг маань зөвхөн үзэсгэлэнт байгалиараа онцгой биш. Монголчуудын ундаалдаг их ус эндээс эхтэй. Тайгын гүн, мөнх цаст уулсын хэвлий, өндөр хад асганы завсраас чулуу, эрдсээр шүүгдэн оргилох ус нь шил шиг тунгалаг. Дархадын нутагт булаг шандын усыг аягагүйгээр тонгойгоод л ууна.
Тиймээс энэ их усны ай сав зөвхөн Дархадынхны өмч биш, Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний үнэт өв. Ус байгаа газар амьдрал бий. Ийм их усны эх болсон газрыг хамгаална гэдэг хойш тавьж болдоггүй үүрэг.
Дархадын цэнхэр хотгор бол их сонирхолтой нутаг. Хөвсгөлийн хойд хэсэгт орших энэ хөндий нь хэмжээгээрээ Хөвсгөл нууртай ойролцоо урт, өргөн бөгөөд 300 гаруй нуур, цөөрөмтэй.
Нэгэн цагт Хөвсгөл нууртай ижил, зарим газартаа бүр илүү гүнзгий далай, тэнгис байж байгаад олон сая жилийн өмнө Хойд Тагна, Урд Тагна уулсын тектоник хөдөлгөөн, хүчтэй ан цавын хагарлын улмаас хуримтлагдсан их ус хойд зүгт урсжээ. Уулсыг зүсэн хавцал үүсгэсэн нь өнөөгийн Шишгэд гол бөгөөд цааш урссаар Хойд мөсөн далайн ай сав буюу бага Енисей мөрний эхийг бүрдүүлдэг.
Дэлхийн цэнгэг усны том хагалбар дотор, улсын болон аймгийн хоёр том тусгай хамгаалалтаар хамгаалагдсан энэ нутагт хүн, амьтан амар амгалан амьдарч байна. Байгалийн баялаг, жимс жимсгэнэ, өвс ургамал элбэг, дөрвөн улирал ээлжилсэн ийм нутаг хаана байх вэ. Дархад нутагт л байна. Тиймээс хайрлаж, хамгаалах ёстой.
Улаан тайгын дархан цаазат нуруу өөрөө уулын усны эх. Далайн түвшнээс дээш 3000 метрийн өндөрт орших олон нуураас Дэлгэрмөрөн, Гун, Мунгараг, Хөг, Бусын голууд эх авдаг. Нэг уулын оройгоос таван том гол таван зүгт урсдаг ийм тогтоц дэлхийд тун ховор.
Тэдгээр голын эхийг хэлхсэн олон нуур, эргэн тойрны цэцэгт хөндийтэй нь харахаар үнэхээр гайхалтай. Ийм л гайхамшигтай даа миний нутаг.
Анх тусгай хамгаалалтад авах үед нутгийн уугуул иргэд, гаднын хүмүүс "мод авч болохгүй боллоо, ан хийж болохгүй боллоо, алт ухаж болохгүй боллоо" гэж зөрчилддөг байлаа. Бид энэ нутгийнхаа хүмүүсийн аж амьдрал, удам судар, нутаглаж ирсэн газрыг мэддэг учраас ойлголцохыг хичээсэн. "Өвгөд дээдсийн чинь үе дамжин суусан газар нутгийг хамгаалах гэж байна. Тоглож өссөн газрыг чинь хамгаалахад юунд нь дургүй байгаа юм" гэж ойлгуулахыг хичээдэг байлаа.
Эргээд хотонд нь янгир ямаа, ууланд нь бугын дуу, голд нь тул загас, хадланд нь гахайн сүрэг ирэхэд хүмүүс байгаль хамгаалах ажлын үр дүнг хүлээн зөвшөөрсөн. Нэг үгээр хэлбэл, үр дүнгээр хүлээн зөвшөөрүүлж, ойлгуулсан.
Одоо энэ тайгаар явахад буу үүрсэн хулгайн анчин олоод ирвэл гурван мориор шагнамаар байна. Үнэхээр байхгүй болсон. Иргэд маань хайрлах, хамгаалахын ач холбогдлыг ойлгосон.
Энэ тайгыг хамгаалаагүй 20 жилийн дараа ирсэн бол хэчнээн газрыг ухаж, хэчнээн газрыг химийн бодисоор бохирдуулах байсан бол гэж боддог. Өнөөгийн төрхөд хүргэхийн тулд маш олон хүний тэсвэр тэвчээр соригдсон. Манай хамт олны зорилго бол энэ нутгийг зэрлэг амьтны диваажин болгох. Буга, янгир, аргаль, баавгай нь сүргээрээ харагддаг болгоё. Газар ухаж, мод ургамал тайрч, ан амьтан зарахгүйгээр зөвхөн дуран бариулаад үзэсгэлэнт байгаль үзүүлэхэд аялал жуулчлалаа хөгжүүлэх боломжтой.
Манай баг хамт олонд байгаль дэлхий маань баярлаж байгаа гэж боддог. Ууландаа явж байгаад цайлаад суухад 200 метрийн зайд хандгай идээшилж байх жишээтэй. 12 салаа том эвэртэй буга галын хажууд ирээд биднийг танихгүй мэт зогсож байдаг.
Үүнийг л харах гэж бид хамгаалсан.
Байгальтайгаа, ан амьтантайгаа ойлголцож, мэдэрч эхэлбэл байгаль хамгаалагч хүн зовж зүтгэсний, хөлс гаргасны хэрэг бүтэж байгаа юм. Өөр бидэнд юу ч хэрэггүй.
Энэ сайхан нутгийн цэвэр цэнгэг уснаас ундаалж өссөн хүмүүс маш сайхан сэтгэлтэй, сайн хүмүүс байх ёстой гэж боддог. “Би дархад хүн, Улаан-Уулд өссөн” гэхэд л “Чи тэгвэл хамгийн сайн хүн байх нь” гэж мэддэг болбол мөн ч гайхамшигтай болно доо.
Байгаль хамгаалагч гэдэг бусад ажлаас огт өөр. Бусдын адил амарч, баяр ёслолоор баярладаггүй. Би 39 жил байгаль хамгааллын ажил хийхдээ ээлжийн амралт авч үзээгүй, бямба, ням гарагт бараг амарч үзээгүй. Учир нь байгаль хамгаалах ажлын онцлог ийм юм. Байгаль хамгаалагчийг уул усандаа, ажилдаа дуртай, сонирхолтой болгох нь байгаль хамгааллын менежментэд хамгийн чухал.
“Битгий яв” гэхэд л уул руугаа яваад өгдөг болгож чадвал байгаль хамгаалагчийн ажил онц сайн байна гэсэн үг. Манай байгаль хамгаалагчид 10 хоног төвд ажиллахад л "бушуухан уул руугаа явмаар байна" гэдэг. Ингэж ажиллаж ирсэн цагт ажлын үр дүн гардаг.
Байгаль хамгаалагчаа сонгохдоо газар орноо мэддэг, байгаль дэлхийдээ хайртай байхын учрыг таньсан, уул тайгад амиа аваад явж, амьдарч чадах, тайгын хуульд захирагдаж, зохицож чаддаг хүнийг сонгодог. Түүнээс биш дээд сургууль төгссөн, англи хэлтэй гэх мэт зүйл миний сонголтод байдаггүй.
Уул усанд очоод нэг хонож чадахгүй, -50 градусын хүйтэнд амьд байж чадахгүй бол ажил хийх нь битгий хэл гэр орон, хүүхдүүдийнхээ, хамт ажилладаг хүмүүсийнхээ санааг зовоох болно. Тиймээс санаа зовоохгүйгээр явж чаддаг, ууландаа өмнө нь явж байсан хүнийг уул руу явуулахад амар байдаг.
Насаараа энэ ууланд аргаа олоод явсан хүн бол хаана хонох, хаана баавгайн зам байна, хаана ус байх, хаана морио аргамжих, бороо шороо, үер буухад хаана хоноглох, тэндээ хүрэх зайгаа тооцоолж чаддаг байх ёстой.
Хорьдол Сарьдагийн ДЦГ-ын байгаль хамгаалагч Г.Ням-Очир: Би байгаль хамгаалагчаар ажиллаад 13 жил болж байна. Өмнө нь энэ нутгийнхаа өвөрт, Зах гэдэг газар мал маллаж, амьдарч явсан жирийн нэг малчин хүн байлаа.
1990-ээд онд зах зээлийн шилжилт эхэлсний дараа манай нутагт ан амьтны хомсдол эрс нэмэгдсэн. Бидний өвөлжиж, хаваржиж байсан уул усанд өдөржин буу тасрахгүй. Нэг голын хөндийд л гэхэд тавь, жар гаруй удаа буун дуу гардаг байв. Хамгийн түрүүнд хүдэр, халиун буга зэрэг үнэт ан амьтад өртсөн.
Мал маллаж амьдарч байсан хүний хувьд энэ бүхнийг өдөр бүр нүдээрээ харах үнэхээр хэцүү байлаа. “Ингээд байвал манай нутаг ан амьтангүй болох нь” гэсэн бодол хамгийн их эмзэглүүлнэ. Тэр үеэс л энэ нутгаа яаж хамгаалах вэ гэсэн бодол намайг орхихоо больсон.
Тухайн үед хууль бус анчид голдуу нутгийн хүмүүс байсан. Ан амьтан хаана нутагладаг, хаагуур бэлчдэгийг гаднын хүнээс илүү сайн мэддэг учраас тэр. Түүнээс өмнө ан хийдэг байсан уу гэвэл тийм. Гэхдээ өвгөдийн үеийн ан өөр байжээ. Ганц бор гөрөөс агнаад гэр бүлээ хооллох хэмжээний л ан хийдэг байсан болохоос өдөрт арав, хориор нь устгадаггүй байсан. Харин 1990-ээд оноос хойш ан хийх нь амьдрах хэрэгцээнээсээ илүү ашиг хонжоо хайсан шуналын хэлбэрт шилжсэн.
Үнэнийг хэлэхэд би өөрөө ч ан хийдэг хүн байсан. Тийм болохоор энэ уулын аль аманд ямар амьтан байдаг, хууль бус анчид хаана отож суудаг, ямар жимээр явдгийг сайн мэднэ. Тэр мэдлэг маань хожим байгаль хамгаалагч болоход хамгийн том туршлага болсон.
Анхны жилүүд хамгийн хэцүү байсан. Тусгай техникгүй зөвхөн холбооны станц, хоолны тогоо шанагаа үүрээд хууль бус анчдын араас уул тайгаар олон хоногоор явдаг байлаа. Нөгөө хүмүүс маань буу зэвсэгтэй ч аль болох тайван, эв зүйгээр харилцахыг хичээнэ. “Амар сайн байна уу. Хаашаа явж байна, юу хийж явна” гэж энгийнээр ярилцана. Хүнтэй зөв харилцаж чадвал асуудлыг тайван шийдэх боломжтой.
Байгаль хамгаалагч гэдэг бол мэргэжил гэхээсээ илүү сэтгэлээрээ хийдэг ажил. Сэтгэлгүй хүн энэ ажлыг удаан хийхгүй.
Хүүхэд багачуудыг багаас нь байгалийг хайрлах ухаанд сургах хэрэгтэй. Хамгийн сайн багш бол байгаль өөрөө. Хүүхдээ ой мод руу дагуулж очоод цэцэг нь яаж дэлгэрдгийг, гол ус нь яаж урсдгийг, ан амьтан нь хэрхэн амьдардгийг нүдээр нь үзүүлчихвэл хэзээ ч мартахгүй. Байгалиа хайрлах сэтгэл хамгийн түрүүнд нүдээр харсан тэр мөчөөс эхэлдэг гэж би боддог.
Улаан тайгын ДЦГ-ын байгаль хамгаалагч Б.Доржсүрэн: Миний амьдралын ихэнх хугацаа энэ тайгатай холбоотой. 1990-ээд оны эхээр хүүхдүүдээ тэжээхийн тулд таван цаа авч хойд тайгад гарч, 20 гаруй жил ан гөрөө хийж амьдарсан. Тэр үед ангийн түүхий эд үнэ хүрдэг, хүмүүс ан амьтныг ихээр агнадаг үе байсан. Би ч тэр амьдралаар явж байсан хүн.
Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд буга, согоо, баавгай зэрэг ан амьтан ховор болж, цаашид ан хийхгүй гэж бодсон. 2012 онд Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газар байгуулагдахад Төмөрсүх дарга намайг дуудаж, “Уулнаасаа бууж ир, одоо байгалиа хамгаал” гэж хэлсэн. Тэгээд би өмнө нь алж байсан ан амьтдаа одоо өөрөө хамгаалж, өсгөе гэж шулуудсан. Өмнө нь байгалиас авч амьдарч байсан бол одоо байгальдаа буцааж өгөх ёстой гэж бодсон юм.
Би энэ тайгад 40 жил явсан болохоор газар ус, ан амьтны амьдралыг сайн мэднэ. Энэ мэдлэгээ залуу байгаль хамгаалагчдад зааж, хээр хэрхэн ажиллах, байгалиа хэрхэн хамгаалахыг сургасан даа.
Байгаль хамгаалагчийн ажил амаргүй. Жилдээ 200 гаруй хоног хээр явж, сар гаруй хугацаагаар гэртээ харихгүй байх үе олон. Гэхдээ энэ бол миний сонгосон ажил.
Миний хамгийн том хүсэл бол хойч үе маань “энд нэг цагт буга, баавгай байсан” гэж сонсох биш, өөрсдийн нүдээр амьд байгалиа хараасай гэсэн бодолтой.
Би өмнө нь энэ тайгаар анчны мөрөөр явдаг байсан бол өнөөдөр хамгаалагчийн мөрөөр явж байна.
Өнөөдөр хамгаалж үлдээсэн нэг булаг, нэг ой, нэг амьтан маргаашийн амьдралын эх сурвалж болж үлдэнэ.
Улаан тайгын байгаль хамгаалагчдын хамгаалж үлдээсэн амьдрал, цэвэр ус нь үе үеийн хүмүүст үлдэх хамгийн үнэт өв юм.