Үндэсний их баяр наадам хаяанд ирж, монголчууд дээл хувцас, гоёлоо авч эхэллээ. Энэ жилийн дээлний тренд, үнэ болон иргэдийн худалдан авалтыг сурвалжлахаар Дүнжингарав, Баялаг ундраа болон Нарантуул худалдааны төвүүдийг зорилоо.
Наадмын худалдан авалт ихэвчлэн зургаадугаар сарын 20-ноос идэвхэждэг аж. Дүнжингарав худалдааны төв эл хуль, сэлүүхэн байна. Лангуу бүрийн борлуулалт харилцан адилгүй байгаа аж.
Монгол цамц, хантаазны төрөлжсөн тасгийн худалдагч хэлэхдээ “Өнгөрсөн жилийн хувьд олон сумын ойн баяр давхацсан болохоор иргэдийн худалдан авалт өндөр байсан. Үүнтэй харьцуулахад энэ жил борлуулалт харьцангуй муу байна.
Одоогоор монгол цамц болон хантааз 120-160 мянган төгрөг, хүүхдийн хантааз 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил бүх насныхан цайвар цагаан өнгийн загваруудыг түлхүү сонирхох болсон” хэмээв.
Харин зэргэлдээх дээлний лангууны худалдагч арай өөр мэдээллийг өгч байв. Тэрээр дээлний борлуулалт өндөр байгааг дурдаад, сүүлийн үед эмэгтэйчүүд бүтэн, хагас А загварын, даашинз шиг гоёлын дээлийг түлхүү худалдан авах болсон гэлээ.
Энд дээлний үнэ 280-700 мянган төгрөгийн хооронд байна. Худалдагчийн зөвлөж буйгаар зуны халуунд торгон болон унасан материалтай дээл өмсвөл хүнд маш тухтай байдаг аж. Хамгийн чанартай нь хүр хорхойн торгоор хийсэн дээлүүд байдаг гэнэ.
-163603-6657753120260626163607.jpeg)
Өөр нэгэн тасгаар орвол үнэ нь 180-850 мянган төгрөгийн хооронд байна. Энд материалын сонголт даавуунаас эхлээд 100 хувийн хүр хорхойн торго хүртэл өргөн байна. Эрчүүд даруухан, энгийн загвар сонгодог бол эмэгтэйчүүд чамин гоёлын дээл сонирхдог байна. Тус лангууны нэг давуу тал нь худалдан авагчдадаа зээлийн аппликейшнээр төлбөрөө хувааж төлөх нөхцөлийг бүрдүүлж өгчээ.
Түүнчлэн тус төвд нэг метр торгоны үнэ хамгийн хямд нь 5000 төгрөгөөс эхэлж, хамгийн үнэтэй нь 120 мянган төгрөг хүрч байна.
Баялаг ундраа худалдааны төвийн уур амьсгал мөн л эл хуль, хүнгүй байлаа. Худалдаа эрхлэгчид борлуулалт муу байгааг сэтгэл дундуур хэллээ.
Эндэхийн худалдагч “Өнгөрсөн жилийг бодвол худалдан авалт асар муу өдөртөө сэлүүхэн л байх болжээ. Дээлний үнэ 300-700 мянган төгрөгийн хооронд байгаа” гэсэн бол өөр нэгэн худалдаа эрхлэгч “Борлуулалт бага байна. Дээлийг уг нь залуучууд их сонирхдог. Үнэ нь 250-450 мянган төгрөг. Манайх хувийн лангуугаар бизнес эрхэлдэг болохоор зээлийн аппликейшнээр хувааж төлүүлэх боломжгүй байдаг” хэмээн учирлав.
Энгийн, цагаан цайвар өнгийн дээлүүдийг 200-500 мянган төгрөгийн хооронд зарж буй өөр нэгэн худалдагч ч мөн адил жил ирэх тусам иргэдийн худалдан авалт буурч байгааг дурдлаа.
Нарантуул худалдааны төвийн торгоны худалдаа хамгийн өргөн сонголттой байна. Энд нэг метр торгоны хамгийн хямд үнэ 5000 төгрөгөөс эхэлж байгаа бол хамгийн тансаг, чанартай торго нь 200 мянган төгрөг хүртэлх үнэтэй байна.
Захуудаар явж, наадмын гоёлоо хайж буй иргэдийн хувьд үнийн өсөлт хамгийн том дарамт болж байгааг хэлэв.
Эрдэнэт хотоос ирсэн тэтгэврийн насны иргэн сэтгэгдлээ хуваалцахдаа “Энэ жил Эрдэнэт хотын 50 жилийн ой болно. Ойн баяртаа зориулаад тэтгэврийн мөнгөөрөө нэг дээл авах гээд явж байна. Дээл их үнэтэй болжээ. Зарим газар маш чанаргүй дээлийг 300-400 мянган төгрөгөөр зарж байгаа нь таалагдсангүй. Ер нь барааны үнэ тэнгэрт хаджээ" хэмээн бухимдав.
Харин залуу худалдан авагчдын төлөөлөл “Дээл үнэтэй байна. Миний хувьд 600 мянган төгрөгийг бэлнээр нь шууд өгөөд дээл авах боломжгүй. Зарим лангуунууд зээлийн аппликейшнтэй болохоор хувааж төлөх нөхцөлтэй авчихлаа. Томоохон брэндүүдийг бодвол захуудад борлуулж буй үнэ харьцангуй гайгүй ч арай чанартай материалтай дээл гэвэл 500 мянган төгрөгөөс дээш байна” гэлээ.
Сүүлийн үед иргэд зээлийн аппликейшнээр хувааж төлөх нөхцөлтэйгөөр бараа авах нь ихэсчээ. Дээлний загварын хувьд хүнд, нүсэр дээлнээс татгалзаж, зуны халуунд өмсөхөд хөнгөн, нимгэн дээл болон монгол цамц, хантаазыг түлхүү сонгох болжээ.
Мэдээг бэлдсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүй, медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл