Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн явцад нийгмийн сөрөг үзэгдлүүд олонтаа гарч ирсний нэг нь хүүхдийн хөдөлмөр. Ядуурал, ажилгүйдэл, шилжилт хөдөлгөөн, хямд хүчир ажиллуулах бизнесийн сонирхол, эмзэг бүлгийн хүмүүсийн гэр бүлийн орчин, эцэг эхийн хүүхдийн хөдөлмөрийн талаарх ойлголт буруу зэргээс үүдэн хүүхдүүд хөдөлмөр эрхлэх, ялангуяа эрүүл мэнд, оюун ухааны хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлсээр байна. Үүний нэгэн жишээ нь хөдөө орон нутагт мал маллаж байгаа хүүхдүүд юм.
Монгол орны эдийн засгийн нэг гол салбар нь хөдөө аж ахуй. Нэгдлийн малыг хувьчилснаар мал аж ахуй үндсэндээ хувийн хэвшлийн аж ахуй болж малын тоо толгой эрс өссөн.
Гэсэн ч хөдөө орон нутагт мал маллаж байсан цөөн тооны малтай иргэд удаа дараагийн ган, зуд бусад шалтгаанаар малын тоо багасч бусдын малыг маллаж амьдрахад хүрсэн. Харин зарим иргэний малын тоо толгой эрс өссөнөөр тэдгээр малчид бусдаар малаа маллуулах, ажиллах хүч хөлслөх хэрэгцээ шаардлага гарсан нь тодорхой. Ингэснээр айлд мал маллаж байгаа хүүхдийн хувьд хөдөлмөрийн шинэ хэлбэр бий болжээ.
Одоогоор улсын хэмжээнд ийм хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоог нэгтгэж гаргасан баримт байхгүй байна. Харин зарим байгууллага хэсэгчилсэн судалгаа хийхэд айлд мал малладаг хүүхэд цөөнгүй байгаа нь харагджээ. Тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллага айлд мал маллаж байгаа хүүхдүүдийн суурь судалгаа хийсэн байна. Судалгаанд Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймгийн айлд мал маллаж байгаа 270 хүүхэд хамрагдсаны 64.4 хувь нь эрэгтэй хүүхэд байж. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 21 хувь нь 6-11 насны, 36.7 хувь нь 12-14 настай байсан аж. Эдгээр хүүхдийн олонхи нь өөрийн орон нутагтаа, 30 орчим хувь нь өөр аймаг, сум дамжин мал малладаг байна.
Монголчууд "Мал дагавал ам тосдоно" гэж ярихаас бус хүүхдийг хүнд хэцүү, тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна гэж огт үздэггүй. Гэтэл мал маллаж байгаа хүүхдүүдийн тухайд тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлэх, хөдөлмөрийг нь мөлжихгүй байх, сурч боловсрох, хөгжих эрхийг нь хангах асуудал орхигдсоор байна.
Тухайлбал, айлд хөлсөөр мал маллаж байгаа хүүхэдтэй ихэнх тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, эцэг эхтэй нь хөдөлмөрийн хөлс, нөхцлийнх нь талаар урьдчилан тохиролцож бичгийн гэрээ байгуулдаггүй гэнэ. Ихэвчлэн аман хэлбэрээр мал маллуулагчийн тавьсан болзлоор л хөдөлмөрлөдөг байна. Үүнээс улбаалан хүүхдүүд хохирох, хөдөлмөрөө мөлжүүлж, эрх ашиг нь зөрчигдөх явдал байнга гардаг.
Нийгмийн
хөгжлийн төвийн зөвлөх нэгжээс Өвөрхангай,
Ховд аймгийн 12 сумын 291 малчин хүүхдийн
дунд явуулсан судалгаанаас харахад
тэднээс 72.8 хувь нь сургууль завсардсан
эсвэл огт сургуульд сураагүй байжээ.
Тэдний бараг 90 орчим хувь нь өөрийн
сонирхлоор бус амьдралын боломж муутай,
ах дүү, аав ээждээ туслахын тулд ийм
хөдөлмөр эрхлэх болжээ. Айлд мал маллах
хөдөлмөр эрхлэх нь хүүхдийн сурч
боловсрох ялангуяа суурь боловсрол
эзэмших эрхэд сөргөөр нөлөөлж байна.
Түүнчлэн судалгааны явцад айлд мал
маллаж буй зарим хүүхдийн эрх ноцтой
зөрчигдөн, амь насаараа хохирсон
тохиолдол ч цөөнгүй бүртгэгджээ.
Энд нэгэн жишээ дурдая. 1998 оны гуравдугаар сард Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн иргэн Э-гийн 16 настай У хэмээх хүүг тус сумын мянгат малчин С нь Өвөрхангай аймаг хүртэл мал туулгаж хүргүүлээд хөлсөнд нь 10 ямаа өгч арванхоёрдугаар сард зардлыг нь дааж буцаан явуулна гэж тохиролцоод авч явжээ. Харин малчин С-ийнх Өвөрхангайд бус Дархан-Уул аймагт шилжин иржээ. Энэ хугацаанд ар гэрт нь ямар ч мэдээлэл өгөөгүй тул У-гийн ар гэрийнхэн хүүгийн сургийг гаргаж чадаагүй байна. Мянгат малчин эр хүүг тохиролцсон хугацаанд нь буцаалгүйгээр бүр дөрвөн жил долоон сарын турш малаа маллуулж, албадан хөдөлмөр хийлгэж, байнга зодож, дарамталдаг байж. Үүнийг хөрш айлынхан нь мэдэж хотоос ирсэн хүмүүстэй хамт зугтаалгаж 2003 онд эгчийнд нь хүргэж өгчээ. Тэд Хүний Эрхийн Үндэсний комисст хандаж улмаар болсон явдлыг шалгуулж хохирлыг нь барагдуулж өгсөн байна.
Мөн Улаанбаатар хотод ам бүл долуулаа амьдарч байсан 16 настай Г амьдрахын эрхээр сургуулиасаа гарч Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд малчин М-ийнд таван жилийн хугацаатай мал маллахаар очжээ. Очоод удаагүй байхдаа хонио хариулж явахад нь хонь руу нь чоно орж, олон тооны мал барьсан байна. Үүнээс болж хүү өөрийгөө боомилж нас барсан эмгэнэлтэй хэрэг гарч байсан аж.
Энэ баримтаас үзвэл мал аж ахуйн салбарт гарч буй хүүхдийн хөдөлмөр төр засгийн байгууллагаас ялангуяа орон нутгийн засаг захиргааны байгууллагаас анхаарах ёстой асуудлуудын нэг яах аргагүй мөн юм.
Гэрээсээ хол мал маллах хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд эцэг, эх гэр орноо санах, өлсөх, даарах, халууцах, түүнчлэн зодуулах, айх, ажлын ачаалал хэт их байдгаас ядрах, мал төллүүлэх алдсан мал хайх, өвдөх, охидын хувьд гэрийн эзэд нь архи уун дарамтлах, бэлгийн дарамтад өртөх тохиолдол тодорхой хэмжээгээр гардаг тухай судалгаанд тэмдэглэсэн байна.
Иймээс айлд мал маллаж байгаа хүүхдийн хөдөлмөрийг ялангуяа суурь боловсрол эзэмших насны хүүхдийн хөдөлмөрийг хориглоход буруудахгүй болжээ.
Д.Туяа
Зургийн тайлбар -"Пүүжээ" баримтат киноны зураг