Орхон аймаг-өвлийн спортын хөгжлийн түлхүүр
Орхон аймаг өвлийн спортын томоохон тэмцээнийг зохион байгуулах хур туршлагатай
газар. Дөрвөн жилийн тэртээ МБАТ-ий XI спартакиадын цана, тэшүүрийн тэмцээнийг
амжилттай зохион байгуулсан тус аймаг Монголын бүх ард түмний спортын XII
наадмын өвлийн спортын шигшээ тэмцээнийг зохион байгуулах эрх авсан юм. Тиймээс
наадмын талбайдаа мөсөн “хивс” дэлгэж, холгүйхэн цаначдын “хуаран”
байгуулжээ.
Тус наадмын өмнөхөн өсвөрийн тэшүүрчид Эрдэнэтийн замд хурд сориход улсын дээд
амжилтыг олон удаа шинэчилсэн юм. Тиймээс дасгалжуулагчид уралдааны замыг сайн
тавьжээ гэсэн үнэлэлт өгсөн. Орхон аймагт цана, тэшүүрээс гадна уулын цанын
спортыг хөгжүүлэх боломж бүрдээд байгаа тухай тус аймгийн БТСХ-ны дарга
Н.Зулбаатар, Эрдэнэтийн УБҮ-ийн “Хангарьд” спорт клубийн дарга Д.Баясгалан нар
өгүүлсэн. Тиймээс МБАТC-ын XII наадамд оролцогчид болон тэмцээнийг сонирхохоор
ирсэн хүмүүст уулын цанын “өргөгч цамхаг”-ийг сонирхуулан, үзүүлэх тоглолтоороо
бэлэг барив.
Цаашид хоккейн талбай, битүү дээвэртэй тэшүүрийн ордон байгуулахаар төлөвлөж
буйгаа Эрдэнэтийнхэн өгүүлж байлаа. Эрдэнэт Монголын өвлийн спортын гол цөм
болж, томоохон уралдаан тэмцээн зохион байгуулах сайхан өдөр холгүй
байгаа нь дамжиггүй.
Альбервиллийн олимпийн тугч спартакиадын
бамбарыг асаав
МБАТС-ын XII наадмын нээлтийн ажиллагаа хоёрдугаар сарын 15-нд Эрдэнэт хотын
наадмын талбайд 19.00 цагаас ёслол төгөлдөр эхлэв. Талбайн голд олимпийн таван
цагариг бүхий хүндэтгэлийн гэрэлт самбар байрлуулж, оройд нь спартакиадын
бамбарыг байрлуулжээ. Монголын “цагаан олимп”-д оролцох 15 байгууллагын 150
тамирчин талбайд тугаа барин жагссан харагдана.
Орхон аймгийн засаг дарга Г.Шархүү МБАТС-ын XII наадмыг нээж хэлсэн
үгэндээ “Өвлийн спортыг хөгжүүлэхийн төлөө орхончуудад төлөвлөсөн ажил их бий”
хэмээн онцолсон юм. Нээлтийн ёслолд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, БТСУХ-ны
дарга Ч.Наранбаатар, орлогч дарга Д.Сүрэнхорлоо, Спортын хэлтсийн дарга
Д.Эрдэнэсүрэн тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцож, тамирчдадаа өндөр амжилт гаргахыг
хүссэн.
Үнэнч шударгаар өрсөлдөхөө тамирчид, шүүгчид тангараглав. Наадмын бамбарыг
цанын спортын мастер Б.Доржготов, Б.Долгорсүрэн, тэшүүрчин Г.Ууганбаатар,
Мөнхчимэг нар буухиалан залж авчрахад ахмад тамирчин, Альбервиллийн
олимпод оролцож явсан Н.Ганболд бамбарыг асаалаа. Ийнхүү өвлийн наадмын бамбар
бадамлав. Эл бамбар хоёрдугаар сарын 17-ныг хүртэл Эрдэнэтэд бадарсан.
Реалити шоунд оролцон, спортоо завсарласан ч...
Тэмцээний салхийг зандан хүлэгтнүүд хагалсан бөгөөд эрэгтэйчүүд 15, эмэгтэйчүүд
10 км-т хурд сорьсон. Цанын тэмцээнд нийтдээ 15 байгууллагын 62 тамирчин
оролцсон нь тооны хувьд дээд амжилт тогтоосон үзүүлэлт байв. “Турин-2006”
олимпийн наадамд оролцсон ОУХМ Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн нар бусдыгаа
туршлагаараа илт давамгайлж байв. Спортоо нэг жил завсарласан гэхэд давгүй
уралдаж байна хэмээн дасгалжуулагчид тэднийг үнэлж байлаа.
Х.Хаш-Эрдэнийн хувьд хүчтэй өрсөлдөгч нь Э.Бархүү, Б.Батдорж, Б.Доржготов нар
байсан. 15 км-т тэд эн тэнцүүхэн өрсөлдөж явсан ч сүүлийн хоёр тойрогт Хашаа буйр
заан тэргүүлснээр алтан медалиар энгэрээ мялаав. Түүний дараа Б.Батдорж,
Б.Доржготов нар барианд орсон. 15 км-т уралдсаных нь дараа Х.Хаш-Эрдэнэтэй
уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
-Алтан медалиар энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Удахгүй 1,5 км-ийн спринт
уралдаан эхэлнэ. Ойрын зайд амжилтаа бататгана биз дээ?
-Түрүүлэхийг хичээлгүй яахав. Ямар ч гэсэн 1,5 км-т шилдэг дөрвийн нэгээр
шалгарна гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ өрсөлдөгчдөө басаж болохгүй. Чадварлаг
залуус олон байна.
-Та спортоо жил гаруй хугацаанд завсарласан. Бүтэн жилийн бэлтгэлээ нөхөж
амжив уу?
-Нөхөхийг хичээж байна. Спартакиадын үеэр бэлтгэлийн үр дүн гарна гэж
бодсон. Ямартаа ч эхний зайдаа алтан медаль авчихлаа.
-Та ТВ9 телевизээс зохион байгуулсан реалити шоунд оролцоод спортоо
завсарласан. Спортын талбараа цэнхэр дэлгэцээр солиход ямар байв?
-Хүмүүсийн ярьдгаар бөх зүрх гаргаж спортоо орхисон. Реалити шоунд оролцсоноор
их зүйл ойлгож авлаа. Нэвтрүүлэг дуусаад бэлтгэлдээ орсон. Энэ хугацаанд мэдээж
спортоо саналгүй яахав.
-Хандгайтад хэдэн сард бэлтгэлд гарсан билээ?
-Арваннэгдүгээр сард Хандгайтад “Алдар”-ынхантай цугларалтад гарсан.
-Ойрын үед ОУТ-д оролцох уу?
-Цанын холбоо л шийднэ.
Хашаа үнэхээр ч 1,5 км-т амжилтаа бататган түрүүлсэн юм. Харин 10 км-т алтан
медалийн буухиаг нь Э.Бархүү тасалдуулав. 4х5 км-ийн холимог буухиад
“Алдар”-ынхан мөнгөн медаль зүүсэн. Баг жигд бус байсан болохоор түрүүлж
чадсангүй хэмээн тэд тайлбарлаж байлаа.
Э.Очирсүрэн: Хоёр дахь олимпдоо оролцохыг хүсч
байна
Цанын ОУХМ Э.Очирсүрэн (БЗД) мөн л спортоо жил
гаруй завсарласан. 2007 оны тэмцээн уралдааныг өнжсөн тэрбээр МБАТС-ын XII
наадамд оролцохдоо бүх зайд манлайлсан юм. Эмэгтэйчүүдийн 10 км, 1,5 км-ийн
спринт уралдаан, 5 км-т тэрбээр хэнийг ч өмнөө оруулсангүй. Холимог буухиад ч
мөн Баянзүрх дүүргийн цаначид тэргүүлсэн. Очироог уншигчидтайгаа уулзуулья.
-Та Чехэд 14 хоног хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн. Спартакиадад өндөр
амжилт гаргах боломжийг хамтарсан бэлтгэл бүрдүүлж өгсөн
байх?
-Тийм шүү. 10 орны олон тамирчинтай хамтран бэлтгэл хийж, сорилт тэмцээнд
оролцсон маань үр дүнгээ өглөө. Чехэд бэлтгэл хийх үеэрээ ДАШТ-ий уралдааны
замтай танилцсан.
-Спартакиадын бэлтгэлээ хэзээнээс хангаж эхэлсэн бэ?
-Өнгөрсөн зургадугаар сараас бэлтгэлээ хийж эхэлсэн.
-Цаашдын зорилгоосоо сонирхуулна уу?
-Олон зорилго байна. Тэр дундаас дурдвал хоёр дахь олимпдоо оролцохыг хүсч
байна.
-”Турин-2006"-д оролцсон Хаш-Эрдэнэ ч бас спартакиадад өндөр амжилт
гаргаж байна…
-Харин тийм. Бид хоёр хамтдаа олимпоос гадна олон улс, тив, дэлхийн чанартай
тэмцээнд хамтдаа олон удаа оролцсон. Цаашид ч биднийг олон тэмцээнд хүлээж
байгаа биз ээ.
Өвлийн спортын наадамд оролцсон цаначдаас Б.Гэрэлт-Од, Б.Батдорж, Ч.Отгонцэцэг,
Ирээдүй нар спортын мастер, Б.Лхагвасүрэн, Бямбадорж, Жавхлан, Баасанжаргал,
Ганболд нар дэд мастерийн болзлыг тус тус хангасан юм.
Чанчүньд уралдсан тэшүүрчид армиараа оролцов
Хоёрдугаар сарын 16-нд “ган хүлэгтэн”-үүд 500 м-т уралдсанаар тэшүүрчдийн
тэмцээн эхлэв. Тодруулбал, 15 байгууллагын 60 гаруй тэшүүрчид авхаалж самбаагаа
сорьсон юм. “Чанчүнь-2007”-д эх орноо төлөөлөн оролцсон Г.Ууганбаатар,
Г.Мөнх-Амьдрал, Л.Баасан, Б.Ургаацэцэг, Н.Одцэцэг нарын тамирчид армиараа
өрсөлдсөн. Өсвөр үеийн УАШТ-ий дөрвөн зайд улсын дээд амжилтыг шинэчилсэн
Г.Мөнхдорж ах нараасаа дутахааргүй уралдаж байсныг тэмдэглэлгүй өнгөрч
боломгүй.
500 м-т эрэгтэйчүүдээс Р.Баасандорж бусдыгаа хошуучилсан (40,60) бол
Г.Ууганбаатар ялигүй алдаа гаргаснаар түүнээс хэдхэн секунд хоцорлоо.
Эмэгтэйчүүдийн хувьд 500 м-т Б.Ургаацэцэг тэргүүлэн (47,30), Н.Одцэцэг (47,78)
Г.Уранцэцэг (48,76) нар удаалсан. Тус уралдааны дараа Уранцэцэг хэмээх шинэ
“цэрэг” спорт сонирхогчдын анхаарлыг ихэд татсан юм.
Ууганаа манлайлсаар
Тэшүүрчдийн хувьд эмэгтэй, эрэгтэй тус бүр дөрвөн зайд хурд сорьсон. Дөрвөн
зайн нийлбэр дүнгээр аваргуудыг шалгаруулахад эрэгтэйчүүдийг Г.Ууганбаатар
өнгөлж, Л.Баасан, Г.Мөнх-Амьдрал нар удаалав. Тодруулбал, Ууганаа 1500, 5000,
3000 м-т тус тус түрүүлж 500 м-т мөнгөн медаль зүүсэн билээ. Тэрбээр 2003 оноос
эхлэн тэшүүрийн спортод тогтмол өндөр амжилт гаргаж яваа тамирчин. Түүнийг
ирээдүйтэй тамирчин гэж дасгалжуулагчид нь үнэлдэг.
Бас нэг цэцэг
Тэгвэл эмэгтэйчүүдийг дөрвөн зайн нийлбэрээр
Г.Уранцэцэг манлайлсан. Тэрбээр Н.Одцэцэг, Б.Ургаацэцэг зэрэг эгч нарынхаа өмнө
“хөндөлсөж” амжив. Урнаа спартакиадын аварга болсондоо тун баяртай байв.
Тэрбээр анх Хөвсгөлийн мөсөн дээр тэшүүрээр гулгаж байжээ.
-Спартакиадад анх удаа хүч сорин дөрвөн зайн нийлбэрээр түрүүлсэндээ маш их
баяртай байна. Баярт мэдээг сонссон даруйдаа итгээгүй. “Ямар гоё юм бэ” гэж
өөрийн эрхгүй дуу алдсан.
-Түрүүлнэ гэдэгтээ тийм их итгэлгүй байсан хэрэг үү?
-Тийм ээ. Одцэцэг, Ургаацэцэг эгч нарын аль нэг нь түрүүлэх байх гэж бодсон.
-Урьд нь ямар амжилт гаргаж байв?
-Өсвөр үеийн УАШТ-д гурван удаа түрүүлж байсан. Хүүхдийн спортын III наадмаас
нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн.
-Тэшүүртэй хэзээнээс нөхөрлөсөн юм бэ?
-Зургадугаар ангид орох жилээ тэшүүрээр хичээллэсэн. Хөвсгөлийн Цагаан-Үүр
сумын биеийн тамирын Батсуурь багш маань надад тэшүүрийн спортын цагаан толгойг
заасан юм. Би Хөвсгөлийн мөсөн дээр гулгаж өссөн.
-Одоо Хөвсгөлд бэлтгэл хийдэг үү?
-Цагаан-Үүр сумын 9 жилийн сургуулийг ноднин төгсөөд ХУД-ийн 52 дугаар
сургуулийн 10в ангид шилжиж ирсэн. Одоо “Хүч”-ийн дасгалжуулагч Н.Одонтуяа
багшийн удирдлагад бэлтгэл хийж байгаа.
-1500 м-т түрүүлээд спартакиадын анхны алтан медалиа зүүхэд юу бодогдож
байв?
-Гоё санагдсан. Бусад зайд энэ эрчээрээ оролцохыг хичээсэн. Үр дүн ч гарлаа.
Тэмцээний дүн
Цана
Эмэгтэй
10 км: 1.Э.Очирсүрэн (БЗД)- 38.49,76 2.Ч.Отгонцэцэг (БЗД) -39.07,95
3.Б.Долгорсүрэн (Хүч) -39.59,71
5 км: 1.Э.Очирсүрэн-17.35,04 2.Ч.Отгонцэцэг-18.41,86
3.Б.Долгорсүрэн-18.53,94
1,5 км: 1.Э.Очирсүрэн-4.21,24 2.Б.Долгорсүрэн-4.36,44 3.Б.Ууганцэцэг-4.52,44
Эрэгтэй
15 км: 1.Х.Хаш-Эрдэнэ (Алдар)-48.46,22 2.Б.Батдорж (БЗД)-48.56,85 3.Э.Бархүү
(Хүч)-49.19,78
10 км: 1.Э.Бархүү-30.56,11 2.Х.Хаш-Эрдэнэ-31.46,16
3.Б.Батдорж-31.47,11
1,5 км: 1.Х.Хаш-Эрдэнэ-3.38,22 2.Б.Батдорж-3.42,45
3.Б.Доржготов-3.52,97
4х5 км-ийн холимог буухиа
1.Баянзүрх дүүрэг-68.50,24 2.Алдар-71.02,14
3.Хүч-73.09,79
Байгууллагын дүн: 1.Баянзүрх дүүрэг 2.Алдар 3.Хүч
Тэшүүр
Эмэгтэй
500 м:1.Б.Ургаацэцэг-47,30 2.Н.Одцэцэг-47,78 3.Г.Уранцэцэг-48,76
1000 м:1.Б.Ургаацэцэг (БЗД)-1.38,57 2.Г.Уранцэцэг (Хүч)-1.40,15 3.Б.Азжаргал
(БЗД)-1.40,63
1500 м:1.Г.Уранцэцэг-2.36,70 2.Н.Одцэцэг-2.37,68
3.Б.Азжаргал-2.37,96
3000 м:1.Н.Одцэцэг (Хүч)-5.44,78 2.Г.Уранцэцэг-5.45,83
3.Б.Ургаацэцэг-5.49,33
Нийлбэр:1.Г.Уранцэцэг 2.Н.Одцэцэг 3.Б.Азжаргал
Эрэгтэй
500 м:1.Р.Баасандорж -40,60 2.Г.Ууганбаатар-41,01 3.Г.Мөнх-Амьдрал (Гурвуул
Алдар)
1500 м:1.Г.Ууганбаатар-2.06,31 2.Р.Баасандорж-2.07,52 3.Л.Баасан
(Хүч)-2.08,82
3000 м:1.Г.Ууганбаатар-4.28,05 2.Л.Баасан-4.37,42 3.
Р.Баасандорж-4.40,58
5000 м:1.Г.Ууганбаатар-7.51,26 2.Л.Баасан-8.09,18 3.
Г.Мөнх-Амьдрал-8.11,54
Нийлбэр:1.Г.Ууганбаатар 2.Л.Баасан
3.Г.Мөнх-Амьдрал
Байгууллагын дүн:1.Хүч 2.Баянзүрх дүүрэг 3.Алдар
Спартакиадын эргэн тойронд
Спортод элэгтэй Засаг дарга
Орхон аймгийн Засаг дарга Г.Шархүү спортын булчирхайтай нэгэн. Тэрбээр Атлантын
олимпоос эхлэн спорттой үе зайгүй холбоотой болжээ.Харин Г.Шархүү дарга
Монголын спортын өнөөгийн хөгжил, тамирчдын ур чадварыг БТСУХ, МҮОХ-ны
удирдлагуудын дэргэд хурц шүүмжилдэг нэгэн. Улсын ерөнхийлөгчийн дэргэд ч энэ
талаар ярьж байсан гэдэг. “Гадаадаас сайн дасгалжуулагч урьж, тамирчдадаа гар
таталгүй мөнгө зарцуулбал спорт хөгжинө. 20, 30 жилийн өмнө бөх байсан хүн яаж
өнөөгийн тамирчдыг удирдах юм бэ?” гэхчилэн өгүүлэх тэрбээр өвлийн наадмын үеэр
энэ үгээ цухуйлгаж амжина билээ. Өвлийн спортын хөгжилд ч тэр сэтгэл
эмзэглэж явдаг бололтой.
Хоёр гавьяатын баяр
Орхон аймгийн тэшүүрийн талбайн мөс тавих ажилд гавьяат тамирчин Л.Дашням гар
бие оролцжээ. Гурван олимпод тамирчнаар, “Нагано-98”-д дасгалжуулагчаар оролцож
явсан тэрбээр өдгөө тэтгэвэрт суулгүй “замчин” болжээ. Зохион байгуулах хорооны
ажилтны хувцас өмсөөд залуу тамирчдаа командалж явсан тэрбээр спартакиадын
зохион байгуулалт, тамрчидын амжилтад ихэд сэтгэл хангалуун байсан. Өөрийнх нь
тавьсан мөсөн дээр өсвөр тамирчид улсын дээд амжилт олноор шинэчилсэнд Дашка
багш баяртай байх нь аргагүй.
Тэгвэл түүний найз хийгээд гурван олимпод эх орныхоо тугийг залсан Л.Цэнд
гавьяат бас л хөл газар хүрэхгүй баярласандаа даралт нь ихэссэн сурагтай.
Түүнийг баярлуулсан зүйл бол тэшүүрийн өсвөрийн УАШТ-ий үеэр шавь нар нь улсын
рекордыг олонтаа шинэчилсэн явдал юм.
Сүхбаатарчууд туршлага судлав
Сүхбаатар аймгийн БТСХ-ны дарга Энх-Амар спартакиадад оролцохоор найман
тамирчныхаа хамт иржээ. “10 гаруй жилийн дараа манай аймгийн тамирчид өвлийн
наадамд оролцож байна. 900 км зам туулан энд Эрдэнэтэд ирнэ гэдэг амаргүй” гэж
тэрбээр ярьсан юм. Эрдэнэтийн мөсөн зам түүнд ихэд таалагдсан аж. Мөс
тавих туршлага судлан энд ирснээ ч нуусангүй.
“Сархиа” баазад тухлаарай
Орхон аймгийн хөдөлмөрчид амралтын цагаа “Сархиа” цанын баазад өнгөрүүлэх
дуртай. Тэнд уулын цаначид бэлтгэл хийж, жирийн иргэд чаргаар гулгадаг. Спортын
хэрэглэл материалаа тус бааз Итали, Канад, Япон, ОХУ-аас голдуу оруулж ирдэг
аж. Чаргаар гулгахад нэг цаг нь 1000, цана хөлсөлөхөд цагийн 2000 төгрөгийн
үнэтэй.
“Хөдөлмөр”-ийнхөн хүч нэгтэй
Ахмад цаначдын дунд “Хөдөлмөр” нийгэмлэгийн тамирчид олон байв. Тэд халуун ам
бүлээрээ дурсгалын зураг авахуулахын тулд бусдыгаа “жийж” харагдсан.
“Хоршоолол”-ынхон удахгүй цугларна аа гэж зарим нь мөчөөгөө өгөлгүй “занаж”
байлаа.
Ахмад цаначид ган замаар
Ахмад цаначид залуусынхаа хэрхэн уралдахыг харж, сэтгэлээ баясгахаар галт тэрэг
хөлөглөн Эрдэнэтэд иржээ. Ахмад цаначдын зөвлөлийн дарга Пүрэвжав тэднийг тун ч
сайн зохион байгуулсан байв. Тэд уулзах зуураа тамирчин ахуйн дурсамжаа
сэргээн, залуу насны хөгжилтэй явдлаа шивэр авир ярилцаж амжив.
Д.Баттулгын бэлэг
“Саппоро-90” Азийн өвлийн наадмаас хүрэл медаль хүртэж, Калгаригийн олимпод
оролцож явсан Д.Баттулга спартакиадыг тун идэвхтэй үзэж сонирхсон юм. Энэ
үеэрээ тэрбээр цаначин найзуудаа Булганы Могодын айргаар дайлахаа мартсангүй.
Ах дүү цаначид
“Турин-2006” олимпод оролцсон ОУХМ Х.Хаш-Эрдэнийн дүү ахыгаа дууриаж цаначин
болжээ. Түүнийг Гийх-Оргил гэдэг бөгөөд спартакиадын буухиа уралдаанд
мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм. Цаашид энэ спортоор хичээллэж, тив,
дэлхийн чанартай тэмцээнд оролцоно хэмээн Гийх-Оргил өгүүлсэн.
Гандан буурахгүй
Тэшүүрийн ОУХМ Н.Ганболд МБАТС-ын XII наадмын багийн төрөлд уралдан хүрэл
медаль зүүв. “Багийн уралдаан бол тактикийн тэмцээн. Тиймээс энэхүү уралдаанд
оролцсон юм” хэмээн тэрбээр өгүүлсэн. Их спортдоо 2007 оны сүүлчээр ирсэн
тэрбээр спартакиадын бамбарыг асаагаад зогсолгүй Эрдэнэтийн мөсөн замын чанарыг
шалгасан нь энэ.
Б.Өлзийтогтох